Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 18

 

Р.*******ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Р.*******

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Т.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.*******

 Нарийн бичгийн дарга: Э.******* нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж шийдвэрлэсэн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 248 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.******* нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие Хяргас нуур-Завхан голын  сав газрын захиргаанд 2016 оны 01 сарын 13-нд бичиг хэрэг, няраваар ажилд томилогдон орсноос хойш үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүртэл ямар нэгэн  зөрчил дутагдал гаргалгүйгээр, үр бүтээлтэйгээр хийж гүйцэтгэж ирсэн.  Гэтэл Хяргас нуур-Завхан голын сав газрын  захиргааны даргын үүргийг  түр орлон гүйцэтгэгч Т.*******ын 2017 оны 03 сарын 14-ний өдрийн Б/05 тоот тушаалаар үүрэгт ажлаас чинь чөлөөлсөнд гомдолтой байна. Уг тушаалд 

1. Төсвийн  тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5

2. Хөдөлмөрийн тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1

3. Сав газрын зарим захиргаадыг татан буулгаж, нэгтгэн зохион байгуулах, байршлыг тогтоох, бүтэц, орон тоог, дүрмийг батлах тухай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 03 сарын 24-ний өдрийн А-83 дугаар тушаалын 13 дугаар хавсралт

4. Хөдөлмөрийн  дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтуудыг үндэслэл болгосон байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тушаалын агуулга нь байхгүй орон тоо хасагдсан  юм уу, цөөрүүлсэн юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Миний том охин С.*******э нь 2010 оны 04 сарын 27-нд төрсөн, бага охин С.******* 2014 оны 10 сарын 02 төрсөн бөгөөд 2017 оны 03 сарын 14-нд  2 нас 5 сартай байсан. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн надад ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлээ 2017 оны 02 сарын 22-ны өдрийн  өгч уг мэдэгдлээ 2017 оны 03 сарын 10-ны өдрөөр дуусгавар болгон цуцлахыг  мэдэгдэж байна гэсэн боловч 2017 оны 03 сарын 14-ний өдөр буюу 4 хоногийн дараа  ажлаас халсан  юм. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад тушаал гаргахаас 1 сарын өмнө мэдэгдэл өгөх ёстой гэж үзэж байна. Иймд Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны даргын тушаал 2017 оны 03 сарын 14-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан  хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.******* миний бие Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны даргын  албан ажилд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/35 тоот тушаалаар томилогдож үүрэгт ажлаа 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээж авахад байгууллага маань нийт 12 ажилчинтай буюу батлагдсан  бүтэц орон тооноос 3 хүнээр илүү орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байсан. Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын  сайдын 2016 оны 03 сарын 24-ний өдрийн А/83 тоот тушаалаар байгууллагын бүтэц орон тоо болохоор удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 7, үйлчлэх ажилтан 1 гэсэн нийт 9 орон тоотой батлагдсан байдаг.

Иймд миний бие байгууллагын төсвийн шууд захирагчийн хувьд Монгол улсын  Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажил үүргийнхээ дагуу тус хуулийн 16.5.3, 16.5.5, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/83 дугаар тушаал, байгууллагын 2017 оны батлагдсан төсвийг тус тус үндэслэн Р.*******ыг ажлаас чөлөөлсөн болно гэжээ.

Нэхэмжлэгч Р.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгчтэй эвлэрэх боломжгүй. Одоо манай хүүхэд 2 ой 7 сартай. Намайг ажлаас чөлөөлөгдөх үед 2 ой 5 сартай байсан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.*******ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэж ажлаас чөлөөлсөн байсан. Дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөх гэж байгаа талаараа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх ёстой гэсэн үүргээ биелүүлээгүй байна. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэх хуудас хуулийн шаардлага хангаагүй байна. ******* нь Хяргас нуур Завхан голын захиргаанд бичиг хэрэг, нярав гэсэн ажлын байранд ажиллаж байсан. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажлын байрны тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд ажлаас чөлөөлөх тухайгаа 1 сарын өмнө мэдэгдэнэ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт эмэгтэй хүний хөдөлмөрийг заасан байгаа. Ажил олгогч татан буугдсан, ноцтой зөрчил давтан гаргаснаас  бусад тохиолдолд 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Энэ маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэх ёстой. Хөдөлмөрийн хуулиар зохицуулах үндэслэл нь ажил олгогч  нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулиар  ажлаас чөлөөлөх үндэслэл нь 40.1.1-40.1.5 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөх үндэслэлтэй. Хавтаст хэрэгт авагдсан мэдэгдэх хуудсаа хэзээ хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан байгаа. Хавтаст хэрэгт *******ын хүүхдийн төрсний гэрчилгээ авагдсан байгаа. *******ын ажиллаж байсан орон тоо нь угаасаа байхгүй байсан орон тоо юм гэсэн тайлбар хэлж байна. Хэрвээ үнэхээр байхгүй байсан орон тоо юм бол энэ талаарх нотлох баримтаа хавтаст хэрэгт хавсаргаж өгөх ёстой байсан. Өмнө нь ямар орон тоотой байсан нь тодорхойгүй байна. 2016 онд бүтэц орон тоог баталсан хавсралт хавтаст хэрэгт авагдсан байна. Энэ хавсралтыг баталснаас хойш бичиг хэрэг нярвын орон тоонд 2017 оны 03 сарын 14-ний өдөр хүртэл ажиллуулсан байгаа.  *******ыг ажлаас чөлөөлсөн өдрөөс хойш  өнөөдрийн шүүх хуралдааны өдөр хүртэл ажлын 46 хоног байна. Ажилгүй байсан хугацааны цалин 1247815 төгрөг болж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 02 сарын 20-ны өдөр  *******ад мэдэгдэх хуудас өгсөн.  2015 оны 02 сарын 15-нд яамнаас над руу утсаар ярьсан. Танай бүтэц орон тоо данхайсан байна. Наад бүтэц орон тоогоо цэгцэл гэж Күбэ гэдэг ахлах мэргэжилтэн над руу ярьсан. Тэгээд би судалж үзэхэд манай бүтэц орон тоонд энэ орон тоо байхгүй юм байна лээ. Тэгээд би мэдэгдэх хуудсыг нь өгөөд ажлаас чөлөөлсөн юм. Би 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 69 дугаартай УИХ-ын тогтоол, мөн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангаж энэхүү шийдвэрийг гаргасан. Мэдэгдэх хуудас өгснөөс хойш заавал 1 сарын дараа ажлаас чөлөөлнө гэсэн хуулийн заалт байхгүй байх гэж бодож байна.  Хүүхэдтэй хүнийг ажлаас чөлөөлөхгүй байх гэсэн заалт энэ асуудалд хамаарахгүй байх. Манай байгууллагын батлагдсан орон тоогоороо нярвын ажлыг жолоочид хавсруулсан, бичиг хэргийн ажилтны орон тоог олон нийт хариуцсан мэргэжилтэн дээр хавсаргаж гүйцэтгүүлэхээр заасан байдаг. Нярав бичиг хэргийн ажилтаны орон тоо бүтцэд байхгүй, төсөвт  3 хүн илүү байгаа учраас хүмүүсээ чөлөөлсөн юм. Төсвөөсөө илүү хүн ажиллаж байсан учраас цалингийн сан хүрэхгүй санхүүгийн хүндрэл үүссэн. Ажилласан жилийнхээ нэмэгдлийг өгөх боломжгүй байдалтай байгаа. *******ын ажиллаж байсан бүтэц орон тоо байхгүй болсон. Ажлаас чөлөөлсөн учир нь 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас чөлөөлж болохгүй гэсэн хуулийн заалтыг энэ хуулийн заалт хамааралгүй гэж бодож байна гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хяргас нуур-Завхан голын сав газрын  захиргааны даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож, Барга овогт *******гийн *******ыг Хяргас нуур-Завхан голын сав газрын  захиргааны бичиг хэрэг, няравын ажилд эгүүлэн тогтоож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх  хэсэгт зааснаар Хяргас нуур-Завхан голын сав газрын  захиргаанаас  нэхэмжлэгч Р.*******ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болох 1.247.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.*******ад олгож Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллага болох Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаанаас улсын тэмдэгтийн хураамжид 104696  төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 248 тоот шийдвэрийн дараах заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараагийн шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Үүнд: 1. Нэхэмжлэгчийн мэдүүлснээр тушаалын агуулга нь байхгүй, орон тоо хасагдсан эсхүл цөөрүүлсэн гэдэг нь тодорхойгүй гэжээ.

Тушаалыг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А-83 дугаар тушаалын 13 дугаар хавсралтыг үндэслэж гаргасан. Дээрх тушаалд нярав-бичиг хэргийн батлагдсан орон тоо байгаагүй. Улс орон даяар эдийн засгийн хямралтай, төсөв мөнгө танагдсан, үндсэн ажилчдынхаа удаан жилийн нэмэгдлийг өгч чадахгүй байсан учраас ажлаас чөлөөлсөн. Сав газрын захиргаа анх 2013 онд байгуулагдсан цагаас эхлэн энэ орон тоо байгаагүй бөгөөд үүнийг 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А-78, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А-108 дугаарын тушаалууд баталж байдаг.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдэнэ гэсэн байдаг. Харин нэг сарын дараа ажлаас чөлөөлнө гэсэн заалт байхгүй.

3. Мөн нэхэмжлэгч Р.******* 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А-28 тоот тушаалаар, Сав газрын захиргааны хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтаар сахилгын шийтгэл хүлээж байсан.

Иймээс дээрх хүсэлтүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас манай байгууллагыг бүтэц орон тоогоо барьж ажилла, илүү орон тоонуудаа хас гэсэн үүрэг өгсөн. Иймээс бүтэц орон тоонд тусгагдаагүй, илүү орон тоонд ажиллаж байсан 2 хүний мэдэгдэх хуудсыг өгч ажлаас чөлөөлсөн. 2019 он хүртэл урамшуулал олгохгүй байх, орон тооны бус хүн ажиллахгүй байх чиглэл өгсөн албан бичгүүд удирдах байгууллагаас ирүүлсээр байгааг би шүүхэд баримтаар өгсөн гэв.

Нэхэмжлэгч Р.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны гол зүйл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг барьж гаргасан тушаал юм. Уг тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн. Ажилтныг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 1 сарын өмнө өгөөгүй. Мөн 3 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй хүнийг ажлаас халахыг хориглох заалтыг зөрчсөн. Эдгээр заалтуудыг баримтлаагүй ажлаас халах тушаал гаргасан. Үүнийг анхан шатны шүүх зөв үнэлж дүгнэж шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарчээ.

Нэхэмжлэгч Р.*******ыг Хяргас нуур-Завхан голын сав газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 тоот тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/83 дугаар тушаалын 13-р хавсралт, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтуудыг үндэслэн түүнийг бичиг хэрэг, няравын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Р.******* нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Р.*******ыг  ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн атлаа тушаалдаа орон тоо хасагдсан болон цөөрүүлсэн аль нь болохыг тодорхой дурдаагүй мөн хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацааны өмнө ажилтанд мэдэгдэх журмыг биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч Р.******* нь ажлаас чөлөөлөх тушаал гарах үед 2 нас 5 сартай охинтой байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан “3 хүртлэх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж татан буугдсан, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсноос бусад тохиолдолд ажлаас чөлөөлөхийг хориглоно” гэснийг анхаараагүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 248 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.*******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР