Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч П.Ц******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан П.Ц*******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815000870083 дугаартай, 163/2018/0092/Э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч:

Монгол улсын иргэн, 1970 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сум, Их залуу баг, Шандын 23-30 тоот орших бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт П******* Ц******* РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

П.Ц******* нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Мааньт” гэх нэртэй газарт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Ц*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уучлалт хүсэж байна. 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр “Дөмөг” захын өвс зардаг фондноос 60 боодол өвс ачаад шүлхийн постонд бүртгүүлж “Мааньт” гэх нэртэй газарт өвсөө ахындаа буулгасан. Буцаж явахад машин хий эргээд явахгүй байхаар нь “Мааньт” гэх газрын уулын аманд очиж модны үзүүр, дорцов гэх зүйлсийг ачаад буцаж явж байгаад шөнийн 02 цагт постонд бүртгүүлэх гэж байгаад саатуулагдсан гэв.

1815000870083 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Ч.Б******* мэдүүлэхдээ: Би шүлхийн өвчний үеийн устгалын ажлын хэсэгт ажиллаж байх хугацаанд буюу 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдөр Бугат сумын 3-р багийн нутаг “Мааньт” гэх газраас иргэн Пашка овогтой Ц******* нь хууль бусаар буюу мод бэлтгэх эрхийн бичиггүй түлшний мод бэлтгэн тээвэрлэж яваад саатуулагдсан байсан..., нэг Портер машин мод бэлтгэн тээвэрлэсэн байгаа нь 4м3 түлшний мод бэлтгэн тээвэрлэсэн. Экологи эдийн засгийн үнэлгээ гарахаар учруулсан хохирлыг нэхэмжилнэ. Хохирлоо төлсөн тохиолдол нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-н 27-28 хуудас/,

Гэрч Г.З******* мэдүүлэхдээ: Би тухайн өдөр хяналтын постод үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнө 02 цагийн үед 22-17 ОРО дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн автомашиныг шалгахад ямар нэгэн бичиг баримтгүй мод тээвэрлэж явахад нь саатуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,

Гэрч Х.У******* мэдүүлэхдээ:...би Д.Б, П.Ц*******, Ч.М гэх нэг ч хүнд мод бэлтгүүлэх эрхийн бичиг өгөөгүй гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,

Гэрч Г.Г мэдүүлэхдээ:...би хяналтын постонд 24 цагаар 7 хоног үүрэг гүйцэтгэсэн. 2018 оны 3 дугаар сарын 09-ны шөнийн 03 цагийн орчим П.Ц******* ах цэнхэр өнгийн дугаарыг нь санахгүй байна Портер маркийн автомашинтай мод тээвэрлэж яваад саатуулагдсан гэх мэдүүлэг /хх-н 32-33 хуудас/,

Гэрч С.Г мэдүүлэхдээ: ...би Ц******* гэх хүнийг танихгүй..., мод бэлтгэх газар очих талаар үүрэг өгөх ямар нэгэн эрх мэдэл, боломж байхгүй гэх мэдүүлэг /хх-н 34 хуудас/,

Яллагдагчаар П.Ц*******ын өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр би ******* аймгийн Дөмөг захын цаад талд байдаг зах дээр очоод пондын өвс зарж байхаар нь 60 боодол өвс худалдаж аваад Булган аймгийн Бугат сумын нутаг Мааньт гэх газарт өвөлжиж байсан ахындаа буулгах гээд явж байсан чинь Мөнхтөр машинтайгаа явж байсан. Тэгээд би Мөнхтөртэй уулзсан чинь “Булган аймгийн Бугат сумын засаг дарга, ******* аймгийн ******* сумын засаг дарга нар хоорондоо гэрээ байгуулан шүлхий постон дээр мод бэлтгэж, буулга өглөө модондоо явахдаа постон дээр бүртгүүлэн орой модтой орж ирэхдээ постон дээр бүртгүүлж, постон дээр буулгаж бай” гэж хүмүүс хэлсэн гэж “надад хэлж” байсан. Тэгээд би ахындаа очоод өвсөө буулгачихаад тэр өдрөө ахындаа хоночихоод маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдөр гэр лүүгээ буцаж явж байгаад цас ихтэй машин “хий эргээд” явахгүй болохоор нь “Мааньт” гэх ууланд очоод унасан униаг үзүүрээс ачаад ******* аймаг руу явж байгаад морь барианы пост дээр очсон чинь цагдаа нар тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Би өөрийн эзэмшлийн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 53 хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 13-14 хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20 хуудас/,

шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-41, 47 хуудас/,

нөхөн төлбөр тооцуулах тухай тэмдэглэл /хх-ийн 48 хуудас/,

эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол /хх-ийн 68 хуудас/,

хохирлын баримт /хх-ийн 76 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Ц*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч П.Ц******* нь 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Мааньт” гэх нэртэй газраас улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслээр 4 метр куб “шинэс” төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч П.Ц*******ын...машин хий эргээд явахгүй байхаар нь “Мааньт” гэх газрын уулын аманд очиж модны үзүүр, дорцов гэх зүйлсийг ачсан...гэх, хохирогч Ч.Булган-Эрдэний...иргэн Пашка овогтой Ц******* нь хууль бусаар буюу мод бэлтгэх эрхийн бичиггүй түлшний мод бэлтгэн тээвэрлэж яваад саатуулагдсан байсан..., 4 метр куб түлшний мод бэлтгэн тээвэрлэсэн...гэх,

гэрч Г.З*******гийн...шөнө 02 цагийн үед 22-17 ОРО дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн автомашиныг шалгахад ямар нэгэн бичиг баримтгүй мод тээвэрлэж явахад нь саатуулсан...гэх,

гэрч Х.У*******ын...би Д.Б, П.Ц*******, Ч.М гэх нэг ч хүнд мод бэлтгүүлэх эрхийн бичиг өгөөгүй гэх,

гэрч Г.Ган-Соёмбын...П.Ц******* ах цэнхэр өнгийн дугаарыг нь санахгүй байна Портер маркийн автомашинтай мод тээвэрлэж яваад саатуулагдсан...гэх, гэрч С.Гын...би Ц******* гэх хүнийг танихгүй..., мод бэлтгэх газар очих талаар үүрэг өгөх ямар нэгэн эрх мэдэл, боломж байхгүй...гэх мэдүүлэгүүд, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 13-14 хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20 хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-41, 47 хуудас/,

нөхөн төлбөр тооцуулах тухай тэмдэглэл /хх-ийн 48 хуудас/,

эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол /хх-ийн 68 хуудас/,

хохирлын баримт /хх-ийн 76 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч П.Ц*******ын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 125685 төгрөгийн шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 377055 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ц******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Хавтас хэргийн 14 дүгээр талд авагдсан №01619515 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх улсын дугаартай Портер маркийн, цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Пашка овогтой Ц*******ын эзэмшилийнх болох нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...”гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө..., орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”..., мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасны дагуу шүүгдэгч П.Ц*******ын гэмт хэрэг үйлдэж олсон “шинэс” төрлийн 4 метр куб мод болон 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн улсын дугаартай цэнхэр өнгийн ачааны “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн шүүгдэгчээс тус тус албадан гаргуулж улсын төсөв шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Хавтас хэргийн 71 дүгээр талд шүүгдэгч П.Ц*******ын эзэмшилийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 5/89 дугаартай прокурорын яллах дүгнэлтийн хавсралтын 6-т ...”22-17 ОРХ” улсын дугаартай гэж зөрүүтэй бичсэнийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Ц*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч П.Ц******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт П******* Ц*******ыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц******* нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч П.Ц******* нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Ц*******ын гэмт хэрэг үйлдэж олсон “шинэс” төрлийн 4 метр куб мод болон 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн улсын дугаартай цэнхэр өнгийн ачааны “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн шүүгдэгчээс тус тус албадан гаргуулж улсын төсөв шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ц*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.ДЭЛГЭРМӨРӨН