Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 16

 

Д.*******үүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.*******үү

Нарийн бичгийн дарга: Э.******* нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж, шүүгч Т.Балжинням, Б.Ихтамир  нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 250 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч Д.*******үү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.*******үү нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.*******үү  Завхан аймгийн Автотээврийн төвд тасалбар түгээгчийн ажил хийж байсан. Гэтэл дарга Э.*******э нь 2016 оны 04 сарын 05-ны өдрийн Б/04 тоот тушаалаар ажлаас халсан. Уг тушаалыг би эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс 2016 оны 07 сарын 19-ний өдрийн 257 тоот тогтоолоор хариуцагч Завхан аймгийн Автотээврийн төв нэхэмжлэгч миний бие харилцан тохиролцон намайг Автотээврийн төвд эгүүлэн тасалбар түгээгчийн ажилд авах, ажилгүй байсан үеийн нөхөн олговор болох 3.142.950 төгрөгийг надад олгохоор шийдвэрлэсэн юм. Гэтэл Завхан аймгийн Автотээврийн төв 2016 оны 07 сарын 19-ний өдрийн 257 тоот захирамжаас ажилгүй үеийн нөхөн олговор олгож харин  ажилд эгүүлэн  тогтоолгох шүүхийн  шийдвэрийг  өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд 2016 оны 08 сарын 01-нээс 2017 оны 02 сарын 13-н хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах үндэстэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч П.******* анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Завхан аймгийн Автотээврийн  төв нь  Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын салбар байгууллага юм.

Тус төв нь “Аймгийн автотээврийн төв”-ийн нийтлэг журмын дагуу ямар  нэгэн шийдвэр гаргадаггүй болно.  Иймд нэхэмжлэгч Д.*******үү Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газарт хандана уу. Аймгийн автотээврийн  төвийн  нийтлэг дүрмийн өөрчлөлтийг хавсаргав гэжээ.

Нэхэмжлэгч Д.*******үү анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Би өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би Завхан аймгийн Авто тээрийн төвд тасалбар түгээгчийн ажлыг хийж байгаад 2015 оны  04 сарын 10-наас  ажлаасаа халагдсан. 2016 оны 11-р сарын 01-нээс 2017 оны 05-р сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 4578350 төгрөг нэхэмжилж байна. Энэ хооронд ажилгүй байсан ажлын 143 хоног байна.

 Намайг  ажилд томилсон шүүхийн шийдвэр биелээгүй. Манай дарга намайг 08 сарын 01-ний өдрөөс чамайг ажилд чинь авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би  08 сарын 03-ны өдөр *******э даргын өрөөнд ороод оочер ачаалал их байна *******той ээлжлээд ажиллъя гэхэд чи ганцаараа ажиллаж бай *******ын тушаалыг гаргаагүй. Чамайг ажилд авсан тушаал 08 сарын 01-нээс гарсан байгаа учраас чи ганцаараа ажиллаж бай гэж хэлсэн.

Тэгээд би 08 сар бүтэн ажилласан. Тэгээд 08 сарын 26-ны өдөр манай байгууллагын нягтлан над дээр орж ирээд одоо ажилчдын цалин бодох гээд байна. Чи ажилд орсон тушаалаа гаргуулаач гэж хэлсэн. Тэгэхэд нь би миний тушаал гарсан гэсэн гэхэд гаргаагүй. Бусад хүмүүсийн тушаал гараад цалин нь бодогдож байна. Чиний тушаал байхгүй учраас цалин бодох боломжгүй байна гэж хэлсэн.

Тэгээд би Авто тээврийн үндэсний төвийн хүний нөөцийн мэргэжилтэн ******* гэдэг хүн рүү удаа дараа яриад  тушаалаа гаргуулмаар байна гэж хэлсэн. Тэгэхэд ******* надад чи ажлаа хийхгүй түр байж бай. Одоо нам засаг солигдоод манай дарга солигдох гэж байна гэсэн. Тэгээд би ажлаа хийгээгүй. Тэгээд байж байтал чамайг ажилд чинь авахааргүй болсон. Чиний хийж байсан тасалбар түгээгчийн ажлыг өөрчлөөд тээвэр зохиуцуулагч гэсэн нэртэй болсон гэж хэлсэн. Миний хийж байсан ажлын нэрийг нь сольсон болохоо биш өмнө нь ажиллаж байсан хүмүүс ажлаа хийж байгаа юм.

Намайг *******э даргатай уулзахад 2016 оны 05 сарын 01-ний өдрөөс би тушаал гаргахаа больсон. Дээд газар ажилд авах, ажлаас чөлөөлдөг болсон гэж хэлсэн. Тэгээд би 11-р сард Авто тээврийн үндэсний төвийн дарга ******* гэдэг хүнтэй утсаар ярьсан. Тэгэхэд намайг тамгын газрын хүний утсыг олоод ярь гэж хэлсэн.

Тэгээд би *******гээс тамгын газрын дарга Мөнгөн гэдэг хүний дугаарыг нь олоод ярихад таны асуудлыг ойлголоо. Таны асуудлыг шийднэ. 6-7 хоногийн дараа над руу эргээд ярь гэж хэлсэн. Тэгээд тэр хүн рүү удаа дараа 10-аад удаа ярьсан. Тэгэхэд за байж бай. Эргээд эсхүл за би хуралтай байна гээд байдаг байсан.

Тэгээд байж байтал ******* гэдэг хүн над руу яриад чиний ажиллаж байсан орон тоо өөрчлөгдсөн учраас  8, 9 сарын цалингаа ав. Тантай өөр яриа байхгүй гэж хэлсэн. Тэгээд би нягтландаа 8, 9 сард ажилласан үнэн тул цалин олгож өгнө үү гэсэн хүсэлт нягтланд бичиж өгсөн. Тэгээд таг чиг болсон. Тиймээс шүүхийн шийдвэр биелээгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч П.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь манай байгууллага биш. Учир нь манай байгууллага ажилтан авах ажлаас чөлөөлөх ямар нэгэн шийдвэр гаргадаггүй.  Би сая шүүх хуралдаанд орохоосоо өмнө дээд газрынхаа хуулийн зөвлөхтэй ярьсан. Тэгэхэд чи  шүүх хуралдаанд орох эрхгүй. Манай байгууллага хариуцагчаар орох ёстой.  Тиймээс манай байгууллагад хандах ёстой гэсэн тайлбар хэлсэн. Тиймээс хариуцагчийг сольж өгөөч гэж хүсч байна. 2015 оны 01 сарын 01-нээс 2016 оны 09 сарын 01 хүртэл *******э нь ажилтанг ажилд авах ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байсан. Өнөөдрийн миний тухайд бүтэц нь өөрчлөгдөөд салбарын захирал ажлаас чөлөөлөх ажилд авах талаар санал л өгөхөөс биш тушаал гаргах эрхгүй болсон. Тиймээс надад энэ талаар хэлэх, мэдэх зүйл алга. Энэ асуудлын талаар хуулийн зөвлөхдөө хэлэхэд чи хариуцагч биш гэдэг асуудлыг ярьж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана гэж заасан байгаа. Өмнө нь энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байсан. Тэгэхэд Завхан аймгийн Авто тээврийн газар хариуцагчаар оролцож байсан. *******үү нь Завхан аймгийн Авто тээврийн газарт тасалбар түгээгчийн ажил хийдэг байсан. Энэ үйл ажиллагаагаа Завхан аймагт явуулдаг байсан учраас энд нэхэмжлэл гаргасан. Тиймээс хариуцагчийг солих хүсэлт гаргахгүй *******үүг *******э дарга тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. *******үүг ажилд эгүүлэн томилсон анхан шатны шүүхийн шийдвэр биелээгүйн улмаас үүссэн хохирлыг нэхэмжилж байгаа юм. Өмнөх шүүхийн  шийдвэр биелээгүй гэдэг нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагын төлөөлөгчийн аль алиных нь тайлбараар нотлогдож байна. Тиймээс *******үүгийн нэхэмжилж байгаа мөнгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

 Анхан шатны шүүх: Д.*******үүгийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Автотээврийн  төвд холбогдох  ажилгүй байсан хугацааны олговор 4.578.350 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдддөг  болохыг дурдаж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.*******үү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  

Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 250 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний нэхэмжлэлтэй Завхан аймгийн Авто тээврийн төвд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд хэргийг хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.*******үүгийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 250 дугаартай шийдвэрийг 2017 оны 05 дугаар сарын 31-нд хүлээн авч танилцаад уг шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Д.*******үүг ажилд орсон гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй *******үү нь 2 сар ажилласан ба энэ хугацааг буцаан ажиллуулсан эгүүлэн тогтоосон гэж үзэх боломжгүй. Д.*******үү нь нэхэмжлэлийн шаардлагаа ажиллаагүй үеийн цалин нөхөн олговор нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх талаар шүүхэд хандсан Д.*******үүг ажилгүй байсан үеийн нөхөн олговорыг 4.578.350 нэхэмжилж байгаа ч сард хэдэн төгрөгний цалин авдаг болохоо шүүхэд баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бодит байдалд тохироогүй дүгнэлт гэж үзэж байна.  Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.*******үү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна. Хоёр тал эвлэрч ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгож, 2016 оны 8 сард ажилд буцааж авна гэж тохирсон. Хариуцагч байгууллага намайг 2016 оны 8 сард ажилд буцаан авч 2 сар ажиллуулсан боловч ажилд авсан тушаал гаргаагүй. Ажилд авсан тушаал байхгүй гэсэн шалтгаанаар 2 сар ажиллуулаад цалин олгоогүй. 2016 оны 08  сарын 27-ны үед нягтлан бодогч амарч орж ирээд намайг тушаалаа гаргуул гэсэн. Би даргатай уулзаж тушаалаа гаргуулах гэтэл одоо манай дарга нар солигдоод боломжгүй байна гэсэн. Би 9 сарын 27 хүртэл ажилласан. 2016 оны 10 сараас хойш тасалбар түгээгч нь тээвэр зохицуулагч болсон учраас орон тоо чинь хасагдсан гээд намайг ажиллуулаагүй. 2016 оны 8, 9 сард ажилласан цалинг чинь олгоно өргөдлөө бичиж өг гэсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Д.*******үү нь Завхан аймгийн Авто тээврийн төвд холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4.578.350 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсч нэхэмжилсэн бөгөөд тэрээр нэхэмжлэлийнхээ  шаардлагынхаа хугацааг өөрчилж 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан олговор 4.578.350 төгрөг гаргуулахыг нэхэмжилжээ.

Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг байх бөгөөд энэ зүйл хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны олговор авах эрх нь ажилтан ажлаас үндэслэлгүй халагдаж, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоогдсон тохиолдолд үүсдэг.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.*******үү нь Завхан аймгийн Авто тээврийн төвд тасалбар түгээгчээр ажиллаж байгаад тус төвийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, тус шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагч байгууллага нь Д.*******үүг ажилд нь эгүүлэн авах, ажилгүй байсан хугацааны олговор олгохоор талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тогтоогджээ.

Ажил олгогч нь  шүүгчийн дээрх захирамжийг биелүүлж Д.*******үүг  Завхан аймгийн Авто тээврийн төвийн тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн авсан, эсхүл түүнийг эгүүлэн авч дахин ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой бус байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.*******үү нь 2016 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан бөгөөд шүүх энэ шалтгааныг тодруулаагүй зөвхөн түүний тайлбарт үндэслэн тэрээр ажилдаа буцаж ороогүй нь өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

 

Иймээс нэхэмжлэгч Д.*******үү нь Завхан аймгийн Авто тээврийн төвд тасалбар түгээгчийн ажлаас дахин чөлөөлөгдсөн эсэх, эсхүл ажил олгогч нь 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 257 дугаартай захирамжийг биелүүлсэн эсэхийг нэхэмжлэгч хариуцагчаас  тодруулж, энэ талаар дүгнэж, шийдвэрлэсэний эцэст тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар дээрх хугацаанд ажилгүй байсан хугацааны олговорыг шаардах эрх үүссэн эсэхийг шүүх шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 250 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР