Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00282

 

Алтанбулаг чөлөөт бүсийн

Захирагчийн ажлын албаны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 353 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаар магадлалтай,

Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны нэхэмжлэлтэй,

“Г ХХК” ХХК-д холбогдох,

7.652.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Уламбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал, нарийн бичгийн дарга  Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ган Норд” ХХК нь газрын төлбөрт 2009 онд 1.680.000 төгрөг, 2010 онд 1.680.000 төгрөг, 2011 онд 1.680.000 төгрөг, 2012 онд 1.680.000 төгрөг, 2013 онд 932.200 төгрөг нийт 7.652.200 төгрөгийг гэрээнд заасны дагуу төлөх ёстой байсан. Гэтэл төлбөрөө төлөөгүй учир 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчийн захирамж гаргасан. Иймд Ган Норд ХХК-иас газрын төлбөрт нийт 7.652.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Г ХХК” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09/70 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээг Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчтай байгуулан үсэглэсэн боловч энэхүү гэрээг хүчин төгөлдөр болоогүй гэж үзэж байна. Учир нь: гэрээний салшгүй хэсэг болох газрын байршил, хэм хэмжээ, хил хязгаар, заагыг тодорхойлсон кадастрын зураг, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчид газрыг хүлээлгэн өгсөн акт зэрэг гол бүрдэл хэсгүүд хийгдээгүй. Эдгээр зүйлүүд дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно гэсэн Газар эзэмшүүлэх гэрээний 1-д заасан байгаа. Мөн Хөрөнгө оруулалтын гэрээ-ний 3.1-д Чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцээр хангах ёстой гэж заасан байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Газар эзэмшүүлэх гэрээний 4.4.-т Газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх гэж заасан боловч гэрээг дүгнэсэн тухай ямар ч акт, баримт бичиг байхгүй. Түүнээс гадна гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Гэтэл уг 3 жилийн хугацаа аль хэдийнээ өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 353 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг Г ХХК ХХК-иас газрын төлбөр 7.652.200 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн төрийн сангийн төсвийн орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Алтанбулаг чөлөөт бүсийг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар, хариуцагчаас 137.385 төгрөг гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод оруулж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/78 дугаартай захирамжаар зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09/70 дугаартай Газар эзэмших гэрээ, 98 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ-г тус тус цуцалж, Бүртгэлийн болон газар эзэмших /ашиглах/, эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсоныг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 353 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 35 дүгээр зүйлийн 35.3.3-д зааснаар хариуцагч Ган Норд ХХК-аас газрын төлбөрт 2.612.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.040.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 56.742 төгрөг гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. гэж тус тус өөрчлөн, 3 дахь заалтыг хүчингүй болгон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137.385 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 сарын 03-ны өдрийн №50 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан боловч газраа хүлээж аваагүй 1 газрын байршил, хэм хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхойлсон кадастрын зураг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ зэргүүд нь хийгдээгүй байдаг. Мөн хөрөнгө оруулалтын гэрээний 3.1-д заасны дагуу чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай эхний ээлжид дэд бүтцээр хангана гэсэн заалт хэрэгжээгүй. 2009 оны 6 сарын 17-ны өдрийн 09/70 дугаартай газар эзэмших гэрээний 1 дахь хэсэгт дээрх нөхцөлүүд бүрдээгүй тохиолдолд гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй гэж заасан байна. Гэрээг байгуулахдаа талууд чөлөөтэй, агуулгаа өөрсдөө тодорхойлдгоос гадна гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг ойлгоно гэсэн байна. Тэгэхээр гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад газрын төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо гэрээний үүргийг хангуулах тухай гэж гаргасан байна. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад давж заалдах шатны шүүх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж авч заажээ. Манай компаниас газар эзэмших гэрээний дагуу газрын төлбөр нэхэж байгаа болохоос биш газрын эзэмших ашиглахтай холбоотой нэхэмжлэхийн шаардлага гаргаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэхийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны “... 2009-2013 онуудын газрын төлбөрт 7.652.200 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч “Г ХХК” ХХК эс зөвшөөрч, гэрээ хүчин төгөлдөр болоогүй, ...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй”  гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Зохигчийн хооронд 2009 оны 6 дугаар сарын 17-ний өдөр байгуулагдсан Газар эзэмшүүлэх гэрээгээр “Алтанбулаг” чөлөөт бүсийн захиргаа нь тус худалдааны чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт худалдаа, агуулах, үйлдвэрлэлийн зориулалтаар 1 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх, хариуцагч газрын төлбөрт жилд 1.680.000 төгрөг төлөхөөр харилцан тохирчээ.

Мөн өдөр талуудын хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан,  нэхэмжлэгч нь 2014 оны 7 дугаар сарын 10-ний өдрийн А/78 дугаар тушаалаар дээрх гэрээнүүдийг цуцалсан, энэ талаар маргаагүй, харин хариуцагч газрын төлбөр төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

Газар эзэмшүүлэх гэрээний 3.5-т зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Татварын Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-т зааснаар Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэх ба мөн зүйлийн 5.7.-т төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ гэж тодорхойлсон бол газрын төлбөр нь орон нутгийн татварт хамаарахаар мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.11-т зохицуулжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар газрын төлбөр нь татварт хамаарах тул Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй болохыг шүүх анхаараагүй байна.

Түүнчлэн Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар  Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байх тул хариуцагч газрын төлбөр төлөх үүрэгтэй.

Татварын Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-т татвар нөхөн ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар заасан, 2009, 2010, 2011, 2012 оны газрын төлбөрийг нэхэмжлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Иймд нэхэмжлэлээс 2013 оны газрын төлбөрт нэхэмжилсэн 932.200 төгрөгийн шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1. Газрын тухай хуулийн 35 дүгээр зүйлийн 35.3.3-д зааснаар хариуцагч Г ХХК ХХК-аас газрын төлбөрт 2.612.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.040.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай”, гэснийг “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3., Татварын Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг баримтлан “Г ХХК” ХХК-аас 932.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд олгож, нэхэмжлэлээс 6.720.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, “...56.742...” гэснийг “...26.923...” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 56.742 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ