Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/205

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б, 

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч А.Т, Х.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ш-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2025000000379 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.Ш,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Б.Ш нь эхнэр Б.Р-ыг байнгын шинжтэй үйлдлээр буюу;

2019 оны 7-8 дугаар сарын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-1-21 тоот гэртээ үснээс нь зулгаах, толгой руу нь цохих, гар, хөлнөөс нь базах зэргээр зодсон,

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-1-21 тоот гэртээ үснээс нь зулгаах, гар, хөлөөс нь базах, хутгаар гарын шууг нь зүсэж зодсон,

2020 оны 2 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-1-21 тоот гэртээ толгой руу нь цохиж зодсон,

2020 оны 3 дугаар сарын 02-нд Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Элит хотхоны 2-25 тоотод Б.Э-ын гэрт алгадаж, үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 5 сард Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-1-21 тоот гэртээ чих рүү нь цохих, хоолойг нь боох зэргээр зодсон,

2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-1-21 тоот гэртээ үсдэн зодож, аягатай хоол авч шидэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Р-ыг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш мэдүүлэхдээ; “...2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б-ийн хүүхдийн төрсөн өдөр болсон учир Р-ыг явуулсан. Маргааш нь хороололд аавынхаа буяныг хураагаад байж байхад “хүүхдийн төрсөн өдрөөр ирээгүй юм чинь Шыг дагуулаад ир гэсэн” гээд байсан, би “49 хоног хураасан учир очихгүй” гэсэн боловч Р “Б-ийнд оччихоод ирье” гээд байсан болохоор очсон. Би “машин, тэрэгтэй байгаа тиймээс ууж идэхгүй” гэсэн, гэтэл “машинаа тавиад, орхиод яв” гэсэн, тэгэхээр нь би Р-д “чи ийм үед заавал айлд хононо гээд байх юм” гээд бид хоёр маргалдсан, уурандаа нэг удаа алгадсан нь үнэн. Би орой нь тэднийхээс гараад ээжийнхээ гэрт алхаж очиж хоносон, 3 дугаар сарын 03-ны орой Р ээж рүү залгаад “та хоёр эгчийг нь дагуулаад хүрээд ир” гэсэн байсан. Р-ыг гараад явахад ээж араас нь хартал миний машиныг хөдөлгөж байсан, тэгээд гараад очиход хоёр залуутай хамт машин хөдөлгөж байсан, манай эгч “машин өгч явуулахгүй” гээд Р-тай маргалдаж үснээс нь зулгаасан, гэтэл намайг зулгаасан гээд байгаа. Дараа нь Р “толгой өвдөөд байна” гэхээр нь манай эгч Р-ыг “Мепидас” эмнэлэгт аваачиж толгойны зураг авахуулсан. 2019 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын үед бид нар нэг нэгнийгээ дөнгөж таниж байсан үе, манай охин төрөөд удаагүй байсан, хадам ээж тэр үед манайд ирж сар гаран амьдарч байсан, тухайн үед хэрүүл, маргаан хийдэггүй байсан. Тэр үед намайг зоддог гэж хэлсэн байсан, би зодоогүй. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тийм зүйл болоогүй, 2020 оны 1 дүгээр сараас эхлэн манай гэрт маргаан гарах болсон. Аав нас бараад ажил явдалд нь намайг мөнгө гаргасан гээд мөнгөнөөс болж маргаан гарах болсон. 2020 оны 2 дугаар сард Р хотод байсан, би хот, хөдөө хоёрын хооронд л явж байсан. 3 дугаар сарын 02-ны өдөр манай аавын 49 хоног болж байсан бөгөөд айлд очиход архидалт болж байсан, 5 дугаар сарын 17-ны өдөр манай ажлын газрын хүн тэтгэвэртээ гараад цайллага хийж тэрэнд би очсон, явахдаа Р-д хэлсэн. Намайг гадуур хонохоор уурладаг болохоор гэртээ очсон, намайг очиход “чи тэр чигээрээ явахгүй яасан юм” гээд хаалгаа нээж өгөхгүй байхаар нь хаалгаа нүдсэн чинь “би чамайг цагдаад өгнө” гээд байсан. Гэртээ ороод удаагүй байхад араас цагдаа нар орж ирсэн, тэр үед би дээрээс нь унаагүй, 6 дугаар сарын 09-ний өдөр Р эмнэлгээс гарсан, 6 дугаар сарын 10-ны орой хот руу явсан байсан, 6 дугаар сарын 11-ний өдөр Р Орхон аймагт гэртээ байгаагүй, Р нь хүнд зодуулахаар хүн биш, намайг шалтгаангүй зоддог байсан гэж хэлсэн байсан, би зодож байгаагүй, айлд байхад нь л нэг удаа алгадаж байсан.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

хохирогч Б.Р-ын “...2019 оны 7 билүү 8 дугаар сард Ш гэртээ архи уучихсан, согтуу ирээд ямар ч шалтгаангүйгээр миний үснээс зулгааж, нүүрэн тус газар алгадсан. Гэрийнхээ эд зүйлийг эвдэж сүйтгэсэн. ...тухайн үед би цагдаад дуудлага өгөхөд Ш гараад зугтаачихсан. Цагдаагаас хоёр хүн орж ирээд гэрийн доторх байдал болон охин С-ын хацар хэсгийг харсан, энгэрийн камераар бичлэг хийсэн “Ш эргээд ирвэл дуудлага өгөөрэй” гээд гараад явсан.

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ш согтуу орж ирэхээр нь би хоол халааж өгсөн, хоолыг охин бид хоёр руу шидсэн “пизда нар ингэдэг байхгүй юу” гээд шалтгаангүйгээр миний үсийг зулгаасан, хөл рүү өшиглөсөн, хутга бариад охин бид хоёрыг “зайл” гэсэн, миний зүүн гарын шуу хэсгийг гартаа барьж байсан хутгаар нэг удаа зүссэн. Охин бид хоёрыг гэрээс хөөж гаргаад хаалгаа цоожилчихсон болохоор найз Б рүү залгаж, Бийн нөхөр Э ирээд охин бид хоёрыг гэр рүүгээ дагуулж явсан.

2020 оны 2 дугаар сард сар шинийн баярын өмнө Ш өөрийн хүргэн Ү-ийн гэрт 3 хоног архи ууж байгаад ирээд “миний ээж, эгчийн хэлсэн үг үнэн байна, чи юм л болбол цагдаа дууддаг” гээд шууд миний үснээс зулгаасан, толгой рүү гараараа цохиж, зодсон, “цагдаад дуудлага өглөө шүү” гэхэд Ш гараад явсан, тухайн үед цагдаад дуудлага өгөөгүй.

2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нөхөр бид хоёр манай найз хүүхэн Бийн гэрт тэдний гэр бүлийн урилгаар очсон. ...тэднийд архи, пиво уусан, тэгтэл намайг ариун цэврийн өрөөнөөс гарч иртэл шууд алгадаж унагаагаад үсдэж чирэх үед манай найз Б, түүний нөхөр Э нар салгасан боловч сиймхийгээр нь миний толгой руу хөлөө жийж өшиглөсөн. Тухайн үед би охиноо тэвэрч байсан. Б өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгөхөд Ш гараад зугтаачихсан.

2020 оны 5 дугаар сард Ш ажлаа тарж ирэхдээ “ажлын нэг хүн тэтгэвэрт гарсан, амралтын газар очиж, цайллаганд орно” гэж хэлээд хувцсаа солиод явсан. 2 цагийн үед Ш архи уучихсан согтуу орж ирээд охин бид хоёрын дээрээс унахаар нь би “хүүхэд айлгачихлаа” гэхэд ямар ч шалтгаангүйгээр үснээс зулгаасан, хоолой боомилсон, хацар луу алгадсан. Гэр орныхоо зүйлийг эвдсэн, цагдаад дуудлага өгөхөд Ш миний утсыг цонхоор гаргаад шидсэн, Шыг гэрт байхад хоёр цагдаа ирээд аваад явсан, У хэсгийн байцаагч дуудахад нь би очоод болсон асуудлыг хэлсэн. Цагдаагийн хэсгийн өрөөний гадаа Ш ээжийнхээ хамт надаас уучлалт гуйгаад “дахин ийм асуудал гаргахгүй” гэсэн болохоор би цагдаад “гомдолгүй” гэдгээ хэлсэн.

2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр охин маань хатгаа авчихсан, өвдөөд байж байхад Ш нь шөнө хоёр цагийн үед эгч Э-ийн хамт архи уучихсан согтуу орж ирсэн. ...эгч Э нь хүйтэн алчуураар миний охины биеийг арчихаар нь би эсэргүүцээд “халуурч байгаа хүүхдийг битгий хүйтэн алчуураар арч” гэхэд Э эгч миний үснээс зулгаасан. ...би цагдаад дуудлага өгөх гэхэд Ш утас булаасан, эгч Э нь үснээс зулгааж гэрээс гаргаад тэр хоёр хаалга цоожлоод явчихсан. Дээд давхараас танихгүй залуу гарч ирээд “юу болоод байгаа юм” гэхээр нь болсон зүйлийг хэлээд “цагдаад дуудлага өгч туслаач” гээд тэр хүний утсаар цагдаад дуудлага өгсөн, удалгүй цагдаа ирээд охин бид хоёрыг гэрт оруулаад Ш, Э нарыг аваад явсан.

2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Ш гэртээ согтуу орж ирэхээр нь би зөрөөд хүүхэддээ памперс авчихаад гэртээ орж хоол халаагаад өгөхөд Ш тавагтай хоолоо хана руу шидсэн, тэр үед охин айгаад уйлсан. Би охиноо тэврээд суухад Ш үснээс зулгааж, гараас базаж түлхээд, хөл рүү өшиглөсөн.” гэсэн мэдүүлгүүд /1-р хх-19-20/,

“...2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Б.Э-ын гэрт байхад Б.Ш нь ямар нэгэн шалтгаангүй, намайг нойлын өрөөнөөс гарч ирэхэд үснээс зулгаан чирсэн, толгойн хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед Б, Э хоёр Ш-ыг надаас салгаад зогсож байхад Ш үснээс дахин зулгааж, нүүрэн тус газарт гараараа алгадсан, мөн толгой хэсэг рүү гараараа олон удаа цохисон. ...охин дээрээ очоод тэврээд зогсож байхад Ш дахиад үснээс гараараа татаад баруун талын чих хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Маргааш нь 3 дугаар сарын 03-ны өглөө Б.Э-ын гэрт байхад миний толгой их өвдсөн, битүү хавдартай болчихсон байсан, босоод явахаар толгой эргээд, сууж байгаад нүдээ аниад нээхэд хана, тааз хөдлөөд байгаа юм шиг санагдсан, дотор муухайрч, өвчин намдаах эм давхарлаж уухад толгойн өвдөлт намдахгүй байсан. Ш ямар ч шалтгаангүй цохиж, зоддог. Ш-ыг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед би юу ч дуугардаггүй, ...муухай ч хардаггүй, муухай харвал Ш уурлаад агсан тавьдаг, гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. 2019 оны 7 дугаар сарын 10-ны орой Ш намайг зодсон, би цагдаад дуудлага өгөхөд гэрээс гараад зугтаачихсан, цагдаагийн ажилтан манайд ирэх үед миний хоёр гарын бугалга хөхөрсөн, үснээс зулгаасан болохоор сэгсийчихсэн байсан. Охин С-ын баруун талын шанаа хэсэг улайгаад дээд хэсэг нь хөхөрчихсөн байсан, дуудлагаар ирсэн цагдаад харуулсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-50/,

“...2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 19 цаг өнгөрч байхад Ш архи уучихсан, согтуу орж ирсэн, намайг зодчихоод гэрээс гараад явсан. Би маргааш нь буюу 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгчихөөд барилгачдын талбай дээрээс машинд суугаад Улаанбаатар хот руу охин С-ын хамт явсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-52/,  

гэрч Г.М-ийн “...3 дугаар сарын 02-ны өдөр миний нөхөр нас бараад 49 хоног нь болж байсан. ...шөнө 3 цагийн үед хаалга нүдээд байхаар нь тайлтал хүү Ш сонин царайлчихсан, холхинодог гутал өмсчихсөн чичрээд зогсож байхаар нь “юу болсон юм” гэхэд “Р бид нар Б гэж эмэгтэйн хүүхдийн үсний баярт очтол нөгөө айлын нөхөр нь намайг архиар шахсан, би “Р-д гэр лүүгээ харья, өнөөдөр баярын өдөр биш, миний аавын 49 хоног болж байгаа” гэж хэлээд түүнтэй маргалдсан, тэгтэл “миний найзуудыг хүндэлсэнгүй, энэ архийг цусалж чадахгүй юм бол зайл” гээд хөөж гаргасан гэж байсан. Тэр үед хүүгийн машины түлхүүр, гар утас, түрийвч зэргийг нь аваад үлдсэн байсан. Маргааш нь би...Э, Э хоёрыг дагуулаад хүүгийнхээ гэрт очихоор явсан. ...Э цонхоор харснаа “хүүе чиний машинд Р нэг эрэгтэй хүнтэй суугаад хөдлөх гэж байна” гэж хэлэхээр нь би охидуудаа аваад гарсан. ...энэ үед Р бид нар луу уурлаж, хашхирсан, тэгтэл Р Э-аас машины түлхүүр авах гэж үснээс нь татаж зулгаасан, цээжийг нь хумсаараа маажсан, энэ үед Э эгчийгээ өмөөрч Р-ын үснээс хойш нь татаж эгчийгээ салгаж авсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-25-26/,

“...Р  их хатуу сэтгэлтэй, нөхрийнхөө хамаатан садангийн хүмүүсийг гэрт ороход хэл, амаар доромжилдог, энэ байдлаас болж Ш уурлаж бухимддаг, ...Ш эхнэрээ нэг ч удаа цохиж, зодож байгаагүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-27/,

гэрч Б.Э-ийн “...2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр аавын минь нас барсны 49 хоног болж өнгөрсөн. ...Маргааш өглөө нь ээж М над руу залгаж “урьд шөнө Ш гэрт ирсэн, Х хөөгөөд гаргасан гэнээ” гэж хэлсэн. Өдөр цайны цагаар Х над руу залгаж “гэрт хүрээд ирээч ярих юм байна.” гэхээр нь ээж, дүү Э бид гурав тэдний гэрт очсон. ...Э санаандгүй цонхоор хартал Ш-ын машин хөдөлсөн, би түрүүлж гарч очтол Р танихгүй нэг залуугаар машиныг бариулаад явах гэхээр нь би нөгөө залуугаас нь түлхүүрийг булааж аваад хөхөвч рүүгээ хийчихсэн, тэгтэл Р машины түлхүүр авах гэж над руу дайрч, цээжийг хумсаар маажиж, үснээс зулгааж доошоо дарсан энэ үед дүү охин Э гүйж ирж Р-ыг үснээс нь татаж хойш нь суулгаж, намайг татаж гаргаж ирсэн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-28/,

гэрч Б.Э-ийн “...2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ш, Р хоёр ирээд, орой нь явсан. Тэгтэл маргааш нь 10 цагийн үед ээж намайг дуудаад “Р хүрээд ир гэнээ” гэхээр нь ээж М, эгч Э нарын хамтаар дүүгийнхээ 6-1-р байранд очтол Ш гэртээ ганцаараа “эхнэр хот явна гээд хамаг юмаа аваад явчихсан” гээд сууж байсан. ...би цонхоор хартал Р нэг залуутай хамт машиныг нь хөдөлгөх гээд байж байхаар нь би ээж, эгч, дүү нартаа хэлтэл ээж, эгч хоёр түрүүлээд гарсан, би араас нь гутлаа өмсөөд гараад очтол ээж маань машины урд хааж зогсоод эгч нөгөө залуугаас түлхүүрийг нь булааж аваад хөхөвч рүүгээ хийчихсэн. Тэгтэл Р хүүхдээ машинд хамт сууж байсан нэг хүүхэнд өгчихөөд эгч рүү минь машины түлхүүрээ авах гэж дайрсан, цээжийг нь хумсаараа маажиж газар унаган дээрээс нь цохисон, энэ үед би эгчийгээ хамгаалж Р-ын үснээс нь татаж хойш газар суулгасан. ...үснээс нь зулгаалгаснаас болж “тархи, толгой өвдөөд байна” гэхээр нь 3 дугаар сарын 05-ны өдөр Р-ыг дагуулж “Медипас” эмнэлэгт үзүүлсэн, эмч үзээд “тархи, толгой нь зүгээр байна” гэж хэлсэн, үснээс нь хойш татаж газар суулгасан нь бол үнэн, түүнд гар хүрээгүй, манай ээж, эгч хоёр түүнд гар хүрээгүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-30-31/,

гэрч М.О-гийн “...2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хадам эгч М-ын гэрт нөхрийн хамт цай уугаад сууж байхад Р эгч залгасан. ...Р-ын гэр лүү ороход хоорондоо хэрүүл хийж байсан ба Р-ын хадам ээж, эгч нар нь “дүүгээ аваад яв” гэж орилж чарлаж байсан, харин нөхөр нь нэлээн согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-32/,

гэрч Б.Бийн “...2019 оны 10 дугаар сард шөнө унтаж байхад Р над руу залгаад “Ш согтуу ирээд охин бид хоёрыг хөөгөөд гаргачихлаа, орцонд байна, ирээд аваач.” гээд уйлахаар нь би нөхрийгөө явуулсан. Манай гэрт ирэхдээ нимгэн хувцастай, охин нь ч бас нимгэн хувцастай байсан, юу болсон талаар асуухад “Ш согтуу орж ирээд агсан тавиад гаргасан” гэж хэлсэн. ...хөл, гар нь бага зэрэг хөхөрсөн харагдсан.

 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр найзуудыгаа цай уулгах санаатай гэртээ урьсан. Ш, Р нар үлдээд ...“согтуу юм чинь машин тэрэг бариад хэрэггүй, манайд хоноод яв” гээд ор засаж өгсөн. Р ариун цэврийн өрөө орсон ба гарч ирэхэд нь Ш ямар ч шалтгаангүйгээр түүнийг шууд барьж авч газар унаган нүүр болон бие рүү нь өшиглөж, гараараа цохисон. Манай нөхөр бид хоёр дундуур нь орж салгасан. ...хэсэг хугацааны дараа Ш гаднаас орж ирээд Р-ыг “чи муу ямар овоо юм бэ” гээд цохиод авсан. Би 102 луу өөрийнхөө утсаар дуудлага өгсөн, Ш гэрээс гараад зугтаачихсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-34-35/,

гэрч Б.Э-ын “...2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр эхнэр бид хоёр найзуудаа гэртээ урьсан, Р, Ш хоёр хүүхэдтэйгээ хамт ирсэн, ...унтаж амрахаар болоод байж байтал Р ариун цэврийн өрөөнөөс гараад иртэл  Ш гэнэт эхнэрээ барьж авч, үсдээд газар дарж унагаасан, газар унасан байхад нь нэг гараараа үснээс нь зулгааж байгаад нөгөө гараараа нүүр лүү нь 3-4 удаа алгадсан, би дундуур нь орж салгатал дахин эхнэр лүүгээ дайрч мөн нүүр лүү нь алгадсан. Ингээд сүүлдээ манай эхнэр Б бид хоёр арай гэж салгаад эхнэр 102-т дуудлага өгсөн.

2019 оны 10 дугаар сард Шын гэрийнх нь орцонд очиж, шөнө болсон хойно эхнэр, хүүхдийг нь авч ирж гэртээ хонуулж байсан, тэр үед Ш агсан тавиад хөөж гаргасан байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-36/,

гэрч М.М-ын “...2020 оны 3 дугаар сарын эхээр...миний утас руу Р залгаад “эгч ээ намайг нөхөр маань зодоод байна, эгч, дүү нар нь ирчихсэн зодоод байна.” гэж хэлсэн, очиход Р уйлчихсан, нүүрний нэг тал нь хавдчихсан байсан. Р “намайг гадаа эд нар зөндөө зодсон” гэж хэлсэн ба нөхөр Ш түүний ээж, эгч гэх хүмүүс байсан ба тэр хүмүүс архи уучихсан, согтуу байсан. ...Р-ын нүүрний тал хэсэг нь хөхөрчихсөн, улайгаад хавдчихсан, хувцас нь тоос, шороо болчихсон, үснээс нь зулгаасан шинжтэй байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-37/,

гэрч Н.Ц-ын “...Миний мэдэж байгаагаар 2020 оны 3 дугаар сарын эхээр ажилдаа очих гээд 11 цагийн үед “Даниста” худалдааны төвийн урд талаас зам хөндлөн гарч байхад 6-ын 1, 2 дугаар байрны голд байрлах хогийн цэгийн урд талд хүмүүс хашгираад байхаар нь харахад Р-ыг гурван эмэгтэй хүн газар унагаачихсан цохиж байсан. Р-ын охин ганцаараа зогсоод уйлж байхаар нь би охиныг тэврээд “та нар болиоч ээ” гэж хэлэхэд тэр гурван эмэгтэй Р-ын үснээс зулгаагаад “янхан минь чи зайл” гээд цохисон, ...Ш 6-1 дүгээр байрны буланд эхнэрээ зодуулж байхад хараад зогсож байсан. ...гэрт ороход Р хүүхдээ тэврээд уйлчихсан байсан ба нөхөр Ш бид нарт хандаж “наадхаа манай гэрээс аваад зайл” гээд хүүхдийнхээ хувцсыг шидсэн. Тэр үед Р-ыг гадаа үснээс нь чирээд зодож байсан гурван эмэгтэй хүн Ш-ын ээж, эгч нар болохыг мэдсэн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-38/,

гэрч М.М-ын “...2020 оны 3 дугаар сарын эхээр...М эгчийн утас руу Р залгаад “зодуулаад байна, хүрээд ирээч” гээд ярьсан. ...ороход Р хүүхдээ тэврээд уйлчихсан, үс нь сэгсийгээд хамаг хувцас хунар нь шороо болчихсон,  хадам ээж, эгч нь архи уучихсан, “наад янхан аа аваад зайл” гээд Р-ын, хүүхдийн хувцсыг шидээд байсан. ...Р надад хэлэхдээ “Ш байнга архи уудаг, уусан үедээ зоддог, гэрээсээ нүцгэн гаргаж хөөж байсан” гэж хэлсэн. ...Рын охин их айдастай болчихсон, эрэгтэй хүний урдаас эгцэлж харж чаддаггүй, чанга ярьж байгаа хүний хажууд уйлаад айдаг болчихсон.” гэсэн мэдүүлэг /1-р хх-40/,

гэрч Д.Ц-ын “...Би он сар, өдрийг нь сайн санахгүй байна, нэг өдөр 21 тоотын охин орилоод хашхираад “намайг зодчихлоо” гээд байсан, би хаалгаа онгойлгоод гэртээ оруулах гэхэд “цагдаад дуудлага өгөөч” гэсэн. Тэр үедээ хүүхдээ тэвэрчихсэн, хөл нүцгэн байсан. ...нөхөр нь согтуу ирээд хаалгаа нүдээд өшиглөөд байдаг. Гэртээ орохоороо хашхираад хоорондоо хэрэлдээд байдаг.” гэсэн мэдүүлэг /1-р хх-40-41/,

гэрч Б.У-ны “..2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Согоот багийн нутаг дэвсгэрт ахлагч Г-ийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Миний санаж байгаагаар 6-1 дүгээр байранд “нөхөр нь архи уучихсан ирээд агсан тавьсан” гэсэн дуудлагын дагуу Г-ийн хамт очиход нөхөр нь гэрээсээ гараад зугтаасан байсан. ...Жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдээгүй бол хадлага, гэр бүлийн хүчирхийлэл нь гайгүй байсан байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /1-р хх-42/,

“...Миний хувьд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр уг айлд дуудлагаар очсоноо санаж байна, ...дуудлагын утга болон үйл явдлыг сайн санахгүй байна, “нөхөр зугтаачихлаа” гээд эхнэр нь ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-54/,

яллагдагч Б.Ш-ын “...2019 оны 7 билүү 8 дугаар сард ажлаасаа буугаад гэртээ ирэхэд эхнэр Р хэрүүл маргаан эхлүүлсэн, ...бага зэрэг архи уучихсан байсан ба хаана байж байгаад ирсэн талаараа хэлэхэд “архи уучихсан бол битгий гэртээ ир” гэж хэлсэн. Р бид хоёр тухайн үед хэрэлдэж маргалдсан болохоос зодоон хийгээгүй.

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хоёр найз манай гэрт ирээд пиво ууж байгаад явах үед би гэрээс гаргаж өгчихөөд эргээд гэртээ ороход Р “наад хоёр архичингаа дагаад зайл” гэж хэлсэн, ээжийнхээ утас руу залгаад “намайг гэрээсээ хөөгөөд байна” гэж худлаа ярьсан, би хадам ээжтэй утсаар яриад “Р худлаа яриад байна” гэж хэлэхэд “миний хүү унтчих” гэж хэлсэн, зодоон болоогүй.

2019 оны 2 дугаар сар буюу цагаан сарын өмнө Р “гэрийн хаалганы голыг сольчих, танай ээж, ах, дүү нарыг би гэртээ оруулмааргүй байна” гэж хэлсэн. Би Р-д хандаж “миний ах, дүү нар манай гэрт орж ирэх ёстой” гэж хэлснээс болж маргалдсан. Би Р-тай маргалдаж байгаад гэрээсээ гарч хүргэн ах Ү-ийн гэрт очиж нэг хоночихоод байж байхад Р хүүхдийнхээ хамт ирээд бид хоёр маргалдсан, Ү ахын гэрт хонохдоо би хүргэн ахын хамт архи уусан. Хүргэн ахын гэрээс гараад...гэртээ хариад хоол ундаа хийж идээд унтсан, маргалдаагүй.

2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр талийгаач аав Б-ын 49 хоног болсон. Уг өдөр Б-ийн хүүхдийн төрсөн өдөр болоод бид нарыг гэртээ дуудахаар нь Р-д бага зэрэг бэлэг бэлдэж өгөөд “чи очоо, би аавын 49 хоног болж байгаа болохоор ажилтай байна” гэж хэлээд охины хамт үлдсэн. Маргааш орой хороололд хүргэн ах Ү-ийн гэрт эхнэр, хүүхдүүдийн хамт байж байгаад гэр лүүгээ явж байх үед Э-ын эхнэр Б манай эхнэрийн утас руу залгаад “одоо хүрээд ирээч, хоол, унд хийчихсэн байна” гэж хэлсэн. Миний хувьд талийгаач аавын маань 49 хоног болж өнгөрсөн болохоор айлд очихгүй гэсэн байр суурьтай байхад Э миний утас руу хоёр удаа залгаж “хүрээд ирээч” гэж хэлсэн. ...Э-ын гэрт хонохоор болоод Э-тай хамт архинаас бага зэрэг уугаад сууж байхад Р намайг хэл амаар доромжлоод хэрүүл маргаан үүсгэсэн, намайг Э-ын гэрээс хөөж гаргасан, ...Р-ыг цохиж зодсон зүйл байхгүй, харин Э-ын гэрт Р-тай маргалдаад түлхсэн маань үнэн.

2020 оны 3 дугаар сарын 03-ны өглөө...гэртээ байж байхад Р гаднаас орж ирээд “би явлаа” гэж хэлээд бүх хувцсаа аваад гэрээс гарсны дараа ...манай эгч Э цонхоор хараад “чиний машин зогсоол дээрээс хөдлөх гэж байна” гэж хэлэхэд Э эгч түрүүлж гэрээс гараад машиныг зогсоосон, араас нь ээж, Э эгч нар гарсан. ...Э эгч Р-ын толгойн ар талаас үснээс нь зулгаагаад арагшаа унагаасан, Р өөрийнхөө утсаар яриад “та нар бүгдээрээ хүрээд ир” гэж хэлээд ах, дүү нараа дуудсан.

2020 оны 5 дугаар сарын эхээр бага зэрэг архи уучихсан гэртээ орж ирээд эхнэртэйгээ маргалдахад намайг цагдаад дуудлага өгөөд эрүүлжүүлэх байранд оруулсан, маргааш нь У байцаагчид 100.000 төгрөгөөр торгуулсан.

2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр манай охин С халуураад, би өдөр ажлаасаа буугаад гэртээ ирэхэд Р эмнэлэгт хэвтэхэд ашиглах зүйлээ бэлдээгүй байхаар нь уурлахад Р өөрийнхөө ээж рүүгээ утсаар яриад “хүүхэд өвдөөд байхад энэ хэдэн төгрөгөө харамлаж байна, угаасаа хүүхдийг маань үхүүлэх гээд байна” гэж хэлсэн. ...эгч маань “халуурсан хүүхдийг нойтон даавуугаар арчихаар халуун нь буурчихдаг” юм гэж хэлээд даавуу норгоод арчих гэхэд Р “миний хүүхдийг алах гэж орж ирлээ” гээд уурлаад цагдаад дуудлага өгсөн. ...хоёр цагдаа ирээд намайг бариад эрүүлжүүлэх байранд оруулсан, маргааш нь Б байцаагчид 100.000 төгрөгөөр торгуулсан.

2020 оны 6 дугаар сарын 10 билүү 11-ний өдөр ажилдаа яваад ирэхэд Р өөрийнхөө болон охины хувцаснуудыг аваад Улаанбаатар хот руу явчихсан байсан. ...Р-ыг цохиж, зодсон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-2-4/,

Б.Р-аас “...нөхөр Ш гэгчид удаа дараа зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн.” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-5/,

хохирогч Б.Р-ын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1-р хх-7-8/, холбогдох баримтууд болох эмнэлгийн бичиг баримтууд /1-р хх-9-12/,

Цагдаагийн газрын шуурхай удирдлагын газарт бүртгэгддэг дуудлага, мэдээлэл хүлээн авах дэвтэрийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дуудлага мэдээллийг бүртгэх хуудас, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн дуудлага мэдээллийг бүртгэх хуудас, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дуудлага мэдээллийг бүртгэх хуудас /1-р хх-14-16/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г-гийн 2020 оны 9 дугаар сарын 07-ны өдрийн №645 дугаартай “...1.Б.Р-ын биед олон тооны сорвиуд тогтоогдлоо. Мөн 2020 оны 3 сард тархи доргилт үүсч байжээ. 2.Тархи доргилт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. 6.Сорвийг хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт /1-р хх-44-45/,

Б.Ш-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-54, 55/, түүний хувийн бичиг баримтууд /1-р хх-56-64/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /1-р хх-67-69/,

Б.Рын мессежийн зурагнууд /1-р хх-96-108/, амбулаториор эмчлүүлэгчийн карт /1-р хх-117-121/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-109-112, 122-133/,

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хуулбарууд /1-р хх-136-156/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 7-8 дугаар сарын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-1-21 тоот гэртээ эхнэр Б.Р-ын үснээс зулгаах, толгой руу нь цохих, гар, хөлнөөс нь базах зэргээр зодсон,

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-1-21 тоот гэртээ үснээс нь зулгаах, гар, хөлөөс нь базах, хутгаар гарын шууг нь зүсэж зодсон,

2020 оны 2 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-1-21 тоот гэртээ толгой руу нь цохиж зодсон,

2020 оны 3 дугаар сарын 02-нд Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Элит хотхоны 2-25 тоотод Б.Э-ын гэрт алгадаж, үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 5 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-1-21 тоот гэртээ чих рүү нь цохих, хоолойг нь боох зэргээр зодсон,

2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-1-21 тоот гэртээ үсдэн зодож, аягатай хоол авч шидсэн зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Р-ыг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай болох нь;

“...2019 оны 7 билүү 8 дугаар сард Ш гэртээ архи уучихсан, согтуу ирээд ямар ч шалтгаангүйгээр миний үснээс зулгааж, нүүрэн тус газар алгадсан.”

“...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ш согтуу орж ирэхээр нь би хоол халааж өгсөн, хоолыг охин бид хоёр руу шидсэн “пизда нар ингэдэг байхгүй юу” гээд шалтгаангүйгээр миний үсийг зулгаасан, хөл рүү өшиглөсөн, хутга бариад охин бид хоёрыг “зайл” гэсэн, миний зүүн гарын шуу хэсгийг гартаа барьж байсан хутгаар нэг удаа зүссэн.”

“...2020 оны 2 дугаар сард сар шинийн баярын өмнө Ш өөрийн хүргэн Үийн гэрт 3 хоног архи ууж байгаад ирээд “миний ээж, эгчийн хэлсэн үг үнэн байна, чи юм л болбол цагдаа дууддаг” гээд шууд миний үснээс зулгаасан, толгой рүү гараараа цохиж зодсон.”

“...2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нөхөр бид хоёр манай найз хүүхэн Б-ийн гэрт тэдний гэр бүлийн урилгаар очсон. ...тэднийд архи, пиво уусан, тэгтэл намайг ариун цэврийн өрөөнөөс гарч иртэл шууд алгадаж унагаагаад үсдэж чирэх үед манай найз Б, түүний нөхөр Э нар салгасан боловч сиймхийгээр нь миний толгой руу хөлөө жийж өшиглөсөн.”

“...2020 оны 5 дугаар сард...Ш архи уучихсан согтуу орж ирээд охин бид хоёрын дээрээс унахаар нь би “хүүхэд айлгачихлаа” гэхэд ямар ч шалтгаангүйгээр үснээс зулгаасан, хоолой боомилсон, хацар луу алгадсан.”

“...2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр...эгч Э нь хүйтэн алчуураар миний охины биеийг арчихаар нь би эсэргүүцээд “халуурч байгаа хүүхдийг битгий хүйтэн алчуураар арч” гэхэд Э эгч миний үснээс зулгаасан. ...би цагдаад дуудлага өгөх гэхэд Ш утас булаасан, эгч Э нь үснээс зулгааж гэрээс гаргаад тэр хоёр хаалга цоожлоод явчихсан.”

“...2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Ш гэртээ согтуу орж ирэхээр нь би зөрөөд хүүхэддээ памперс авчихаад гэртээ орж хоол халаагаад өгөхөд Ш тавагтай хоолоо хана руу шидсэн. Тэр үед охин айгаад уйлсан. Би охиноо тэврээд суухад Ш үснээс зулгааж, гараас базаж түлхээд, хөл рүү өшиглөсөн.

“...2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Б.Э-ын гэрт байхад Б.Ш нь ямар нэгэн шалтгаангүй, намайг нойлын өрөөнөөс гарч ирэхэд үснээс зулгаан чирсэн, толгойн хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...үснээс дахин зулгааж, нүүрэн тус газарт гараараа алгадсан, мөн толгой хэсэг рүү гараараа олон удаа цохисон. ...охин дээрээ очоод тэврээд зогсож байхад Ш дахиад үснээс гараараа татаад баруун талын чих хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Маргааш нь 2020 оны 3 дугаар сарын 03-ны өглөө Б.Э-ын гэрт байхад миний толгой их өвдсөн, битүү хавдартай болчихсон байсан, босоод явахаар толгой эргээд, сууж байгаад нүдээ аниад нээхэд хана, тааз хөдлөөд байгаа юм шиг санагдсан, дотор муухайрч, өвчин намдаах эм давхарлаж уухад толгойн өвдөлт намдахгүй байсан.”

“...2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 19 цаг өнгөрч байхад Ш архи уучихсан, согтуу орж ирсэн, намайг зодчихоод гэрээс гараад явсан.” гэх хохирогч Б.Р-ын мэдүүлэг болон,

гэрч М.О-ийн “...2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр...Р-ын гэр лүү ороход хоорондоо хэрүүл хийж байсан ба Р-ын хадам ээж, эгч нар нь “дүүгээ аваад яв” гэж орилж чарлаж байсан, харин нөхөр нь нэлээн согтолттой байсан.” гэх,

гэрч Б.Б-ийн “...2019 оны 10 дугаар сард шөнө унтаж байхад Р над руу залгаад “...Ш согтуу ирээд охин бид хоёрыг хөөгөөд гаргачихлаа, орцонд байна, ирээд аваач” гээд уйлахаар нь би нөхрийгөө явуулсан.

 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр...Ш ямар ч шалтгаангүйгээр түүнийг шууд барьж авч газар унаган нүүр болон бие рүү нь өшиглөж, гараараа цохисон.” гэх,

гэрч Б.Э-ын “...2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр...Р ариун цэврийн өрөөнөөс гараад иртэл

Ш гэнэт эхнэрээ барьж авч, үсдээд газар дарж унагаасан, газар унасан байхад нь нэг гараараа үснээс нь зулгааж байгаад нөгөө гараараа нүүр лүү нь 3-4 удаа алгадсан, би дундуур нь орж салгатал дахин эхнэр лүүгээ дайрч мөн нүүр лүү нь алгадсан. ...2019 оны 10 дугаар сард Ш-ын гэрийнх нь орцонд очиж, шөнө болсон хойно эхнэр, хүүхдийг нь авч ирж гэртээ хонуулж байсан.” гэх,

гэрч М.М-ын “...2020 оны 3 дугаар сарын эхээр...очиход... Р-ын нүүрний тал хэсэг нь хөхөрчихсөн, улайгаад хавдчихсан, хувцас нь тоос, шороо болчихсон, үснээс нь зулгаасан шинжтэй байсан.” гэх,

гэрч Н.Ц-ын “...2020 оны 3 дугаар сарын эхээр...Р-ын гэрт ороход Р хүүхдээ тэврээд уйлчихсан байсан. ...хувцас нь шороо болчихсон, үснээс нь зулгаасан болохоор сэгсийсэн үстэй болчихсон, хацар нь улайж хавдчихсан байдалтай байсан.” гэх,

гэрч М.М-ын “...2020 оны 3 дугаар сарын эхээр...Р хүүхдээ тэврээд уйлчихсан, үс нь сэгсийгээд хамаг хувцас хунар нь шороо болчихсон,  хадам ээж, эгч нь архи уучихсан, “наад янхан аа аваад зайл” гээд Р-ын, хүүхдийн хувцсыг шидээд байсан. ...Р-ын охин их айдастай болчихсон, эрэгтэй хүний урдаас эгцэлж харж чаддаггүй, чанга ярьж байгаа хүний хажууд уйлаад айдаг болчихсон.” гэх,

гэрч Д.Ц-ын “...нэг өдөр 21 тоотын охин орилоод хашхираад “намайг зодчихлоо” гээд байсан, би хаалгаа онгойлгоод гэртээ оруулах гэхэд “цагдаад дуудлага өгөөч” гэсэн. Тэр үедээ хүүхдээ тэвэрчихсэн, хөл нүцгэн байсан. ...нөхөр нь согтуу ирээд хаалгаа нүдээд өшиглөөд байдаг. Гэртээ орохоороо хашхираад хоорондоо хэрэлдээд байдаг.” гэх мэдүүлгүүдээр,

мөн хэрэгт цугларсан хохирогч Б.Р-ын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, холбогдох баримтууд болох эмнэлгийн бичиг баримтууд,  Цагдаагийн газрын шуурхай удирдлагын газарт бүртгэгддэг дуудлага, мэдээлэл хүлээн авах дэвтэрийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дуудлага мэдээллийг бүртгэх хуудас, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн дуудлага мэдээллийг бүртгэх хуудас, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дуудлага мэдээллийг бүртгэх хуудас,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ж.Г-гийн 2020 оны 9 дугаар сарын 07-ны өдрийн №645 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш гэм буруугийн талаар маргаж, “...2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Б.Рыг манай эгч үсдэж зодсон, эгчийн энэ үйлдлээс тархи нь доргисон байх боломжтой, эгч өөрөө дараа нь “Медипас” эмнэлэгт үзүүлсэн, би 3 дугаар сарын 02-ны өдөр Б-ийнд алгадсан нь үнэн, бусдыг нь зөвшөөрөхгүй, наадах чинь хүнд зодуулахаар ч хүн биш.” гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд түүний энэ тайлбар, мэдүүлгийг хохирогчийн “...2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Б.Э-ын гэрт байхад Б.Ш нь ямар нэгэн шалтгаангүй, намайг нойлын өрөөнөөс гарч ирэхэд үснээс зулгаан чирсэн, толгойн хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...үснээс дахин зулгааж, нүүрэн тус газарт гараараа алгадсан, мөн толгой хэсэг рүү гараараа олон удаа цохисон. ...охин дээрээ очоод тэврээд зогсож байхад Ш дахиад үснээс гараараа татаад баруун талын чих хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Маргааш нь 2020 оны 3 дугаар сарын 03-ны өглөө Б.Э-ын гэрт байхад миний толгой их өвдсөн, битүү хавдартай болчихсон байсан, босоод явахаар толгой эргээд, сууж байгаад нүдээ аниад нээхэд хана, тааз хөдлөөд байгаа юм шиг санагдсан, дотор муухайрч, өвчин намдаах эм давхарлаж уухад толгойн өвдөлт намдахгүй байсан.” гэх, мөн гэрч Б.Б, Б.Э нарын мэдүүлгээр няцааж, үгүйсгэх үндэслэлтэй гэж үзэв.

“Байнга зодсон” гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодид тооны хувьд гурав ба түүнээс дээш удаа халдсан, хохирогчийн бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байхыг хэлэх бөгөөд мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь халдлагад өртөгч /хохирогч/-ийн эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэнээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

          Шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч нарын “...хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй нотолж чадаагүй, хохирогчийн мэдүүлэг баримтаар нотлогддоггүй, үснээс зулгаасныг нотолсон баримтгүй.” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь; хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Ш нь эхнэр Б.Р-ыг буюу гэр бүлийн хамаарал харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ. Учир нь;

тухайн гэмт хэргийн онцлог нь ахуйн хүрээнд буюу гэр бүлийн гишүүдийн хүрээнд, нууц далд аргаар үйлддэг бөгөөд хохирогч нь шүүдэгчид байнга зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх түүний мэдүүлэг болон энэ талаар хэлснийг гэрчилсэн гэрч нарын мэдүүлгүүдийг үгүйсгэх үндэслэлгүй.

Мөн “байнга зодсон” гэсэн энэ давтамжаас гадна, шүүгдэгч болон түүний ээж, эгч нар нь хохирогчийг эрхшээлдээ байлгах гэсэн үүднээс зодох, доромжлох зэрэг тэгш бус харилцааг бий болгон хүчээр давамгайлж байсан нь гэрч М.О, М.М, Н.Ц, М.М, Б.Б, Б.Э нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж үзнэ.  

          Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу шүүгдэгч нь хохирогч Б.Р-ыг удаа дараа буюу 2019 оны 7-8 дугаар сард, мөн оны 10 дугаар сарын 17, 2020 оны 2, 3, 5, 6 дугаар саруудад байнга зодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Ш-ыг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

          Хэдийгээр нэгдмэл сонирхол бүхий этгээдүүдээс авсан мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй боловч нотлох чадварын хувьд харьцангүй сул байдаг тул хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломж хязгаарлагдмал хэдий ч энэ хэрэгт хувийн ашиг сонирхолгүй, хөндлөнгийн гэрчүүд болох хөрш айлын хүн Д.Ц, цагдаагийн байгууллагын ажилтан Б.У нарын өгсөн мэдүүлгүүд нь хохирогчийн мэдүүлэгтэй цаг хугацааны хувьд тохирч байгааг дурьдах нь зүйтэй.

          Хохирогч Б.Р-ыг зүй бус авирлаж, өс хонзон, шунахайн сэдэлт, хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн нөхөр Б.Ш-ыг гэмт хэрэгт гүтгэсэн гэх шалтгаан үндэслэл тогтоогдоогүй болно.

          Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд, өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрддэг.                  

          Шүүгдэгч Б.Ш-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч Б.Ш нь эхнэр Б.Р-ыг удаа, дараа зодсон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн зорилго нь ...хүний эрх, эрх чөлөө ...хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршдог,

харин эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой.

          Хохирогч нь “...шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Б.Ш-ыг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нийт ялын хэмжээг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоон, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 88 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т, Х.О нараас “...шүүгдэгч 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр алгадсан болон зөрчлийн хэргээр шийдвэрлэгдсэн хоёр үйлдлээ хүлээн зөвшөөрдөг, гэмт хэрэг 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд үйлдэгдсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн,

мөн өмгөөлөгч А.Т-аас ”...Х.О өмгөөлөгчийн саналтай санал нэг байна, шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор Б.Ш-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, тухайн өдөр Б.Ш-аас яллагдагчаар мэдүүлэг авсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлгүй.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан байх боловч шүүгдэгч Б.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргах тул түүнийг өршөөлийн хуульд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзээд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэв.

Иймээс шүүгдэгч Б.Ш-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, цагдан хоригдсон 88 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Бусад асуудлын талаар;

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, мөрдөгч эд мөрийн баримтаар тооцоогүй ч шүүгдэгчээс гаргаж өгсөн сидиг хэрэгт хавсарган үлдээж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон” гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,  

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч Б.Ш-ын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 88 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 88 хоногийг хасч эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 2 хоногийн хугацаанд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

   шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын болон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван найм, хорьдугаар бүлэгт зааснаар хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, шүүгдэгчээс гаргаж өгсөн сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

         9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХТУНГАЛАГ