Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 587

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.З-, Э.Д- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

          шүүгдэгч Д.З-, Э.Д- нарын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.З-, Э.Д- нарын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлоор Д.З-, Э.Д- нарт холбогдох эрүүгийн 1809 0000 00093 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Д.З, 1992 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

 

2. Б овгийн Э.Д, 1998 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

 

Э.Д-, Д.З- нар бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Румын Улсын иргэн Фратита Карменийн амьдарч буй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дипломат Апартмент” байрны “С” корпусын 406 тоот байрны хаалгаар нэвтрэн орж, биет 1000 ам.доллар буюу 2.421.070 төгрөг, 500.000 төгрөг зэргийг нууцаар авсны улмаас 2.921.070 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.З-, Э.Д- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.З-, Э.Д- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг  нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсны улмаас 2.921.070 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.З-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.Д-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.З-, Э.Д- нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.З-, Э.Д-  нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэрэгт хадгалах хугацаа дуустал хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.З-гаас 621.070 төгрөг гаргуулан хохирогч Фратита Кармен Флорина /Fratita Carmen Florina/-д олгож, Э.Д- бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.З-гийн бага насны 2 хүүхэд болох А.Хангал, З.Хүслэн нарыг харьяа дүүргийн Засаг даргаас асран хамгаалалт тогтоох хүртэл Д.З-гийн эх Т.Энх-Амгаланд хариуцуулахыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.З-, Э.Д- нарын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлд заагдсан гэмт хэрэгт “хууль бусаар нэвтэрсэн” байхыг шаарддаг. Гэтэл уг хэргийн холбогдогч нар “Дипломат сервис апартмент” СӨХ-д гэрийн үйлчлэгчээр 2017 оны 8 дугаар сарын 25-наас эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 31-нд тухайн айлын гэрийн түлхүүрийг цэвэрлэгээ хийнэ гэж Э.Д- авсан болох нь хавтаст хэргийн 17 дугаар талд өгсөн Д.З-гийн мэдүүлгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл тэд долоо хоногт 1-2 удаа тогтмол цэвэрлэгээ хийдэг учир тухайн орон байранд орж гарах гэрийн түлхүүртэй нь шууд харьцах хууль ёсны эрх, үүрэгтэй байжээ гэж үзэж болохоор байна.

Хохирогчид учирсан гэх 2.921.000 төгрөгийн хохирлоос Э.Д- нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 1.5 сая төгрөгийг төлсөн. Д.З- нь 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 800.000 төгрөгийг шүүх хурал дээр, үлдэгдэл 621.000 төгрөгийг шүүх хурлын дараа тухайн өдөрт нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн материалаар тогтоогдож байна. Одоо бусдад төлөх хохирол төлбөргүй.

Хэргийн холбогдогч Д.З- нь хувийн байдлын хувьд 23-24 долоо хоногтой жирэмсэн, сахарын хэмжээ өндөр, цус багадалттай, жирэмсний хяналтад ороогүй, нөхөргүй, 4-5 насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож Э.Д-, Д.З- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Д.З-, Э.Д- нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв. Анхан шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэж, ял шийтгэл оногдуулсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Д-, Д.З- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй” нөхцөл байдал тогтоогдсон байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Э.Д-, Д.З- нар нь “Дипломат Сервис Апартмент” Сууц өмчлөгчдийн холбоонд үйлчлэгчээр ажиллаж байхдаа буюу 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагийн үед бүлэглэн Бүгд Найрамдах Румын Улсын иргэн Фратита Карменийн амьдардаг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дипломат Апартмент” байрны “С” корпусын 406 тоот байрны түлхүүрийг менежер Энхзаяагийн өрөөнд өлгөөстэй байхад нь авч ороод биет 1.000 ам.доллар буюу 2.421.070 төгрөг, биет 500.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогчид 2.921.070 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 5/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/, эд мөрийн баримт /хх 14/, хохирол төлсөн баримт /хх 78, 105-106/,

 

хохирогч Фратита Кармений: “...камер шүүж үзтэл манай гэрийг цэвэрлэдэг 2 үйлчлэгч охин надтай зөрж ороод буцаад гарсан байсан. Дуудаж уулзахад тэр 2 мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд буцааж төлнө гэсэн” /хх 9-12/, яллагдагч Д.З-, Э.Д- нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос, шүүгдэгч Э.Д-, Д.З- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч нар хүн байнга амьдрах, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдохгүй байна. Үүнд:

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Э.Д-, Д.З- нар нь гэмт хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дипломат Сервис Апартмент” СӨХ-д үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд тухайн байрны оршин суугчдын орон байранд 7 хоногт нэг удаа орж цэвэрлэгээ хийхдээ менежер Энхзаяагийн өрөөнд өлгөөстэй байдаг түлхүүрийг авч дэвтэр дээр цагаа бичээд буцааж хүлээлгэн өгдөг байжээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар тухайн байрны түлхүүрийг шууд авах эрхтэй гэж үзэхээр байх бөгөөд “С” корпусын 406 тоот байранд орохдоо хэн нэгнээс тусгайлан зөвшөөрөл авах, эсхүл хууль бус арга хэрэглэх шаардлага үүсээгүй нөхцөл байдал тогтоогдож байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хүн байнга амьдрах орон байранд нэвтэрсэн үйл баримтыг нотлох ажиллагаа хийгээгүй, “Дипломат Сервис Апартмент” СӨХ-д ямар дүрэм, журам үйлчилдэг, үйлчлэгч нарын ажил үүргийн хуваарь болон тухайн Сууц өмчлөгчдийн холбоог иргэний хариуцагчаар татаагүй, зохих хүмүүсээс асууж тодруулж мэдүүлэг аваагүй зэрэг шалгаж нотолбол зохих байдлыг орхигдуулсан байх тул шүүгдэгч Э.Д-, Д.З- нарыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан зарчмыг баримтлан шүүгдэгч Э.Д-, Д.З- нарын хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.З-, Э.Д- нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Фратита Карменээс “цаашид миний зүгээс ямар нэгэн гомдолгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байгааг хүлээн авна уу” /хх 92, 106/ гэсэн хүсэлт, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.З-, Э.Д- нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8ы өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын:

 

“Шүүгдэгч Д.З-, Э.Д- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсны улмаас 2.921.070 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Прокуророос шүүгдэгч Д.З-, Э.Д- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж,

шүүгдэгч Д.З-, Э.Д- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсаны улмаас бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.З-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.Д-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Б овгийн Д.З, Б овгийн Э.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.З-, Э.Д- нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас тус бүр 49 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, тэдгээрийг нэн даруй сулласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.З-, Э.Д- нар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

     

                                                                        

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ЗОРИГ

 

                                  ШҮҮГЧИД                                     Ц.ОЧ

 

                                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ