Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 00152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

      Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Замчны №14 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, /МЗ:73090506/ Дамдинжав овогт Давгадоржийн Цэрэнхоролын нэхэмжлэлтэй

 

      Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

      Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Цэрэнхорол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Цэрэнхорол шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №65 тоот шийдвэрээр 25674355 төгрөгийг гаргуулж, мөн тус шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №205 тоот шийдвэрээр 12000000 төгрөгийг гаргуулж С.Бүрэнбатад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Мандал сумын Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны тухайн үеийн ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Н.Эрдэнэбулган шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Миний өмчлөлийн Мандал сумын 1 дүгээр багт байрлах амины орон сууц болон Мандал сумын 3 дугаар багт байрлах үйлчилгээний зориулалтай орон сууцыг 53000000 төгрөгөөр хоёр дахь албан дуудлага худалдаанд оруулах болсон байна. Би үнийн саналаа 106000000 төгрөгөөр өгсөн ба энэ нь зах зээлээс доогуур үнэлгээ байсан юм. Миний өмчлөлийн орон сууц, амины орон сууцыг маань маш хямдаар төлбөр авагч нартай үгсэн тохирч ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Н.Эрдэнэбулган хоёр дахь албан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Уг үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Энэхүү үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Д.Цэрэнхоролд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа маань 3 дахь жилдээ явагдаж байгаа. Д.Цэрэнхорол нь шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөрөө өөрийн боломжоороо төлөх ёстой байтал энэ үүргийг ерөөсөө биелүүлдэггүй, ирж уулздаггүй. Хугацаа өгч эвлэрэх асуудал ч байсан. Тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.1-д заасны дагуу өөрийх нь өгсөн саналыг үнэлсэн. Мөн шинжээч томилж үнэлэх заалтууд байдаг. Тэрэнд төлбөр төлөгчийн үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн харилцан бичгээр тохиролцсон байгаа.  Мөн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуудлага худалдаанд оруулах тухай хуулийн заалтыг зааж өгсөн байгаа. Дараа нь Д.Цэрэнхоролын бичгээр гаргаж өгсөн санал, Нэгдсэн эмнэлгийн үнийн санал зөвшөөрсөн үнийн санал байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.3-д төлбөр төлөгч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдолоо 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан байдаг. Гэтэл төлбөр төлөгч нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Гомдол гаргах хугацаа маань нэхэмжлэл гаргасан байдлаар 447 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Дуудлага худалдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдана. Иргэний хуульд анхны дуудлага худалдааг зах зээлийн үнэлгээний 70 хувиар дуудна гэж заасан байдаг.

Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувиар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 53000000 төгрөгөөр нийтэд мэдээлсэн нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Цэрэнхорол нь хариуцагч Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

      Сум дундын 21 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 10 өдрийн №65 дугаартай шийдвэрээр Д.Цэрэнхоролоос 25674355 төгрөг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын нэгдсэн эмнэлэгт мөн Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №205 дугаартай шийдвэрээр Д.Цэрэнхоролоос 12000000 төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад тус тус олгохоор шийдвэрлэсэн болох нь зохигч нарын тайлбараар тогтоогдож байна.

Уг шийдвэрүүдийн дагуу зээлийн төлбөрийн 25674355 төгрөгийн, 12000000 төгрөгийн зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь ажиллагаа явуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг Замчны 14 тоотод байрлах Y-1307000823 улсын бүртгэлийн дугаартай 121м2 талбай бүхий 2 давхар амины орон сууц, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг Ахуйн үйлчилгээний 1-3 тоотод байрлах Y-1307000765 улсын бүртгэлийн дугаартай 80м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууц зэргийг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба явуулж эхэлсэн ба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-д зааснаар төлбөр төлөгч буюу өмчлөгчөөс үнийн санал авахад 106000000 төгрөгөөр хөрөнгийг үнэлсэн ба энэ үнэлгээг төлбөр төлөгч зөвшөөрсөн байна. Талууд энэ үйл баримтад маргаагүй.

Харин тохиролцож тогтоосон 106000000 төгрөгийн үнэлгээг үндэслэлгүйгээр 53000000 төгрөг болгож бууруулсан гэж нэхэмжлэгч гомдол гаргасан байна.

Барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 106000000 төгрөгийн 70 хувь буюу 74200000 төгрөгөөр 2015 оны 11 дүгээр сарын 26-ны 10 цаг 00 минутанд дуудлага худалдаанд оруулах болсонг ахлах шийдвэр гүйцэтгэгч 2015 оны 11 дүгээр сарын 18-ны мэдэгдлээр Д.Цэрэнхорол болон нийтэд мэдээлсэн боловч сонирхогч этгээд ирээгүй, худалдан борлогдоогүй тул анхны үнийг бууруулж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д “хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж зааснаар  2015 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 10 цаг 00 минутанд хоёр дахь албадан дуудлага худалдаанд 53000000 төгрөгөөр оруулахаар болж, энэ тухай мэдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлбөр төлөгчид гардуулсан байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагчийн тайлбар, ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Н.Эрдэнэбулганы 2015 оны 11 дүгээр сарын 18, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдэл зэргээр нотлогдож  байна. Нэхэмжлэгч “миний өмчлөлийн орон сууц, амины орон сууцыг маань маш хямдаар хоёр дахь дуудлага худалдаанд оруулах гэж байна” гэх үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, хариуцагчийн тайлбарт хариу тайлбар өгөөгүй болно. 

Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн Д.Цэрэнхоролын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Шүүх Д.Цэрэнхоролын нэхэмжлэлийг анх 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №76 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны журмаар шийдвэрлэсэн бөгөөд үүнийг 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн №96 дугаартай Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №891 дугаартай Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Үүний дагуу шүүх хуралдааны товыг зохигч нарт зохих журмын дагуу хэн алинд нь мэдэгдсэн боловч нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй тул 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №127 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргасан тул 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн шүүх хуралдаанаар шийдвэрлэж байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37-р зүйлийн 37.1-ыг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн Д.Цэрэнхоролын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгаар зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ж.ЭРДЭНЭБАТ.