Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 353

 

                                Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Бүргэдэй залуучуудын  гудамж 16 тоотод оршин суух, 49 настай, эрэгтэй, одоо Алтанбулаг чөлөөт бүсийн бүртгэл, санхүү хэлтсийн дарга ажилтай Олхонууд овогт Раднаагийн Өлзийбаатар /МЖ-69032218/ /Алтанбулаг чөлөөт бүс/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 73 их тойруу  гудамж 73-8-22  тоотод оршин суух, 58 настай, эрэгтэй, одоо “Ган холдинг” группийн ерөнхий захирал Жалайр домбоон овогт Эрдэнийн Ганболд /ЧМ-60092310/ “Ганнорд” ХХК-нд/ холбогдох 

“Газрын төлбөр 7.652.200 төгрөг гаргуулах тухай” хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Өлзийбаатар, хариуцагч Э.Ганболд,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Өлзийбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Ганнорд” ХХК нь газрын төлбөрт 2009 онд 1.680.000 төгрөг, 2010 онд 1.680.000 төгрөг, 2011 онд 1.680.000 төгрөг , 2012 онд 1.680.000 төгрөг, 2013 онд 932.000 төгрөг нийт 7.652.200 төгрөгийг тус гэрээнд заагдсаны дагуу төлөх ёстой байсан. Гэтэл төлбөрөө төлөөгүй учир 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г хүчингүй болгох “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн захирамж гаргасан.  Иймд “Ганнорд” ХХК-иас газрын төлбөрт нийт 7.652.2.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх.

 

Хариуцагч Э.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн албанаас гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09/70 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ”-г  “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчтай байгуулан үсэглэсэн боловч энэхүү гэрээг хүчин төгөлдөр болоогүй гэж үзэж байна. Учир нь: гэрээний салшгүй хэсэг болох газрын байршил, хэм хэмжээ, хил хязгаар, заагыг тодорхойлсон кадастрын зураг, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчид газрыг хүлээлгэн өгсөн акт зэрэг гол бүрдэл хэсгүүд хийгдээгүй. Эдгээр зүйлүүд дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно гэсэн  “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 1-д заасан байгаа. Мөн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 3.1-д “Чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцээр хангах ёстой” гэж заасан байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.4.-т “Газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх” гэж заасан боловч гэрээг дүгнэсэн тухай ямар ч акт, баримт бичиг байхгүй. Нэхэмжлэлийн үнийн дүн ч зөрүүтэй байна. Түүнээс гадна гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг.  Гэтэл уг 3 жилийн хугацаа аль хэдийнээ өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн албаны нэхэмжлэлтэй “Ганнорд” ХХК-нд холбогдуулан гаргасан “Газрын төлбөр 7.652.200 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг  ханган  шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

“Алтанбулаг” чөлөөт бүсийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг гэх “Ганнорд” ХХК-нд холбогдуулан “Газрын  төлбөр 7.652.200 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “Ганнорд” ХХК-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн Алтанбулаг суманд байрлах чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар олгох эрх олгож 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаартай “Эрх олгох тухай”, 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн  дугаартай “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн захирамжаар 1 га газрыг “Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, агуулахын барилга байгууламж барих” зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргаж, захирамжуудыг үндэслэн 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 09/70 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ”, 98 дугаартай “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г тус тус байгуулсан нь зохигчдын хооронд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд  заасан “Газар эзэмших /ашиглах/” харилцаа үүссэн байна.

Зохигчдын хооронд хийгдсэн 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09/70 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.3-т заасан “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” авсан аж ахуйн нэгж, байгууллага тухайн...эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд бүс дотор үйл ажиллагаа, зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй...зэрэг тохиолдолд газар эзэмших гэрээг хүчингүйд тооцон газрыг хураах...”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”   болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа нь хариуцагч тал хууль болон гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзэн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/78 дугаартай “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн захирамжаар “Хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээ”-г цуцалсан нь нэхэмжлэгч тал хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Шүүх хуралдаанд хариуцагчаас “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг.  Гэтэл уг 3 жилийн хугацаа аль хэдийнээ өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил”, 76 дугаар зүйлийн 76.1-д заасан “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцно” гэсний дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ.

Мөн “Газрын тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасан “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”, “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.3-т газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуй, нэгж байгууллага...нэг жилийн хугацаанд бүс дотор үйл ажиллагаа эхлээгүй, зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй,... “Газрын тухай” хуулийн 40.1.1-40.1.5-д заасан нөхцөл бий болсон зэрэг тохиолдолд газар эзэмших гэрээг хүчингүйд тооцон газрыг хураах...” зэрэг заалтуудыг хариуцагч тал зөрчсөн гэж үзэж байх тул “Ганнорд” ХХК-иас газрын төлбөр 7.652.200 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн...нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/78 дугаартай захирамжаар зохигчдын хооронд хийгдсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09/70,  98 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г тус тус цуцалж, Бүртгэлийн болон газар эзэмших /ашиглах/, эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсоныг  дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт Улсын бүртгэлийн 0000098276 дугаартай 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 9070001099 улсын бүртгэлийн дугаартай,9129065 регистрийн дугаартай “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын гэрчилгээ, Монгол Улсын шадар сайдын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 83 дугаартай “Албан тушаалд томилох тухай” тушаал, “Ганнорд” ХХК-ийн газрын төлбөрийн хэмжээ, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2009 оны 05 дугаар сарын 08-н өдрийн 27 дугаартай “Эрх олгох тухай”, 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаартай “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” захирамжуудын хуулбар, 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09/70 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ” /4 хуудас/, 98 дугаартай “”Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ” /2 хуудас/, 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/78 “Хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцлах тухай” захирамж хавсралтын хамт, “Газар эзэмшихийг хүссэн өргөдөл”, “Бэлчээрийн эдэлбэрийн төлөв байдал, улсын чанарын хянан баталгааны дүгнэлт”, “Ганнорд” ХХК-ийн 2008 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 1611006079 улсын бүртгэлийн дугаартай, 3738507 регистрийн дугаартай, “Улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний хуулбарууд зэрэг болно.      

Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зйүлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 137.385 төгрөг гаргуулан төрийн сангийн төсвийн дансанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “Ганнорд” ХХК-иас газрын төлбөр 7.652.200 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зйүлийн 41.1.3-т зааснаар “Алтанбулаг” чөлөөт бүсийг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар, хариуцагчаас 137.385 төгрөг гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай. 

3. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/78 дугаартай захирамжаар зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09/70 дугаартай “Газар эзэмших гэрээ”,  98 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г тус тус цуцалж, Бүртгэлийн болон газар эзэмших /ашиглах/, эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсоныг   дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.СОЁЛМАА