Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 8

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч С.Батгэрэл

шүүгдэгч О.Шинэбаяр, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн

шүүгдэгч О.Бямба-Очир, түүний өмгөөлөгч Л.Батаа

шүүгдэгч Ж.Заяабаатар, түүний өмгөөлөгч Г.Ганхуяг, Р.Чинбаа

хохирогч М.Жаргалмаагийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн

иргэний нэхэмжлэгч Д.Долоонжин

иргэдийн төлөөлөгч Г.Дагмидмаа

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201526020889 дугаартай, 2 хавтас хэргийг 2016 оны 6 дугаар сарын 2-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 6-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6; эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 16 дугаар гудамж, 57 тоотод оршин суух,

ял: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1004 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсаныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 735 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сар хорих ял болгон өөрчилж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

ЖЮ97120611 дугаарын регистртэй, Хатгин овогт Оюунтүлхүүрийн Шинэбаяр

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1 дүгээр гудамж, 25 тоотод оршин суух,

ял: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1004 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 735 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн,

2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 94 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 17 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, үлдэх 9 сар 17 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон,

УЮ97051010 дугаарын регистртэй, Бүргэд овогт Очирдагвын Бямба-Очир

 

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 1 дүгээр сарын 1-нд Дархан-Уул аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 105 дугаар байрны 80 тоотод оршин суух,

ял: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1004 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсаныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 735 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 7 сар хорих ял болгон өөрчилж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

ТА98010117 дугаарын регистртэй, Тайж овогт Жавзандуламын Заяабаатар

 

Шүүгдэгч О.Шинбаяр, О.Бямба-Очир, Ж.Заяабаатар нар бүлэглэж, 2015 оны 6 дугаар сарын 3-ны орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 40 дүгээр байрны 2 дугаар орцонд хохирогч М.Жаргалмаагийн эд хөрөнгийг авах зорилгоор, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан түүний “Самсунг Нөүт-3” маркийн гар утсыг дээрэмдэж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч О.Шинэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Өмнө нь мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. Дээрмийг Бямба-Очир бид хоёр хийсэн. Заяабаатар оролцоогүй. Гэхдээ дээрэм хийх гэж байгааг Заяабаатар мэдэж байсан. Гадна хүн харъя гээд л үлдсэн. Дээрэмдсэн гар утсыг зараад мөнгийг нь бид нар хамтдаа үрэлцсэн. Тэгэхэд бас Заяабаатар байсан.

Зочид буудалд Заяабаатар хоноогүй. Дөлгөөний оролцоо байхгүй. Дараа нь гэхдээ Дөлгөөн цуг явсан гэв.

 

Шүүгдэгч О.Бямба-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Би хохирогч Жаргалмаагийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Жаргалмааг дээрэмдэхэд Заяабаатар оролцоогүй. Гэхдээ дээрэм хийе гэхэд зөвшөөрөөд хамт явсан ш дээ. Мэдэж байсан. Мөнгийг нь бас хамт үрэлцсэн. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.

Сансарт зочид буудалд ороход Заяабаатар байсан. Гэхдээ хоносон эсэхийг нь санахгүй байна гэв.

 

Шүүгдэгч Ж.Заяабаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр би элсэлтийн ерөнхий шалгалтаа өгчихөөд хуучин байрны найз Сансарболдтой таарч Гоулден парк руу очиж РС тоглож байтал Бямба-Очир залгасан. Тэгээд бид нар уулзаад сагч тоглож байхад энд нэг гар утастай хүн байна, дээрэмдье гэж хэн нэг нь хэлсэн. Би яах юм бэ гэж хэлчихээд сагсны шийт дээр ганцаараа үлдээд өөр танихгүй хүүхдүүдтэй тоглоод үлдсэн. Орой 20 цаг өнгөрч байсан тэгэхэд. Гэтэл гэнэт Бямба-Очир, Шинэбаяр хоёр гүйгээрэй гэхээр нь дагаад 10 дугаар хороолол руу гүйсэн. Тэндээсээ таксинд суугаад Өргөө дээр ирээд би гэр рүүгээ явсан.

Эд нарыг дээрэм хийх гэж байгааг мэдэж байсан. Гэхдээ би хүн харж үлдээгүй. Дээрэм хийе гэхээр нь яах юм бэ, хэрэгтэй байгаа ш дээ гэж би хэлсэн. Дараа нь би эд нартай нийлж зочид буудал ороогүй. Худлаа ярьж байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Долоонжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Өдөр 14-16 цагийн хооронд байх, гар утас авах уу гэж 2 хүүхэд над руу ирсэн. Одоо харахад Шинэбаяр, Бямба-Очир нар байсан, таньж байна. Би нийт 400.000 төгрөг авах ёстой. Бямба-Очироос 133.000 төгрөг авсан. Түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч О.Шинэбаярын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хх-н 40, 2-р хх-н 22/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 37/, захиргааны зөрчлийн лавлагаа /1-р хх-н 46-47/,

гэрч Адилбишийн Оюунтүлхүүрийн “... Шинэбаяр 1997 оны 12 дугаар сарын 6-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд миний том хүү болж мэндэлсэн. Багадаа Дорнод аймгийн цэцэрлэгт хүмүүжиж, улмаар Хэрлэн сумын 5 дугаар 10-н жилийн дунд сургуульд 2 дугаар анги хүртэл суралцаж байгаад 2006 онд Улаанбаатар хотод шилжин ирж Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн 3-р ангид суралцаж байсан. Түүнээс хойш 46 дугаар сургуульд 5-р ангид шилжин суралцаад 2015 онд 12 дугаар ангиа төгсөх байсан боловч хэрэгт холбогдоод дунд сургуулиа төгсөж чадаагүй юм. Миний хүү Шинэбаяр үг дуу цөөтэй, анги хамт олондоо нийтэч, ангиас зохиогдож байгаа ажилд идэвхтэй сайн оролцдог, найз нөхдийн дунд нэр хүндтэй. Ангийн найз нараас Дөлгөөн, Заяабаатар, Бямба-Очир, Гүн-Итгэлт нартай найзалж нөхөрлөдөг байсан. Гэтэл энэ хүүхдүүд 2014 оны 5 дугаар сараас хойш Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст дээрмийн хэргээр шалгагдаад эхэлсэн. Миний хүү Шинэбаяр нь гэрийн бүхий л ажлыг хийдэг. Доороо 4-н дүүтэй, дүү нараа сургууль цэцэрлэгт хүргэж өгөх, авах хичээл номыг нь хийлгэх гээд гэр орны бүхий л ажлыг хийдэг, ар гэртээ тусархуу. Шинбаяр 2014 оноос өмнө ямар ч хэрэгт холбогдож байгаагүй. Тэгээд ангийн найз нартайгаа нийлээд ийм хэрэгт холбогдсон байсан. Шинэбаяр нь найз нөхөд нь ирээд тоглоё, эсхүл давтлагатай гээд явдаг байсан. Гэтэл 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хэлтэст намайг дуудаад хэрэгт холбогдсон гэж мэдсэн. Энэ шалгагдаж байгаа хэргийг өмнө шийтгүүлсэн гэмт хэрэгтэй нэгтгэн шалгуулахаар дээд шатны шүүхэд хүсэлт гаргасан. 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Давж заалдах хурал болсон боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 73-74/,

Шүүгдэгч О.Бямба-Очирын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хх-н 39, 148, 2-р хх-н 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 38/, захиргааны зөрчлийн лавлагаа /1-р хх-н 48-50/,

2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн захирамж /1-р хх-н 167/, ялын тооцооны тодорхойлолт /1-р хх-н 173/,

гэрч Мөнгөнзагасын Оюунчимэгийн “... миний хүү Бямба-Очир 1997 оны 5 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн. 2000 онд Улаанбаатар хотод шилжин суурьшиж, 3-н настайдаа Толгойтод байдаг 142 дугаар цэцэрлэгт явж байгаад 2004 онд Нийслэлийн 42 дугаар дунд сургуульд элсэн суралцаж байсан. 2009 онд ар гэрийн шалтгаанаар манай гэр Зүүн Салаа руу нүүсэн. Ингээд Бямба-Очирыг Нийслэлийн 46 дугаар дунд сургуульд шилжин суралцуулсан. Миний хүү сурч байхдаа сүүлийн хоёр жил ангийн хүүхдүүдтэй PC тоглодог байсан. Ангийн найз Дөлгөөн, Заяабаатар, Шинэбаяр, Гүн-Итгэлт гэсэн хүүхдүүдтэй нийлдэг байсан. 2014 оны 3 дугаар сараас хойш гэмт хэрэгт холбогдсон. Зан байдлын хувьд их зөөлөн, дуулгавартай, хичээлдээ сайн, спортод сайн, айлын ганц хүү гэж эрх танхил өссөн. Айлын бага гээд хүнээс дутаахгүй өсгөсөн. Миний хүү хичээл тараад зуны амралтаараа хөдөө явж ажил хийгээд ар гэртээ нэмэр болдог байсан. Миний хүү архи тамхи хэрэглэдэггүй, энэ үйлдсэн хэргүүдээс өмнө ямар нэг гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Энэ 10-н сард цэрэгт явуулна гэж бодож байсан. Гэтэл ийм асуудалд холбогдсонд харамсаж байна. Миний хүү өөрийн хийсэн буруу зүйлээ ухаарч, ойлгон сайн хүн болно гэдэгт итгэж байна. Дунд сургуульд сурч байхдаа анги хамт олны дунд нэр хүндтэй байсан ба 9 дүгээр анги төгсөөд Механик инженерийн сургуулийн харъяа коллежид авто цахилгааны ангид суралцаж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 75-76/,

 

Шүүгдэгч Ж.Заяабаатарын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хх-н 102, 147, 2-р хх-н 23/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 105/, захиргааны зөрчлийн лавлагаа /1-р хх-н 106/,

гэрч Бэгзсүрэнгийн Байгалмаагийн “... миний төрсөн эгч Сийлэгмаагийн бага хүү болох Заяабаатар нь багаасаа их дуугай, дөлгөөн талдаа хүүхэд. 2 жилийн өмнөөс хэдэн хүүхдүүдтэй нийлээд гэр орны ажилд оролцохгүй гадуур их тэнэдэг болсон. Аав ээжтэйгээ харилцаа сайтай. Ямар нэг буруу гажуу зүйл байхгүй хүүхэд байсан. Гэр бүлийн хувьд тайван байдаг. Заяабаатар дээрээ гурван эгчтэй, айлын ганц хүү болохоор жаахан дураараа хүүхэд юм. Энэ хэргээс өмнө Заяабаатарыг гэмт хэрэгт холбогдсон гээд бас батлан даалтад авч байсан. Уг хэрэг нь гайгүй шийдэгдсэн байсан ба дахин гэмт хэрэгт холбогдож болохгүй гэж сайн хэлж байсан. Хамт явж байсан хүүхдүүдэд нь ч мөн хэлж байсан. Гэтэл зүгээр явж байгаа гээд байсан чинь намайг цагдаагийн газраас дахиад дуудсан. Ингээд Заяабаатар дахин гэмт хэрэгт холбогдсон байсныг мэдсэн. Дүү Заяабаатар архи дарс, тамхи хэрэглэдэггүй, зодоон хиййдэггүй, замбараагүй хүүхдүүд хашаанд цуглуулаад байдаггүй. Хоёр том эгч нь тусдаа гарсан. Бага эгч нь Их Засаг их сургуульд 3-р курсэд сурдаг. Ямар нэг дутагдах зүйл байхгүй. Ээж Сийлэгмаа нь бие муутай Солонгос улсад эмчилгээ хийлгээд 3 сар болох гэж байна. Аав Жавзандулам нь “ХИД 1” ХХК-д аж ахуйн дарга ажилтай. Одоо хотод байхгүй, хөдөө явсан гэж байсан. Заяабаатар 10 жилд байхдаа анги хамт олны дунд нэр хүндтэй хүүхэд байсан. Гэмт хэрэгт холбогдсон байхад нь ээж Сийлэгмаагийн хамт 2 удаа Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж уулзсан. Зан байдлын хувьд танхай хүүхэд биш гэж бодож байна. Гэмт хэрэгт холбогдсонд нь их гайхаж байна” /1-р хх-н 79-80/ гэсэн мэдүүлэг,

 

О.Шинэбаяр, О.Бямба-Очир, Ж.Заяабаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн

2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1004 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-н 53/,

2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 735 дугаартай магадлал /1-р хх-н 123-129/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас О.Шинэбаяр, О.Бямба-Очир, Ж.Заяабаатар нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

Нэг: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Ж.Заяабаатарын үйлдсэн гэх “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэг нь хохирогч М.Жаргалмаагийн “... намайг хоёр залуу дээрэмдсэн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч О.Шинэбаяр, О.Бямба-Очир нарын мэдүүлсэн “... хохирогчийг дээрэмдэхэд Заяабаатар байгаагүй” гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч Ж.Заяабаатарын өөрийнх нь мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэнэ.

 

Харин шүүгдэгч Ж.Заяабаатарын үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийвэл түүний үйлдэл “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэхээсээ илүүтэйгээр “Гэмт хэргийг үл мэдээлэх”, “Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах” гэсэн гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

Тухайлбал, тэрээр шүүгдэгч О.Шинэбаяр, О.Бямба-Очир нар бусдыг дээрэмдэх гэж байгааг лавтай мэдэж байсан бөгөөд уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэнийг мэдсээр байж гэмт хэргийн талаар үл мэдээлсэн, улмаар гэмт хэргийн улмаас бий болсон бусдын эд хөрөнгө буюу хохирогч М.Жаргалмаагийн гар утсыг шүүгдэгч О.Шинэбаяр, О.Бямба-Очир нар зарж борлуулсан мөнгийг хамтдаа үрэлцжээ.

Шүүгдэгч Ж.Заяабаатар гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан болох нь иргэний нэхэмжлэгч Д.Долоожингийн “... гар утас зарсан нь Шинэбаяр, Бямба-Очир нар мөн. Цаана нь бас хоёр хүүхэд байсан” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдоно.

Иймд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “... хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын баримтлан

Ж.Заяабаатарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, түүнийг “Гэмт хэргийг үл мэдээлэх” гэмт хэрэгт гэм буруутайд, “Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.

Хэргийн зүйлчлэл нь хөнгөрснөөр түүний эрх зүйн байдал дордохгүй төдийгүй, уг гэмт хэргүүд хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Заяабаатар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1004 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсаныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 735 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 7 сар хорих ял болгон өөрчилж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байжээ.

Шүүхийн шийдвэрийн дараа Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан тул Ж.Заяабаатарт оногдуулсан 2 жил 7 сар хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилээр хойшлуулсан хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т зааснаар хэрэгсэхгүй болгов.

Ингэснээр түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэйгээс гадна Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх журмын 10 дугаар зүйлийн 10.10 дахь заалтад нийцнэ.

Өөрөөр хэлбэл ... шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна гэсэн зарчимд нийцэж байна.

 

Хэдийгээр шүүгдэгч Ж.Заяабаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож байгаа боловч тэрээр хохирогчийн хохирлыг төлөх, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг барагдуулахаас тус тус чөлөөлөгдөхгүй.

Шүүгдэгч Ж.Заяабаатараас 448.700 төгрөг гаргуулж хохирогч М.Жаргалмаад, 133.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Долоонжинд тус тус олгох нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгч О.Шинэбаяр, О.Бямба-Очир нар бүлэглэж, 2015 оны 6 дугаар сарын 3-ны орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 40 дүгээр байрны 2 дугаар орцонд хохирогч М.Жаргалмааг зодож буюу амь биед аюултайгаар хүч хэрэглэж түүний гар утсыг дээрэмдсэн болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт тэдгээрийн мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Мягмарцэрэнгийн Жаргалмаагийн “… 2015 оны 6 дугаар сарын 3-ны орой 20 цагийн үед 10 хорооллын үерийн далангийн явган хүний замаар явж байтал грашийн хажууд 2 эрэгтэй хүн сууж байсан ба цаашаа явж байхад тэр хоёр залуутай дахин таарсан. Надаас хол зайтай явж зогссон. Нэг нь машины хажуунаас намайг хараад ажиглаад байх шиг санагдсан. Тэгээд намайг орц руу орох гээд явж байх үед миний хажуугаар 2 хүн хурдтай өнгөрөөд орц руу гүйгээд орсон. Би өөр юм бодоод, доошоо хараад явж байсан болохоор анзаарч хараагүй юм. Орцонд орсон чинь хоёр давхарт хоёр эрэгтэй зогсож байсан. Би тэр хоёрын хажуугаар өнгөрөх гэтэл нэг нь намайг араас боогоод, нөгөө нь толгой руу цохиод миний гар утсыг гарнаас булааж аваад гараад зугтсан. Араас боож байсан нь намайг газар унагаагаад миний толгой руу өшиглөөд, дэвсээд зугтаасан. Зугтаж явсны дараа 3 давхраас танихгүй хүн гарч ирээд намайг өргөж босгоод цагдаа дуудсан. Тэр хоёр залуу 20-25 орчим насны, 170-175 см өндөртэй, нэг нь шар царайтай, нөгөө нь бор царайтай, тухайн үед бор царайтай эрэгтэй нь хар бараан өнгийн цамцтай, тод хөх өнгийн жинсэн өмд, цагаан пүүзэн гуталтай, давхраатай нүдтэй, богино буржгар хар үстэй, нөгөө шар царайтай залуу нь саарал өнгийн малгайтай цамцтай, цайвар өнгийн жинсэн өмдтэй, цагаан пүүзэн гуталтай, жижигхэн онигор нүдтэй, цайвар бор үстэй, нөгөө эрэгтэйгээсээ насаар бага юм шиг харагдаж байсан.

Би маш их гомдолтой байна. Миний гар утсыг дээрэмдсэн хоёр залуу маш сурамгай, гаршсан хүмүүс байсан. Миний гар утсыг авахдаа нэг залуу нь араас хоолой боосон, нөгөө залуу нь гараас гар утсыг минь булааж аваад толгой руу 2-3 удаа цохиод шанаа руу бас цохих үед миний хамар мурийсан. Тэр үед миний хоолойг боосон байсан учир би хөдөлж чадахгүй, бас дуу гарахгүй байсан. Тэгээд муужраад унах үед намайг араас боосон залуу газар саваж унагаасан. Тэр хоёр залуу миний толгой руу маш олон удаа өшиглөсөн. Тэр үед ямар ч хүн гарч ирэхгүй байсан. Тэр хоёр залуу миний гар утсыг аваад зугтааж явсны дараа хэсэг хугацаа өнгөрсөн. Ингээд би босч чадахгүй орцонд хэвтэж байтал манай орцны хүмүүс гарч ирээд чи яасан бэ, зүгээр үү гээд намайг босгосон. Дараа нь манай орцны нэг хүн 102-т дуудлага өгч удалгүй цагдаа ирсэн. Би өөрөө бас хүний утсаар ээж рүүгээ ярьж дээрэмдүүлсэн тухайгаа хэлсэн. Удалгүй ээж ирээд бид хамтдаа шүүх эмнэлэгт үзүүлсэн. Томографикийн зураг авахуулахад миний хамрын таславч мурийсан гэж байсан. Би хамраа тэгшлүүлэхэд шаардагдах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Тэр хоёр залуу эмэгтэй хүн байна гэж бодохгүй, өрөвдөж хайрлахгүй зодож байсан. Маш их гомдолтой. Намайг газар савж унагаах үед миний зүүн хөлний шагайн хэсэг бас гэмтсэн байсан. 2 сар шахуу гэмтэлтэй явсан. Би сэтгэл санааны дарамтанд орсон, одоо зүгээр явж чадахаа больж, байнга түгшүүртэй явах болсон. Миний толгой маш хүчтэй өвддөг болсон. Энэ хэргээс хамрынхаа мурийсан таславчийг Төгс Ялгуун эмнэлгийн хамрын таславч тэгшлэх хагалгаанд орсон. Би зарим зүйлээ их мартдаг болсон. Гар утсаа дээрэмдүүлснээс хойш 2 сар гаруй хэвтэрт байж, босч явахдаа таяг тулж явдаг байсан. Эмнэлгээр их явсан ба эмчилгээний нийт зардалд буюу хамрын хагалгаанд 900.000 төгрөг, шинжилгээнд 62.500 төгрөг, зүрхний бичлэгт 10.000 төгрөг, Монос эмийн сангаас эм, томографийн зураг, хөл, толгойн бариа, бусад эмчилгээ гээд нийт 2.017.000 төгрөг зарцуулсан. Би өөрийн Самсунг Нөүт-3 маркийн гар утсыг хүлээж авсан боловч эмчилгээнд гарсан зардлаа аваагүй байна. Нарийн шинжилгээ өгнө гэж бодож байгаа. Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Тухайн үед зодуулаад гэмтсэн байх үедээ томографийн зураг авахуулсан. Зураг авсан эмч нь бичиг хийж өгсөн. Тэр бичгийг авч очиж үзүүлсэн боловч шинжээч эмч миний хамрын таславч мурийсан байсан талаар бичээгүй байснаас өөрөөр эмчийн дүгнэлтэд тусгагдсан зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд тэр хоёр залууд зодуулж, гар утсаа дээрэмдүүлсэндээ маш их гомдолтой байна. Бас тэр хүмүүстэй хамт явж байсан гэх хүмүүсийг ч мөн хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна.

Намайг зодож гар утсыг минь дээрэмдсэн хүмүүсээс эмчилгээний зардалд гарсан 2.017.000 төгрөгийг барагдуулж өгнө үү гэж хүсч байна. Мөн энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү. Шинжээч эмчийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй” /1-р хх-н 12-14, 71-72, 138, 2-р хх-н 1/ гэсэн,

иргэний нэхэмжлэгч /гэрч/ Дорждэрэмийн Долоонжингийн “... 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гар утас авахаар Тэди төв дээр явж байтал хоёр залуу Самсунг Нөүт-3 гар утас 400.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Намайг үзье гэж хэлтэл ломбардад тавьсан байгаа гээд, тэр хоёр залуу намайг хамт яваад үзээч гэж хэлсэн. Гар утсыг нь үзэхээр болж би өөрийн найзынхаа машинтай явж хорооллын Өргөө кино театрын баруун талд байрлах Сод нэртэй ломбардад очсон. Гар утсаа ломбардаас авах гэж байгаа залуу 400.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгээд ломбард руу тэр залуугийн хамт орсон. Тэр залуу бичиг баримтаа үзүүлээд гар утсаа авч гарч ирээд надад гар утсаа өгсөн. Би гар утсыг нь аваад гэр рүүгээ явсан. Түүнээс хойш би гар утсыг Дамба-д байдаг нэг зүс таних 88828270 гэсэн дугаартай залууд 450.000 төгрөгөөр зарсан. Гэтэл тэр гар утсыг зарснаас хойш 2 сарын дараа Эрүүгийн цагдаагийн газраас тухайн утсыг дээрмийн утас байна, ирж уулз гэхээр нь очиж уулзсан. 88828270 гэсэн утас руу залгаад мөн адил дээрмийн утас байна, утсаа авчирч өг гэж хэлсэн.

Цагдаа нар гар утсыг хурааж авсан. Тэр хүний хохирлыг намайг төлж барагдуул гэсэн ба би 7 хоонгийн дараа 450.000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон. Тэр утсыг би дээрмийн аргаар олж авсан гэж итгээгүй. Мэдсэн бол би авахгүй. Гомдолтой байна. Гар утас худалдан авсан тэр хоёр залууд өгсөн 400.000 төгрөгөө нэхэмжилнэ” /1-р хх-н 17-18, 140-141/ гэсэн,

гэрч Намсрайн Өсөхбаярын “... би Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар байрны 00 тоотод байрлах Сод ломбардад ажилд ороод нэг жил болж байна. 2015 оны 6 дугаар 3-ны өдөр ажиллаж байхад цагийг нь сайн санахгүй байна, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчин гудамж 25 тоотод оршин суух хаягтай Очирдагва овогтой Бямба-Очир /РД:УЮ97051010/ гэж хүн ирээд Самсунг Нөүт-3 гар утсыг 200.000 төгрөгийн тавъя гэж хэлсэн. Би бичиг баримтыг нь үзээд Самсунг Нөүт-3 гар утсыг 200.000 төгрөгөөр барьцаанд авсан юм. Маргааш нь буюу 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 2012.000 төгрөгийг авч эзэн болох Бямба-Очирт өөрт нь өгсөн. Цааш юу болсныг мэдэхгүй. Манай ломбардад камерийн бичлэг байдаг боловч хяналтын камер сүүлийн нэг сарын бичлэгийг хадгалдаг юм. Бямба-Очир ямар хүнтэй хамт явж байсан, хэдүүлээ явж байсан талаар би санахгүй байна. Би тухайн эд зүйлийг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Тэгээд ч манай ломбард бичиг баримтыг нь шалгаж үзээд эд зүйлийг авдаг” /1-р хх-н 15-16/ гэсэн,

гэрч Эрдэнэцогтын Одонтуяагийн “... он сар өдрийг сайн санахгүй байна, 2015 оны 6 дугаар сарын сүүлээр шиг санаж байна би нөхрийн хамт Тэди төвөөс гар утас худалдан авахаар явж байсан. Тэгээд нэг лангуунаас нэг эмэгтэй барьж байсан гар утас байгаа юм, энийг 450.000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Тэгээд тэр гар устыг үзэж байгаад худалдан авсан. Би гар утсыг нэг сар шахам барьж байтал цагдаагаас ярьж байна гээд дуудсан. Очиж уулзахад миний худалдаж авсан гар утсыг дээрмийн гэмт хэрэгтэй холбоотой утас гээд шууд хурааж авсан. Тэр үед надад гар утас зарсан эмэгтэйгийн нөхөр Долоонжин гэж нэртэй хүн ирсэн байсан. Тэр хүн намайг хохиролгүй болгож өгнө гэж хэлсэн. Тэгээд надад Самсунг Нөүт-4 маркийн гар утас 650.000 төгрөгөөр бодож өгсөн. Би тэр хүнд өмнө өгсөн байсан 450.000 төгрөг дээр нэмж 200.000 төгрөг өгсөн. Миний хувьд ямар нэгэн хохирол гомдол байхгүй. Тэр утсыг дээрмийн гэмт хэрэгтэй холбоотой гэж мэдээгүй, мэдсэн бол авахгүй байсан”/1-р хх-н 19-20/ гэсэн,

гэрч Пүрэвсүрэнгийн Дөлгөөний “... 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр гэртээ байж байтал манай ангийн найз Шинэбаяр утсаар яриад чи хаана байна, Өргөө кино театрын орчим хүрээд ир гэж хэлсэн. Намайг очиход Шинэбаяр, Бямба-Очир хоёр байсан. Заяабаатар харьлаа гээд явсан байсан. Бид гурав уулзаад хэсэг юм ярьсан. Бямба-Очир, Шинэбаяр хоёр мөнгөтэй байсан ба хамт Сансар орох уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм гэхэд буудалд ороё хэдүүлээ архи ууяа гэж хэлсэн. Би зөвшөөрөөд Сансарын автобусны ард зочид буудалд орсон. Тэр буудалд хоёр ортой нэг өрөө авсан. Тэгээд уух юм авъя гээд дэлгүүр орж архи, ундаа нэг том пиво авсан. Буцаад буудалдаа ороод юмаа уугаад бид гурав тэр буудалд унтаж амарсан. Маргааш өглөө нь 12 цаг болж байхад буудлаас гарсан. Бид гурав хоолонд ороод нетэд сууж байгаад гар утас дээрэмдсэн гэдгийг нь мэдсэн. Бид гурав Теди орж ченжтэй Бямба-Очир уулзаад Самсунг Нөүт-3 утас байна, та авах уу гэж байсан. Ченж ах очиж харъя гэж хэлсэн. Тэгээд тэр ахын машинтай өргөө кино театрын ломбард руу явсан. Тэр ах гар утсыг үзээд авахаар болсон. Яг хэдэн төгрөгөөр худалдсан талаар би мэдээгүй. Гар утсыг зарчихаад хоолонд ороод, интернетэд орж тоглосон. Тэгээд тоглож байгаад гэр рүүгээ явсан. Би гар утасны мөнгөнөөс аваагүй. Тэр ченжид зарсан гар утасны талаар Шинэбаяр, Бямба-Очир хоёр надад хаанаас авсан, хэний утас гэдгийг хэлээгүй” /1-р хх-н 77-78/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд, нэр бүхий шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Жаргалмаагийн биед тархи доргилт, зүүн шагайн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөхгүй” гэсэн №8500 тоот дүгнэлт /1-р хх-н 22/,

“... Жаргалмаагийн биед 2015 оны 6 дугаар сарын 4-ний КТГ-н шинжилгээгээр хамар яс зүүн хажуу хэсэгт сэлтэрсэн хугарал, таславчийн мурийлт гэмтэл оношлогдсон бөгөөд уг гэмтэл нь хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн №503 тоот дүгнэлт /2-р хх-н 4-5/,

шинжээч эмч Т.Амартүвшингийн “... хохирогч Жаргалмаагийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш буюу 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тархи доргилт, зүүн шагайн үеийн цус хуралт зэрэг нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хамрын таславч мурийсан тухайд шинжээч эмчийн дүгнэлтэд тусгаагүй байх тул мэдэх боломжгүй. Батзаяа эмч гадаадад 3 жилийн хугацаатай суралцахаар явсан” /1-р хх-81/ гэсэн мэдүүлэг,

шинжээч эмч Түвдэндоржийн Чимэд-Очирын “... хохирогч Жаргалмаагийн биед учирсан гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Энэ гэмтэл нь хэрэг гарсан өдөр үүсгэгдэх боломжтой” /2-р хх-н 6/ гэсэн мэдүүлэг,

хохирогчийн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-н 41, 2-р хх-н 21/, хохирлын тооцоо буюу 1.346.100 төгрөгийн зардлын тооцооны хуудас /1-р хх-н 108-115/, амбулториор эмчлүүлэгсдийн карт /1-р хх-н 116-121/, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн дүрс оношлогооны лавлагааны төвийн оношилгоо /1-р хх-н 146/ зэрэг болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Шинэбаяр, О.Бямба-Очир нар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч М.Жаргалмаагийн бие махбодид “хөнгөн гэмтэл учруулсан нь” энэ гэмт хэргийн амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн шинжийг, “бүлэглэж үйлдсэн нь” энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх нөхцөлийг тус тус хангах бөгөөд

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Харин прокурор нэр бүхий шүүгдэгч нарын үйлдэлийг дүгнэхдээ давтан үйлдлээр гэсэн шинжийг орхигдуулан бичжээ. Учир нь, шүүгдэгч О.Шинэбаяр, О.Бямба-Очир нар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх өөр гэмт хэргүүд үйлдэж байх цаг хугацаандаа энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг шинжийг шүүх тодруулснаар хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй төдийгүй, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иймд шүүгдэгч Хатгин овогт Оюунтүлхүүрийн Шинэбаяр, Бүргэд овогт Очирдагвын Бямба-Очир нарыг бүлэглэж, давтан үйлдлээр, амь биед аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзсан болно.

Түүнчлэн шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчиллөө.

 

Шүүгдэгч О.Шинэбаяр, О.Бямба-Очир нар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1004 дугаартай шийтгэх тогтоолоор “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт ял шийтгүүлж,

шүүгдэгч О.Шинэбаярын хувьд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч О.Бямба-Очирт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлсэн байна.

Тэдгээрийг шүүхээс ял шийтгүүлсэний дараа Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарч хорих ялыг биечлэн эдэлж байсан ялтан О.Бямба-Очирын ялаас 2 жилийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих заалтад хамааруулан өршөөн хасчээ.

Нэгэнт Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан дээрх байдал нь түүнийг дахин өршөөлд хамруулах нөхцлийг бий болгохгүй боловч өршөөгдсөн хугацааг хасч тооцох нь зохимжтой.

 

Харин шүүгдэгч О.Шинэбаярт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 2 жилийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтаар өршөөн хасав.

 

Нэр бүхий шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг тооцохдоо ялтан О.Бямба-Очирын хорих ялыг биечлэн эдэлсэн Ялын тооцоогоор, үүнээс хойшхи цагдан хоригдсон хугацаагаар нь тус тус,

шүүгдэгч О.Шинэбаярын өмнөх хэрэг дээрээ цагдан хоригдож байсан 136 хоногийг нь нэмж тооцсон болно. Учир нь; Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1004 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 735 дугаартай магадлалтай хэргийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулж байгаа ялд багтааж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл хорих ялыг биечлэн эдэлж байсан ялтан О.Бямба-Очирын өмнөх хэрэг дээрээ цагдан хоригдож байсан 136 хоног нь түүний Ялын тооцоонд орж бодогдсон,

шүүгдэгч О.Шинэбаяр хорих ялыг биечлэн эдлээгүй боловч тэрээр өмнөх хэрэгтээ 136 хоног цагдан хоригджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч О.Бямба-Очир хохирогч М.Жаргалмаагийн хохирол болон иргэний нэхэмжлэгч Д.Долоонжингийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус төлж, бусдад төлөх төлбөргүй.

Шүүгдэгч О.Шинэбаяраас  448.700 төгрөг гаргуулж хохирогч М.Жаргалмаад, 133.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Долоонжинд тус тус олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Шинэбаяр, О.Бямба-Очир нарын гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдсэн, цаашлаад шүүгдэгч О.Шинэбаяр бусдад учруулсан хохирлыг төлөөгүй байгаа нь тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангиар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх заалтыг журамлах үндэслэл болохгүй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдав.