Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 00118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1982 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй,  Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Орчлон хорооллын 46-119 тоотод оршин суух Онхоодой овогт Давгийн Лхагвасүх /РД:ВЭ82030305, утас:88110542/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1975 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Билиг хотхон 1-04 тоотод оршин суух, Боржигон овогт Лутаагийн Авидноров /РД:МИ75091207, утас:85626654/-д холбогдох 7000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дамдинсүрэн, хариуцагч Л.Авидноров, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

Тодорхойлох  нь:

 

            Нэхэмжлэгч Д.Лхагвасүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: …Миний бие Л.Авидноровтой харилцан тохиролцож палк банз авахаар 14000000 төгрөг зээлдүүлсэн. Гэвч энэ мөнгөнөөс 7000000 төгрөгөнд Л.Авидноровоос банз авсан. Үлдэгдэл 7000000 төгрөгөнд банз өгнө гэж тохирсон боловч уг палк, банз  болон 7000000 төгрөгөө өгөхгүй намайг хохироож байна. Иймд Л.Авидноровоос 7000000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дамдинсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Л.Авидноров анх 2012 оноос манайд мод зөөж эхлээд 08 сард манай гэрт ирээд 14000000 төгрөг авсан. Тэгэхдээ 09 сараа дуусгаад өгнө гэсэн. Тухайн үедээ туслаач гээд байшингийнхаа бичиг баримтыг ирж үзүүлж байж мөнгө авсан. Түүнээс хойш модоо зөөгөөгүй. Тэр үедээ бичгийн гэрээ хийгээгүй, аман гэрээ хийсэн. Тэгээд дараа оныхоо 5 дугаар сард 5000000 төгрөг миний дансанд шилжүүлсэн. Түүнээс хойш 5 сая төгрөгийн ачаа аваачиж өгсөн. Модыг бол хамтран ажилладаг түншээ хашаа байшин авахад нь дэмжье гээд л бид өгсөн. Гэвч Л.Авидноров аман гэрээнийхээ дагуу мөнгөө өгөөгүй. Өгье гэсэн сэтгэл байсан бол өгөх байсан байх. Эвлэрэх боломж ч байгаагүй. Бид өчнөөн ирж уулздаг. Бараг хариулт ч авч чаддаггүй буцаад явдаг байсан. Би наадмын өмнө эхнэртэйгээ ирээд ямар ч хариулт ч авч чадаагүй буцаж байсан гэв.

Хариуцагч Л.Авидноров шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .... Би 2011 оны зунаас эхлэн амьжиргаагаа залгуулах санаатай найз хүүхэнтэйгээ нийлэн Түнхэлээс мод зөөж эхэлсэн. Модоо анх таарсан хүндээ л өгдөг байсан. Сүүлдээ В.Дамдинсүрэнд өгөөд байнгын өгдөг хүнтэй боллоо гэж боддог болсон. Бороогоос 14000000 төгрөг авсан нь үнэн. Тухайн үедээ хашаа байшин авах гэж авсан. Гэхдээ мөнгөө нэг дор аваагүй. 2 хувааж авсан. Эхнэр нь эхлээд 9000000 төгрөг өгсөн. Эргүүлж төлөхийн хувьд тухайн сардаа өгнө гэж хэлж байгаагүй. Би яаж 14000000 төгрөг тэр дор нь эргүүлээд төлөх вэ. Ачаа өгнө, үлдсэнийг нь ажил төрөлтэй хүн юм чинь өгөөрэй л гэж хэлж байсан. Би энэ хүний тусыг үгүйсгээгүй. Хагас жил гаруй хамтран ажилласан учраас бие биендээ итгэн мөнгө өгсөн. Өдий болтол өгч чадаагүй шалтгаан бол үнэхээр миний боломж байгаагүй. Миний цалингийн зээл өндөр байсан болохоор хамт ажилладаг багшаараа зээл авхуулж 5000000 төгрөг Бороогийн данс руу хийсэн. Энэ учраа ч хэлж байсан. Тэгж хүнээр зээлдүүлсэн мөнгөө төлж чадахгүй байсаар хашаа байшинд асуудал үүссэн. Хамт ажилладаг багшаараа зээл авхуулахдаа хашаа байшингаа барьцаанд нь тавьсан байсан. Байранд орох асуудал бол манай сургууль багш нарынхаа асуудлыг тусалж дэмжье гээд орсон. Өгөхгүй гэх сэтгэл байгаа юм бишээ. Утсаа 2, 3 удаа сольсон минь үнэн. Нэг нь яалт ч үгүй миний хүүгийн утас байсан. Сүүлдээ энэ хүнтэй юу ярих вэ дээ. Надад өгөх юм байгаагүй болохоор утсаа авч чадахаа байсан. Түүнээс залилах хүсэл байгаагүй. Нэхэмжлэлийг би хараад гайхаж байсан. 5000000 төгрөг авсанаа бичээгүй байсан. Бид нарын гол маргаан бол 3 ачаан дээр л байгаа. Ер нь их л зүдэрч явсан даа. Энэ 14000000 төгрөг явж явж 3 ачаан дээр л үлдсэн. Үүнийг хоёр тал 2-лаа хүлээн зөвшөөрнө. Энэ хоёр одоогийн ханшаар үнэлээд би тухайн үеийн ханшаар үнэлээд байгаа юм. Надад үнэхээр тэгж үнэлж өгөх боломж алга байна гэж хэлмээр байна. Би уг нь дүүгийнхээ нэр дээрх газрыг 3 ачаан дээр нь тохироод үнэлээд өгье гэж тохирсон байсан. Үнэхээр би дүүтэйгээ хэдэн төгрөгний асуудалтай байсан болохоор дүү маань газраа өгөхгүй гээд буцаасан нь үнэн. Сүүлд нь дүүтэйгээ ярилцаад газрыг өгье гэсэн гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

 Нэхэмжлэгч Д.Лхавгасүх нь хариуцагч Л.Авидноровоос  модон материал авахаар өгсөн 14000000 төгрөгөөс үлдсэн 7000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Л.Авидноров нэхэмжлэгчээс 14000000 төгрөг зээлсэн нь үнэн, уг мөнгөөр хашаа байшин худалдан авсан. 14000000 төгрөг  авсан болон  5000000 төгрөгийг дансаар, 1 ачаа банз өгсөн, асуудал дээр маргаагүй ба нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлага 7000000 төгрөгийг үл зөвшөөрч хариуцагч Л.Авидноров  3 ачаа банзны мөнгө 4416000 төгрөгийг төлнө, одоогоор өгч чадахгүй гэж маргана.

Нэхэмжлэгч Д.Лхагвасүх нь хариуцагч Д.Авидноровд хашаа байшин авахад мөнгө хэрэг байгаа тул 14000000 төгрөгийг  өгч ба хариуцагч  нь уг  мөнгөнд модон материал нийлүүлж төлбөрийг барагдуулахаар тохиролцсон ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дүгээр зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тэдний 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Д.Лхагвасүхэд, хариуцагч Л.Авидноровоос гаргасан бичгээр гаргасан баталгаа болон тэдний шүүхэд гаргасан тайлбаруудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараас үзвэл хариуцагч Л.Авидноровд  нэхэмжлэгч Д.Лхагавсүх нь  банз мод худалдан авахаар 2012 оны 08 дугаар сард 14000000 төгрөгийг түүний хүссэнээр урьдчилан өгсөн ба хариуцагч нь  банз мод нийлүүлэхээр  тохиролцсон,  уг мөнгийг хариуцагчид өгсөн авсан мөнгөний үнийн дүн дээр нэхэмжлэгч, хариуцагч нар үл  маргаагана.

 

Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлд зааснаар худалдагч тал болох Л.Авидноров нь худалдан авагч Д.Лхавгасүхэд банз модыг  өмчлөлд /эд хөрөнгийг/  шилжүүлэн өгснөөр  гэрээ байгуулагдсанд тооцогддог ба Нэхэмжлэгч Д.Лхагвасүх, хариуцагч Л.Авидноров нарын хооронд 2012 оны 8 сард Д.Лхавгасүх нь банз модны үнийг Л.Авидноровын хүссэнээр урьдчлан өгсөн байна. Хариуцагч Л.Авидноров нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч тал гэрээгээ цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна. 8 дугаар сард банз мод нийлүүлэх хэлцэл хийгдсэн ба хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул 2016 оны  5 дугаар сарын 18-нд нэхэмжлэгч Д.Лхагвасүх, хариуцагч Л.Авидноров нарын хооронд дахин гэрээ байгуулж ноториатаар баталгаажуулсан байна. Нэхэмжлэгч Д.Лхагвасүх, Л.Авидноров нь 2016 оны 05 дугаар сарын 18-нд  тооцоо нийлж 3 ачаа 1 тэвш 9.2 м3 тооцож 27.6 м3, 5 см зузаантай цэвэр банз өгөхөөр тохиролцож, уг ачааг 2016 оны 07, 08 дугаар сард ачаагаа өгөөгүй тохиолдолд  6072000 төгрөг төлөх болно гэж /хх-2/  баталгаа гаргасан байна. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын бичгээр үйлдсэн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн  гэрээг үндэслэн хариуцагчаас 6072000 төгрөгийг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг 928000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчээс хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс холбогдон гарсан зардал шүүх хуралдаанд 2016 оны 02 дугаар сарын 18, 2017 оны 03 дугаар сарын 23-нд ирэхэд автомашинд хийсэн бинзений төлбөр 60000 төгрөгийг гаргаж үлдэх 118000 төгрөгний баримт нь шаардлага хангахгүй тул хэлэлцэхгүй үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Лхагвасүх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч Л.Авидноровоос улсын тэмдэгтийн хураамжинд 112102 төгрөгийг гаргаж төрийн санд оруулах. Энэ хэрэгт нэхэмжлэгч Д.Лхавгасүхийн нөхөр В.Дамдинсүрэн нь итгэмжлэлээр оролцсон ба В.Дамдинсүрэнд олгосон нэхэмжлэл нь иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан тул төлөөлөл хэрэгжүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Авидноровоос 6072000 төгрөг, гэрээ зөрчсөнөөс учирсан хохирол 60000 төгрөгийг тус, тус гаргуулж нэхэмжлэгч Д.Лхагвасүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 928000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Лхагвасүхийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Авидноровоос 112102 төгрөгийг гаргаж төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ