Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/218

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Н,  

улсын яллагч Ц.Л,

хохирогчийн өмгөөлөгч М.Э,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Д-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2025004740028 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Г.Д,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Г.Д нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 11-1100а тоотод оршин суух, А.Бурмаагийн байшингийн цонхоор нэвтрэн орж 32 инчийн “Панасоник” маркийн зурагт, 39 инчийн “Монел” маркийн зурагт, битүү чанагч, холигч зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 536.960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ; “...Би эхнэр хоёр хүүхдийн хамт амьдарч байтал 2017 онд эхнэр маань нас барсан. Ингээд Б-тэй танилцаж, бид хоёрын хувьд хамтран амьдрагчийн журмаар амьдарч байгаад 2020 оны 9 дүгээр сараас Б-ийн ааш нь олдохгүй болж, гэртээ ирэхгүй болчихоор нь гэрээс нь эд зүйлийг нь авсан, эд зүйлийг нь авчихвал гэртээ ирдэг болох байх гэж бодсон юм. Би эд зүйлийг нь хулгайлж авья гэж бодоогүй, гаражид байлгаж байгаад буцаагаад өгсөн.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч А.Б-гийн “...2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай гэрт хулгай орж Панасоник гэсэн бичигтэй 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, монел гэсэн бичигтэй 39 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, битүү чанагт, холигч зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. Манай байшинд хулгай орсон тэр үед байшингийн хаалга цонхонд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй цонх нь онгойсон байсан. Би Д гэдэг хүнийг сэжиглэж байгаа. Учир нь Д гэдэг хүн манай гэрээр орж гардаг, тэр хүн л намайг гэр орондоо байхгүй үеэр гэрт маань орж эд зүйлсийг маань хулгайлсан болов уу гэж таамаглаж байсан. 2020 оны 10 дугаар сарын 18-ны өглөө унтаж сэрээд бие засахаар хашаандаа гартал манай хашаан дотор жорлонгийн урд хэсэгт манай гэрээс хулгайд алдагдсан 32 инчийн Панасоник зурагт, монел зурагт, битүү чанагт, холигч зэрэг эд зүйлсийг маань тавьсан байна.” гэсэн мэдүүлэг /хх-10-11/,

насанд хүрээгүй гэрч Б.С-ийн “...Г.Д ах манай ээжийн араас гүйгээд “хайртай” гээд байдаг, анх бол гадуур би ээж, дүүтэй наадмын талбай хавиар явж байсан чинь Г.Д гэдэг ах хоёр хүүхэдтэйгээ ирээд танилцаж байсан. Надад ээж хэлэхдээ “манай найз” гэж хэлсэн, хааяа л ээж, дүүтэйгээ хамт очиж байсан, очоод хоол идээд гэрт нь байж байгаад ээж, дүү, бид гурав гэр лүүгээ харьдаг байсан, гэрт нь хонож байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-19-20/,

яллагдагч Г.Д-ын “...Миний хайртай хүн Б гадуур хоноод гэртээ ирэхгүй байсан, би гэрт нь ирүүлэх зорилгоор гэр лүү нь гал тогооны цонхоор орсон, хашаан дотор нь мод хучиж байгаад цонх онгорхой байхыг харсан, цонхоор нь ороод 2 зурагт битүү чанагч, холигч зэрэг зүйлсийг...гаражид авч ирээд тавьсан юм. ...Уг нь би “чамайг гэртээ ирэхгүй болохоор чинь хашраах зорилгоор авсан юм” гэж хэлэх гэсэн чинь утсаа авч өгөхгүй мессежний хариу бичихгүй байсан. ... Б-г гэрт нь хүргэж өгөөд эргэж гэртээ ирж гаражид байсан Б-гийн эд зүйлийг хашаанд жорлонгийн хажууд нь тавьсан.” гэсэн мэдүүлэг /хх-47-48/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-6-8/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ОРХ/20-029 дугаартай “32 инчийн Panasonic маркийн LCD зурагт 250.000 төгрөг, 39 инчийн Monel маркийн LCD зурагт 480.000 төгрөг, битүү чанагч 40.500 төгрөг, холигч 40.500 төгрөг, нийт 536.960 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-22-25/,

Г.Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн Засаг даргын тодорхойлолт /хх-64/, Д.С-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-68/, М.С-ийн нас барсны гэрчилгээ /хх-69/, Д.С-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-70/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-72-75/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-76-79/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 11-1100а тоотод оршин суух, А.Б-ийн байшингийн цонхоор нэвтрэн орж 32 инчийн “Панасоник” маркийн зурагт, 39 инчийн “Монел” маркийн зурагт, битүү чанагч, холигч зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 811.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г.Д-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч А.Б-гийн “...2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай гэрт хулгай орж Панасоник гэсэн бичигтэй 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, монел гэсэн бичигтэй 39 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, битүү чанагт, холигч зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан.” гэх,

яллагдагч Г.Д-ын “...Миний хайртай хүн Б гадуур хоноод гэртээ ирэхгүй байсан, би гэрт нь ирүүлэх зорилгоор гэр лүү нь гал тогооны цонхоор орсон, хашаан дотор нь мод хучиж байгаад цонх онгорхой байхыг харсан, цонхоор нь ороод 2 зурагт битүү чанагч, холигч зэрэг зүйлсийг...гаражид авч ирээд тавьсан юм.” гэх мэдүүлгүүдээр болон 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ОРХ/20-029 дугаартай дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах” зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг хэлэх бөгөөд шүүгдэгч Г.Д-ын үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Г.Д-ын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд түүнд холбогдуулж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирол төлбөрийн талаар;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч Г.Д нь гэмт хэргийн үйл баримт болон хуулийн зүйл, хэсгийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч А.Б-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч биет байдлаар буцаан өгсөн байна.

Хохирогч А.Б-ийн шүүхэд ирүүлсэн “...өмгөөлөгчийн зардал болох 500.000 төгрөгийг Г.Д-аас гаргуулах хүсэлтэй байна.” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн хэлэлцүүлгийн үед хэлэлцсэн болно.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрөө өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч сонгож авах, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь хохирогчийн хүсэл зоригийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгч заавал авах нөхцөл шаардлагад хамаарахгүй, мөн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр өмгөөлөгч сонгон авсан явдал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцогдохгүй.

Иймд өмгөөллийн үйлчилгээний хөлс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул хохирогчийн өмгөөлөгчийн зардал болох 500.000 төгрөгийг Г.Д-аас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Г.Д-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан  ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг,

хохирогчийн өмгөөлөгчөөс “...улсын яллагчтай санал нэг байна.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг хэрэглэн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч Г.Д-д ял, шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, 4-9 насны хоёр хүүхэдтэй, өвчтэй эцгээ асардаг зэрэг ар гэрийн байдлыг харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

         2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж,

хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,

хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1 ... дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ялд нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж,

мөн хуулийн 12 дугаар сарын 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Г.Д нь байнга оршин суух хаягтай, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг хохирогч А.Б-д биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангасан, мөн түүний үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс 5 жилээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх учир түүнд оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан хорих байгууллагад биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар;

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч нь 133 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж байна.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор яллах дүгнэлтдээ “яллагдагч Г.Д нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 11-1100а тоотод оршин суух, А.Б-гийн байшингийн цонхоор нэвтрэн орж 32 инчийн “Панасоник” маркийн зурагт, 39 инчийн “Монел” маркийн зурагт, битүү чанагч, холигч зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 536.960 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж бичсэн,

хавтаст хэргийн 22-25 дугаар талд “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ОРХ/20-029 дугаартай дүгнэлт авагдсан бөгөөд уг дүгнэлтэд “32 инчийн Panasonic маркийн LCD зурагт 250.000 төгрөг, 39 инчийн Monel маркийн LCD зурагт 480.000 төгрөг, битүү чанагч 40.500 төгрөг, холигч 40.500 төгрөг, нийт 811.000 төгрөг гэж бичихийг 536.960 төгрөг гэж бичиж техникийн алдаа гаргасныг дурьдах нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Д-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 133 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Д-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас цагдан хоригдсон 133 хоногийг хасч, түүний эдлээгүй үлдсэн 7 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 7 сар 17 хоногоор дүйцүүлэн сольж, түүнийг Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.  

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.Б-гийн “өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн болон хохирогчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХТУНГАЛАГ