Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0415

 

О.Н нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж,

Нэхэмжлэгч: О.Н

Нэхэмжлэгч: Ж.Т

Нэхэмжлэгч: Д.М

Нэхэмжлэгч: Б.Б

Нэхэмжлэгч: К.Е

Нэхэмжлэгч: Г.Ё

Нэхэмжлэгч: Х.Б

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжийн нэгдүгээр хавсралтын 13 дугаарт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 40 гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоот гараашийг, мөн 14 дүгээрт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 13 гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 40 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоотын гараашийг, мөн 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 13 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 301 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Назгүль

Хэргийн индекс: 128/2022/0515/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Н, Ж.Т, Д.М, Б.Б, К.Е, Г.Ё, Х.Б нар нь Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжийн нэгдүгээр хавсралтын 13 дугаарт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 40 гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоот гараашийг, мөн 14 дүгээрт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 13 гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 40 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоотын гараашийг, мөн 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 13 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 301 дүгээр шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5, 73.1, 73.1.2, 76.1, 79.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Н, Ж.Т, Д.М, Б.Б, ОХУ-ын иргэн К Е, Г.Ё, Х.Б нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжийн нэгдүгээр хавсралтын 13 дугаарт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 40 гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоот гараашинд, мөн 14 дүгээрт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 13 гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд холбогдох хэсгүүд болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 40 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоотын гараашинд, мөн 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 13 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд тус тус холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжийн нэгдүгээр хавсралтын 13 дугаарт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 40 гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоот гараашинд, мөн 14 дүгээрт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 13 гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд холбогдох хэсгүүд болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 40 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоотын гараашинд, мөн 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 13 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд тус тус холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-т “Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэр бүхий 7 нэхэмжлэгч нараас зөвхөн иргэн С.У Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 223 дугаартай шийдвэрээр 18 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар гарааш зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ авч байсан байх бөгөөд харин бусад нэхэмжлэгч нарын тухайд газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулж байсан үйл баримт тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэнэ.” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч бус иргэн С.У-ыг нь 2009 онд газар эзэмших эрхийг авч байсан байна гэж хэрэгт хамааралгүй баримтыг ач холбогдолтойгоор үзэж дүгнэсэн. 

3.2. Үндэслэх хэсгийн 7-т “Дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нар Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ болон гэрээний үндсэн дээр газар эзэмшиж, ашиглаж байсан гэж дүгнэх боломжгүй, өөрөөр хэлбэл, хууль ёсоор газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдүүд биш тул гэж дүгнэсэн атлаа, бодит байдал дээр тухай гараашнууд байрласан газрыг нэхэмжлэгч нар өөрсдийн бодит эзэмшилдээ байлгаж байсан үйл баримт үгүйсгэгдэхгүй гэж дүгнэж байгаа нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй талуудын маргаагүй зүйл дээр дүгнэлт хийн, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтуудыг үгүйсгэж аливаа этгээд газрыг дур мэдэн эзэмшиж өөрсдийн бодит эзэмшилдээ байлгаж байсан бол эзэмших эрхтэй мэтээр дүгнэсэн.

3.3. Үндэслэх хэсгийн 8.3-т Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн зорилтыг нэхэмжлэгч нарт ашигтай байдлаар буюу ... захирамжийн зорилго нь нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудад газар чөлөөлөх, улсаас энэ зорилтын хүрээнд... гэж тодорхойлсон. Маргаан бүхий захирамжийн зорилт нь Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах юм.

3.4. Үндэслэх хэсгийн 9.2-т Захиргааны ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Төлөвлөгөөнд эсрэг санал ирсэн тохиолдолд төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага уг төлөвлөгөөнд санал өгсөн болон эсрэг санал гаргасан бүх оролцогчид 10-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдсэнээр хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж, 79.3-д “Холбогдох захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэг хүлээсэн боловч биелүүлээгүй гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгүй бөгөөд хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хамаарахгүй гэдгийг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6, 7 дугаар хэсгээр дүгнэсэн атлаа ингэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0311 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж газар эзэмшүүлэх нөхцөлийг заасан бөгөөд 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг нэхэмжлэгч нар зөрчсөн бөгөөд газрыг хуулинд заасан журмаар эзэмшээгүй болно. Нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан гэх гараашууд нь тэдгээрийн хууль ёсны өмч болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Тухайлбал Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж заасны дагуу маргаан бүхий гараашуудын өмчлөх эрх нэхэмжлэгч нарын нэр дээр бүртгэгдээгүй.

4.2. Дээрх хуулинд заасан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн зүйл байхгүй болох нь тогтоогдож байхад шүүх “...хууль ёсоор эзэмших, ашиглах эрхтэй этгээдүүд биш тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй боловч бодит байдал дээр тухайн гараашууд байрласан газрыг нэхэмжлэгч нар өөрсдийн бодит эзэмшилдээ байлгаж байсан үйл баримт үгүйсгэгдэхгүй юм” гэж дүгнэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй, агуулгын хувьд ойлгомжгүй болжээ.

4.3. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч нар нь зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчийн тайлбараар нотлогдож байхад хуулийн шаардлагыг зөрчиж, буруу хэрэглэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дүгээр захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 60 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь биелэгдэх боломжгүй бөгөөд шийдвэр хууль ёсны болж чадсангүй.

4.4. Тухайлбал дээр дурдсан хуулийн шаардлагуудыг хангаж, хэрэгжүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн тухайд аливаа эрх хамгаалагдахгүй бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхээргүй байх тул захиргааны байгууллага, албан тушаалтны хууль хэрэгжүүлсэн шийдвэр, үйл ажиллагааг буруутгах боломжгүй. Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянах байтал Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлан гаргах ажиллагаанд нэхэмжлэгч нарыг татан оролцуулаагүй нь хуульд нийцээгүй гэсэн дүгнэлт хийж, Захиргааны хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/0301 дугаартай шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн   118.3-д   зааснаар   анхан   шатны   шүүхийн   шийдвэрийг   хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

 

2. Шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч О.Н, Ж.Т, Д.М, Б.Б, ОХУ-ын иргэн К Е, Г.Ё, Х.Б нараас Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжийн нэгдүгээр хавсралтын 13 дугаарт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 40 гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоот гараашийг, мөн 14 дүгээрт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 13 гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 40 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоотын гараашийг, мөн 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 13 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

2.2. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталж, харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй автомашины тоосгон болон бетонон гарааш барьсан, төмөр гарааш чингэлэг, зөөврийн байгууламж байрлуулсан зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд албадан буулгаж, газар чөлөөлөхөөр тус тус шийдвэрлэсэн байна.

 

2.3. Нэхэмжлэгч нарын хувьд маргаан бүхий гараашуудыг худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан байх бөгөөд Баянзүрх дүүргийн газрын албатай “Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт”-ыг бичгээр байгуулж, төлбөрийг төлж байсан болох нь тогтоогдож байх боловч газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

2.4. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.2-т “батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн хуулийн зохицуулалттай.

 

2.5. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд зөвхөн газрын төлбөрийг төлснөөр газар эзэмших эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд маргааны үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нарын эзэмшлийн гараашийн доорхи газрыг нэхэмжлэгч нарт дээр дурдсан эрх бүхий дүүрэг, Нийслэлийн Засаг даргаас газар ашиглах, эзэмших эрх олгоогүй бөгөөд нэхэмжлэгч нар нь хууль ёсны дагуу авсан газрын гэрчилгээний үндсэн дээр маргаан бүхий гараашийн доорх газрыг эзэмшиж байгаа нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

2.6. Иймээс Газрын тухай хуульд заасан эрх бүхий этгээдээс газар ашиглуулах, эзэмшүүлэх шийдвэр гараагүй, гэрчилгээ олгоогүй байхад нэхэмжлэгч О.Н, Ж.Т, Д.М, Б.Б, ОХУ-ын иргэн К Е, Г.Ё, Х.Б нар нь уг маргаан бүхий газар дээр барьсан гараашийг худалдан авч, газрын төлбөрийг төлөх замаар уг газрыг зохих хугацаанд ашигласан болохоос биш хуулийн хүрээнд хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй тул хариуцагч нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн /2002 оны/ 20 дугаар зүйлийн 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий актаар нэхэмжлэгч нарын маргаж буй гараашийн доорх газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн үйлдлийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй.

 

2.7. Мөн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга “газар ашиглуулах, эзэмшүүлэх шийдвэр гараагүй, гэрчилгээ олгоогүй байхад уг зөрчилтэй газар дээр барьсан гараашийн доорх газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх”, “мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол нийслэлийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах” бүрэн эрхтэй гэж үзэхээр байна.

 

2.8. Гэтэл анхан шатны шүүхээс “...хууль ёсоор газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдүүд биш тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй боловч бодит байдал дээр тухайн гараашнууд байрласан газрыг нэхэмжлэгч нар өөрсдийн бодит эзэмшилдээ байлгаж байсан үйл баримт үгүйсгэгдэхгүй... Нийслэлийн Засаг даргын А/388 дугаартай захирамжийн зорилго нь нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудад газар чөлөөлөх, улмаар энэ зорилгын хүрээнд 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн ерөнхий архитектор баталсан байх ба Дээрээ тохижилт бүхий газар доорх авто зогсоолын барилга барихаар төлөвлөснөөс үзвэл хариуцагчийн шийдвэр үр ашиггүй, бодит байдалд нийцээгүй гэж үзэхээр байна” гэж дүгнээд хариуцагчийг 6 /зургаа/ сарын хугацаанд дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцсэнгүй.

 

2.9. Учир нь Газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийн хувьд газар эзэмших, ашиглах аливаа эрх хамгаалагдахгүй бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд зөвхөн газрын төлбөрийг төлснөөр газар эзэмших эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

 

2.10. Нөгөөтээгүүр маргаан бүхий актын зорилго нь дээр дурдсанчлан нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд олон нийтийг хамруулсан хэмжээний гарааш барих, ойр орчмын байрны оршин суугчдын ая тухтай нөхцөл байдлыг хангах, ногоон байгууламж барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан байгааг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.

 

2.11. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 301 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Н, Ж.Т, Д.М, Б.Б, ОХУ-ын иргэн К Е, Г.Ё, Х.Б нарын 7 иргэний гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжийн нэгдүгээр хавсралтын 13 дугаарт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 40 гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоот гараашийг, мөн 14 дүгээрт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 13 гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 40 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоотын гараашийг, мөн 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 13 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг хассан өөрчлөлтийг тус тус оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА