Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/150

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь cум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н

Улсын яллагч Н.Д  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Бямбажав, О.Сарантуул

            Шүүгдэгч Ш.М-Э, З.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2.1, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.М-Э, З.Э нарт холбогдох эрүүгийн 1925005850127 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Ш.М

 

2. З.Э

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Ш.М-Э, З.Э нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1- байрны гадна зогсоолд тавьсан иргэн А.Иын ОРО улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн урд жижиг цонхыг хагалж, тусгайлан хамгаалсан байр,

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

агуулахад хууль бусаар нэвтэрч Никон D3200 загварын  зургийн аппаратыг хулгайлан авч 550 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2. Шүүгдэгч   Ш.М-Э, З.Э нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 31-нээс 01-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Өнөр хотхоны 104 дүгээр байрны гадна зогсоол дээр байсан ОРХ улсын дугаартай тоёото приус 30 загварын тээврийн хэрэгслийн урд жижиг цонхыг хагалан тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч арьсан түрийвч 1 ширхэг, матрын арьсан түрийвч 1 ширхэг, хорин мянган төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 20 еврогийн дэвсгэрт 1 ширхэг, 2 гв флаш диск 1 ширхэг, мп 3 тоглуулагч зэрэг эд зүйлс хулгайлан 439 336 төгрөгийн хохирол учруулсан,

 

3. Шүүгдэгч Ш.М-Э нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 05-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулдаг орон байранд хууль бусаар нэвтрэн орж шилтэй порто дарс 1 ширхэг, хадагтай дарс 2 ширхэг, 1 литртэй сангира дарс 3 ширхэг, 1.5 литртэй сангира дарс 2 ширхэг, 0,5 л соёрхол архи 2 ширхэг, экспорт архи 0.75 л-тэй 1 ширхэг, экспорт архи 0,5 л 1 ширхэг, болор архи 0,75 л 1 ширхэг, зөөлөн хараа архи 0,33л 1 ширхэг, энгийн хараа 0,75 л 1 ширхэг, ерөөл 0,5 л 1 ширхэг зэрэг 30 орчим шил архи хулгайлан авч 365 400 төгрөгийн хохирол учруулсан,

 

4. Шүүгдэгч Ш.М-Э нь 2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 703 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

5. Шүүгдэгч Ш.М-Э нь өсвөр насны Э.Э, З.Б нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж ундаа, пиво, тамхи, хиам, бэлэн гоймон үрлэн чихэр лаазтай самар, бохь, твикс чихэр гэх мэт зүйлсийг хулгайлан 352 700 төгрөгийн хохирол учруулсан,

 

6. Шүүгдэгч Ш.М-Э нь 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” хүнсний дэлгүүр хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй З.Б, Э.Э нарт хүч хэрэглэхээр заналхийлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.М-Э, З.Э нарыг орон байр, тээврийн хэрэгсэлд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ш.М-Эийг хүүхдэд хүч хэрэглэхээр заналхийлж гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.М-Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ялыг минь хөнгөрүүлж оногдуулж өгнө үү”  гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч Ч.Г “Шүүх хуралд оролцохгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Хохирогч Д.З “Шүүх хуралд оролцохгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Хохирогч А.И “Шүүх хуралд оролцохгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч А.Иын “Өчигдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 16:00-17:00 цагийн хооронд өөрийн ОРО улсын дугаартай тоёота приус маркийн авто машинаа Зэст багийн 1-5 дугаар байрны 1 дүгээр орцны хойно байрлах авто машины зогсоол дээр байрлуулж тавьчихаад өнөөдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 12:00 цагийн үед Улаанбаатар хот руу дүүгээ гаргаж өгөх гээд гэрээсээ гараад машинаа онгойлгох гэтэл миний машины хаалга хагас онгойсон байдалтай байхаар нь машиндаа гар хүрэлгүй Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Цагдаагийн ажилчид ирсний дараа авто машин дотор байсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд миний машины голын хайрцаг дотор байсан никон загварын зургийн аппарат алга болсон байсан. Бусад эд зүйлс маань бүрэн бүтэн байсан. Би зургийн аппаратаа 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр БСБ цахилгаан барааны дэлгүүрээс 1 499 000 төгрөгөөр худалдан авч байсан. Улаан хүрэн өнгөтэй зургийн аппаратын дуран нь таггүй өөр ямар нэгэн содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /1 хх-ийн 11-14-р хуудас/

 

2. Хохирогч Ч.Г-гын “2019 оны 08 сарын 01-ний өглөө манай эхнэр Ж.О машин дээрээ очтол тээврийн хэрэгслийн баруун урд талын жижиг цонхыг хагалан машин дотор манай эхнэр бид хоёрын түрийвч, эхнэрийн түрийвчинд байсан иргэний үнэмлэх, худалдаа хөгжлийн банкны виза карт 20 евро, машины 2 ширхэг МП тоглуулагч зэрэг эд зүйлс алдагдсан байсан юм. Манай эхнэр над руу 07 цаг 50 минутын орчим залгаж хэлсэн юм. Хар өнгийн матрын арьсан түрийвч, 2 гв-ийн МП-3 тоглуулагч 2 ширхэг, нэг нь ногоон алаг, нөгөө нь хар цагаантай, 2 гв-ийн плаш диск нь ногоон өнгөтэй байсан. Эхнэрийн түрийвчийг манай эхнэр Улаанбаатар хотоос 100 000 төгрөгөөр худалдаж авч байсан юм” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 211-р хуудас/

 

3. Хохирогч Д.З-ын “2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 11-ний өдрийн хооронд манай дэлгүүрт хулгай орсон байсан. Тухайн үед манай дэлгүүрийг түрээсэлж байсан С нь гэрийнхээ эд зүйлийг авч яваагүй байсан. Эд зүйл нь манай дэлгүүртэй залгаа өрөөнд байсан. Улмаар С хулгай орсон талаар мэдээд цагдаад хандсан. Хулгай орох явцад би бараагаа тоолж хүлээн авсан байсан. Нийт 4 570 000 төгрөгийн барааг авсан. Сувдансондорт хамаагүй. С гэр бүлийнхээ хамтаар Турк явсан. Манай дэлгүүрээс алдагдсан бараа болох 718 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 63-р хуудас/ ...манай дэлгүүрт нийт 4 удаа хулгай орсон хамгийн эхлээд 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө 2 удаа, 2020 оны 01 дүгээр сарын 15, 19-ний өдрүүдэд мөн хулгай орсон. 3 дахь удаагаа хулгай орсон өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний орой цонхны харалдаа модоор X хэлбэрээр бэхлээд таних тэмдэг тавьсан, яагаад гэвэл дахиад хулгай орсон бол мэдэх гэж модоор бэхэлсэн юм. Манай дэлгүүрт хулгай орохдоо зүүн талын вакум цонхоор орж байсан. Манай дэлгүүрт нийт 4 удаа хулгай орсноос 3 удаагийн хулгайг М-Э хүүхдүүдийн хамт бүлэглэж үйлдсэн болох нь тогтоогдсон. Иймд дээрх 3 удаагийн хулгайгаар алдагдсан барааны нийт хохирол болох 1 421 180 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /3-р хх-ийн 38-39, 40-р хуудас/

 

4. Гэрч О.С-рын “Нөхөр бид хоёр Баянцагаан баг Хуучин тосгон тоотод байрлах Нарлаг хүнсний дэлгүүрийг 2019 оны 08 сарын 18-наас 2019 оны 12 сарын 26-ны хүртэл хугацаанд түрээсэлж ажиллуулж байсан юм. Түрээсийн хугацаа дуусаж байгаа болохоор дэлгүүрийнхээ байгаа бүх бараануудаа тоолоод эзэн Золбаярт түлхүүрээ өгсөн юм. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 01 сарын 11-ний орой 20 цагийн үед нөхөр Д-гийн хамт дэлгүүрийн арын өрөөнд байсан буйдан ойр зуурын эд зүйлээ авах гээд иртэл дэлгүүрийн жижиг вакум цонх онгорхой байхаар нь дэлгүүр лүү ороод хартал эд зүйлүүд эмх цэгцгүй бараануудыг маань аваад явчихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Том архинууд 0.5 граммын архинууд, 0,5 граммын шилтэй эса пиво, дарснууд, школанууд, бохь 2 хайрцаг тамхи, шилтэй компод зэрэг эд зүйл алдагдсан байсан. Манай дэлгүүр 2019 оны 12 сарын 26-наас хойш хүнгүй байсан. 2020 оны 01 сарын 04-ний өдөр уг дэлгүүрийн эзэд нь ирчхээд явсан байсан тэгэхэд зүгээр байсан гэсэн” гэсэн мэдүүлэг. /1 хх-ийн 246-248-р хуудас/

 

5. ОРО улсын дугаартай тоёота приус загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеийн гэрэл зураг. /1 хх-ийн 8-9-р хуудас/

 

6. “Далайван аудит” ХХК-ний шинжээчийн 2019 оны 08 сарын 22-ны өдрийн 02/02-124 дугаартай “...Үнэлгээнд хамрагдсан Никон D3200 загварын камерын зах зээлийн үнэлгээ 550.0 мянган төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт. /1 хх-ийн 23-28-р хуудас/

 

7. “Далайван аудит” ХХК-ий шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02/02-71 дугаартай “...Үнэлгээнд хамрагдсан 2010 онд үйлдвэрлэгдсэн приус 20 загварын авто машины урд талын жижиг гурвалжин шилний үнэлгээ 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 35,0 мянган төгрөг болж байна” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 32-37-р хуудас/

 

8. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 258 дугаартай шийтгэвэр, 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 284 дугаартай шийтгэврийн хуулбарууд /1 хх-ийн 86-93-р хуудас/

9. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 134-135-р хуудас/

10. Өнөр хорооллын 103-р байрны зогсоолд байгаа 9735 ОРХ дугаартай тээврийн хэрэгсэлд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /1 хх- ийн 154-155-р хуудас/

11. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “алдагдсан эд зүйлийн үнэлгээ 304 336, приус 30 автомашины гурвалжин шил 45.000 төгрөг нийт 349 336 төгрөг...” гэсэн дүгнэлт. /1 хх-ийн 163-165-р хуудас/

 

12. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “матрын арьсан түрийвч 1 ширхэг 90.000 төгрөг” гэсэн дүгнэлт. /1 хх-ийн 167-169-р хуудас/

 

13. З.Эгийн валют солиулсан гүйлгээний баримт. /1 хх-ийн 216-р хуудас/

14. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн хуучин хороо 4 дүгээр гудамж 02 тоот Нарлаг хүнсний дэлгүүрийн орчимд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн гэрэл зураг. /1   хх-ийн 242-245-р хуудас/

15. “Далай ван аудит” ХХК-ний шинжээчийн 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 02/02-07 дугаартай “дэлгүүрийн барааны үнэлгээ нийт 718.100 төгрөг” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 6-14-р хуудас/

16. Шүүгдэгч Ш.М-Э-ний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг. /2 хх-ийн 66-70, 222-227-р хуудас/

17. Шүүгдэгч З.Эгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг. /2 хх-ийн 73-75-р хуудас/

 

18. “Далай ван аудит” ХХК-ний шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 02/02-227 дугаартай “үнэлгээнд хамрагдсан эд зүйлс 703.000 төгрөг” гэх дүгнэлт. /3-р хх-ийн 48-53-р хуудас/

 

19. Яллагдагч Э.Э-хийн “унтах гээд хэвтэж байтал Мөнх-Эрдэнэ хальт гарчихаад ирье гээд байсан. Тэгээд дагаад гарсан. М-Э дэлгүүрийн гадаа зогсоод та 2 түрүүлээд орчих гэсэн. Тухайн үед Билгүүнээ бид 2 гайхаад явж унтъяа гэхэд М-Э цохих гээд дайраад байсан. Тэгээд ар талын жижиг вакум цонхыг М-Э түлхээд бид 2 дотогш орсон. Араас М-Э орж ирээд хайрцагтай юм авсан. Тэгээд Б бид 2 хайрцагтай идэж уух юмнаас жаахан хэрэглэсэн” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 205-207-р хуудас/

 

20. Өсвөр насны яллагдагч З.Б-ний “Тэгсэн Э би л лав орохгүй гэхэд Мөөгий бид 2 руу уурлаад орчихоод ирье гээд байна хөөе гэсэн. Тэгээд дэлгүүрийн хашааны хаалгаар ороод бид 2 зогсож байхад М-Э байшин тойроод цаагуур нь ороод бид 2-г дуудсан. Очиход нэг жижиг цонх онгойлгосон байсан. Тэгээд Э бид 2-г ор гэсэн. Тэгэхэд нь би “чи тэнэг юм уу айл руу яах гэж орох юм бэ гэхэд Мөөгий “ална шүү п...минь гээд гараа далайгаад цохих гээд байсан. Тэгээд хүн харлаа хурдан ор гээд Э бид орсон. Бид 2 орсон газраасаа огт хөдлөөгүй зогсож байсан. М-Э цаашаа ороод цаасан хайрцагтай юм авч ирээд бид 2–ыг дуудсан. Өглөө босоод Мөнх-Эрдэнэ нөгөө хайрцагтай зүйлээс 2-3 шоколад бохь өгсөн, өөр зүйл өгөөгүй” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 214-р хуудас/ болон яллагдагч Ш.М-Э, З.Э нарын үйлдсэн гэмт хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, яллагдагч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол захирамжууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Ш.М-Э 2019 оны 08 сарын 19-нөөс 08 сарын 20-ны өдөр шилжих шөнө иргэн А.Иын ОРО улсын дугаартай приус 20 маркны тээврийн хэрэгслийг зэст багийн 1-5-р байрны гадна зогсоолд байхад нь жижиг толийг хагалж зургийн аппаратыг З.Этай бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн. Хэрэг авагдсан нотлох баримтуудаар Ш.М-Э өмнө нь бүх хэргээ ганцаараа үйлдсэн гэж хэлдэг. Ингээд хэрэг шалгах явцад өөр хүнтэй хамтарч үйлдсэн гэж ярьдаг. Үүнийг нотлохын тулд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явагдсан. Энэ ажиллагаагаар З.Эгийн зогсож байсан приусыг харах боломжтой байдал нь тогтоогддог. Ш.М-Э нь анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдааны үед энэ хэргийг З.Этай хийсэн гэж ярьдаг. Өмнө мэдүүлэг өгөхдөө ганцаараа үйлдсэн гэдгээ ярьж байсан боловч мөрдөн байцаалтын шатнаас эхлээд З.Этай бүлэглэж үйлдсэн гэж хэлдэг. Хамт хулгай хийгээд ганцаараа зарсан гэж хэлдэг. Өнөр хотхоны гаднаас хулгай хийсэн үйлдэл нь 07 сарын 31-ний өдрөөс 08 сарын 01-ний шилжих шөнө болсон байдаг. Приусны цонх цохиё гэдэг үйлдлийг өмнө нь хийж байсан. Энэ аргаараа гэмт хэрэг үйлдэж байсан. Ингэхэд нь З.Э алх бээлий аваад ирье гэдэг байдлаар хамт хийсэн үйлдэлд харагдаж байна. Приус цохих хүн харах үйлдлийг мэддэг байсан. Дараагийн үйлдэл нь 08 сарын 19-нөөс 08 сарын 20-ныг шилжих шөнө буюу хэрэг болсоноос хойш 19 хоногийн дараа хэрэг энэ үйлдлийг хийсэн. Тэгэхээр цонх цохиод эд зүйл авч байсныг З.Э мэдэх боломжтой байсан. Иргэн А.Иын тээврийн хэрэгсэлийн цонхыг цохиж эд зүйл авсан нь тогтоогддог. Иргэн Г-гын эзэмшилийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цохиж эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч байгаа. З.Э 20 еврог өөрөө солиулаад авсан үйлдэл байдаг. Өмнө нь З.Э нь Ш.М-Э-ийг зодож шийтгүүлж байсан байна. Бүлэглэж 2 удаагийн үйлдлээр иргэн А.И болон Г нарын приус 20, 30 маркийн тээврийн хэрэгслээс эд зүйл хулгайлсан А.Ит 585 000 төгрөгийн хохирол, Гантулгад 439 336 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогддог. Ш.М-Э-ний тухайд 2020 оны 01 сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг Нарлаг хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн. Уг гэмт хэргийг үйлдэхдээ 2020 оны 01 сарын 02-ны өдрөөс 01 сарын 05-ны үед ганцаараа, 2020 оны 01 сарын 14-нөөс 01 сарын 15-ныг шилжих шөнө ганцаараа, 2020 оны 01 сарын 10-наас 01 сарын 11-нийг шилжих шөнө Нарлаг хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлахдаа насанд хүрээгүй Э Б нартай бүлэглэж үйлдсэн нь тогтоогддог. Хэргийг шалгах явцдаа Ш.М-Э нь удаа дараа мэдүүлгээ өөрчилсөн. Ганцаараа үйлдсэн гэж ярьж явж байгаад мэдүүлгээ өөрчилсөн. Нарлаг хүнсний дэлгүүрт 3 удаа орсон байдан. Уг гэмт хэргийг үйлдэх үедээ Б, Э нартай хамтран үйлдсэн. Тухайн үед Б нь 16 настай байсан. Э нь 17 настай байсан нь тогтоогддог. Э, Б нар мэдүүлэхдээ айлган сүрдүүлж байгаад оруулсан, орохдоо нэг ч хөдлөөгүй гэж мэдүүлдэг. Бусдын хүчинд автсан улмаас гэмт хэрэг үйлдсэн байна гэж хэрэгсэхгүй болгож Ш.М-Эд Эрүүгийн хуулийн 16.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял сонсгож яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсан байна. Мөн ганцаараа 2 удаа, бусадтай 1 удаа нийт 3 удаагийн үйлдлээр Нарлаг хүнсний дэлгүүрт орж эд зүйл хулгайсан үйлдэлд гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Иргэн А.Ит 585 000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Уг хохирол нь төлөгдсөн байна. Иргэн Га-д 439 336 төгрөгийн хохирол учирсан хохирол бүрэн төлөгдсөн байна. Тиймээс шүүгдэгч Ш.М-Э З.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд бүлэглэж үйлдсэн нь хүндрүүлэх .нөхцөл байдалд тооцож, Ш.М-Э-нийг ЭХ-ийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 5 жил хорих ял, ЭХ-ийн 16.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял, нийт 6 жилийн хорих ял оногдуулахаар тогтоож, нээлттэй хорих ангид ялыг .эдлүүлэх, З.Эг ЭХ-ийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Учруулсан хохирлыг бүрэн төлсөн учраас бусдад төлөх төлбөргүй байна. Таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ш.М-Э-нийн өмгөөлөгч О.Сдүгнэлтдээ “Ш.М-Э нь 2019 оны 08 сарын 01-ний өдөр иргэн Г-гын приус маркийн машины цонхыг хагалж түрийвч, түрийвчин дотор байсан бичиг баримт, 20 еврог хулгайлсан үйлдлийг З.Этай цуг үйлдсэн байдаг. 2019 оны 08 сарын 19-ний өдөр Зэст багийн 1-5-р байрны гадаа байсан приусын цонхыг хагалаж зургийн аппаратыг авсан үйлдэлтэй. 2020 оны 01 сард Нарлаг хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрсэн байдаг. Үүний 2 дахь үйлдлээр Билгүүн, Э гэх хүүхдүүдтэй орж хүнсний эд зүйлсийг авсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны хувьд Ш.М-Э гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруутай өөрийнхөө үйлдсэн үйлдлийн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. А.Ит учирсан 550 000 төгрөгийг төлсөн. Дараа нь 35 000 төгрөгийг нэмж төлсөн. Гантулгын хохирлыг анхан шатны шүүх хуралдаанд бүрэн төлж барагдуулсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна. Харин Ш.М-Э-нийг Нарлаг хүнсний дэлгүүрт хулгай хийхдээ хүүхдэд хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэж яллах дүгнэлт оруулж ирсэн. Энэ зүйл ангийн бүрэлдэхүүн хангагдахгүй гэж үзэж байна. Дэлгүүрээс авч байгаа эд зүйлийг цуг зөөгөөд байгаа нь гэмт хэргийн шинжтэй байсныг заналхийлсэн гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Эдгээр хүмүүс нь Эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байсан. Ш.М-э-ний ядуу ар гэрийн анхаарал байдлыг ашиглаж байгаа гэж харж дүгнэгдэж байна. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, хохирогч Гантулгын флаш, диск авсан нь тодорхой баримт байхгүй. Цагдаа нарын илтгэх хуудсаар нэг түрийвч олдсон гэдэг болохоос биш цагдаа нарт өгсөн эрэн сурвалжлах ажиллагаанд прокурорын хяналт дутуу байсан байдаг. Анхан шатны хуралдаанд хохиролоо төлсөн байдаг. Ш.М-Э-ний зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-2.1-д заасан гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1-д заасан зүйл ангийн бүрэлдэхүүн байхгүй байна гэж үзэж байна. Гэм буруутай гэж тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Ш.М-Э ял хариуцлагын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Хэрэг үйлдэх үедээ өсвөр насны хүүхэд байсан. Аав ээж асран хамгаалах хүмүүсийн хараа хяналт дутмаг, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал, шүүх, цагдаагийн дуудсан цагт ирсэн байдал зэргийг харгалзан үзэх үндэслэлтэй байна. Улсын яллагчийн саналыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзахаас гадна тухайн хүний хувийн байдал, ухамсарлаж байгаа байдал, сэтгэл санааны байдлыг харгалзан үздэггүй нь харамсалтай байна. Уг хүүхэд нь их зөөлөн хүүхэд байдаг. Өөрийнх нь сэтгэлзүйн онцлогтой холбоотой байна. Үүнийг хэрэгт сэтгэлзүйн талаас нь хийж тогтоосон зүйл байдаггүй. Өндөр хөгжилтэй орнуудад хувийн байдал болон хэрхэн өөрчлөгдөж байгаа байдалд хяналт тавьдаг ажиллагаа байдаг. Шүүгдэгч З.Э нь гэр бүлтэй эхнэр хүүхэд болсон хувийн байдлыг үүнийг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Ингээд ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7. дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. Улсын яллагчийн саналаас доош хорих ялаар шийтгэж өгнө үү гэсэн саналтай байна. Гэм буруугаа хүлээж хохирлоо нөхөн төлсөн байдалд дүгнэлт хийнэ үү” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч З.Эгийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй. З.Эг гэм буруутай гэж яллах дүгнэлт үйлдсэн. Зургийн аппаратны хэрэгт оролцоотой гэсэн байдлаар гэм буруутай үйлдэлд тооцож оруулж ирсэн байна. Өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн хэргийг нотолж байгаа баримт байхгүй. Шүүгдэгчийн мэдүүлэг, улсын яллагчийн судалсан мэдүүлгээс нотолсон зүйл бол байхгүй байна. Ш.М-Э-нийг З.Э зодсон гэж гэм буруутайд шийтгэгдэж байсан. Хэрвээ айсан бол өмнө хийсэн хэргийг нууж далдлах боломж байсан. Үйлдэл оролцоог харахад хэдэн төгрөгийг хохирол үйлдсэнг харах шаардлагатай байна. Хэдэн удаа мэдүүлэг өгсөн, мэдүүлэг хэрхэн тогтвортой байдаг талаар харах нь зүйтэй. Мэдүүлгийг харахад засвартай, он сарыг өөрчилсөн байдаг. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэдүүлэг авах журмыг зөрчсөн гэж үзэж байна. Мэдүүлэг шалгах ажиллагаагаар харагдах боломжтой байна гэж үзэж байна. Ахындаа орсон бол орцондоо хүлээх боломжтой байсан гэж улсын яллагч хэлдэг. Цонх хагалж байсныг яагаад хараагүй байсан вэ гэж тулгах нь буруу байна. 50м зайтай байсан харах боломжгүй байж болно. Энэ гэмт хэрэг нь нууц далд аргаар хийгддэг. Үүнд дүгнэлт хийх шаардлагатай. Өөр орчин тойрны хүмүүс харах боломжтой байсан. Шүүгдэгч Ш.М-Э-ний хувьд хэд хэдэн янзын мэдүүлэг өгдөг. Ямар нотлох баримтаар нотлох юм бэ үүнд өмгөөлөгчийн хувьд эргэлзээтэй байна. Иймээс Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасанчлан шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой гэж заасан байдаг. Камер хулгайлсан үйлдэл нь тогтоогдохгүй байна үүнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. З.Э хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ анхан шатны шүүх хуралдаанаар 1 жилийн хорих ял оногдуулах, улсын яллагчийн саналаас бага ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Өөрөө эхнэр аваад амьдарч эхэлж байсан. Тархины гэмтэлтэй энэ нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү” гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дахаар дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Үйл баримтын талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Иын “өчигдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 16:00-17:00 цагийн хооронд өөрийн ОРО улсын дугаартай тоёота приус маркийн авто машинаа Зэст багийн 1-5 дугаар байрны 1 дүгээр орцны хойно байрлах авто машины зогсоол дээр байрлуулж тавьчихаад өнөөдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 12:00 цагийн үед Улаанбаатар хот руу дүүгээ гаргаж өгөх гээд гэрээсээ гараад машинаа онгойлгох гэтэл миний машины хаалга хагас онгойсон байдалтай байхаар нь машиндаа гар хүрэлгүй Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Цагдаагийн ажилчид ирсний дараа авто машин дотор байсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд миний машины голын хайрцаг дотор байсан /никон/ загварын зургийн аппарат алга болсон байсан. Бусад эд зүйлс маань бүрэн бүтэн байсан. Би зургийн аппаратаа 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр БСБ цахилгаан барааны дэлгүүрээс 1.499.000 төгрөгөөр худалдан авч байсан. Улаан хүрэн өнгөтэй зургийн аппаратын дуран нь таггүй өөр ямар нэгэн содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.Г-гын “2019 оны 08 сарын 01-ний өглөө манай эхнэр Ж.О машин дээрээ очтол тээврийн хэрэгслийн баруун урд талын жижиг цонхыг хагалан машин дотор манай эхнэр бид хоёрын түрийвч, эхнэрийн түрийвчинд байсан иргэний үнэмлэх, худалдаа хөгжлийн банкны виза карт 20 евро, машины 2 ширхэг МП тоглуулагч зэрэг эд зүйлс алдагдсан байсан юм. Манай эхнэр над руу 07 цаг 50 минутын орчим залгаж хэлсэн юм. Хар өнгийн матрын арьсан түрийвч, 2 гв-ийн МП-3 тоглуулагч 2 ширхэг, нэг нь ногоон алаг, нөгөө нь хар цагаантай, 2 гв-ийн плаш диск нь ногоон өнгөтэй байсан. Эхнэрийн түрийвчийг манай эхнэр Улаанбаатар хотоос 100.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.З-рын “2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 11-ний өдрийн хооронд манай дэлгүүрт хулгай орсон байсан. Тухайн үед манай дэлгүүрийг түрээсэлж байсан С нь гэрийнхээ эд зүйлийг авч яваагүй байсан. Эд зүйл нь манай дэлгүүртэй залгаа өрөөнд байсан. Улмаар С хулгай орсон талаар мэдээд цагдаад хандсан. Хулгай орох явцад би бараагаа тоолж хүлээн авсан байсан. Нийт 4 570 000 төгрөгийн барааг авсан. С-т хамаагүй. Сгэр бүлийнхээ хамтаар Турк явсан. Манай дэлгүүрээс алдагдсан бараа болох 718 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 63-р хуудас/ манай дэлгүүрт нийт 4 удаа хулгай орсон хамгийн эхлээд 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө 2 удаа, 2020 оны 01 дүгээр сарын 15, 19-ний өдрүүдэд мөн хулгай орсон. 3 дахь удаагаа хулгай орсон өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний орой цонхны харалдаа модоор X хэлбэрээр бэхлээд таних тэмдэг тавьсан, яагаад гэвэл дахиад хулгай орсон бол мэдэх гэж модоор бэхэлсэн юм. Манай дэлгүүрт хулгай орохдоо зүүн талын вакум цонхоор орж байсан. Манай дэлгүүрт нийт 4 удаа хулгай орсноос 3 удаагийн хулгайг М-Э гэдэг хүүхдүүдийн хамт бүлэглэж үйлдсэн болох нь тогтоогдсон. Иймд дээрх 3 удаагийн хулгайгаар алдагдсан барааны нийт хохирол болох 1 421 180 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг, гэрч О.С-рын “Нөхөр бид хоёр Баянцагаан баг Хуучин тосгон 4-2 тоотод байрлах Нарлаг хүнсний дэлгүүрийг 2019 оны 08 сарын 18-наас 2019 оны 12 сарын 26-ны хүртэл хугацаанд түрээсэлж ажиллуулж байсан юм. Түрээсийн хугацаа дуусаж байгаа болохоор дэлгүүрийнхээ байгаа бүх бараануудаа тоолоод эзэн З-т түлхүүрээ өгсөн юм. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 01 сарын 11-ний орой 20 цагийн үед нөхөр Дгийн хамт дэлгүүрийн арын өрөөнд байсан буйдан ойр зуурын эд зүйлээ авах гээд иртэл дэлгүүрийн жижиг вакум цонх онгорхой байхаар нь дэлгүүр лүү ороод хартал эд зүйлүүд эмх цэгцгүй бараануудыг маань аваад явчихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Том архинууд 0.5 граммын архинууд, 0,5 граммын шилтэй эса пиво, дарснууд, школанууд, бохь 2 хайрцаг тамхи, шилтэй компод зэрэг эд зүйл алдагдсан байсан. Манай дэлгүүр 2019 оны 12 сарын 26-наас хойш хүнгүй байсан. 2020 оны 01 сарын 04-ний өдөр уг дэлгүүрийн эзэд нь ирчхээд явсан байсан тэгэхэд зүгээр байсан” гэсэн мэдүүлэг, ОРО улсын дугаартай тоёота приус загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Далайван аудит” ХХК-ний шинжээчийн 2019 оны 08 сарын 22-ны өдрийн 02/02-124 дугаартай дүгнэлт, “Далайван аудит” ХХК-наас гаргасан 2019 оны 04 сарын 16-ны өдрийн 02/02-71 дугаартай дүгнэлт, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 258 дугаартай шийтгэвэр, 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 284 дугаартай шийтгэврийн хуулбарууд, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “алдагдсан эд зүйлийн үнэлгээ 304 336, приус 30 автомашины гурвалжин шил 45.000 төгрөг нийт 349 336 төгрөг” гэх дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “матрын арьсан түрийвч 1 ширхэг 90.000 төгрөг” гэх дүгнэлт, З.Эгийн валют солиулсан гүйлгээний баримт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг хуучин хороо 4 дүгээр гудамж 02 тоот Нарлаг хүнсний дэлгүүрийн орчимд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Далай ван аудит” ХХК-ний шинжээчийн 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 02/02-07 дугаартай дүгнэлт, Шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүгдэгч З.Эгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Далай ван аудит” ХХК-ний шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 02/02-227 дугаартай “үнэлгээнд хамрагдсан эд зүйлс 703.000 төгрөг” гэх дүгнэлт, яллагдагч Э.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, өсвөр насны яллагдагч З.Б-ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ш.М-Э, З.Э нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн 1-5 байрны гадна зогсоолд тавьсан иргэн А.Иын ОРО улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн урд жижиг цонхыг хагалж, Никон D3200 загварын  зургийн аппаратыг авч 550 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2. Шүүгдэгч   Ш.М-Э, З.Э нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 31-нээс 01-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Өнөр хотхоны 104 дүгээр байрны гадна зогсоол дээр байсан ОРХ улсын дугаартай тоёото приус 30 загварын тээврийн хэрэгслийн урд жижиг цонхыг хагалж  түрийвч 2 ширхэг, хорин мянган төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 20 еврогийн дэвсгэрт 1 ширхэг, 2 гв флаш диск 1 ширхэг, мп 3 тоглуулагч зэрэг эд зүйлс авч 439 336 төгрөгийн хохирол учруулсан,

 

3. Шүүгдэгч Ш.М-Э нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” хүнсний дэлгүүрт орж шилтэй порто дарс 1 ширхэг, хадагтай дарс 2 ширхэг, 1 литртэй сангира дарс 3 ширхэг, 1.5 литртэй сангира дарс 2 ширхэг, 0,5 л соёрхол архи 2 ширхэг, экспорт архи 0.75 л-тэй 1 ширхэг, экспорт архи 0,5 л 1 ширхэг, болор архи 0,75 л 1 ширхэг, зөөлөн хараа архи 0,33л 1 ширхэг, энгийн хараа 0,75 л 1 ширхэг, ерөөл 0,5 л 1 ширхэг зэрэг эд зүйл авч 365 400 төгрөгийн хохирол учруулсан,

 

4. Шүүгдэгч Ш.М-Э нь 2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” хүнсний дэлгүүрт орж эд зүйл авч 703 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

5. Шүүгдэгч Ш.М-Э нь 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө өсвөр насны Э.Э, З.Б нартай бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” хүнсний дэлгүүрт хууль орж ундаа, пиво, тамхи, хиам, бэлэн гоймон үрлэн чихэр лаазтай самар, бохь, твикс чихэр гэх мэт зүйлсийг авч 352 700 төгрөгийн хохирол учруулсан,

 

6. Шүүгдэгч Ш.М-Э нь 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” хүнсний дэлгүүрээс эд зүйл авахдаа насанд хүрээгүй З.Б, Э.Э нарыг айлган сүрдүүлж, татан оруулсан үйл баримтууд тогтоогдож байна.

 

  1. Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Ш.М-Э нь бусадтай бүлэглэж болон ганцаараа 5 удаагийн үргэлжилсэн, санаатай үйлдлээр хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байр, тээврийн хэрэгсэлд нэвтэрч бусдын эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 2 410 436 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, 18 насанд хүрээгүй З.Б, Э.Э нарыг хууль бус үйлдэл хийхийг албадан, айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт санаатай татан оролцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжийг, З.Э нь 2 удаагийн санаатай үйлдлээр тээврийн хэрэгсэлд нэвтэрч бусдын эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч бусдад 989 336 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.М-Э, З.Э нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.М-Э-ний өмгөөлөгч О.С санал дүгнэлт гаргахдаа “Ш.М-Э нь З.Билгүүн, Э.Э нарыг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэх үйлдэл тогтоогдохгүй, З.Б, Э.Э нар нь сайн дураар гэмт хэрэгт хамтран оролцож, эд зүйлсийг зөөлцсөн, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн тул гэмт хэргийн шинжгүй” гэж мэтгэлцэж байх боловч насанд хүрээгүй З.Б, Э.Э нарын мэдүүлгээр гэмт хэрэгт хамтран оролцохоос татгалзсан насанд хүрээгүй хүүхдүүдийг үгээр айлган сүрдүүлж, цохихоор занган, хүч хэрэглэхээр заналхийлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч З.Эгийн өмгөөлөгч Р.Б санал дүгнэлтдээ “З.Э нь зургийн аппарат хулгайлсан гэх хэрэгт оролцоотой гэсэн байдлаар гэм буруутай үйлдэлд тооцож оруулж ирсэн байна. Өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн хэргийг нотолж байгаа баримт байхгүй. Шүүгдэгчийн мэдүүлэг, улсын яллагчийн судалсан мэдүүлгээс нотолсон зүйл бол байхгүй” гэж мэтгэлцэж байх боловч шүүгдэгч Ш.М-Э, З.Э нарын мэдүүлэг, мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл зэргээр З.Э нь хэргийн газарт Ш.М-Этэй хамт байсан болох нь тогтоогдсон, Ш.М-Э-нийг гэмт хэрэг үйлдэхийг мэдэж байсан бөгөөд хүн харах байдлаар хамтран оролцсон болох нь тогтоогдож байна.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ш.М-Э, З.Э нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ш.М-Э, З.Э нарт хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ш.М-Э, З.Э нарын 122 хоног цагдан хоригдсоныг тус тус эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Г 439 336 төгрөг, Д.Зо-т 1 421 100 төгрөг, А.Ит 585 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

  1. Хэрэгт шийдвэрлэвэл зохих бусад зүйлүүд:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах ньзүйтэй

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                    

                                                     

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдэд хүч хэрэглэхээр заналхийлж гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулах гэж буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байр, тээврийн хэрэгсэлд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, З.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэлд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ш.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч З.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-Эд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч З.Эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-Э, З.Э нарын цагдан хоригдсон 122 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.М-Э, З.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС