Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 0073

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Э, Д.О, Я.О

нарт  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

   Прокурор                                                      Н.Д

Хохирогч                                                       Т.Х

Хохирогчийн өмгөөлөгч                           Ц.Э /цахимаар/

Нарийн бичгийн дарга                             Ө.Оюумаа нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолтой Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Т.Х-н давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, З овогт Д-н Э.

 

Монгол Улсын иргэн, Д овогт Д-н О.

 

Монгол Улсын иргэн, Ж овогт Я-н О.

 

Д.Э нь “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар, Д.О нь уг компанийн засварын мастераар, Я.О нь уг компанийн дулааны инженерээр тус тус ажиллаж байхдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас   аймгийн  сумын  багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг     дугаар зуухны хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 30 минутын орчим тээрмийн үндсэн холхивчны тагийг өргөгч талины дэгээнээс ган троссоор өргөх явцад гогцоо үзүүр түгжээнээс мултран, холхивчны таг доош унах явцад “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн засварчин Т.Хын хөлийг дарж, хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч З овогт Д-н Э, Д овогт Д-н О, Ж овогт Я-н О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Я.О, Д.О нарын инженер, техник, тоног төхөөрөмж засвар үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасч, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Я.О, Д.О нарт оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 2 жил 3 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э, Я.О, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 254 дүгээр захирамжаар:

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэснийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” гэж залруулжээ.

 

Хохирогч Т.Х давж заалдах гомдолдоо:

 

“...миний бие  “М” ХХК-д инженер техникийн албанд эргэх механизмын засварчнаар ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж зүүн хөл хугарч, яс нь бяцарснаас өнөөдрийг хүртэлх хугацаанд эмчилгээ хийлгэж байгаа ба хөл дээрээ явж ч чадахгүй, үргэлж бусдын асрамжид байсаар байна.

Миний бие Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр болсон шүүх хуралдааныг огт мэдээгүй, шүүхийн зүгээс надад огт мэдэгдээгүй бөгөөд шүүх хуралдаан болсон талаарх шүүхийн тогтоолыг бусдаар дамжуулан 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад энэхүү гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан Баримт №9-д “2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр      дугаарын утсаар мэдэгдсэн” талаар тэмдэглэгджээ. Шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралтай талаар надад огт мэдэгдээгүй атал мэдэгдсэн мэтээр тэмдэглэл үйлдэж, хэргийн материалд хийсэн байгааг гайхахын сацуу шүүхийн ажилтнууд баримт материалыг хуурамчаар үйлдэж болдог юм байна гэх ойлголтыг иргэн надад төрүүлж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2-т “... шүүх хуралдааны товыг 3-с доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасан атал хохирогч надад шүүх хурлаас 1 хоногийн өмнө шүүх хурлын товыг мэдэгдсэн мэтээр тэмдэглэсэн байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг хохирогч надад огт мэдэгдээгүй, хүргүүлээгүй. Учир нь Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан Баримт №11-д прокурор, ялтан нарт шуудангаар хүргүүлсэн бөгөөд хохирогч надад аливаа байдлаар хүргүүлсэн талаар ямар ч тэмдэглэгээ байхгүй байгаа нь уг тогтоолыг өнөөдрийг хүртэлх хугацаанд албан ёсоор шүүхээс гардан аваагүй байгаа болно.

   аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э-н 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 5 дугаарт ажил олгогч нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн талаар маш тодорхой дүгнэсэн, 6 дугаарт ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9, 10 дугаар зүйлийг хангаагүй, 7 дугаарт ажил олгогч хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцна, 8 дугаарт ажлын байр эмх замбараагүй орхисноос осол гарах нөхцөл бүрдсэн байна гэж тус тус дүгнэсэн.

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-н 2020 оны 12 сарын 14-ний өдрийн 857 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэргийн материалыг огт танилцуулаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”, 8.2 дугаар зүйлийн 1.13 дахь хэсэгт “шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийн өөрт хамааралтай хэсэгтэй танилцах”, 27.7 “Шинжээчийн дүгнэлт, эсхүл дүгнэлт гаргах боломжгүйг мэдэгдсэн түүний тайлбар, шинжээчээс авсан мэдүүлгийн тэмдэглэлийг холбогдох оролцогчид танилцуулна” гэж заасныг тус тус зөрчсөн.

 аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э-н 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ажил олгогч “М” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж тухай осол болсон талаар маш тодорхой дурдсан байхад ажил олгогч болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг огт оролцуулаагүйд гомдолтой байна.

Орхон аймгийн Прокурорын газраас “М” ХХК-ийн ажилтнууд болох Д.Э, Я.О, Д.О нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүх уг хэргийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэж уг эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Учир нь яллагдагч нарын зүгээс хохирогчийн биед шууд халдаж хүнд гэмтэл учруулаагүй бөгөөд хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлтээр ажил олгогч байгууллага, хариуцсан албан тушаалтны Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлд заасны дагуу буруутай албан тушаалтан, хуулийн этгээдэд хариуцлага ногдуулах хуулийн зохицуулалттай атал Эрүүгийн хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн шүүхийн энэхүү тогтоолоор шүүгдэгч нарыг инженер, техник, тоног төхөөрөмж засвар үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн ч шүүхийн шийдвэрийг үл тоон өнөөдрийг хүргэл хугацаанд ажилласаар байгааг дуулгах нь зүйтэй байх. Иймд дээрх үндэслэлээр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/ЗЗ дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Д.О, Я.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Т.Хын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

              Шүүгдэгч Д.Э, Д.О, Я.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан байна. 

 

Тухайлбал: “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн засварчин Т.Х нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэмтэл авсныг үйлдвэрлэлийн осолд тооцохоор шийдвэрлэсэн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Э.Ц-ны 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу  аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э нь 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 01 дугаартай дүгнэлт гаргажээ.

 

Дээрх дүгнэлтэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна” гэж заасны дагуу ажил олгогч хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцна ... Ажил олгогч нь ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, шаардлага, стандартын хэрэгжилтийг хангуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын дотоод хяналт хангалтгүй, хольховчны дээд тагийг өргөж байсан гар талын бүрэн бүтэн байдал болон дэгээний түгжээг шалгаагүй, ажлын байрны гэрэлтүүлэг хангалтгүй байсан нэмэлт гэрэлтүүлэг тавихдаа газраар кабелийн утсыг тавьж ажлын байр эмх замбараагүй байсан ... зэрэг нь осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн талаар дүгнэсэн байхад ажил олгогч буюу “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй эсэх, хохирогч Т.Хын биед учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад огт шалгаж тодруулаагүй байна.

 

Дээрх компанийн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан Д.Э, засварын мастер Д.О, инженер Я.О нар нь хөдөлмөрийн гэрээгээр буюу албан тушаалын дагуу хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад гэм хор учруулжээ.

 

Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх явцад бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг тэднийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.д заасан байна.

 

Гэтэл дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Т.Х нь өөрт  учирсан хохирол буюу эмчилгээ хийлгэсэн зардлыг нэхэмжилсэн байхад ажил олгогч  болох “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг иргэний хариуцагчаар тогтоох ажиллагаа хийгдээгүй, шүүгдэгч нар болон компаниас хохиролд тооцож хэдэн төгрөгийг хохирогчид төлсөн болох нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлээгүй байхад шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Мөн хохирогч Т.Хын биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 857 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн биед учирсан гэмтлийг гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана гэсэн мөртлөө гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн нь эргэлзээтэй бөгөөд түүнд учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.

Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлдог гол хүчин зүйл болдог тул дээрх ажиллагаануудыг шалгаж тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх  нь зүйтэй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогч Т.Хт шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, шийтгэх тогтоол болон шийтгэх тогтоолд залруулга хийсэн шүүгчийн захирамжийг хохирогчид гардуулаагүй, хохирогчийн эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг орхигдуулж  хохирогчийн хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн байх тул хохирогч Т.Хын ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн прокурорын газарт буцааж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хохирогч Т.Хын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

               ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

                                                                                                            С.ЦЭЦЭГМАА