Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
Хэргийн индекс | 140/2017/00060/И |
Дугаар | 14 |
Огноо | 2017-06-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 14
Б.*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүх
хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч: Ж.Баттогтох
Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр
Бусад оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.*******
Прокурор: Б.*******
Нарийн бичгийн дарга: Э.******* нар оролцов.
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж шийдвэрлэсэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 153 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурор Б.*******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Алтай Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-ны Богдын голын Усан цахилгаан станц ХХК-ны Дизел машинистаар ажилладаг. Гэтэл 2016 оны 04-р сараас 2016 оны 11-р сар хүртэл бүтэн 8 сар гаруй хугацаанд намайг Завхан аймгийн Цагдаагийн газраас 2 удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар хулгайн гэмт хэргээр Прокурорын байгууллагад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлж, прокурорын байгууллагаас дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн яллаж, шүүхэд шилжүүлж, нэг удаа шүүх хуралданаар орж эцэст нь прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Намайг ор үндэсгүй хилс хэрэгт татаж, ялласан.
Би өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ 8 жил нэг байгууллагад тасралтгүй ажиллаж байгууллага хамт олондоо ажил хөдөлмөрөөрөө олон удаа үнэлэгдэж байгууллагын аврага, шилдэг ажилтан, тэргүүний ажилтнаар шалгарч эрчим хүчний яамны жуух бичгээр шагнагдаж байсан бөгөөд тэр хэмжээгээрээ шударгаар ажиллаж хөдөлмөрлөсөн миний нэр төр, амьдарч буй аймаг, байгууллага хамт олон, ажил мэргэжлийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн гэж үздэг. Миний шударгаар ажиллаж олж авсан дээрх нэр төр, алдар хүндийг маань нэг л өдөр хулгайчаараа дуудуулан цагдаа, прокурорын байгууллагын үүдийг сахих болсон нь миний амьдралд арилшгүй хар толбо болсон.
Би үндэсний сурын спортоор хичээллэдэг бөгөөд 2016 оны үндэсний их баяр наадмын Завхан аймгийн сурын харваанд амжилтгүй оролцсон, мөн Баруун бүсийн үндэсний сурын харваанд мөн л амжилтгүй оролцсон нь энэ хууль бус ажиллагаа, хилс хэрэгт гүтгэгдэн цагдаа, шүүхийн байгууллагад байнга дуудагдаж байсантай шууд холбоотой.
Миний 2016 оны спортын гол зорилго улсын аврагад оролцож амжилт үзүүлэх явдал байсан бөгөөд даанч надад цагдаагийн байгууллагаас батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан учраас явж чадаагүй юм.
Ийм гүтгэлэг, хууль бус ажиллагаа миний сэтгэл санаа, гэр бүлд маань их хэцүү тусч байсан. Энэ хугацаанд сэтгэл санаагаар хохирсноос гадна эд мөнгөний болон шууд бус зардлууд гарсан. Цагдаагаас прокурорлуу шилжүүлнэ гэхээр нь хувийн өмгөөлөгчийг 1,400,000 төгрөгөөр гэрээ байгуулан хөлсөлж авсан.
Мөн би Өлзийт багаас цагдаагийн байгууллага байрлах Богдын гол баг, Прокурор, Шүүхийн байгууллага байрлах Жинст баг руу байнга унаагаар ирж очиж байсан. Мөн албан газраасаа олон удаа чөлөө авч байцаалтанд байцаагдаж байсан. Энэ болгонд зардал гарч байсан.
Иймд өмгөөлөгч хөлсөлсөн зардал 2,400,000 төгрөг, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, нийт 12,400,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагт прокурорын буруутай үйл ажиллагаанаас болж хүн хохирсон бол төр хохирлыг барагдуулна гэж заасан байгаа. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа прокурор нь өмнө нь энэ хэрэгт прокуророор оролцож яллаж байсан этгээд оролцож байгаа нь ашиг сонирхлын зөрчил болно гэж үзэж байна.
Б.*******ы хувьд ийм хэрэгт холбогдож сэтгэл санаагаар маш их унасан учраас өмгөөлөгч миний биеийг авч оролцуулсан. Мөн иргэний хэрэг дээр өмгөөлөгчийн хөлс төлж намайг оролцуулж байгаа. Тиймээс өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөгийг нэмэгдүүлж нэхэмжилж байна. Нийт 12,400,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Прокурор Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.******* би, Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүсэлтээр төрийг төлөөлж, иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож байна.
Нэхэмжлэгч Б.*******д холбогдох эрүүгийн 201613000066 дугаартай хэрэгт 2016 оны 04 сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд энэ хэрэгт түүнийг сэжиглэх дараах үндэслэлүүд байсан. Үүнд:
1. Гэрч Д.*******, О.******* нар нь гражаас алдагдсан эд зүйлс нь Б.*******аас хурааж авсан эд зүйлстэй адилхан байна гэж мэдүүлдэг,
2. Хэргийн байцаан шийтгэх ажиллагааны явцад таньж олуулах ажиллагаа хийж гүйцэтгэхэд гэрч нар алдагдсан эд зүйлс мөн байна гэж таньсан байдаг,
3. Хэргийн мөрдөн байцаалтын явцад мөрдөн байцаагч нь Б.******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь бүрэн нотлогдож байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт ирүүлсэн байдаг. Дээрх үндэслэлүүд байсан учраас прокурорын зүгээс хэрэг нь нотлогдох боломжтой байна гэж дүгнэж шүүхэд гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Шүүх хуралдаанаар дээрх хэргийг хэлэлцээд Б.*******ы гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй зөвхөн нэмж шалгах тодруулах зүйл байна гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан. Ингээд шүүхээс хэргийг буцаасаны дараа нэмэлт мөрдөн байцаалт хийгдэж уг хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр түдгэлзүүлсэн. Хэдийгээр Б.*******ы үйлдлийг хэрэгсэхгүй болгосон хэдий ч тухайн хэрэгт эцсийн шийдвэр гараагүй, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоогүй юм. Түдгэлзүүлнэ гэдэг бол сэргээх үндэслэл байвал сэргээж болдог, мөн түдгэлзүүлсэн хэргийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа дуусахад хэрэгсэхгүй болгодог хуульд заасан зохицуулалттай.
Иймд тухайн хэрэг шийдэгдээгүй байхад /Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж нэмж ажиллагаа хийж болдог/ сэтгэл санааны хохирол болон бусад асуудлыг шийдвэрлэх нь үндэслэлгүй юм. Мөн Б.*******ыг уг хэрэгт сэжигтнээр тооцож, ял сонсгох зэрэг ажиллагаануудын үед түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хийж буй ажил үүргийг түр түдгэлзүүлэх тогтоол гаргаагүй.
Мөн яг ямар үндэслэлээр сэтгэл санаа нь хохирсон гэж 11.400.000 төгрөг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, иргэний хэргийн материалд авагдсан баримтуудаас үзэхэд сэтгэл санаа хохирсон гэдгийг юуг үндэслэж, яаж тогтоох эсэх нь эргэлзээтэй байх тул Б.*******ы нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх саналтай байна гэжээ.
Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 2,400,000 /хоёр сая дөрвөн зуу мянга/ төгрөгийг гаргуулж *******ийн *******д олгож, нэхэмжлэлээс 10,000,000 /арван сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг, хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч, прокурор шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 153 дугаартай шийдвэрээр Б.*******д Засгийн газрын нөөц сангаас 2,400,000 /хоёр сая дөрвөн зуу мянга/ төгрөгийг гаргуулж, 10,000,000 /арван сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг прокурор 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан бөгөөд шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр гомдол грагж байна.
Гомдлын үндэслэл:
Шүүхийн шийдвэрт: “...Хүсэлт гаргагч нь нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч хууль бус ажиллагааны улмаас зовон тарчилсан, сэтгэл зүйн дарамтад орсон, айж балмагдсан, сэтгэлийн гутрал, сэтгэцийн өвчин эмгэгтэй болсон, нэр, төр, алдар хүндээрээ хохирсон зэрэг байдлаа нотлоогүй гэж үзэв. Иймээс хүсэлт гаргагч Б.*******ы өмгөөлөгч Б.*******д төлсөн хөлс 2,400,000 төгрөгийг хангаж, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэжээ.
Дээрх шийдвэрээр хууль бус ажиллагааны улмаас зовон тарчилсан, сэтгэлзүйн дарамтад орсон, айж балмагдсан, сэтгэлийн гутрал, сэтгэцийн өвчин эмгэгтэй болсон, нэр төр, алдар хүндээрээ хохирсон зэрэг байдлаа нотлоогүй гэж үзсэн атлаа өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн нь хуулийг буруу ойлгож ашигласан гэж үзэж байна.
Учир нь: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт “Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана.” гэж хохиролыг нөхөн төлөх үндэслэлийг хуульчлан тогтоосон байдаг.
Дээрх үндэслэлийг дурдаад мөн хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2 дахь хэсэгт “ 389.2.1.баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, 389.2.2. тухайн иргэнийг цагаатгасан шүүхийн тогтоол гарсан, 389.2.3.тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, 389.2.4. эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн хууль бус тогтоолыг хүчингүй болгосон бол” гэж заажээ.
Хэдийгээр Б.*******д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлэн түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон ч гэсэн мөрдөн байцаалтын шатанд баривчлаагүй, цагдан хоиогүй, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлээгүй мөн шүүхээсхууль бусаар ял шийтгээгүй, эмнэлэгийн байгууллагад байлгаагүй, албадан эмчилэх арга хэмжээ хэрэглээгүй тул дээрх нэхэмжилж буй зардлыг нөхөн төлөх хуульд заасан үндэслэл бий болоогүй юм. Мөн түүнд хохирол учирсан гэж дүгнээгүй атлаа өмгөөлөгчид төлсөн зардлыг гаргуулахаар шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 153 дугаартай шийдвэрийн Б.*******ы өмгөөлөгчид төлсөн гэх 2.400.000 төгрөг гаргуулах гэснийг хүчингүй болгуулахаар гомдол бичив гэжээ.
Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэсэн байдаг.
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1- т Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж заасан байдаг. Эдгээрээс үзэхэд хууль бус ажиллагааны хийгдсэний дараа зөрчигдсөн эрхийг сэргээх асуудал хохирлыг нөхөн төлөх асуудал үүсэхээр байна.
Хууль бус үйл ажиллагаа гэж тогтоогдоогүй нөхцөлд гэм хорын хохирлын асуудал үүсэхгүй гэж үзэж байна. Тодруулбал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2-т заасны дагуу нөхөн төлбөр шаардах үндэслэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-т зааснаар хууль бус ажиллагаа заавал явагдсан байхыг шаардсан байна. Цагдаагийн байгууллагаас шалгах үндэслэл байгаад шалгаж тогтоосны дараа хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл ажиллагаа нь хууль бус учраас бусдад гэм хор учруулсан гэж үзэх нь учир дутагдалтай байна.
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн өмгөөлөгчийн хөлс гаргуулах шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээж өгөхийг хүсч байна гэв.
Нэхэмжлэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүх өмгөөлөгчийн хөлсийг гаргуулахаар шийдвэр гаргасан. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн боловч гаргаагүй, мөн цалин гаргуулах шаардлагыг нотлох баримт бүрдүүлээгүй гэж үзээд хохирлыг гаргаагүй. Би тэр хэрэгт холбогдож их хохирсон гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-т зааснаар өмгөөлөгчид төлсөн зардал нь байцаан шийтгэх ажиллагааны зардалд тооцогддог. Энэ нь гэм хорын хохирол биш юм. Прокурор Б.*******ын өөрийн буруутай үйл ажиллагаанаас учирсан гэм хорын асуудал яригдаж байхад энэ прокурор улсыг төлөөлж мөн оролцож байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хурал дээр мөн энэ талаар дурдсан.
Гэм хорын хохиролтой холбоотой асуудал яригдаж байхад шүүгч дангаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргах нөхцөл байдал байсан ч үйлчлүүлэгч маань энэ хэргийн улмаас цаг зав, зардал мөнгө их гаргаж байгаа учраас гомдол гаргаагүй байсан. Прокурорын гэм буруутай үйл ажиллагаанаас үүссэн хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь хууль бусаар хулгайн гэмт хэрэгт холбогдуулан шалгагдсаны улмаас сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.400.000 төгрөг, нийт 11.400.000 төгрөгийг төрөөс гаргуулахаар хүсэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа 1.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 12.400.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар Б.*******ыг бусдын агуулах саванд хууль бусаар нэвтрэн орж, бусдад 2.630.000 төгрөгний хохирол учруулсан” гэсэн гэмт хэрэгт холбогдуулан Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэнээр тооцож, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийн шүүхэд шилжүүлсэн, шүүх хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.
Завхан аймгийн Прокурорын газар нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5/11 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шитйгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэсэн үндэслэлээр Б.*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь тогтоогджээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 2.27 дахь хэсэгт “ Хүн бүр эдийн болон сэтгэл зүйн хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй”
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “ Монгол Улсын хууль, Олон улсын гэрээнд заасан эрх эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх.. эрхтэй”
Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэхь хэсэгт “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан ...этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохиролыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана”
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэгт ...Монгол улсын иргэн...хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч , прокурор шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавараа арилгуулах... эрхтэй, мөн хуулийн 389. 1 дэх хэсэгт дээрх учирсан хохиролыг төр хариуцан арилгах талаар тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтууд нь нэхэмжлэгч Б.*******ы шаардах эрхийн үндэслэл болж байгаа бөгөөд энэ зохицуулалтуудаас харахад “хууль бусаар” “хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан “ гэдэгт юуг ойлгохыг тайлбарлах шаардлага гарч байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2 дахь хэсгийн зохицуулалтаас харахад энэ зүйл хэсэгт заасан тохиолдол бий болсон үед хохиролыг нөхөн төлүүлэх эрх үүсэхийг “хууль бус ажиллагаа” гэж ойлгохоор байна.
Иймд Б.*******д Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэнээр тооцож, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн прокурорын тогтоол гарснаар Б.*******д Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3 дахь хэсэгт заасан “хохирол” нөхөн төлүүлэх эрх үүссэн байна.
Нэхэмжлэгч Б.******* нь хуульд заасан эдийн болон эдийн бус хохирлын аль алиныг нь төрөөс гаргуулахаар нэхэмжилжээ.
Тэрээр эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа өмгөөлөгч Б.*******тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, түүнд хөлс 1.400.000 төгрөг төлсөн нь тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс”-ийг мөн хуулийн 390.2 дахь хэсэгт зааснаар Б.******* улсын төсвөөс гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Харин Б.******* нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хохирол гаргуулах нэхэмжлэл гаргахдаа хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчид төлсөн хөлс нь мөрдөн байцаагч, прокурорын хууль бус ажиллагаанаас учирсан хохирол биш, Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн хувьд өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэхэд иргэнээс гарсан зардал тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хохиролд хамаарахгүй байна.
Гэтэл анхан шатны шүүх Б.*******ы иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчид төлсөн хөлс 1.000.000 төгрөгийг мөрдөн байцаагч, прокурорын хууль бус ажиллагааны улмаас учирсан шууд бус хохирол гэж дүгнэж, төрөөс гаргуулж шийдвэрлэсэн нь хууль бус ажиллагаатай холбогдон гарсан шууд бус хохиролыг төр хариуцахгүй” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч Б.******* нь иргэний хэрэгт өмгөөлөгчид 500.000 төгрөгийг төлсөн 500.000 төгрөгийг төлөөгүй байгаа гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж, байгаагаас үзэхэд тэрээр 1.000.000 төгрөгний хохирол учирсан гэдэгээ шүүхэд хангалттай нотлож чадаагүй байна гэж үзнэ.
Мөн нэхэмжлэгч Б.******* нь сэтгэл санааны хохирол гэж 10.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт “эдийн бус хохиролыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө гэж заасан, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч мөн зүйлийн 230.2-дахь хэсэгт “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байна.
Гэтэл эдийн бус гэм хорыг арилгах талаар зохицуулсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд “сэтгэл санааны хохирол”-ыг арилгах асуудал зохицуулагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах боломжгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.*******ы нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа нь хэрхэн ямар байдлаар хохирсон, түүний шинж байдлыг харгалзан үзэж дүгнээд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахгүй орхисон нь буруу биш байна.
Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зарим хуулийн холбогдох заалтыг орхигдуулсан хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 153 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтын “...510 дугаар зүйлийн 510.1” гэсний дараа “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 390 дүгээр зүйлийн 390.1.5” гэсэн заалтыг нэмж,
“Засгийн газрын нөөц сангаас 2,400,000 /хоёр сая дөрвөн зуу мянга/ төгрөгийг гаргуулж *******ийн *******д олгож, нэхэмжлэлээс 10,000,000 /арван сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Засгийн газрын нөөц сангаас 1.400.000 /нэг сая дөрвөн зуу мянга/ төгрөгийг гаргуулж *******ийн *******д олгож, нэхэмжлэлээс 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН
Б.АРИУНБАЯР