Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 77

 

Д.Нямрагчаад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 90 дүгээр магадлалтай 201626021803 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Нямрагчаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Цэндсүрэн нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дашхүүгийн Нямрагчаа нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Нямрагчааг танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 35 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 198 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Нямрагчаа, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэг, өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Нямрагчаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3 дахь заалтыг шалгаагүй. Хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг эрс зөрүүтэй, хохирогчийн анх Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, тухай өдөртөө гаргасан тайлбар зэрэгт суран тэлээний талаар дурдаагүй байдаг бөгөөд хэрэг гарснаас хойш 22 хоногийн дараа мэдүүлэг өгөхдөө энэ талаар нөхөн мэдүүлж буй нь ойлгомжгүй, түүний мэдүүлэг тогтворгүй. Хохирогч хүрэн бор өмдний тэлээгээр цохиулсан гэх боловч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тэлээ нь хар өнгийн тэлээ байсан, өөрөөр хэлбэл хохирогч эх сурвалжаа зааж чаддаггүй. Хавтаст хэрэгт авагдсан фото зураг нь эффекттэй буюу нөлөөтэй зураг байх магадлалтай зэргийг мухарлаж, нягталж шалгаагүй орхигдуулсан. Хэрэгт хохирогчийн хувийн байдлыг тогтоох нь чухал ач холбогдолтой боловч хавтаст хэрэгт авагдсан зүйлгүй. Тухайн өдөр хохирогч үнэхээр өмдний тэлээгээр цохиулсан бол тэрээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.5.2 дахь заалтад зааснаар үнэн зөвөөр мэдүүлэг өгч, эд мөрийн баримт болох “суран тэлээг” хэрэгт хавсруулах байсан. Түүнчлэн хохирогч А.Оюунцэцэг нь Д.Нямрагчааг “хөх өнгийн жинсэн өмдтэй байсан”, гэрч Гэрэлмаа нь “цагаан цэнхэр өмдтэй байсан” гэж мэдүүлсэн боловч шүүгдэгч Д.Нямрагчаа, насанд хүрээгүй гэрч Д.Бархасбаатар нарын “шорттой байсан” мэдүүлгээр няцаагдаж байхад Д.Нямрагчааг танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Иймд Д.Нямрагчаад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Д.Нямрагчаагийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Д.Нямрагчаа, хохирогч А.Оюунцэцэг нарын хооронд үүссэн гэр бүлийн доторх маргааны сэдэлт, гэм буруугийн хэлбэрийн талаар шүүх хуулийн дагуу үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй. Д.Нямрагчаа нь хамтран амьдрагч А.Оюунцэцэгтэй үр хүүхэдтэйгээ холбоотой асуудлаас болж үл ойлголцон маргалдаж, улмаар түүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, харин хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн сэдэлттэй, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болохыг анхаарч үзнэ үү. Шүүх насанд хүрээгүй гэрч Д.Бархасбаатарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч П.Баасандоржийн мэдүүлэг зэрэгт ач холбогдол өгч зөв үнэлж чадалгүй, зөвхөн хохирогч А.Оюунцэцэгийн мэдүүлэгт ач холбогдол өгч хэт нэг талыг барьж, Д.Нямрагчааг танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн нь учир дутагдалтай байна. Хохирогч А.Оуюнцэцэгийн мэдүүлгийг нотолсон өөр ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, харин түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч, хохирогч нарын хооронд үүссэн маргаан нь хувийн таарамжгүй харьцаанаас үүдсэн бөгөөд хохирогчийн зүй бус үйл ажиллагаанаас үүдэлтэй байх тул Д.Нямрагчаад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа байхгүй. “Хүүхдээ дуугүй байлга” гэсэн шалтгаанаар суран тэлээг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Д.Нямрагчаагийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, Ц.Дэлгэрням нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Нямрагчаад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзвэл мөрдөн байцаалтын ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу бүрэн гүйцэд хийгдээгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 80.1.4, 80.1.6 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч, хохирогч нарын харилцааны түүх, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг гэмт хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтооход нөлөөлж болох нөхцөл байдлыг дутуу шалгажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн ... гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн хэрэгтээ ял шийтгүүлээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд хохирогч А.Оюунцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд буюу 2016 оны 7 дугаар сарын 5-нд “Д.Нямрагчаа нь БНСУ-д амьдарч байхад хэд хэдэн удаа цохиж зодож байсан, ...Би үр хүүхдийг нь төрүүлж бүх л дарамт доромжлолыг нь тэсэж байсан байхад намайг харгис хэрцгийгээр зодсонд нь маш их гомдолтой байна.” /хх-7/, мөн 2016 оны 8 дугаар сарын 3-нд “Нямрагчаа нь тус хэрэг гарахаас өмнө Солонгос улсад хамт амьдарч байхад болон төрсний дараа удаа дараа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож цохиж, миний биед гэмтэл учруулж байсан, тухайн үед гадаадад байсан болохоор би хэн нэгэнд хэлж ярьж байгаагүй.” /хх-24/ гэж тус тус мэдүүлсэн байхад энэ талаар зохих шалгалтыг хийгээгүй, өөрөөр хэлбэл Д.Нямрагчаа нь өөрийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг агуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байсан эсэхийг мөрдөн байцаалтаар зайлшгүй шалгаж, тодруулах нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Д.Нямрагчаад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанаас Д.Нямрагчаад холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Цэндсүрэн нарын “хэргийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэх гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 90 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Нямрагчаад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Цэндсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

                              ДАРГАЛАГЧ,

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                                      Б.БАТЦЭРЭН