Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 65-В-12  тоотод оршин суух Жонон овогт Ганбаатарын Бямбабаатар /РД: ХК81103119, утас: 99079648/-аас гаргасан

           Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Арцатын 24 тоотод оршин суух Атаацаг овогт Оюуны Түмэндэмбэрэл /РД:МЗ84121694, утас: 99042917/-т холбогдох  9200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Бямбабаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, хариуцагч О.Түмэндэмбэрэл,  нарийн бичгийн дарга М.Мөнхзаяа нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Г.Бямбабаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  ....О.Түмэндэмбэрэл нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Г.Бямбабаатар миний өмчлөлийн 7916 УБЧ улсын дугаартай HINO RANGER маркын ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг худалдан авах зээлийн гэрээгээр авч явсан бөгөөд үлдэгдэл 5000000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн тул гэрээнд заасны дагуу хоног тутамд 0.5 хувийн алданги болох 168 хоногийн алданги 4200000 төгрөг нийт 9200000 төгрөгийг гаргуулж өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Түмэндэмбэрэл шүүхэд ирүүлсэн тайлбартаа: .... Би түүнээс HINO RENGER 3 маркийн ачааны автомашиныг 8000000 төгрөгөөр үнэ тохирч худалдан авсан ба 3000000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 5000000 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн. Учир нь уг автомашинаар шууд ажил гүйцэтгэх боломжгүй буюу доголдолтой байснаас тодорхой хугацаатай ажил үүргийг (мод зөөх) хугацаанд нь гүйцэтгэж чадаагүйгээс төлөвлөсөн ашиг орлогоо олж чадаагүй юм. Тухайлбал: Машиныг анх авахад нормалдахгүй буюу асч унтраад байсан, мөн рулийн аппарат хатуу байгаа талаар би худалдагч Бямбабаатарт хэлэхэд гайгүй байх аа, чи үзүүлнэ биз гэж байсан. Надад модны зөөврийн ажил эхлэх гээд уг машины хэрэгцээ шаардлага их байсан тул оношлогоонд оролгүй шууд аваад ирсэн юм. Гэтэл ирээд ажил хийх боломжгүй буюу урд 2 нум, хойд 1 нум хугархай байсан, мөн мотор нь муудсан ашиглах боломжгүй байсан тул бүрэн ээлж хийсэн. Удалгүй рулийн аппарат, апартур эвдэрч сэлбэг нь олдохгүй хэдэн сар зогссон юм. Энэ талаар би Бямбабаатарт тухай бүр нь мэдэгдсэн. Би энэ бүх доголдлыг засч янзлуулахад ажлын хөлстэйгээ нийлээд 2000000 шахам төгрөгний зардал гаргасан тул энэ зардлыг машины үнээс хасч тооцуулах саналтай байна. Мөн нэхэмжлэгч алданги тооцож 9200000 төгрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ. ...мөн дээрх гэмтлүүдийг засварлахад сольсон сэлбэгийн зардал 2080000 төгрөгний зардал гарсан тул Г.Бямбабаатараас нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Г.Бямбабаатар нь хариуцагч О.Түмэндэмбэрэлээс автомашин зээлээр худалдсаны төлбөр гэрээнд заасны дагуу алданги бүгд  9200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. Зохигчдын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Г.Бямбабаатарын өмчлөлийн 79-16 УБЧ улсын дугаартай HINO RANGER маркын ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 8000000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохирч  гэрээ байгуулахдаа 1000000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг гэрээнд заасан хугацаанд хэсэгчлэн барагдуулахаар гэрээ хийж, нотариатаар гэрээг батлуулжээ. Автомашин зээлээр худалдан авах гэрээ болон машины үнэ 8000000 төгрөгөөр тохиролцсон эсэх дээр талууд үл маргана. Үүнийг зохигч нар хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагч О.Түмэндэмбэрэл уг автомашинаар шууд ажил гүйцэтгэх боломжгүй буюу доголдолтой байснаас тодорхой хугацаатай ажил үүргийг (мод зөөх) хугацаанд нь гүйцэтгэж чадаагүйгээс төлөвлөсөн ашиг орлогоо  олж чадаагүй, машинд тавьсан сэлбэгийн үнэ 2080000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Худалдагч тал болох Г.Бямбабаатар доголдолгүй машин худалдсан, доголдлын талаар огт мэдэгдээгүй, гэрээ цуцлах шаардлага гаргаагүй миний машиныг өөр хүнд портер машинаар сольж худалдсаныг хожим машин худалдан авсан хүн нь машины баримт бичиг солиулах талаар утсаар ярихад нь мэдсэн, тухай үед нь наймаа буцах санал байсан бол би зөвшөөрөх байсан яагаад гэвэл 1 сая төгрөг л өгсөн төлбөрөө төлөхгүй, холбоо барихгүй, хугацаа алдаж байсан. Шүүхэд хандснаас хойш ийм асуудал ярьж байгааг  хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана. Харин нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээ багасган 7200,000 төгрөгийг гаруулахаар шаардана. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын гаргасан тайлбар мэдүүлгээр нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар худалдагч тал болох Г.Бямбабаатар нь автомашины үнийг төлөхөөс өмнө шилжүүлэх, худалдан авагч  О.Түмэндэмбэрэл нь машины үнийг гэрээнд заасны дагуу төлбөрийг 3 хуваан хэсэгчлэн төлөх үүргийг тус, тус хүлээсэн. Нэхэмжлэгч тал үүргээ биелүүлсэн.  Худалдан авагч /хариуцагч/ О.Түмэндэмбэрэл нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, тул худалдагч тал иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан шаардах эрхтэй. Иймд хариуцагч О.Түмэндэмбэрэлээс машины үлдэгдэл төлбөр 5000000 төгрөг, зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.8-д заасны дагуу тооцсон алданги 2200000 төгрөг бүгд 7200000 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Г.Бямбабаатарт олгох үндэслэлтэй байна. Хариуцагч О.Түмэндэмбэрэл нь худалдан авсан автомашины доголдлыг илрүүлснээс хойш хуульд заасан хугацаанд худалдагч талд шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, Нөгөө талаас О.Түмэндэмбэрэл нь автомашин  худалдан авахдаа доголдлыг мэдээгүй боловч мэдсэн үеэсээ гомдлын шаардлага гаргах боломжтой байсан энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь иргэний хуулийн 255 дугаар зүйлд зааснаар шаардах эрхээ алдсан байна. Шүүхэд нэхэмжлэл ирснээс хойш сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлээ нотолоогүй тул хариуцагчийн гаргасан 2080000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Г.Бямбабаатарын нэхэмжлэлээс 2000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 162150 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 48230 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Түмэндэмбэрэлээс улсын тэмдэгтийн хураамжинд 130150 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид  буцаан олгох.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Атаацаг овогт Оюуны Түмэндэмбэрэлээс автомашины төлбөр 7200000  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жонон овогт Ганбаатарын Бямбабаатар олгосугай

2.Хариуцагч О.Түмэндэмбэрэлээс гаргасан Г.Бямбабаатарт  холбогдох автомашинд сэлбэг авсаны төлбөр 2080000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг, Нэхэмжлэгч Г.Бямбабаатарын нэхэмжлэлээс 2000000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг тус, тус   хэрэгсэхгүй болгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бямбабаатараас  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 160150 төгрөгийг, О.Түмэндэмбэрэлээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 48230 төгрөгийг Төрийн сангийн 130400941 тоот дансанд тус, тус  хэвээр үлдээж, хариуцагч О.Түмэндэмбэрэлээс улсын тэмдэгтийн хураамжинд 130150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бямбабаатарт  буцаан олгосугай

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас   хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.АЛТАНЦЭЦЭГ