Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1594

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Билгүүний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/01656 дугаар шийдвэртэй, Т.Билгүүний нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Энхтунгалагт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 150 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.Билгүүн,

Хариуцагч Г.Энхтунгалаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Энхтунгалагийн хүсэлтээр 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 23 000 000 төгрөгийг, 4 өдрийн хугацаатай, 4 хувийн хүүтэй, үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцох зээлийн гэрээг хүсэл зоригоо илэрхийлэн, нотариатаар баталгаажуулан байгуулж, зээлдэгчийн Хаан банкны дансанд мөнгийг шилжүүлсэн. Гэтэл гэрээний үүргээ бүрэн биелүүлэхгүй, зөрчил үүсгэсэн тул Г.Энхтунгалагаас үндсэн зээлийн үлдэгдэл 2 100 000 төгрөг, 100 хоногийн алданги 1 050 000 төгрөг, нийт 3 150 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн Т.Билгүүнээс 23 000 000 төгрөг зээлж, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 23 000 000 төгрөг болон хүүгийн хамт бэлэн тооцож өгсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Г.Энхтунгалагаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 3 150 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Билгүүнд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 65 350 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрт хариуцагчид шүүх хуралдааны товыг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 9498-4845 дугаарын утсанд залгаж мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэжээ. Би шүүхийн мэдэгдэх хуудсаар 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүхээс нэхэмжлэл гардан авч 14 хоногийн дараа хариу тайлбар өгөхөөр явж байтал шүүгчийн туслах утсаар холбогдож, хариу тайлбар өгөх сүүлийн өдөр гэхэд нь очиж тайлбараа өгсөн. Гэтэл энэ байдлыг шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Билгүүн нь хариуцагч Г.Энхтунгалагт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 150 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч Г.Энхтунгалаг нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, үндэслэлээ “хувийн ажлаар Завхан аймаг явсан тул шүүх хуралд оролцож амжихгүй шалтгааныг хүндэтгэн үзэж хүлээн авна уу” гэжээ.

 

Шүүх хариуцагчийн гаргасан дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж, “ямар шалтгаанаар Завхан аймаг явснаа нотолсон баримтыг ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” гэж дүгнэн, улмаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. /хх 23/

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа оролцогч талуудад хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, зэрэг эрхээр нь хангасан гэж үзэхгүй. Тухайлбал, хэргийн материал танилцуулсан баримтад /хх14/ хариуцагч гарын үсэг зурсан байх боловч “танилцсан огноо” бичигдээгүй нь үүнээс хойш хэрэгт авагдсан буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Хаан банкны депозит дансны хуулгатай /хх16-22/ танилцсан талаар баримтгүй байна.

 

Хариуцагч дээрх үндэслэлээр гомдол гаргаагүй боловч зохигчид төлбөрийн талаар маргаж буй тохиолдолд тухайн баримтыг танилцуулж, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаснаар шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэх тул хуулиар тогтоосон журмыг шүүх зөрчсөн гэж үзнэ.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах тул анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/01656 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА