Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2023/0398

 

 

                “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                  захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Нэхэмжлэгч: “Э” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтэс,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 322 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, О.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,

Хэргийн индекс: 128/2023/0082/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “ “Э” ХХК-ийн ХV-*** дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн бүртгэлийг сэргээхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/2414 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 322 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтэст холбогдох “ “Э” ХХК-ийн ХV-*** дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн бүртгэлийг сэргээхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 ны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/2414 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг заасан бөгөөд шүүх төрийн байгууллагын хэт нэг талыг баримталсан тайлбар, баримтыг үндэслэж хувийн хэвшлийн тайлбар, баримтыг бодитоор үнэлэхийг зориогүй нь шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгээс харагдаж байна. Энэ нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн.

3.2. Тус хуулийн 7 дугаар зүйлд “Нотлох зарчим”, 34 дүгээр зүйлд “Нотлох баримтыг үнэлэх” зохицуулалтыг тусгасан. Гэвч шүүх хайгуулын зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд дэлхий нийтээр Ковид-19 цар тахлын нөхцөл байдал бий болсон бодит нөхцөл байдал, мөн компани санхүүгийн хувьд үйл ажиллагааны хувьд хунд нөхцөл байдалд байгаа тухай гэрчилгээ, хариуцагчид хандаж гаргаж байсан 2018 оны шинжээч томилуулах хүсэлт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын газрын тосны газрын “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-ийн 2018 оны шинжээч томилсон шийдвэрт бичилтийн алдаа гарсан тухай, үүнийг залруулах тухай 2013 оны “Т Г С” ХХК-ийн хүсэлт, “Э” ХХК-ийн хүсэлт, “Э” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн нөөц батлагдсаны дараа ашиглалтын зөвшөөрөл авах хүсэлт, ХV-*** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, тус талбайд 2019 оны 10 дугаар сарын 24-26-ны өдөр биечлэн газар дээр нь очиж ажилласан, тус тайланд дүгнэлт бичсэн “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-ийн шийдвэрээр томилогдож ажилласан мэргэшсэн геологич Н.Огийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлт, хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягтыг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бөглөж Ашигт малтмал, газрын тосны газарт өгч байсан өргөдөл, зэргийг үнэлээгүй.

3.3. Тус хуулийн 11 дүгээр зүйлд хууль хэрэглэх зарчмыг заасан ба 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ”, 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ”,11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж тус тус заасныг шүүх зөрчсөн.

3.4. Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх болон Тогтоох хэсэгт зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэсэн нь дээрх зарчмуудыг бүхэлд нь зөрчсөн.

3.5. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “захиргааны байгууллага уйл ажиллагаандаа хууль ёсны итгэлийг хамгаалах баримтална” гэж заасан. Компани төрийн байгууллагад итгэж өөрийн санхүүжилт хөрөнгөөр хайгуул хийж, тайлангаа бичиж, захиргааны байгууллагын томилсон шинжээчээр тайлангаа дүгнүүлсэн боловч цар тахлын болон эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсон. Гэхдээ бид тусгай зөвшөөрлийг сэргээнэ, дахин зөвшөөрөл олгоно гэж итгэж байсан.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх” нь төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг гэж заасан. Тус заалтад байгаа “дахин олгох” гэдгийг бид зөвшөөрөл эзэмшигч байгалийн болон нийгэм, эдийн засаг, цаг үеийн хүндэтгэн үзэх нөхцөл байдалд орж, үүний улмаас зөвшөөрлийн хугацаа дуусвал төрөөс зөвшөөрлийг дахин олгодог, сэргээдэг гэж ойлгож ирсэн. Гэвч шүүх “сэргээх тухай ойлголт тус хуульд байхгүй” гэж үзсэн нь хууль хэрэглэх зарчмыг зөрчиж байна.

3.6. Мөн тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”  гэж заасан ба компани энэхүү өргөдөл хүсэлтээ хайгуулын зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд гаргасан байхад энэ талаар шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, энэхүү хуулийн заалтыг хэрэглээгүй.

3.7. Түүнчлэн 2015 оноос хойш УИХ, түүний байнгын хороод, олон нийтээр хэлэлцэгдэж ирсэн зөвшөөрлийн тухай хууль 2022 онд батлагдаж, зөвшөөрөл сэргээх харилцааг энэ хуулиар зохицуулсан. Тус хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно” гэж заасан. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “эрх бүхий этгээд зөвшөөрлийг сэргээх үүргийг”, 4.2-т “зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлөө сэргээлгэх эрхийг” заасан. Энэ хуулиар тусгай зөвшөөрлийн хугацаа доод тал нь 5 жил болсон. Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийн хугацаа 20 жил болсон байна.

3.8. Захиргааны санхий хуулийн 33 дугаар зүйлд заасан хугацаа тооцох, тасалдах хугацааг дахин шинээр тооцох 94 дүгээр зүйлд заасан хугацаа сэргээх зохицуулалтыг Ашигт малтмал, газрын тосны газар, түүний Кадастрын хэлтэс хэрэгжүүлэх боломжтой байсан ч шүүх үүнийг дүгнээгүй, дүгнэхийг хүсээгүй хэт нэг талыг баримталсан нь хуульд заасан “эрх тэгш байх, нотлох баримтыг үнэлэх, хууль хэрэглэх” зарчмуудыг зөрчсөн байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ. 

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1.  Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд 22.2-т зааснаар төрийн захиргааны байгууллага уг өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д зааснаар буюу 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэхээр, 53 дугаар зүйлийн 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан бол тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор тодорхой хуульчилсан.

            3.2. “Э” ХХК нь Ховд аймгийн Булган сумын “Их өвхөөдөг уул” нэртэй 5127 гектар талбайд XV-*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 онд анх эзэмшиж, 2011, 2013, 2016 онд тус тус хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал 3 удаа сунгуулсан байна.

3.3. Нэхэмжлэгчийн тухайд тус хайгуулын тусгай зөвшөөрлийг 12 жилийн хугацаанд эзэмшсэн, өөрөөр хэлбэл, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийг түүнээс дээш хугацаагаар сунгах талаар зохицуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ХV-*** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгох, Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/2414 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийн бүртгэлийг сэргээхээс татгалзсаныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

3.4.  Захиргааны байгууллага захиргааны акт гаргахаас татгалзсан, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах хуулийн зохицуулалттай, хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчийн буруутай үйл ажиллагаа, хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй, дээр дурдсанаар тусгай зөвшөөрлийн хугацаа нэмж сунгах хуулийн зохицуулалт байхгүй тул шүүх хууль зөрчин “хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” боломжгүй.

3.5. Зөвшөөрлийн тухай хууль 2022 онд батлагдаж  2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн тул 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөр дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн бүртгэлийг энэ хуулийг баримтлан сэргээх боломжгүй, энэ тохиолдолд дээр дурдсанаар нарийвчилсан хуулийг баримтлах тул нэхэмжлэгчийн “... шүүх Зөвшөөрлийн тухай хуулийг баримтлаагүй, зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй.  

3.6. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, Э, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх үүрэгтэй, нэхэмжлэгчээс “...захиргаа үйл ажиллагаандаа хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлаагүй, бид тусгай зөвшөөрлийг сэргээнэ, дахин зөвшөөрөл олгоно гэж итгэж байсан, 2018 онд шинжээч томилогдож, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дүгнэлт гарсан” гэх боловч мөн хугацаанд Ковид19 цар тахал гараагүй байсан, уг маргааны хувьд шүүх шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх эрхгүйн дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Шинжээч томилогдсон нь тусгай зөвшөөрлийг дуусгавар болсныг сунгана гэсэн ойлголт биш” гэх тайлбарыг үгүйсгэхээргүй байна. Мөн энэ тохиолдолд нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд өргөдлөө шаардлага хангуулан гаргаагүй, тусгай зөвшөөрлийг эзэмших хүчинтэй байх хугацаа дууссанаар эрх зүйн харилцаа дуусгавар болсон байх  тул “...итгэл хамгаалах зарчмыг баримтлаагүй...” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй. 

3.7. Нэхэмжлэгчээс “...тайлангаа батлуулах гээд “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-д хүлээлгэж өгөх гээд хүсэлт өгөхөд хугацааг хариуцагч анхаарч үзэх, мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хугацааг зогсоох ёстой байсан” гэх боловч Ашигт малтмалын тухай хуульд шинжээч томилсон хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг түдгэлзүүлэх, энэ үндэслэлээр хугацааг сэргээх талаар зохицуулаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгчээс 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст “... хайгуулын ажлын үр дүнгийн тайлан бичиж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа тул тусгай зөвшөөрлийг түр хугацаанд хүчинтэй хэвээр байлгаж өгөхийг хүсэж байна, ... нөөц батлагдсаны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар төлөвлөж байна” гэх хүсэлтийг гаргасан, шинжээчийн дүгнэлт тусгай зөвшөөрөл дуусгавар болсны дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гарсан зэргээс үзвэл нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө хуулийн шаардлага хангуулан гаргаагүй гэж үзэхээр байна.

3.8. Иймд дээр дурдсан үндэслэлээр гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.БААТАРХҮҮ

           ШҮҮГЧ                                                      Э.ЛХАГВАСҮРЭН

            ШҮҮГЧ                                                      Н.ДОЛГОРСҮРЭН