Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 588

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор А.Намдаг,

            хохирогч М.Л-гийн өмгөөлөгч Я.Баатар,

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 911 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Намдагийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлээр Д.Ж-д холбогдох эрүүгийн 1705 0048 50316 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Д.Ж, 1970 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 48 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хэсгийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /РД:/,

 

Д.Ж- нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах уран дарханы газарт иргэн М.Л-тай “30 мм амны тойргийн хэмжээтэй хаш чулуун хөөрөг хийсэн чулууны үнэ болох 10.000.000   төгрөгийг өгөхгүй” гэж маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Ж-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Д.Ж-д холбогдох хэрэгт хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж прокурорт буцаахаар шийдвэрлэв.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй.

Яллагдагч Д.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж өгөөч гэсэн хохирогч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийх нь зүйтэй. Мөн яллагдагч, хохирогч нарын маргаад байгаа 10.000.000 төгрөгийн үнэтэй чулуунд үнэлгээ хийлгэх, хохирогчийн өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан гэх хүсэлтүүдийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Намдаг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн 911 дүгээр шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэснийг зөрчсөн байна. Тухайлбал: шүүгчийн захирамжид прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй хэргийн хувьд буюу яллагдагч Д.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэгт холбогдуулан энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийх нь зүйтэй, мөн яллагдагч хохирогч нарын маргаад байгаа 10.000.000 төгрөгийн үнэтэй чулуунд үнэлгээ хийлгэх зэргээр тусгаарласан Г.Ч-д холбогдох эрүүгийн 180502471 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхийг даалгасан нь дээрх заалтыг зөрчсөн байна.

Тухайлбал, хэргийг шалгах явцад Г.Чулуунбат нь Д.Ж-аас хаш чулуун хөөрөг залилан авсан гэх үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Ж-д холбогдох хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэх үндэслэлээр 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 180502471 дугаартай  хэрэг бүртгэлтийн хэрэг нээн Г.Чулуунбатад   холбогдуулан Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн   тасагт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа болно.

Уг хэрэгт авагдсан баримтаар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10589 тоот шинжээчийн дүгнэлт /хх 19 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Д.Ж- нь иргэн М.Л-тай 10.000.000 төгрөгөөр хаш чулуу худалдан авахаар тохиролцон аман хэлцэл хийж, тухайн худалдан авсан хаш чулуугаар 30 мм-ийн амны тойргийн хэмжээтэй хаш чулуун хөөрөг хийсэн байна. Эцэст нь дүгнэхэд, Д.Ж- нь тухайн хаш чулуугаар хийсэн хөөргийг худалдан борлуулж өгнө гэсний дагуу Г.Чулуунбатад өгч явуулсан боловч Г.Чулуунбат нь уг хөөрөгний үнэ болох 10.000.000 төгрөгийг Д.Ж-д өгөөгүйн улмаас Д.Ж- нь М.Л-гаас худалдан авсан хаш чулууны мөнгийг өгөхгүй гэж маргалдан түүнийг зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10589 дугаар дүгнэлтээр М.Л-гийн эрүүл мэндэд хохирол учирсан, уг гэмтлийг Д.Ж- учруулсан нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх Д.Ж-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэх үндэслэлээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Д.Ж-ы үйлдсэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжтой тул хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Хохирогч М.Л-гийн өмгөөлөгч Я.Баатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүх хохирогч, түүний өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласныг хүлээн авч хэргийг буцаасан. Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх Д.Ж-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Д.Ж-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад болон шүүгдэгч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой.

 

Түүнчлэн “яллагдагч, хохирогч нарын маргаж буй хаш чулуунд үнэлгээ хийлгэх”-ээр заасан шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хохирол, хор уршигт хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй гэж үзнэ.

 

Мөн яллагдагч Д.Ж-ы дээрх хаш чулуугаар хийсэн хөөргийг Г.Чулуунбат гэгч нь худалдан борлуулж өгнө гэж хэлж аваад хөөрөгний үнэ 10.000.000 төгрөгийг өгөөгүй гэх үйлдэлд Г.Чулуунбатад хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбарлаж байх бөгөөд яллагдагч Д.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэгт холбогдуулан шалгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.   

 

Иймд “… шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх …”-ээр бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 911 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор А.Намдагийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 25 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Д.Ж-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг Баянгол дүүргийн шүүхэд очтол яллагдагч Д.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧИД                                                          Ц.ОЧ

 

                                                                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ