Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 0031

 

Л.А-т холбогдох

                                                            эрүүгийн хэргийн тухай                                                                      

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                            

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                           П.Шижиртуяа

           Шүүгдэгч                                            Л.А

           Нарийн бичгийн дарга                       Н.Эрдэнэбулган нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар захирамжтай Л.А-т холбогдох 1715001120039 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ц.Гэрэлбаатарын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Ө овогт Л-ы А.

 Л.А нь 2017 оны 08 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг "Хөшигтийн ар" гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр Орхон аймгийн Цагдаагийн газарт бүртгэлтэй ... улсын дугаартай "Hyundai mighty" маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 9.113 м.куб нойтон мод, 23.733 м.куб унанги модыг бэлтгэж байгаль экологид 2.044.174 /хоёр сая дөчин дөрвөн мянга нэг зуун далан дөрөв/ төгрөгийн хохирол учруулсан,

Булган аймгийн Цагдаагийн газраас Л.А-ын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдэлд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар хэрэг бүртгэлтийн 171500112 дугаартай хэрэг нээн шалгах үед мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан мэтээр урьд нь иргэн Д.Г, Б.Б нарын мод бэлтгэхдээ авсан зөвшөөрлийн бичигт засвар оруулан, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч Г.З-ийн албаны үйл ажиллагаанд ашигладаг тэмдэг дарсан БУА 0078781, БУА 0078800, БУА 0079064 серийн дугаартай Мод бэлтгэх эрхийн бичиг /олгох тасалбар/-ыг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хураалгаж хэрэгт хавсаргуулан баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар захирамжаар:

   Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4, 23.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л-ны А-т холбогдох эрүүгийн 1715001120039 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Аймгийн прокурорын газарт буцааж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж, яллагдагч Л.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Гэрэлбаатар эсэргүүцэлдээ: “... Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6, 33.3 дугаар зүйлийн 1.3, 2, 36.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

1.Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хохирогч Ш.Э-гийн мэдүүлэг /хх 72-73-р хуудас/, гэрч И.Б-гийн мэдүүлэг /хх 83/, гэрч Х.У-ын мэдүүлэг /хх 84-87/, гэрч Ч.-ний мэдүүлэг /хх 88-91/, гэрч Э.А-ын мэдүүлэг /хх 107-110/, гэрч П.Б-ын мэдүүлэг /хх 112-113/, гэрч Д.А-ны мэдүүлэг /хх 115/, яллагдагч Л.А-ын өөрийн үйлдлүүдээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх 39-41/ зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Л.А нь 2017 оны 08 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг "Хөшигтийн ар" гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр Орхон аймгийн цагдаагийн газарт бүртгэлтэй ... улсын дугаартай " Hyundai mighty" маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 9,113 метр куб хэмжээтэй 7 ширхэг нойтон мод,  23,733 метр куб хэмжээтэй 15 ширхэг унанги модыг бэлтгэж байгаль экологид 2044174 /хоёр сая дөчин дөрвөн мянга нэг зуун далан дөрөв/ төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, шүүх хуралдааны үеэр мөн хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авч тодруулах бүрэн боломжтой гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц зөрүүтэй байна гэж үзэхээргүй байна.

2.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч Т.Б-ын гаргасан яллагдагч Л.А-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхийн тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 гэмт хэрэг гарсан байдал, 1.3 гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.6 гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг шалгаж тогтоох гэсэн бөгөөд Орхон аймгийн Цагдаагийн газрыг буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай гэх хүсэлтийг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.." Иймд дээрхи ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6, 33.3 дугаар зүйлийн 1.3, 2, 36.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон..." гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 гэмт хэрэг гарсан байдал "2017 оны 08 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг "Хөшигтийн ар" гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр Орхон аймгийн цагдаагийн газарт бүртгэлтэй ... улсын дугаартай "Hyundai mighty" маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 9,113 метр куб хэмжээтэй 7 ширхэг нойтон мод, 23,733 метр куб хэмжээтэй 15 ширхэг унанги модыг хөрөөдөж бэлтгэсэн" тогтоогдсон, 1.3 гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр нь "яллагдагч Л.А нь Орхон аймгийн цагдаагийн газрын ахмадуудад өгөх түлшний модыг бэлтгэх зорилгоор зөвшөөрөл авалгүйгээр шууд санаатай мод бэлтгэсэн" хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон яллагдагч Л.А-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, 1.6 гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл "Л.А- нь Орхон аймгийн цагдаагийн газрын аж ахуйн албаны офицерын албан тушаалтай ба тасгийн дарга 2017 оны 08-р сарын 10-с 2017 оны 09-р сарын 10-ны хооронд байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж дуусгах үүрэг, зааварчилгаа өгсөний дагуу үүргээ гүйцэтгэхдээ Ойн тухай хууль болон гарал үүслийн гэрчилгээ олгох журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн эрхийн бичиг авах ёстой байтал албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан" энэ хэрэгт Орхон аймгийн Цагдаагийн газрыг иргэний хариуцагчаар татан төлөөлөн оролцогчоор Б.Б-ыг тогтоосон ба хууль зөрчөөгүй болохыг шүүгчийн захирамжид дурдсан байна. Иймд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 хэсгийг тус тус баримтлан Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Шижиртуяа дүгнэлтдээ: “… Прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. .. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймгийн Прокурорын газраас Л.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Л.А-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр Прокурорын газарт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор Ц.Гэрэлбаатар “... хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.6 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлууд нотлогдсон ... Орхон аймгийн Цагдаагийн газрыг иргэний хариуцагчаар татаж, төлөөлөн оролцогчоор Б.Б-ыг тогтоосон нь хууль зөрчөөгүй болохыг шүүгчийн захирамжинд дурьдсан ... хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй...” гэх эсэргүүцэл бичсэн байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл Л.А-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй байна.

            Учир нь: Тухайн гэмт хэрэг гарсан газрын нэр нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудад өөр өөрөөр бичигдсэн, тухайлбал хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “Хөшигийн ар” гэж /хх 28/, хохирогч Ш.Э-ийн мэдүүлэгт “Хөшгийн ар” гэж /хх 72/, гэрч Ч.Б-ийн мэдүүлэгт “...Хөшгийн ар...” гэж /хх 88/, дахин өгсөн мэдүүлэгт “...Хөшигийн ар...”, “...Хөшигтийн ар...” гэж /хх 90, 93/, яллагдагч Л.А-ын мэдүүлэгт  “...Хөшигтийн ар...” гэж /хх 123/ тус тус бичигдсэн байх боловч “Хөшигийн ар”, “Хөшигтийн ар”, “Хөшигийн ар” гэсэн нэршил нь утгын хувьд зөрүүгүй, харин бичиг техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байна.

            Түүнчлэн Л.А нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын аж ахуйн ажилтны хувьд тус байгууллагын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд тусгагдсанаар түлш бэлтгэх нөөц бүрдүүлэх ажлыг хариуцсан, мөн тус газрын Захиргааны удирдлагын тасгаас Л.А-т 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 03 дугаартай “...түлшний ажлыг...бүрэн хийж дуусгасан байх...” зааварчилгаа өгсөн /хх 127/ байх бөгөөд тэрээр 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр уг ажлыг гүйцэтгэхэд зарцуулагдах материалын тооцоо /хх 22/-г гаргасан байна.

            Дээрх тооцоонд мод бэлтгэх эрхийн бичигт 200.000 төгрөг /5 ширхэг х 40.000 төгрөг/ зарцуулахаар тусгасан, эрх бүхий албан тушаалтнууд хянаж, зөвшөөрсөн байх боловч Л.А нь хуульд заасан журмын дагуу зохих зөвшөөрөл авалгүйгээр мод бэлтгэсэн, өөрөөр хэлбэл энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 16.2 дугаар зүйлийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” тогтоогдсон байна гэж үзлээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн гаргасан хохирогчоор тогтоох тухай /хх 71/, иргэний хариуцагчаар татах тухай /хх 76/ тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжинд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

            Иймд прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан заалт нь Монгол улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр /шийтгэх, эсхүл цагаатгах тогтоол/-ийн бүтэц, хэлбэрийн талаарх хуулийн шаардлага тул прокурорын эсэргүүцэлд дурьдсан “...захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй...” гэх хэсгийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Прокурор Ц.Гэрэлбаатарын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Л.А-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН

                           

         ШҮҮГЧИД                                                                    М.ХҮРЭЛБААТАР

                                                                                            С.УРАНЧИМЭГ