Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 1555

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 13-54 тоотод оршин суух, Булгад овогт Дамирангийн Оюунцэцэг /РД:ЧЛ57031542/-ийн хүсэлттэй,

Нас тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Д.Оюунцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Монгол Улсын Үндэсний төв архивын лавлагаагаар Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт 1955 оны 6 дугаар сард төрж бүртгэгдсэн. Миний бие 1955 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн бөгөөд одоо 62 настай боловч тухайн үед миний төрөлтийг бүртгүүлээгүй учир төрсний гэрчилгээ байхгүй байгаа юм. Иймд 1955 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, одоо 62 настай болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар: хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

           ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь нас тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.13-д нас тогтоохоор заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар  хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Д.Оюунцэцэгийн иргэний цахим үнэмлэх болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанд түүний регистрийн дугаарыг ЧЛ57031542  гэж, 1974 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ноосон нэхмэлийн үйлдвэрийн газраас олгосон хөдөлмөрийн дэвтэрт хүсэлт гаргагчийн төрсөн оныг 1954 он гэж, хүсэлт гаргагчийн 0140298 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт регистрын дугаарыг ЧЛ54031542 гэж өөр өөр байдлаар бүртгэжээ.

Хүсэлт гаргагч нь “...миний бие 1955 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн байхад 1957 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн гэж төрсөн он сар өдрийг буруу бичиж иргэний үнэмлэх олгосон...” гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлж байна.

Шүүх Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03-2/526 дугаартай лавлагаанд: “Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 1956 оны 02 дугаар сард явагдсан хүн амын тооллогын бүртгэлийн 64 дүгээр хуудсанд: өрхийн тэргүүн Балжингийн Оролзод эмэгтэй, 35 настай, Дамирангийн Оюунцэцэг эмэгтэй, 8 сартай” гэж бүртгэгдсэн байдал болон гэрч О.Норзон, Ч.Үүлэнсолонго нарын тайлбар, мэдүүлгээр хүсэлт гаргагч Д.Оюунцэцэг нь 1955 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч нь 1956 оны 02 дугаар сард явагдсан хүн амын тооллогын бүртгэлд 8 сартай гэж бүртгэгдсэн нь түүнийг 1955 оны 6 дугаар сард төрсөн болох нь тогтоогдож байна.  

Иймд хүсэлт гаргагч Д.Оюунцэцэгийг 1955 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар Булгад овогт Дамирангийн Оюунцэцэгийг 1955 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА