Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 26

 

П.Ц-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 163/2018/0092/Э

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                               

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                           П.Шижиртуяа

           Шүүгдэгч                                            П.Ц

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                    Э.Алтан-Уяа

           Нарийн бичгийн дарга                      Н.Эрдэнэбулган нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолтой П.Ц-т холбогдох 1815000870083 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Ц-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, М овогт П-ийн Ц нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Мааньт” гэх нэртэй газарт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч М овогт П-ийн Ц-ыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч П.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Ц-ын гэмт хэрэг үйлдэж олсон “шинэс” төрлийн 4 метр куб мод болон 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн ... улсын дугаартай цэнхэр өнгийн ачааны “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн шүүгдэгчээс тус тус албадан гаргуулж улсын төсөв шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Ц давж заалдах гомдолдоо: Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаль экологид учруулсан модны экологи эдийн засгийн үнэлгээ 125.685 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлэн 377.055 төгрөгийг хохирол төлбөрт төлж хохирлыг бүрэн барагдуулсан. Би хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокурорын сонсгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг зөрчин прокурорын саналын хүрээнд надад эрүүгийн хариуцлага хүлээлгээгүйд гомдолтой байна. Прокурор хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр торгуулийн ялыг дангаар нь оногдуулахаар шийдвэрлэсэн байтал шүүхээс миний эзэмшлийн ... улсын дугаартай битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлэх шийдвэр гаргасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж би үзэж байна. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүх прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж би бодож байна. Мөн шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлаагүйд гомдолтой байна. Энэ зүйл заалтад хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна. Би хохирлыг бүрэн барагдуулсан тул шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг эзэмшигч өмчлөгчид нь буцаан олгож өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Шижиртуяа дүгнэлтдээ: “… Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ... улсын дугаартай битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг шүүгдэгчид  олгох саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг ”Мааньт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 4.41 м.куб хуурай мод бэлтгэн, .... улсын дугаартай Хьюндай Портер маркийн автомашинаар тээвэрлэж, байгаль экологид 125.685 төгрөгийн хохирол учруулсан болох нь

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16/, хохирогч Ч.Б-ийн “...эрхийн бичиг олгогдоогүй...” гэх мэдүүлэг /хх 28/, гэрч Г.З-ийн “...шөнө 02 цагийн үед ... дугаартай Портерт мод тээвэрлэж явсан. Ц жолоодож явсан...” гэх мэдүүлэг /хх 29/, гэрч Х.У, Г.Г, С.Г нарын мэдүүлэг, модны экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх 47/ болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Л.Ц-ын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Л.Ц нь “... Прокурорын саналын хүрээнд шүүх надад торгох ял оногдуулсныг зөвшөөрч байна. Харин миний машиныг хураасанд гомдолтой байх тул буцаан олгохоор шийдвэрлэж өгнө үү. ..” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл хамаарах бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Huyndai Porter маркийн ... улсын дугаартай автомашин нь шүүгдэгч Л.Ц-ын эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан баримт /хх 14/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авахаар тусгасан боловч

шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, дээрхи тээврийн хэрэгслийг шүүгдэгч Л.Ц-т буцаан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтыг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн 4.41 м.куб шинэс модыг битүүмжлэлээс чөлөөлж улсын төсөв шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, ... улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж шүүгдэгч Л.Ц-т буцаан олгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Л.Ц-ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

   ШҮҮГЧ                                     С.УРАНЧИМЭГ

                                                         М.ХҮРЭЛБААТАР    

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ё.БЯМБАЦЭРЭН