Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 29

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч              Б.Батзориг

                             Шүүгчид                      Л.Амарсанаа

                                                                 Г.Давааренчин

                    

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормааг оролцуулан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 152 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай” иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч Д.Цэрэнхорол нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №65 тоот шийдвэрээр 25674355 төгрөгийг гаргуулж, мөн тус шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №205 тоот шийдвэрээр 12.000.000 төгрөгийг гаргуулж С.Бүрэнбатад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Мандал сумын Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны тухайн үеийн ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Н.Эрдэнэбулган шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Миний өмчлөлийн Мандал сумын 1 дүгээр багт байрлах  амины орон сууц болон Мандал сумын 3 дугаар багт байрлах үйлчилгээний зориулалттай орон сууцыг 53.000.000 төгрөгөөр хоёр дахь албан дуудлага худалдаанд оруулах болсон байна. Би үнийн саналаа 106.000.000 төгрөгөөр өгсөн ба энэ нь зах зээлээс доогуур үнэлгээ байсан юм. Миний өмчлөлийн орон сууц, амины орон сууцыг маань маш хямдаар төлбөр авагч нартай үгсэн тохирч ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Н.Эрдэнэбулган хоёр дахь албан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Уг үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Энэхүү үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү...” гэжээ.

2.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 “…Д.Цэрэнхоролд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа маань 3 дахь жилдээ явагдаж байгаа. Д.Цэрэнхорол нь шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөрөө өөрийн боломжоороо төлөх ёстой байтал энэ үүргийг ерөөсөө биелүүлдэггүй, ирж уулздаггүй. Хугацаа өгч эвлэрэх асуудал ч байсан. Тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.1-д заасны дагуу өөрийнх нь өгсөн саналыг үнэлсэн. Мөн шинжээч томилж үнэлэх заалтууд байдаг. Тэрэнд төлбөр төлөгчийн үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн харилцан бичгээр тохиролцсон байгаа. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуудлага худалдаанд оруулах тухай хуулийн заалтыг зааж өгсөн байгаа. Дараа нь Д.Цэрэнхоролын бичгээр гаргаж өгсөн санал, Нэгдсэн эмнэлгийн үнийн санал зөвшөөрсөн үнийн санал байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.3-д төлбөр төлөгч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан байдаг. Гэтэл төлбөр төлөгч нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Гомдол гаргах хугацаа маань нэхэмжлэл гаргасан байдлаар 447 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Дуудлага худалдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдана. Иргэний хуульд анхны дуудлага худалдааг зах зээлийн үнэлгээний 70 хувиар дуудна  гэж заасан байдаг. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувиар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 53.000.000 төгрөгөөр нийтэд мэдээлсэн нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ. 

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүх хэргийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 152 дугаартай шийдвэрээр:

 - Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37-р зүйлийн 37.1-ийг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн Д.Цэрэнхоролын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Цэрэнхорол давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 “...Д.Цэрэнхорол миний бие шийдвэр гүйцэтгэгч Н.Эрдэнэбулган нь үнэлгээг улсын болон үнэлгээний газраар үнэлүүлээгүй, үйлдвэр, байр, машин, бусад эд хөрөнгийг лацдаж, өөрөө үнэлгээ хийж, үнийг 106.000.000 төгрөгөөр үнэлж, тулгаж надаар гарын үсэг зуруулсан. Дуудлага худалдаагаар 53.000.000 төгрөгөөр бууруулсан. Шийдвэр гүйцэтгэгч Н.Эрдэнэбулган нь график гаргаж төлбөр хийе гэж хэлэхэд энэ саналыг хүлээж аваагүй. Үүний улмаас /үйлдвэр хааж лацадсан/ төлбөр төлөх боломжгүй болсон. Иргэн миний хувьд нэгдүгээрт Улсын болон үнэлгээний газраар үнэлгээг тогтоох, хоёрдугаарт шүүхийн шинжээч томилох хүсэлтэй байна. Шийдвэр гүйцэтгэгч Н.Эрдэнэбулган нь иргэний хууль шийдвэр гүйцэтгэлийн хуулийг зөрчсөн гэж бодож байна...” гэжээ.

 

                                                Үндэслэх нь:

3.

 

  Д.Цэрэнхорол нь хариуцагч Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан  “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн  үнэлгээ хүчингүй болгуулах,  дахин үнэлгээ хийлгүүлэх тухай” гомдлын шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан байна. 

 

Хэргийг судлан үзвэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргахад хэдий хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураах талаар тусгайлан зохицуулсан ба нэхэмжлэгч Д.Цэрэнхоролын шүүхэд гаргасан гомдлын шаардлага нь шүүхийн шийдвэр  гүйцэтгэх ажиллагаатай холбоотой бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.4-д  дээрх гомдолд  мөн хуулийн 7.1.2-т заасан хэмжээгээр буюу 70.200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөхөөр заасан.

 

  Гэтэл шүүх нэхэмжлэгчийн дээрхи шаардлагыг  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл гэж тодорхойлон нэхэмжлэгчийг тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдсөн хэмээн хууль буруу тайлбарлан хэрэглэж,  түүний гомдлыг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байхад хүлээн авч,  түүний нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүх  хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн  байна.

 

Нэхэмжлэлийг Д.Цэрэнхорол нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасныг шүүх 2017 оны 02 сарын 03-ны өдөр хүлээн авч 2017 оны 02 сарын 10-ны өдөр Иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийн хувийг хариуцагчид иргэний хэрэг үүсгэснээс хойш 24 хоногийн дараа буюу 2017 оны 03 сарын 06-ны өдөр гардуулжээ.

 

Хариуцагч байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгууллагыг төлөөлөн оролцох этгээдийг  Иргэний хэрэг үүсгэснээс хойш 32 хоногийн дараа  буюу 2017 оны 03 сарын 14-ний өдрийн 01/233 дугаартай Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хорих 413 дугаар ангийн даргын тушаалаар ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч П.Алтанхуягийг оролцуулахаар томилжээ.

 

Гэтэл шүүх хариуцагч байгууллагыг төлөөлөх эрх олгоогүй этгээд болох  П.Алтанхуягт 2017 оны 03 сарын 06-ны өдөр   нэхэмжлэлийн хувийг  гардуулж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.7, 72 дугаар зүйлийн 72.1-д  заасныг зөрчсөн байна.

Тус хэрэгт Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 149/2016/00009/И дугаар бүхий индекстэй 76 дугаартай, 136 хуудас бүхий иргэний хэргийг хавсарган ирүүлжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар зохигчдын хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлж болох бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3, 44.4-д зааснаар  хуулбарлан авч баталгаажуулах, эх хувьтай тулган нотлох баримт байгаа газарт  үзлэг явуулж тэмдэглэл хөтлөх зэргээр хэрэгт нотлох баримтаар авах боломжтой атал шүүх архивын хадгаламжийн нэгж бүхий хэргийг  хэргийг хэний хүсэлтээр хэрхэн ямар зорилгоор татан авч хэрэг хавсарган ирүүлсэн, тухайн хэрэг нь нэхэмжлэлийн шаардлагын ямар үйл баримтыг нотлож байгаа талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй  байна. 

Мөн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргах хугацааг  хуулиар нарийвчлан зохицуулсан байхад тухайн хугацааг шүүх хэрхэн тооцсон нь тодорхойгүй, шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.                                                                                                                                                             

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр сум дундын  шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан тул хэргийн шийдвэрлэлт болон  нэхэмжлэгчийн  давж заалдах гомдолд  дүгнэлт хийгээгүй болно.

Түүнчлэн нэхэмжлэгч нь дээр дурьдсаны нэгэн адил давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байхад анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн гэж гомдлыг ирүүлсэн нь үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 152 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Цэрэнхоролын нэхэмжлэлийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн хэмээн шийдвэрлэсэн  болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

                                    ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                       Л.АМАРСАНАА 

                                                                            Г.ДАВААРЕНЧИН