Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00202

 

  Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Хохирогч А.Б ,

Шүүгдэгч Л.П , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.П д холбогдох эрүүгийн 1815003480221 дугаартай, 163/2018/00/э индэкстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, Ч овогт Л.П  

Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Л.П  нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Баян-Агт сумын нутаг дэвсгэрт хохирогч А.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:  

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.П гийн өгсөн: Намайг гүү тавьтал 1 сар унага татаад өгөөч нутгийн дүү гуйхаар нь унага татан өгч байсан. Тухайн үед өвлийн айраг авах, ганц нэг идэшний хонь авахаар тохиролцоод ажиллаж байсан. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол тооллоор Бар өдөр таарч унага тамгалах үйл ажиллагаа болсон. Мөн хохирогч А.Б ийнх бас унага тамгалсан. Тэр орой олон хүмүүс цуглаж айраг уусан. Энэ үед хэсэг унтсан. Унтаж байгаад босоод иртэл А.Б  эхнэрийн хамт ирчихсэн байсан. Гэрт байсан хүмүүс бүгд унтсан байсан. Босож ирээд хамт юм айраг уугаад сууж байхад А.Б  намайг айлын зарц энэ тэр гээд доромжилж заамдаад авсан. Тэгээд гаръя гээд өөрөө түрүүлж гарсан. Намайг гадаа гарахад миний толгой, тархи руу цохиод байсан. Тэгэхээр нь би корманд байдаг жижиг тонгорогоо гаргаж ирээд айлгах зорилгоор хэрэглэх гэж байгаад санамсаргүй хатгасан нь үнэн. А.Б  намайг араас хоёр удаа хатгасан гэж мэдүүлсэн байсан. Би араас нь хатгаагүй. Гэхдээ би хүний биед хутга мэсний зүйл ойртуулж гэмтэл учруулсан нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Б өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Бар өдөр болж таарсан. Энэ өдөр унагаа тамгалчихаад оройны 21 цагийн үед Бат-эрдэний гэрт очсон. Тэднийх гүүгээ сааж дуусаад унагаа тавьчихаад орж ирсэн. Гэрт байсан хүмүүс айраг хуруудаж уугаад сууж байтал Л.П  унтаж байгаад босож ирээд би атаман байсан гээд томроод байсан. Тэгэхээр нь би “аа чиний атаман гэж юу байдаг юм бэ?” гэж хэлээд түрүүлээд гарсан. Гэрийн хаалгаар гарав уу? үгүй юу л хойноос ирээд жижиг хутгаараа хоёр удаа хатгасан. Тэгээд би хоёр хатгуулаад гэр налаад зогсож байхад манай эхнэр, Бат-Эрдэний эхнэр нар гарч ирээд намайг авч ороод шархыг маань цэвэрлэж боосон. Одоо надад гомдол, санал байхгүй. Харин миний нааш, цааш явсан замын зардлыг өгчихвөл өөр нэхэмжлээд байх зүйлгүй. Одоо эрүүл мэндийн байдал гайгүй, зүгээр байгаа гэв.

 

1815000700048 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч А.Б өгсөн:…2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би гүүгээ сааж дуусаад оройн 21 цагийн үед эхнэр Өлзийтэй хамт өөрийн машинаа унаад Г.Бат-Эрдэний гэрт очиж барлахаар явсан юм. Бид хоёр тэдний гэрт очиход Бат-Эрдэнэ, эхнэр Долгорсүрэн, Г.Бат-Эрдэний дүү, мөн Л.П , улаанаа, Баясаа, болон Доржоо гээд жоохон хүүхэд нь байсан. Л.П  тэр гэрт байсан хүүхдүүдэд би атаман байсан, энэ тэр гээд байхаар нь би за чиний атаман гэж юу байхав дээ гэхэд Л.П  тэгвэл хоёулаа гарчих уу гэхээр нь би түрүүлж босоод гэрийн хаалгаар дөнгөж гарч байхад буюу хаалганы гадна дөнгөж гарч байхад араас 2 удаа хатгах шиг болсон. Тэгээд гэрээс хүмүүс гарч ирсэн ба намайг гэрт оруулж би бүс дээлээ тайлаад харахад миний хэвлийн зүүн ард хэсэгт байхаа хутганы шарх байсан. Тэгээд эмнэлэг, цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх  тал/,

гэрч Г.Б өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Бар өдөр байсан ба манайх унагаа тамгалсан ба тухайн өдөр манайд хүмүүс айраг ууцгаасан тэгээд ямар ч байсан оройн 10 цаг өнгөрч байхад би айраг ууж байгаад унтаад өгсөн. Тэгээд цагийн нь сайн санахгүй байна ямар ч байсан 01 цагийн үед цагийн үед  сэрээд босоход манайд байсан Л.П  гэх хүн манайд байж байсан А.Б  гэх хүнтэй маргалдаж хутгаар хатгасан гэж ярьж байсан ба би сумын төврүү дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг /хх-12 тал/

гэрч Д.Өлзийтийн өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ өдрийнхөө гүүгээ тавиад 22 цагийн үед өөрийн нөхөр А.Б хамт Г.Бат-Эрдэнийн гэрт барлахаар очсон тэгээд тэдний гэрт ороход Г.Бат-Эрдэний ээж дүү эхнэр болон Улаанаа, Баясаа, Доржоо, нар байсан. Л.П  гэх хүн Г.Бат-Эрдэний гэрт унтаж байсан. Тэгээд бид нар айраг ууцгааж байтал тэднийх оройн 23 цагийн үед гүүгээ тавьсан ба тэр үед Л.П  унтаж байгаад сэрээд босч ирсэн ба тэнд байсан хүмүүст би атаман энэ тэр гээд байсан ба нүүр нүдээрээ сонин хараад байсан тэгж байхад нь манай нөхөр А.Б  Пунцагийн атаман гэж юу байдаг юм гээд Л.П г хэлэхэд Л.П  хоёулаа гаръя гэж байсан ба манай нөхөр А.Б  гарах гээд үүдээр гарсан араас нь Л.П  дагаад гарч байхад нь гэрт байсан Доржоо гэдэг жоохон хүүхэд тэр ах хутгатай байна гэж хэлсэн. Тэгээд бид нар гүйж гараад намайг харахад А.Б  гэрийн зүүн хатавчинд гэр налсан байдалтай зогсож байсан ба намайг 2 удаа хатгачихлаа гэж хэлсэн тэгээд гэрэл тусгаад харахад дээл нь цоорсон юм шиг байхаар нь гэрт оруулж дээл бүсийг нь тайлж харахад А.Б хэвлийн зүүн хэсэгт 1 ширхэг шарх байсан. Тэгээд сумын эмнэлэгт мэдэгдэж эмч ирээд үзэхэд ахиад зүүн суганы доод хэсэгт 1 ширхэг шарх байсан гэх мэдүүлэг /хх-13-14 тал/

Гэрч Ц.Долгорсүрэнгийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манайх унагаа тамгалаж, айраг ууцгаасан ба тухайн өдөр Бар өдөр байсан. Тэгээд оройны 22 цагийн үед би гүүгээ тавчихаад гэртэй орж ирэхэд манайд А.Б , эхнэртэйгээ ирсэн байсан. Тэгээд би тэр хоёрт айраг хийж өгөөд бид нар айраг ууцгаасан ба тухайн үед манай нөхөр Г.Б гэрийн зүүн хойд хэсэгт газар унтаж байсан. Тэгтэл А.Б  нь манай нөхрийг дэрлээд газар хэвтэж байсан харин Л.П  гэрийн баруун хойд хэсэгт сууж байсан тэгээд Л.П , А.Б  хоёр гэнэт том жижгээ үзнэ, гараад үзчихье гээд байсан. Тэгтэл А.Б  босоод гэрийн үүдрүү түрүүлээд алхаад явсан ба араас нь Л.П  дагаж алхаад тэр хоёр цувраад гэрийн хаалгаар гарсан. Тэгээд гэрийн гадаа ямар нэг дуу чимээ гарахыг би сонсоогүй ба гэрт байж байхад манайд байж байсан Доржоо гэдэг 12 настай хүүхэд Л.П  ах хутга аваад гарчихлаа гэхээр нь би А.Б ийн эхнэрийн хамт гүйгээд гарахад хаалганы зүүн хатавчинд тэр хоёр зогсож байсан ба А.Б  нь Л.П  намайг хатгачихлаа гэсэн тэгэхээр нь бид хоёр А.Б ийг гэрт оруулж ирээд дээлийг нь тайлж харахад хэвлийн зүүн хэсэгт хутгаар хатгасан гэмээр 1 ширхэг шарх харагдсан. Тэгээд Улаанаа гэдэг дүү Л.П гоос хутгыг нь булааж аваад газар тавьсан. Тэгээд сумын эмнэлэг болон цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх 15-16 тал/,  

Гэрч Б.Хулан өгсөн:...2018 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Халтар багийн иргэн Г.Бат-Эрдэнээс манай гэрт хүн хутгалуулчихлаа гэх дуудлага ирсэний дагуу уг газар очиж үзэхэд иргэн А.Б  гэх хүн зүүн суганы доод хэсэгт 2.5 см орчим  зүсэгдсэн шархтай зүүн хэсэгт 2 см орчим хэмжээтэй гүн зүсэгдсэн шархтай байсан ба шархнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд шархыг нь цэгцэлж оёдол тавьсан, цус тогтоох өвчин намдаах эмчилгээ хийж биеийн байдлыг нь ажиглан сумын эрүүл мэндийн төвд авч ирсэн гэх мэдүүлэг /хх 17 тал/,

 Насанд хүрээгүй гэрч С.Доржнямбуугийн өгсөн:...Тухайн өдөр би Баян-Агт сумын Шарга багт гэртэй байсан ба өөрийн ах Баясгалан, Бат-Цэнгэл нарын хамт Халтар багт байдаг хамаатны ах Г.Бат-Эрдэний гэрт өдрийн 16 цагийн үед очсон ба тэнд очиж унага тамгалсан ба унагаа тамгалж дуусаад Г.Б ахын гэрт хүмүүс айраг ууцгаагаад байж байсан тэгээд цагийг нь мэдэхгүй байна ямар ч байсан нилээн орой болсон байхад Баясгалан, Бат-Цэнгэл ах бид нар тэдний гүүг тавьсан. Тэгээд гэрт орж ирэхэд А.Б  ах Г.Б ахын гэрт эхнэртэйгээ ирсэн байсан тэгээд тэд нар хэсэг айраг ууцгааж суусан. Би цагийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан би гадаа гарч шээгээд гэрт орж ирээд гэрийн баруун талын орон дээр сууж байхад гэрт байсан Пунцаг буюу Л.П  гэх хүн А.Б  ах хоёр гадаа гарч зодолдоно гээд байх шиг байсан ба А.Б  ах эхлээд хаалгаар гарч байх шиг байсан харин араас нь тэр Пунцаг гэх хүн гарах гээд гэрийн баруун талын орны урдуур буюу миний сууж байсан орны урдуур явсан тэр үедээ өмсөж явсан куртикныхаа баруун талын халааснаас нэг жижиг хутга гаргаж эрээд сунгаж байсан ба тэрийгээ гартаа бариад А.Б  ахын араас гарсан тэгэхээр нь би гэрт байсан хүмүүст тэр Пунцаг ах хутга аваад гарчихлаа гэж хэлсэн тэгээд гэрт А.Б  ахын эхнэр Өлзийт, Г.Б ахын эхнэр Долгорсүрэн Бат-Цэнгэл ах гурав гарсан ба Л.П  гэх хүнийг Батцэнгэл ахын эхнэр Долгорсүрэн Бат-Цэнгэл ах гурав гарсан ба Л.П  гэх хүнийг Бат-Цэнгэл ах оруулж ирээд гэрийн баруун талд суулгасан харин А.Б  ахыг гэрийн зүүн талд оруулж ирээд суулгаж байгаад хувцасыг нь тайлаад харсан ба эхнэр нь уйлаад байсан. Тэгээд Г.Б ах сэрээд сумын төв рүү дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-18-19 тал/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 264 дугаартай

1. Б.А.Б ийн биед зүүн суга, хэвлийн зүүн хажуу хэсэгт оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 34 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1, 2 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 4 тал/, багийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30 тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.П  нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Баян-Агт сумын нутаг дэвсгэрт хохирогч А.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.     

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг , хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Н.Н , гэрч Д.Б, Б.Б, М.Ш, Н.Н, Г.Г хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 264 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.     

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв , нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.      

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын хяналтын прокурор Ц. Сувдаагийн шүүгдэгч Л.П д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.   

Иймд шүүгдэгч Л.П  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч Л.П д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, түүнд хуульд заасан хөнгөн ял оногдуулж. Шүүгдэгч Л.П  хөлсөөр мал маллаж сард 300000 төгрөгний орлоготой зэрэг хувийн байдлыг харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч Л.П гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч хохирлын баримтаа гаргаж ирүүлээгүй байх тул энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байна.

 Харин хохирогч А.Б  нь  эрүүл мэндэд учирсан хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  иш нь 2 талдаа никел голдоо хүрэн өнгийн модтой эвхдэг хутга 1 ширхэг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн комисст даалгаж, шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Ч овогт Л.П г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.П г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгуулийг сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж,  торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.П  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  иш нь 2 талдаа никел голдоо хүрэн өнгийн модтой эвхдэг 1 ширхэг  хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хохирогч А.Б эрүүл мэндийн хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

6. Шүүгдэгч Л.П  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдсугай.  

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.П д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНДУЛАМ