Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/33

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Д.Э, Я.О, Д.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э, Я.О, Д.О нарт холбогдох эрүүгийн 2125000000025 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Д.Э

 

2. Д.О

 

3. Я.О

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Д.Э нь Мон-Илч ХХК-ний хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС 5 дугаар зуухны хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14:30 цагийн орчим тээрмийн үндсэн холхивчны тагийг өргөгч талины дэгээнээс ган троссоор өргөх явцад гогцоо үзүүр түгжээнээс мултран, холхивчны таг доош унах үедээ засварчин Т.Хын хөлийг дарж хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан,

2. Шүүгдэгч Д.О нь Мон-Илч ХХК-ний засварын мастераар ажиллаж байхдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС 5 дугаар зуухны хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14:30 цагийн орчим тээрмийн үндсэн холхивчны тагийг өргөгч талины дэгээнээс ган троссоор өргөх явцад гогцоо үзүүр түгжээнээс мултран, холхивчны таг доош унах үедээ засварчин Т.Хын хөлийг дарж хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан,

 

3. Шүүгдэгч Я.О нь Мон-Илч ХХК-ний дулааны инженерээр ажиллаж байхдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС 5 дугаар зуухны хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14:30 цагийн орчим тээрмийн үндсэн холхивчны тагийг өргөгч талины дэгээнээс ган троссоор өргөх явцад гогцоо үзүүр түгжээнээс мултран, холхивчны таг доош унах үедээ засварчин Т.Хын хөлийг дарж хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э, Я.О, Д.О нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.О мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв

 

Хохирогч Т.Х “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15-р хуудас/

2. Хохирогч Т.Хын “Тухайн өдөр манай ажилчид өдрийн цайндаа орж дуусаад ажилдаа 14:00 цаг болж байх үед ажилдаа гарсан юм. Тэр үед надтай хамт манай ажилтан ээлжийн мастер Д.О, туслах засварчин Б.Б бид гурав станцын 5-р зуухны үндсэн холхивчны тагийг авч уг үндсэн холхивчыг гаргаж ирэх ажлыг хийх ёстой байсан юм. Тэгээд уг үндсэн холхивчны төмөр тагийг эхлээд дээш өргөхийн тулд засварчин Б.Баттогтох цаана байх давцан дээр гарч гар таль /гар өргөгч/-ийг ажлуулж уг тагийг дээш өргөж үндсэн холхивчноос хүндийрүүлсэн энэ үед Д.О бид хоёр уг тагийг цахилгаан таль /цахилгаан кран/-аар ертөнцийн зүгээр зүүн хойд зүг рүү нааш татах ажлыг хийж байсан тэгээд доош буулгах явцад уг төмөр таг нь тээрмийн орох замд тээглэж байсан учир би уг төмөр тагийг тээглэж байгаа зүгээс холдуулах зорилгоор өөр рүүгээ нааш татаж доош буулган газрын түвшингөөс дээш 60 см орчимд уг төмөр таг ирэх үед гэнэт өргөгч дэгээнээс ган тросс мултарч нөгөө өргөж буй төмөр таг миний зүүн талын хөлний шилбэ хэсгийг дарж газарт унасан юм. Энэ үйл явдал бол маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Тэгээд миний зүүн хөлний шилбэ хугарсан, дараа нь эмнэлгийн түргэн тусламж руу манай ажилчид намайг авч явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

 

3. Гэрч Б.Б-хын “Тэр өдөр өглөө 08:00 цагт манай компаний ажилчид станцын ажлын байранд цуглаж зааварчилгаа өгөх нарьяад дээр гарын үсэг зурж ажилд гарсан юм. Тэр үед манай хөдөлмөр хамгааллын инженер Д.Э үйл ажиллагааны зааварчилгааг яг нэр бүрчлэн ажилтан бүрээр танилцуулж журмыг уншиж өгөөгүй, зөвхөн журам код бичсэн тоо үсэгтэй, ажилчдын нэрийг жагсааж бичсэн хүснэгтэнд гарын үсэг зуруулж хийх ёстой гэх ажлыг нь ажилчдад хуваан өгч шууд ажилд гаргасан юм. Тэгээд тэр өдөр эхлээд 5-р зуухны үндсэн холхивчийг тайлах задаргаа хийх ажилд надаас гадна. Манай ажлын засварчин А, Орхонбаяр, Т.Х, Д.О мастер, гагнуурчин Э гэсэн 6 хүнийг баг хамт ажиллаж байгаад өдөр 12:00 цагт ажилчид цайндаа орсон юм. Тэгээд өдөр 13:30 цагийн орчимд манай ээжлийн мастер Д.О, Т.Х бид гурав хамтдаа хийх ёстой байсан ажил дээрээ очиж эхлээд үндсэн холхивчны тагийг эх биенээс нь салгаж авсан, тэгээд би тухайн газарт 5 тонныг өргөх зориулалттай өргөгч гар аргаар хийдэг тайлийг ажиллуулж тухайн үндсэн холхивчны тагийг хөндийрүүлж доош газарт буулгах үед мастер Д.О, Т.Х хоёр тэр буулгаж байсан төмөр тагийг цахилгаан кранаар ургаш татах буюу тухайн газрын ертөнцийн зүгээр хойд зүг рүү цахилгаан краны троссоор татаж байх үед бэхэлгээ тороосны тээглүүр нь гэнэт мултарсан юм уу шууд доош буулгаж байхад тороос бэхэлгээнээс мултарч засварчин Т.Х-ын зүүн талын хөлийг нь дарж гэмтээсэн осол гарсан юм. Би тэр үед тэр хоёроос арай өндөр дээр байх давцан дээр гар ажиллагаагаар ажилладаг өргөгч тайлийг ажиллуулж байсан юм. Тэгээд гэнэт хүн хашгирах дуу гарсан учраас би очиж нөхцөл байдлыг газар дээр харсан. Энэ үйл явдал бол маш хурдан хугацаанд болж өнгөрсөн юм. Энэ үйл явдал болж байхад бид гуравтай хамт ажиллах нөгөө гурван ажилтан А, О, Э нар бид гуравтай хамт байгаагүй юм. Учир нь энэ гуравт ээлжийн мастер Д.О өөр өөр хийх ажил олгож өөр ажил хийлгэж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/

4. Орхон аймаг дах Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 857 дугаартай “Т.Хын биед зүүн хөлийн шилбэний шаант болон тахилзуур ясны бяцарсан, олон сэлтэрхийт хоёрлосон ил хугарал, хоёр талын хавчаар ясны хугарал, зүүн шилбэ, гуяны зөөлөн эдэд цус хуралт, зүүн шилбэнд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 33-34-р хуудас/

5. Мон-Илч ХХК-ний ерөнхий захирлын Д.Оыг Зуухны эргэх механизмын засварын мастерээр ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 69-72-р хуудас/

 

6. Мон-Илч ХХК-ний ерөнхий захирлын Я.Ог Дулааны инженерээр ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 73-76-р хуудас/

 

7. Мон-Илч ХХК-ний ерөнхий захирлын Д.Эг хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /2-р хх-ийн 14-16-р хуудас/

 

8. Орхон аймгийн Мэргэжпийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э-рын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай “...Мон Илч ХХК-ний ерөнхий захирлын /Ц.Бааст/ 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №Б/76-2020 дугаар тушаалаар Тогооч овогтой Х-рыг инженер техникийн албанд эргэх механизмын засварчнаар томилсон байна. Мон Илч ХХК-ний ерөнхий захирлын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А-01 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Т.Хтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, мөн тушаалын 3 дугаар хавсралтаар ажлын байрны тодорхойлолтыг баталж, эргэх механизмын засварчны хийх ажил үүргийг зааж өгсөн байна. 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр анхан шатны зааварчилгааг өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажлын байрны өдөр тутмын зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан байгаа боловч хийгдэх ажил, зааварчилгааны утга, агуулга тодорхойгүй байна. Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм ММЗ 4969:2000 стандартын 4 дүгээр зүйлийг зөрчиж байна. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа нь стандарт шаардлагын дагуу зааварчилгааны журналын бүртгэлийн маягтыг дагуу хийгдээгүй байна.-Хөдөл хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Д.Э хариуцан өгдөг байна.-2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажилчдад ажлын хувцас, каскийг олгосон байна.-Ажил олгогч нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг, /ажпын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл/ нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх,

-10 дугаар зүйлийн 10.1-д /өргөх зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна/

-10.2-д /өргөх, зөөх тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна.

-15 дугаар зүйлийн 15.1-д ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгсэлээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй.

-27 дугаар зүйлийн 27.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна,

-28 дугаар зүйлийн 28.1.4-т ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх тогтоох, бууруулах арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх,

-28.1.7-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх,

-18 дугаар зүйлийн 18.2.6-д ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх,

-18.2.7-д өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх, түлш эрчим хүчний сайдын 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм-ийн 2.4.23-д /ачаа зөөх зам нь цэвэр байх ба элдэв зүйлээр дарагдсан байж болохгүй, 2.4.24-нд бүх төрлийн өргөх зөөх хэрэгсэл /өнхрүүлэг, дам гишгүүр, түрдэг тэрэг, татлага бусад-үүд, мөн царил, хүрз мэтийн бусад багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ажил эхлэхийн өмнө заавал шалгах шаардлагатай, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ХАБЭА-н дотоод нийтлэг дүрмийн 11.4.2-д багаж хэрэгслийг “Ашиглалтаас гарсан” гэсэн пайз зүүж, засварын газарт яаралтай хүргэнэ, 11.4.4-д Багажийн цахилгаан кабель татлага зэрэгт бүдрэхээс сэргийлэн дараах арга хэмжээг авна. Үүнд явган хүний зам, шат зэргээс хол байрлуулах зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн байна.

-Ашиглаж байгаа техник тоног төхөөрөмж нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9,10 дугаар зүйлийг хангаагүй байна.

-Ажил олгогч нь ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, шаардлага стандартын хэрэгжилтийг хангуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын дотоод хяналт хангалтгүй, холхивчны дээд тагийг өргөж байсан гар тайлны бүрэн бүтэн байдал болон дэгээний түгжээг шалгаагүй, ажлын байрны гэрэлтүүлэг хангалтгүй байсан ба нэмэлт гэрэлтүүлэг тавихдаа газраар кабелийн утсыг тавьж ажлын байр эмх замбараагүй орхисноос осол гарах нөхцөл бүрдсэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 107-109-р хуудас/

9. Шүүгдэгч Я.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 58-р хуудас/

10. Шүүгдэгч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 64-р хуудас/

11. Шүүгдэгч Д.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 70-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Хэрэг нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болсон. Хэрэг болсон үндсэн шалтгаан нь “Мон Элч” ХХК-ний хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтан Д.Э, мөн төслийн инженер буюу тухайн байгууллагад дулааны инженерээр ажилладаг Я.О, мөн уг компанид засварын мастераар ажилладаг Д.О нар нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу түрүүн яллах дүгнэлт уншиж байхад танилцуулсан шинжээчийн 01 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон хууль дүрэм журмыг зөрчиж Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын 5-р зуухны хэсэгт засварын ажлын уг компани хийж гүйцэтгэж байсан. Засварын ажил хийж гүйцэтгэж байх үед техникийн холхивчны тагийг өргөх тайлны дэгээнээс ган тороосоор өргөх явцад гогцоо үзүүр түгжээнээсээ мултран холхивчны таг нь доошоо унах үедээ тухайн байгууллагын ажилтан Т.Хын хөл дээр унаж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн авсан нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь бүрэн дүүрэн магадлан тогтоогдсон. Мөн шүүгдэгч нар нь хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас Т.Хын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Үүний хохиролд эмчилгээний зардалд 1 842 690 төгрөгийг төлсөн мөн Т.Хт 12 дугаар сард цалинг нь бүтнээр олгосон нөхцөл байдал нь хэрэгт байгаа баримтаас харагддаг. Тиймээс энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Иймээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Т.Хын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэх төлбөр байхгүй хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг бичгээр ирүүлэн байдаг. Хэрэг нь хялбаршуулсан журмаар явагдаж байгаа тул ял хариуцлагын талаарх саналыг хэлье. Шүүгдэгч Я.О, Д.Э, Д.О нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар эрх хасах ял оногдуулж мөн тус зүйлд зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг 2 700 000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  саналыг шүүхэд гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нарын бичиг баримт дагалдаж ирээгүй мөн шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Хын “Тухайн өдөр манай ажилчид өдрийн цайндаа орж дуусаад ажилдаа 14:00 цаг болж байх үед ажилдаа гарсан юм. Тэр үед надтай хамт манай ажилтан ээлжийн мастер Д.О, туслах засварчин Б.Б бид гурав станцын 5-р зуухны үндсэн холхивчны тагийг авч уг үндсэн холхивчыг гаргаж ирэх ажлыг хийх ёстой байсан юм. Тэгээд уг үндсэн холхивчны төмөр тагийг эхлээд дээш өргөхийн тулд засварчин Б.Б цаана байх давцан дээр гарч гар таль /гар өргөгч/-ийг ажиллуулж уг тагийг дээш өргөж үндсэн холхивчноос хөндийрүүлсэн энэ үед Д.О бид хоёр уг тагийг цахилгаан таль /цахилгаан кран/-аар ертөнцийн зүгээр зүүн хойд зүг рүү нааш татах ажлыг хийж байсан тэгээд доош буулгах явцад уг төмөр таг нь тээрмийн орох замд тээглэж байсан учир би уг төмөр тагийг тээглэж байгаа зүгээс холдуулах зорилгоор өөр рүүгээ нааш татаж доош буулган газрын түвшингөөс дээш 60 см орчимд уг төмөр таг ирэх үед гэнэт өргөгч дэгээнээс ган тросс мултарч нөгөө өргөж буй төмөр таг миний зүүн талын хөлний шилбэ хэсгийг дарж газарт унасан юм. Энэ үйл явдал бол маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Тэгээд миний зүүн хөлний шилбэ хугарсан, дараа нь эмнэлгийн түргэн тусламж руу манай ажилчид намайг авч явсан юм” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б-хын “Тэр өдөр өглөө 08:00 цагт манай компаний ажилчид станцын ажлын байранд цуглаж зааварчилгаа өгөх нарьяад дээр гарын үсэг зурж ажилд гарсан юм. Тэр үед манай хөдөлмөр хамгааллын инженер Д.Э үйл ажиллагааны зааварчилгааг яг нэр бүрчлэн ажилтан бүрээр танилцуулж журамыг уншиж өгөөгүй, зөвхөн журам код бичсэн тоо үсэгтэй, ажилчдын нэрийг жагсааж бичсэн хүснэгтэнд гарын үсэг зуруулж хийх ёстой гэх ажлыг нь ажилчдад хуваан өгч шууд ажилд гаргасан юм. Тэгээд тэр өдөр эхлээд 5-р зуухны үндсэн холхивчийг тайлах задаргаа хийх ажилд надаас гадна. Манай ажлын засварчин А, О, Т.Х, Д.О мастер, гагнуурчин Э гэсэн 6 хүнийг баг хамт ажиллаж байгаад өдөр 12:00 цагт ажилчид цайндаа орсон юм. Тэгээд өдөр 13:30 цагийн орчимд манай ээжлийн мастер Д.О, Т.Х бид гурав хамтдаа хийх ёстой байсан ажил дээрээ очиж эхлээд үндсэн холхивчны тагийг эх биенээс нь салгаж авсан, тэгээд би тухайн газарт 5 тонныг өргөх зориулалттай өргөгч гар аргаар хийдэг тайлийг ажиллуулж тухайн үндсэн холхивчны тагийг хөндийрүүлж доош газарт буулгах үед мастер Д.О, Т.Х хоёр тэр буулгаж байсан төмөр тагийг цахилгаан кранаар ургаш татах буюу тухайн газрын ертөнцийн зүгээр хойд зүг рүү цахилгаан краны троссоор татаж байх үед бэхэлгээ тороосны тээглүүр нь гэнэт мултарсан юм уу шууд доош буулгаж байхад тороос бэхэлгээнээс мултарч засварчин Т.Хүхэлбаатарын зүүн талын хөлийг нь дарж гэмтээсэн осол гарсан юм” гэсэн мэдүүлэг, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 857 дугаартай дүгнэлт, Мон-Илч ХХК-ний ерөнхий захирлын Д.Оыг Зуухны эргэх механизмын засварын мастерээр ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, Мон-Илч ХХК-ний ерөнхий захирлын Я.Ог Дулааны инженерээр ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, Мон-Илч ХХК-ний ерөнхий захирлын Д.Эг хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э-раас гаргасан дүгнэлт, шүүгдэгч Д.Э, Я.О, Д.О нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Э нь Мон-Илч ХХК-ний хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа шүүгдэгч Д.О нь Мон-Илч ХХК-ний засварын мастераар ажиллаж байхдаа Шүүгдэгч Я.О нь Мон-Илч ХХК-ний дулааны инженерээр ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14:30 цагийн орчим хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль түүн нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС 5 дугаар зуухны хэсэгт тээрмийн үндсэн холхивчны тагийг өргөгч талын дэгээнээс ган троссоор өргөх явцад гогцоо үзүүр түгжээнээс мултран, холхивчны таг доош унах үедээ засварчин Т.Хын хөлийг дарж хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Д.Э, Я.О, Д.О нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э, Я.О, Д.О нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох, эрх хасах ял оногдуулж, торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Хын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Э, Я.О, Д.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Я.О, Д.О нарын инженер, техник, тоног төхөөрөмж засвар үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 700 000  /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Я.О, Д.О нарт оногдуулсан 2 700 000 төгрөгөөр торгох ялыг 2 жил 3 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э, Я.О, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС