Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 21

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч

                             Ерөнхий шүүгч               Б.Батзориг

                             Шүүгчид                           Л.Амарсанаа

                                                                 Г.Давааренчин

                    Оролцогчид:

                             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш. Энхцэцэг нар оролцож,

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 109 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор О.Түмэндэмбэрэлд холбогдох “9.200.000 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч Г.Бямбабаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...О.Түмэндэмбэрэл нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Г.Бямбабаатар миний өмчлөлийн 79-16 УБЧ улсын дугаартай “HINO RANGER” маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг худалдан авах зээлийн гэрээгээр авч явсан бөгөөд үлдэгдэл 5.000.000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн тул гэрээнд заасны дагуу хоног тутамд 0.5 хувийн алданги болох 168 хоногийн алданги 4.200.000 төгрөг, нийт 9.200.000 төгрөгийг гаргуулж өгч хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

    

 Хариуцагч О.Түмэндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “…Би түүнээс “HINO RANGER-3”  маркийн ачааны автомашиныг 8.000.000 төгрөгөөр үнэ тохирч худалдан авсан ба 3.000.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 5.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн. Учир нь уг автомашинаар шууд ажил гүйцэтгэх боломжгүй буюу доголдолтой байснаас тодорхой хугацаанд ажил үүргийг /мод зөөх/ гүйцэтгэж чадаагүйгээс төлөвлөсөн ажил үүргийг гүйцэтгэж чадаагүй юм. Тухайлбал: машиныг анх авахад нормалдахгүй буюу асч унтраад байсан. Мөн рулийн аппарат хатуу байгаа талаар би худалдагч Г.Бямбабаатарт хэлэхэд гайгүй байх аа, чи үзүүлнэ биз гэж байсан. Надад модны зөөврийн ажил эхлэх гээд уг машины хэрэгцээ шаардлага их байсан тул оношилгоонд орохгүй шууд аваад ирсэн юм. Гэтэл ирээд ажил хийх боломжгүй буюу урд 2 нум, хойд 1 нум хугархай байсан, мөн мотор нь муудсан ашиглах боломжгүй байсан тул бүрэн ээлж хийсэн. Удалгүй рулийн аппарат нь эвдэрч сэлбэг нь олдохгүй хэдэн сар зогссон юм. Энэ талаар би Г.Бямбабаатарт тухай бүр нь мэдэгдсэн. Би энэ бүх доголдлыг засч янзлуулахад ажлын хөлстэйгөө нийлээд 2.000.000 шахам төгрөгний зардал гаргасан тул энэ зардлыг машины үнээс хасч тооцуулах саналтай байна. Мөн нэхэмжлэгч алданги тооцож 9.200.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.  

 

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хэргийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 109 дугаартай шийдвэрээр:

 -Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Атаацаг овогт Оюуны Түмэндэмбэрэлээс автомашины төлбөр 7.200.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жонон овогт Ганбаатарын Бямбабаатарт олгож,

-Хариуцагч О.Түмэндэмбэрэлээс гаргасан Г.Бямбабаатарт холбогдох автомашины сэлбэг авсны төлбөр 2.080.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Г.Бямбабаатарын нэхэмжлэлээс 2.000.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бямбабаатараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 160.150 төгрөгийг, О.Түмэндэмбэрэлээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 48.230 төгрөгийг Төрийн сангийн 130400941 тоот дансанд тус тус хэвээр үлдээж, хариуцагч О.Түмэндэмбэрэлээс улсын тэмдэгтийн хураамжинд 130.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бямбабаатарт буцаан олгож шийдвэрлэжээ.

 

 Хариуцагч О.Түмэндэмбэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 “... Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 109 дугаартай шийдвэрийг хариуцагч О. Түмэндэмбэрэл миний бие үл зөвшөөрч доорхи гомдлыг гаргаж байна.

Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүгийнхээ хамт амьдардаг, мод, алт, самранд явах зэрэг ажил хийж амьдралаа залгуулдаг. 2016 оны хавар мод  зөөх ажил хийхээр Г.Бямбабаатараас “HINO RANGER” маркийн ачааны авто машиныг 8.000.000 төгрөгийн зээлээр худалдан авч үүнийг цувуулж төлөхөөр тохирч гэрээ байгуулсан. Би машины төлбөрөөс 3.000.000 төгрөгийг төлж 5.000.000 төгрөг төлөөгүй байгаа нь үнэн.

Үлдэгдэл төлбөрийг төлж чадаагүй шалтгаан уг машин бүрэн бүтэн байгаагүй, эвдрэл, гэмтэл ихтэй байснаас төлөвлөсөн ажлаа гүйцэтгэж чадаагүй юм.

Би шүүхэд энэ талаар тодорхой тайлбар гаргаж өгч байсан боловч миний гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл, хүсэлтийг үл хэрэгссэнд гомдолтой байна.

Би эвдрэл, гэмтлийн талаар 2016 оны 7, 8 дугаар сард Г.Бямбабаатарт мөнгө аваачиж өгөхдөө хэлж байсан. Мөн машинаар ажил хийх боломжгүй байгаа тул төлбөрийг мөнгөөр төлж чадахгүй, “Гранд марк-2” маркийн машин хүртэл санал болгон Г.Бямбабаатар өөрөө үзэж байсан.

Энэ бүхнийг надтай хамт ажиллаж, уг машиныг барьж байсан жолооч н.Батноров сайн мэдэх юм. Гэтэл н.Батноровыг гэрчээр татах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй болно.

Миний бие эрх зүйн мэдлэг дутмагаас хугацаа алдсан зэрэг дутагдал байгаа боловч худалдагч тал доголдолтой автомашин худалдаж гэрээгээр халхавчлан их хэмжээний алданги торгууль нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй гэж үзнэ.

Ер нь бол Г.Бямбабаатар автомашиныхаа эвдрэл гэмтлийг сайн мэдэж байсан хирнээ надад зарсан, гэрээ хийсэн, намайг гарын үсэг зурсан гэдгээр халхавчлан намайг илтэд хохироолоо.

Би машины доголдлыг  арга буюу өөр машинаар сольж /өөрт хохиролтойгоор/ сольж наймаа хийсэн нь үнэн.

Иймд машины доголдлыг засварлахад надаас гарсан 2.080.000 төгрөгийн зардлыг Г.Бямбабаатараас гаргуулж, гэрээ байгуулсан үеийн үнээр төлбөрийг тогтоож өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч энэхүү гомдлыг гаргаж байна...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн давж заалдах гомдолд бичсэн хариу тайлбартаа:

1.Автомашин доголдолтой байсан учраас 2.080.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн талаар: Хариуцагчтай байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Худалдаж авч байгаа тээврийн хэрэгсэл нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар бүрэн ашиглах боломжтой тээврийн хэрэгслийн худалдан авагч талд шилжүүлсэн болох нь харагддаг. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг худалдан авагчийн эзэмшиж шилжүүлэн өгөхөд нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл байгаагүйг нотолж буй баримт юм.

2. Хариуцагчийн зүгээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу машины үнийг огт төлөөгүй, төлбөрийн графикийг зөрчиж төлбөр төлөхгүй байх атгаг санааг тээж нэхэмжлэгчийг залхаах аргыг сэтгэж үндсэн төлбөрийн 40 хувийг өнөөдрийг хүртэл төлөөд байгааг шүүх анхаарч үзнэ үү.

3. Хариуцагч талын зүгээс автомашины эвдрэл гэмтлийн талаар “Гранд Марк-2” загварын тээврийн хэрэгсэл авах тухай худалдагч талд хэлж байсан тухай гомдолдоо дурдсан нь огт үндэслэлгүй нь шүүх хуралдааны явцад зохигчдын тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгчтэй 2016 оны 07 дугаар сард уулзаж 800.000 төгрөгийн төлбөр төлөхдөө машин мод зөөж байгаа ажлын хөлс орж ирэхээр мөнгийг чинь бүхэлд нь өгнө гэж хэлээд ор сураггүй алга болсон ба улмаар тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдэд худалдан ашиг олсон тухай шүүх хуралдаанд өөрөө ярьсан.

4. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3 дахь хэсэгт тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэгч, хадгалах, ашиглах журам зөрчснөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн бол гомдлын шаардлага гаргах эрхээ алдах тухай заасан. Хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт нь худалдан авагч талын эзэмшил, ашиглалтанд тээврийн хэрэгсэл нь шилжсэнээс хойш буюу 2, 5 сарын дараа тээврийн хэрэгсэлд засвар хийсэн нь түүний ашиглалтаас үүдэлтэй эвдрэл, гэмтэл юм. Нөгөө талаар тээврийн хэрэгслийг 7 сарын сүүлээр гуравдагч этгээдэд зарсан гэсэн атлаа 9 сард засвар үйлчилгээг хийсэн гэж буй нь түүний татгалзал, үндэслэлгүйг харуулж байна. Хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлд зааснаар эргэлзээгүй нотлох баримтууд гэж үзэх боломжгүй юм.

5. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, удаа дараа /3 удаа/ шүүх хуралдааныг хойшлуулж, өөрийн татгалзлыг нотлох боломжийг шүүхийн зүгээс олгож байхад түүнийг хэрэгжүүлээгүйг анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгчийн хувьд 4-5 удаа Сэлэнгэ аймгийн Мандал сум ороход гаргасан зардлаа нэхэмжлээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн зүгээс гомдолтой байгаа. Учир нь шүүхэд машин эвдрэлтэй, доголдолтой байсан талаар тайлбар гаргасан. Энэ эвдрэл, доголдлыг засахад 2.080.000 төгрөг гаргасан талаарх нотлох баримтыг бүрдүүлж шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Мөн  гэрч асуулгах талаар хүсэлт гаргасан байгаа. Учир нь тухайн машин эвдрэл, гэмтэлтэй төлөвлөсөн ажлаа хугацаанд нь хийж чадаагүй гэдгийг тухайн машиныг жолоодож байсан н.Батноров гэдэг хүн мэдэж байсан.  Тухайн нөхцөл байдлыг торуулах үүднээс гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх авч хэлэлцээгүй. Хариуцагч миний зүгээс гаргасан тайлбар сөрөг нэхэмжлэл, хүсэлтийг хэрэгсэхгүй орхисонд гомдолтой байна. Гэрээний 3.5 дахь заалтад зааснаар худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үедээ эрхийн доголдлыг худалдагч тал мэдсээр байж борлуулсан бол худалдан авагч тал хариуцахгүй гэж заасан байдаг. Гэтэл худалдагч тал гэрээгээр эрхийн доголдолгүй машин худалдсан гэсэн заалтаа барьж машин доголдолгүй байсан гэж хэлж байна. Амьдрал дээр харахад нотариат дээр очоод гэрээ байгуулахад ялангуяа автомашиныг худалдах худалдан авах гэрээ байгуулах гэхэд бэлэн гэрээний загвар дээр гэрээг байгуулдаг. Гэрээгээр худалдаж байгаа машины доголдлыг шалгаж үзэлгүй доголдолгүй гэж бичдэг.  Ялангуяа “HINO RANGER-3”  маркын ачааны автомашин нь  20 жил болсон, ийм машиныг гэмтэлгүй гэж хэлж байгаа нь хэцүү. Үйлдвэрээсээ гараад 20  жил болсон машиныг 2 хүн хоорондоо наймаалцсан асуудал л байгаа. Энэ хүн нь хүүтэйгээ хоёулаа амьдардаг, мод, самар, алтанд явж амьдарлаа залгуулдаг. Машины үнэ хөлсөнд маргах зүйл байхгүй. Машины үнийг 8.000.000 төгрөгөөр тохирсон. Үүнээс 3.000.000 төгрөгийг өгөөд үлдэх 5.000.000 төгрөгийг нь хувааж төлөхөөр тохирсон байдаг.  Анх машиныг авахад рулийн аппарат нь чанга байсан. Энэ тухай нэхэмжлэгчид хэлэхэд за яах вэ үзүүлнэ биз л гэж хэлсэн. Нэг нэгэндээ итгэсэн учраас гэрээ хийж танихгүй хүнд машинаа худалдсан байдаг. Хариуцагч тал мөн адил итгээд машиныг аваад явсан байдаг. Машиныг авч яваад 2.000.000 төгрөгийн зардал гаргасан, ажлаа хийж чадаагүй сүүлдээ салахын тулд портероор сольсон буюу өөртөө хохиролтой үйлдэл хийсэн тухайгаа хариуцагч өөрөө хэлдэг. Энэ талаараа шүүхэд үнэн зөвөөр тайлбарлаж, сөрөг нэхэмжлэл, хүсэлтүүдийг гаргасан байтал шүүх авч хэрэгсээгүйд хариуцагчийн зүгээс гомдолтой байна. Иймд машины доголдлыг засварлахад надаас гарсан 2.080.000 төгрөгийн зардлыг Г.Бямбабаатараас гаргуулж, гэрээ байгуулсан үеийн үнээр төлбөрийг тогтоож өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна гэв.

 

Үндэслэх нь:

   

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэргийн зохигчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч Г.Бямбабаатар нь хариуцагч О.Түмэндэмбэрэлд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 9.200.000 төгрөг гаргуулах, хариуцагч О.Түмэндэлгэр нь худалдан авсан автомашины доголдлыг арилгахад гаргасан зардал 2.080.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань болон  хариуцагч О.Түмэндэлгэр нь сөрөг нэхэмжлэлтэйгээ холбогдуулан гэрч асуулгах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх тухайн хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнөх шатанд гаргах боломжтой байсан ба хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байна гэж үзэн хүсэлтийг нь хангахаас татгалзжээ.

 

Хариуцагч О.Түмэндэлгэр нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ автомашин нь худалдан авах үед  доголдолтой байсан талаар худалдагчид /нэхэмжлэгч Г.Бямбабаатарт/ мэдэгдсэн, үүнийг хамт явсан жолооч Н.Батноров гэрчилнэ гэж тайлбарладаг бөгөөд энэхүү үндэслэлээ нотлуулахын тулд  Н.Батноровыг гэрчээр асуулгах талаар хүсэлт гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “...гэрчийн мэдүүлгийг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр...” , 38 дугаар зүйлийн 38.9-д “...шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж...” болохоор тус тус заасан  бөгөөд хариуцагч О.Түмэндэлгэр нь  сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохын тулд гэрч асуулгах зайлшгүй шаардлагатай хэмээн хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан атлаа хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн  нь хууль зүйн  үндэслэлгүй болжээ.

 

Иймд шүүх хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох  хуульд заасан эрхийг хангаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлзэх зарчим  хэрэгжээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчсөн  байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг  дахин шийдвэрлүүлэхээр сум дундын  шүүхэд буцаах нь зүйтэй  байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг  дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан тул хэргийн шийдвэрлэлт болон хариуцагчийн давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Мандал дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 109 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

                                           ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                              ШҮҮГЧИД                             Л.АМАРСАНАА

                                                                                        Г.ДАВААРЕНЧИН