Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 0061

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.М, З.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

   Прокурор                                                      С.Б

Шүүгдэгч                                                       Ш.М, З.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            О.С, Р.Ц /онлайн/

Нарийн бичгийн дарга                             Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолтой, Ш.М, З.Э нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Ш.М-н давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Ш-ын М.

 

Монгол Улсын иргэн Б овогт З-н Э.

 

Шүүгдэгч Ш.М, З.Э нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 19- 20-нд шилжих шөнө   аймгийн    сумын    багийн  байрны гадна зогсоолд тавьсан иргэн А.И-н     улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн урд жижиг цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч Никон D3200 загварын  зургийн аппаратыг хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө     аймгийн     сумын  багийн   байрны гадна зогсоол дээр байсан   улсын дугаартай тоёото приус 30 загварын тээврийн хэрэгслийн урд жижиг цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч арьсан түрийвч 1 ширхэг, матрын арьсан түрийвч 1 ширхэг, хорин мянган төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 20 еврогийн дэвсгэрт 1 ширхэг, 2 гв флаш диск 1 ширхэг, мп 3 тоглуулагч зэрэг эд зүйлс хулгайлан 439.336 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ш.М ганцаараа 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 05-ны хооронд     аймгийн  сумын   багт үйл ажиллагаа явуулдаг “Н” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан хулгайлан 365.400 төгрөгийн хохирол учруулсан,

 

2020 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө    аймгийн   сумын    багт үйл ажиллагаа явуулдаг “Н” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 703.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

 Ш.М нь өсвөр насны Э.Э, З.Б нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө  аймгийн  сумын  багт үйл ажиллагаа явуулдаг “Н” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 352.700 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ш.М нь 2020 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө    аймгийн   сумын    багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” хүнсний дэлгүүр хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй З.Б, Э.Э нарт хүч хэрэглэхээр заналхийлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овогт Ш-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдэд хүч хэрэглэхээр заналхийлж гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулах гэж буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байр, тээврийн хэрэгсэлд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б  овогт З-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэлд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Ш.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч З.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч З.Эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М, З.Э нарын цагдан хоригдсон 122 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.М, З.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ш.М давж заалдах гомдолдоо:

... насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан гэх гэмт хэрэгт гэм буруутай байна гэж үзсэнд гомдолтой байна. Би тэр үед 18 настай Эрдэнэмөнх 17 настай, Б 16 настай байсан. Тухайн үед бид гурав ярилцан тохиролцож орсон. Авсан зүйлээ бид гурав хувааж хэрэглэсэн. Тэр хоёр хохирлын мөнгө өгсөн. Зөвхөн тэр хоёрын хэлсэн ярьсан үгэнд намайг ялласан тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бусад үйлдэл холбогдлыг хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсан байгаа ... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Б дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.М-н давж заалдах гомдлыг үндэслэн Ш.М, З.Э нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Ш.М, З.Э нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө     аймгийн      сумын    багийн  байрны гадна зогсоол дээр байсан   улсын дугаартай Тоёото Приус-30 загварын тээврийн хэрэгслийн урд жижиг цонхыг хагалан, хууль бусаар нэвтэрч арьсан түрийвч 1 ширхэг, матрын арьсан түрийвч 1 ширхэг, хорин мянган төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 20 еврогийн дэвсгэрт 1 ширхэг, 2 гв флаш диск 1 ширхэг, мп-3 тоглуулагч зэрэг эд зүйлсийг хулгайлан 439.336 төгрөгийн хохирол учруулсан,

 

2019 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө     аймгийн    сумын   байрны гадна зогсоолд тавьсан иргэн А.И-н   улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийн урд жижиг цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч Никон D-3200 загварын зургийн аппаратыг хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Ш.М нь ганцаараа 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 05-ны хооронд   аймгийн   сумын   багт үйл ажиллагаа явуулдаг “Н” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 365.400 төгрөгийн хохирол учруулсан,

 

2020 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө   аймгийн  сумын   багт үйл ажиллагаа явуулдаг “Н” хүнсний дэлгүүрт дахин хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 703.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн өсвөр насны Э.Э, З.Б нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө   аймгийн  сумын  багт үйл ажиллагаа явуулдаг “Н” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 352.700 төгрөгийн хохирол учруулсан, уг гэмт хэргийг үйлдэхдээ өсвөр насны Э.Э, З.Б нарыг  хүч хэрэглэхээр заналхийлж, гэмт хэрэгт татан оролцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

             Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

 

             Шүүгдэгч Ш.М нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байр, тусгайлан хамгаалсан тээврийн хэрэгсэлд нэвтэрч бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй, нууцаар хууль бусаар авч нийт 2.410.436 төгрөгийн хохирол, шүүгдэгч З.Э нь Ш.Мтэй бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч 989.336 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.

 

             Шүүгдэгч Ш.М нь ... насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан гэх гэмт хэрэгт гэм буруутай байна гэж үзсэнд гомдолтой байна ... Тухайн үед бид 3 ярилцан тохиролцож орсон ... гэсэн давж заалдах гомдол гаргасан байх боловч  тэрээр 2020 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө   аймгийн  сумын    багт үйл ажиллагаа явуулдаг “Н” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлахдаа 18 насанд хүрээгүй З.Б, Э.Э нарыг хууль бус үйлдэл хийхийг албадан, айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт санаатай татан оролцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан өсвөр насны яллагдагч Э.Э, З.Б нарын ... Унтах гээд хэвтэж байхад М хальт гарчихаад ирье гээд байсан. Дагаад гарахад М дэлгүүрийн гадаа очоод та хоёр түрүүлээд дэлгүүр лүү ор гэхээр нь бид хоёр гайхаад явж унтая гэхэд М бид хоёрыг ална шүү, пизда минь гээд гараа далайгаад цохих гээд байсан. Тэгээд хүн харлаа хурдан ор гэхээр нь бид хоёр дэлгүүр лүү орсон ... гэсэн мэдүүлгүүд болон өсвөр насны яллагдагч нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

 

             Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг нь хүүхдийн эрх эрх чөлөөнд заавал хохирол учирсан байхыг шаарддаггүй ба шүүгдэгч Ш.М нь 18 насанд хүрээгүй Э.Э, З.Б нарыг хүч хэрэглэхээр айлган сүрдүүлж, заналхийлж, улмаар бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдүүлсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

 

             Мөн  шүүгдэгч Ш.М, З.Э нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо болон хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Ш.М-н ... Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэдэг зүйл ангийг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү...  гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч болон хэргийн бусад оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.т ...       Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солино ... гэж заасан.

             Шүүгдэгч З.Э нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай дээрх зохицуулалтад хамаарч байна.

 

             Иймд З.Эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүнийг өөрийн оршин суугаа газар буюу    аймгийн    сумаас явахыг мөн хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

             Харин шүүгдэгч Ш.М-н тухайд Хүүхдийн эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.т хуульчилжээ.

            

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.т ... Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж нэг ... шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд өршөөл үзүүлэхдээ зүйл хэсэг, тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8... дугаар зүйлд заасан журмаар нэгтгэнэ... гэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.т заасныг баримтлан мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж болохоор заасан хэдий ч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.т заасны дагуу дүйцүүлэн сольсон зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөлд хамрагдаагүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тогтоох юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялд нэмж нэгтгэвэл шүүгдэгч Ш.М-н нийт эдлэх ялын хэмжээ нь 3 жилийн хорих ялын хугацаатай дүйцэж байна.

Үүнээс гадна хорих ялыг биечлэн эдлүүлж байгаа тохиолдолд хорих ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Иймд Ш.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.т заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дүгээр заалтад холбогдох хуулийн зүйл, хэсгийг буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, зөвтгөх боломжтой гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын ... 6.8 дугаар зүйлийн 1.1 ... гэснийг ... 6.8 дугаар зүйлийн 1 ... гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтын ... 3.6 дугаар зүйлийн 4 ... гэснийг ... 5.6 дугаар зүйлийн 4 ... “ гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.т зааснаар шүүгдэгч З.Эд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

3. Шүүгдэгч З.Эг өөрийн оршин суугаа газар буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумаас явахыг 2 жилийн хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эг суллаж, шүүгдэгч Ш.М-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА