Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2023/0399

 

 

   “А Б Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

       захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.А,

Нэхэмжлэгч: “А Б Б” ХХК,

Хариуцагч: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтэс,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 254 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,

Хэргийн индекс: 128/2022/0840/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А Б Б” ХХК нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтэст холбогдуулан “ “А Б Б” ХХК-ийн Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг хууль, журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох 70.000.000 төгрөгийг хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 254 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтаар: “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай /2001 оны/ хуулийн 10 дугаар зүйлийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 10.1.5, 16 дугаар зүйлийн 16.2.5, Архидан согтуурахтай тэмцэх тухай /2000 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 6 дугаар зүйлийн 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д тус тус заасныг баримтлан “ “А Б Б” ХХК-ийн Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг хууль, журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох 70.000.000 төгрөгийг хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч “А Б Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсэргүүцэж байна. Үүнд: “...

3.1.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... тухайн цаг хугацаанд Коронавируст халдварын цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад байгууллагын шийдвэрийн дагуу баар, рестораны үйл ажиллагааг хязгаарласан байсан болох нь нийтэд илэрхий үйл баримт...” гэх агуулгаар дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаартай тогтоолоор “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах” шийдвэрийг гаргаснаас хойш 7 сарын хугацаанд өргөдлийг маань шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй”-г хууль бус болохыг тогтоолгох гэсэн байхад түүнээс өмнөх цаг хугацааны үйл баримттай холбогдуулан дүгнэлт хийж байгаа нь хуульд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тусгай зөвшөөрлөө авахаар өргөдөл гаргаж, хууль болоод холбогдох журамд 21 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан боловч өргөдөл гаргах үед хөл хорионы үе байсан тул 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзээгүй, энэ хугацааны үйл баримттай маргаагүй, харин хөл хорио цуцлагдсан 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш хугацаанд манай компанийн тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийг хууль, журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, мөн хугацааны хохирол гаргуулахаар нэхэмжилсэн.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамааралгүй үйл баримтын талаар дүгнэж, түүнтэйгээ холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

3.2. Мөн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны “Норматив тогтоох тухай” А/272 дугаар тушаал согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх цэгийн тоог 1000 хүн ам тутамд 4 байхаар тогтоосон байх ба Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд согтууруулах ундаа худалдаа түүгээр үйлчлэх цэгийн тоо хэтэрсэн болох нь ... тогтоогдож байна” гэж дурдаад, энэ үндэслэлээр мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй ба хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь уг баримтын талаар шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх үйл баримт өөрчлөгдсөн эсэх, нормативаа хангаад нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрөл олгосон эсэх асуултад нөхцөл байдал өөрчлөгдөөгүй гэдгийг хэлдэг бөгөөд одоо ч Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт болоод бусад газруудад нэмж тусгай зөвшөөрлийг олгосоор байгаа нь нийтэд илэрхий үйл баримт.

Тухайлбал бид бүхний нүдэн дээр илхэн байгаа, Улаанбаатар хотын дүүрэг хороо бүрт маш олон тоогоороо шинээр байгуулагдаж байгаа С, Ж, С гэх мэт сүлжээ дэлгүүрүүдийн салбар бүрт архи, согтууруулах ундааг худалддаг бөгөөд нэхэмжлэгч компанид 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрлийг шинээр олгох үед ч дээрх норматив заасан тоо хэтрэлттэй нөхцөл байдал арилаагүй, хэвээр байсан байхад энэ үндэслэлээр бүхэл бүтэн 7 сарын хугацаанд өргөдлийг шийдвэрлэхгүй байсан эс үйлдэхүйг хуульд нийцсэн гэж дүгнэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс хөл хорионы үед энэ төрлийн тусгай зөвшөөрөл олгох, энэ төрлийн үйлчилгээний газруудын үйл ажиллагаа хязгаарлагдмал байсан байдлыг ойлгож, хөл хорио цуцлагдах хүртэл хугацаанд өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй маргаагүй, гэтэл энэхүү хөл хорионы үед ч шинээр тусгай зөвшөөрөл олгосоор байсан, сунгасаар байсан үйл баримт нийтэд илэрхий байсаар байсан хэрнээ нэхэмжлэгч компанийн хувьд төрийн захиргааны байгууллагын зүгээс хүндэтгэн үзэх шалтгаан мэтээр тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй. Хэдийгээр хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд архидан согтуурахтай тэнцэх үүднээс норматив тогтоож байгаа асуудал зөв зүйтэй боловч уг асуудал нь иргэн, хуулийн этгээд бүрт адил тэгш үйлчлэх ёстой ба хэрэв норматив хэтэрсэн гэж үзсэн тохиолдолд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ч байна уу, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ч байна уу ялгаагүй олгох боломжгүй байх байсан.

Түүнчлэн 2020 онд тогтоосон норматив, түүний дагуу хийсэн судалгаанаас харахад тусгай зөвшөөрөл бүхий газруудын тоо хэд дахин давсан болох нь харагдаж байхад 2023 оны байдлаар тэр тоо хасагдах бус, харин ч нүдэн дээр нэмэгдсээр байх ба Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, манай компанийн “Хаадын өргөө” рестораны эргэн тойронд гэхэд С, Ж, С сүлжээ дэлгүүрүүдийн тус бүр 1 салбар шинээр байгуулагдаад одоо үйл ажиллагаагаа явуулаад, архи согтууруулах ундаагаа худалдаад байж байна. Гэтэл нэхэмжлэгч компанийн хувьд бусад иргэн, хуулийн этгээдээс юугаараа ялгаатай болоод норматив хэтэрсэн үндэслэлээр 9 сар хүлээж байж, тусгай зөвшөөрлөө авч, бусад газрууд нь норматив хэтрэлт өмнөхөөсөө ихэссээр байхад л тусгай зөвшөөрөл аваад байгаа нь ойлгомжгүй энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс буруу үнэлж дүгнэсэн.

3.3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн “... тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлээгүйн улмаас нэхэмжлэгч компанид учирсан хохирол болох 70.000.000 төгрөгийг хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргуулах” шаардлагатай холбогдуулан “... хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж заасан ба тусгай зөвшөөрөл бүхий баар, ресторанаа бусдад түрээслүүлэх нь бусдад шилжүүлэхтэй адил нөхцөл байдал, үр дагаврыг үүсгэж байх тул” гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс “7 сарын хугацаанд тусгай зөвшөөрөл олгоогүйгээс хамгийн багадаа 70.000.000 төгрөгөөр хохирсон” гэж үзэж нэхэмжилсэн ба бусдад түрээслэхэд 1 сарын 10.000.000 төгрөгөөр түрээсэлдэг талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан. Мөн урьд нь өөрсдөө ажиллуулж байгаад өвчний учир эмчилгээнд явах шаардлагатай болж бусдад түрээсэлсэн талаар дурдсанаас биш энэ 7 сарын хугацаанд бусдад түрээслэх байсан тэр боломжоо алдсан гэдэг утгаар хохирол нэхэмжлээгүй ба түрээслэгч бусдад түрээс төлөөд цаана нь орлогын албан татвараар төлөөд, өөрт нь ашиг нь үлддэг байхад манай компани өөрийн өмчлөлийн объектдоо, өөрийн тусгай зөвшөөрөлтэйгөөр 7 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулсан тохиолдолд түүнээс илүү их ашиг олох нь хэнд ч ойлгомжтой, нотлох шаардлагагүй үйл баримт. Гэтэл анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг буруугаар ойлгож, нэхэмжлэгч компанийг зөвхөн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг, тэр нь хуульд нийцэхгүй мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй ба Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх ... хориглоно” гэж тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, шилжүүлэн өгөх зэргээр ойлгох ба бусдад түр хугацаанд түрээслэх үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх гэх ойлголтод хамааралгүй байхад шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

Үүнийг Монгол Улсын дээд шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 151 дугаартай “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 2-т “Хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж уул зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж өөрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг зориулалтаар нь ашиглуулахаар бусдад худалдах, бэлэглэх, төлбөрт өгөх, өв залгамжлуулахдаа согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлөө шинэ өмчлөгчид шилжүүлэхгүй, харин шинэ өмчлөгч нь энэ хуульд заасан журмын дагуу шинээр зөвшөөрөл авна гэж ойлгож хэрэглэнэ” гэж тайлбарласны дагуу ойлгох нь зүйтэй гэж үзэж байна

Түүнчлэн хэрэв Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 66 дугаартай тогтоолоор хөл хорионы дэглэмийг цуцалснаас хойш хууль журамд заасан хугацаанд буюу 21 хоногийн дотор хариуцагчийн зүгээс манай компанид тусгай зөвшөөрлийг маань олгосон байсан бол ресторанаа түрээслэх байсан уу, эсхүл өөрөө үйл ажиллагаагаа явуулах байсан уу гэдгийг зөнч биш л бол одоо мэдэх боломжгүй, гэтэл анхан шатны шүүхээс түрээслэхийг хуулиар хориглосон учраас 70.000.000 төгрөгийн хохирол учрахгүй мэтээр дүгнэж, нэхэмжлэгчийн зүгээс хохирлын хэмжээгээ хамгийн багаар тооцоход энэ хэмжээний хохирол учирна гэх байдлаар тайлбарлаж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хэргийг шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 206 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам” зэрэгт зааснаар энэ төрлийн тусгай зөвшөөрлийг шинээр олгох асуудлыг 21 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөхөөр заасан боловч тусгай зөвшөөрлийг маань олгох, эсхүл олгох боломжгүй гэх асуудлыг шийдвэрлэхгүй, хуульд заасан хугацааг бүтэн 9 сар хэтрүүлсэн нь хуулийг ноцтой зөрчиж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа байдлыг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж чадсангүй.

3.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 254 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад зохих өөрчлөлтийг оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. 

2. Нэхэмжлэгчийн “ “А Б Б” ХХК-ийн Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг хууль, журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

            2.1. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/269 дүгээр тушаалын 5 дахь заалтаар “А Б Б” ХХК-ийн согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан, уг шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй.

            2.2. Улмаар нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 09, 2021 оны 12 дугаар сарын 10, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан боловч хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05/86 дугаар албан бичгээр “... 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойших хугацаанд согтууруулах ундаагаар үйлчлээгүй тухай тодорхойлолт гаргуулан авч тус албанд ирүүлнэ үү” гэх, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 01/380 дугаар албан бичгээр “... улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсантай холбогдуулан аж ахуйн нэгжүүдэд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг судалж байна” гэх хариуг тус тус өгч, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн A/153 дугаар тушаалаар “А Б Б” ХХК-д тусгай зөвшөөрөл шинээр олгосон байна.

            2.3. Анхан шатны шүүх “... тухайн цаг хугацаанд цар тахлын нөхцөл байдалтай байсан нь нийтэд илэрхий үйл баримт, ... тухайн дүүргийн 5 дугаар хороонд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо хэтэрсэн болох нь тогтоогдсон” гэх зэргээр дүгнээд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

            2.4. Учир нь нэхэмжлэгчийг өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг хуульд өөрөөр заагаагүй бол өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 12.2-т “Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлийг зааж бичгээр хариу өгнө”, 12.3-д “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь шаардлагатай бол өргөдөл гаргагчийн баримт бичгийг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэх эрхтэй”, 12.4-т “Магадлан шинжилгээ хийлгэх тохиолдолд өргөдлийг шийдвэрлэх хугацааг 14 хоногоор сунгаж болно” гэж тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг тодорхой хуульчилсан, анхан шатны шүүх нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийг хөл хорио цуцлагдсан 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш хугацаанд хууль, журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй холбогдуулан маргаж байгааг болон дээр дурдсан хуулийн шаардлага хэрхэн хангагдаж байгааг анхаарч үзээгүй байна.

            2.5. Өөрөөр хэлбэл, хэдийгээр улсын хэмжээнд цар тахлын улмаас хөл хорио тогтоосон байсан нь нийтэд илэрхий үйл баримт ч төрийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явагдаж байсан, түүнчлэн 02 дугаар сарын 24-ний өдөр хөл хориог цуцалснаас хойш 08 дугаар сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрөл олгох хүртэл “тус хороонд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо хэтэрсэн” гэх нөхцөл байдал өөрчлөгдсөн, хэвийн тоо хэмжээнд хүрсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

            Товчхондоо төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох эсэхийг хуульд заасан хугацаанд ямар нэгэн байдлаар шийдвэрлэж өргөдөл гаргагчид мэдэгдэх үүрэгтэй, үүссэн нөхцөл байдал, баримтыг шалгах зэрэг шалтгааны улмаас өргөдөл шийдвэрлэх хугацааг хуульд заасан хугацаагаар сунгах боломжтой ч ийнхүү 7 сарын хугацааны дараа шийдвэрлэснийг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй, үүгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэхээргүй байх тул хариуцагч өргөдлийг хууль, журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэж энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

            2.6. Харин нэхэмжлэгч “... энэ хугацаанд өөр бусад хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон, эрх тэгш хандаагүй” гэх боловч шүүх гагцхүү нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаргасан өргөдлийг шийдвэрлэхтэй холбоотой асуудалд л хууль зүйн дүгнэлт хийнэ.

3. Нэхэмжлэгчийн “хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох 70.000.000 төгрөгийг хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргуулах” шаардлагын тухайд.

3.1. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох эрхтэй.

3.2. Дээрх байдлаар хариуцагч нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл авах өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан ч 08 дугаар сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрөл олгохоос өмнө үүссэн нөхцөл байдал, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо хэмжээнээс хамаараад нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохгүй байх боломжтой, өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл олгох эсэх нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал бөгөөд хэрэв олгоогүй бол нэхэмжлэгч мөн л үйл ажиллагаа явуулах, түүгээр орлого олох боломжгүй болно.

3.3. Нөгөөтээгүүр, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлэх, мөн зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр худалдаа, үйлчилгээ явуулах байршлаа өөрчлөхийг хориглоно” гэж хуульчилсан, нэхэмжлэгчээс “... энэ хуулийн зохицуулалтад түр хугацаанд түрээслэх харилцаа хамааралгүй” гэх боловч “А Б Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С А” ХХК-д холбогдох иргэний хэргийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...үйлчилгээ явуулдаг объект дээр ганц тусгай зөвшөөрөл гардаг, түрээслэгч түрээслэхдээ энэ тусгай зөвшөөрлийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах боломжтой байсан, захиалга орж ирэх гэж байгаа болохоор таны зөвшөөрөл дээр үйл ажиллагаа явуулчихъя гэж хэлсэн” гэх мэдүүлэг болон маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч өөрийн объектыг тусгай зөвшөөрлийн хамт түр шилжүүлсний үндсэн дээр 1 сарын 10.000.000 төгрөгөөр түрээсэлж орлого олж байсан гэж үзэхээр байх тул тусгай зөвшөөрлөө бусдад худалдах, бэлэглэх, төлбөрт өгөх зэргээр шинэ өмчлөгчид шилжүүлэхтэй харилцаатай адилтгах боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

3.4. Нэхэмжлэгчээс “... манайд тусгай зөвшөөрөл олгосон байсан бол ресторанаа түрээслэх байсан уу, эсхүл өөрөө үйл ажиллагаагаа явуулах байсан уу гэдгийг одоо мэдэх боломжгүй, ... энэ 7 сарын хугацаанд бусдад түрээслэх байсан тэр боломжоо алдсан гэдэг утгаар хохирол нэхэмжлээгүй, түрээслэгч бусдад түрээс төлөөд цаана нь татвар төлөөд, өөрт нь ашиг нь үлддэг байхад манай компани өөрийн өмчлөлийн объектдоо, өөрийн тусгай зөвшөөрөлтэйгөөр 7 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулсан тохиолдолд түүнээс илүү их ашиг олох нь хэнд ч ойлгомжтой, нотлох шаардлагагүй үйл баримт” гэх боловч хэрэгт нэхэмжлэгчийн хохирол гэж үзэж буй 70.000.000 төгрөгийн тооцоолол, тэр талаарх баримтууд авагдаагүй, уг тооцооллыг хэрхэн гаргасан болох нь тодорхойгүй, 70.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь бодитоор тогтоогдохгүй байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх гагцхүү бодит тооцоолол, баримтад үндэслэн хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулах боломжтой.

            4. Иймд шүүх бүрэлдэхүүн давж заалдах гомдлын зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзэж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулав. Мөн шийдвэрийн Тогтоох хэсэгт баримталсан тус маргаанд төдийлөн ач холбогдолгүй хуулийн зарим заалтыг хасах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 254 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай /2001 оны/ хуулийн 10 дугаар зүйлийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 12 дугаар зүйлийн 12.1, Архидан согтуурахтай тэмцэх тухай /2000 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д тус тус заасныг баримтлан “А Б Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  “А Б Б” ХХК-ийн Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг хууль, журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үлдэх хэсэг болох “хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох 70.000.000 төгрөгийг хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А Б Б” ХХК-ийн төлөөлөгч И.Аийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БААТАРХҮҮ          

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

           ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН