Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 185

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч П.Жавзанпагма, түүний өмгөөлөгч Д.Зулаа хариуцагч Р.Ганхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хүдэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг Баянцагаан гэдэг газарт оршин суух Боржигон овогт Тониогийн Жавзанпагмын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Залуус хорооллын 1-17 тоотод оршин суух Хөх овогт Раднаабазарын Ганхуягт холбогдох

 

 “11.500.000 / арван нэгэн сая таван зуун мянга / төгрөг гаргуулах, Р.Ганхуягийн сөрөг нэхэмжлэлтэй, П.Жавзанпагмад холбогдох, 11.000.000 / арван нэгэн сая / төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг 2016.10.10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Жавзанпагма шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахгүй, хариуцагчтай эвлэрье гэсэн боловч эвлэрэхгүй байгаа. Би 2015.08.19-ний өдөр орон сууц захиалах гэрээг Р.Ганхуягтай байгуулж, Залуус хорооллын 2 дугаар байрны 18 тоотын 3 өрөө байрыг авахаар тохиролцсон юм. Гэрээнд зааснаар графикын дагуу эхний ээлжинд 10.200.000 төгрөгийг, 2 дугаар ээлжинд 8 сая төгрөгийг, 3 дугаар ээлжинд 20.000.000 төгрөгийг, 4 дүгээр ээлжинд 40.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсны дагуу эхний ээлжинд 10.200.000 төгрөгөнд бодож мал өгсөн. Анх бол 10 унагатай гүү өгнө гэж тохиролцсон боловч  1 сая төгрөгөнд 1 унагатай гүү, хонгор зүстэй үрээг 1 сая төгрөгт, 6-н тугалтай үнээг нэгийг нь 1 сая төгрөгөнд бодож өгсөн, мөн хонгор халзан хурдны удамтай үрээг бол 2 сая төгрөгөнд бодож өгсөн юм. Гэтэл 2 сая төгрөгөнд өгсөн хонгор халзан үрээгээ бол бэлгэнд өгсөн гээд байгаа. Би бол бэлгэнд өгөөгүй. Байрныхаа мөнгөнд оруулж өгсөн. Эхний ээлжийн 10.000.000 төгрөгнөөс илүү дутуу гэж маргаан гараагүй. 2 дахь ээлжийн 8 сая төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа Р.Ганхуягийн дансанд шилжүүлсэн. 3 дахь ээлжийн 20.000.000 төгрөгийг төлөх хугацаа болоогүй байхад намайг Ганхуяг 60.000.000 төгрөг бэлнээр өг гэхээр нь би хуваарийн дагуу төлнө гэхэд тэгвэл чи байрнаас гар гээд хөөж туугаад байхаар нь би арга буюу байрыг нь чөлөөлж өгсөн. Надаас авсан малыг буцааж өгсөн боловч түүнээс хурдан удмын хонгор халзан үрээ, 1 бярууг өгөөгүй. Хонгор халзан үрээг бол би Ганхуягт бэлэглээгүй. Би эхний ээлжинд төлөх мөнгөндөө тохируулж малаа өгсөн юм. Би байр худалдан аваад тагтанд нь вакум хаалт 1.100.000 төгрөгөөр хийлгэсэн. Иймд хонгор халзан үрээний үнэ 2 сая төгрөг, бэлнээр өгсөн 8 сая төгрөг, цонхны вакум хаалтны үнэ 1.100.000 төгрөг, бярууны 400.000 төгрөг бүгд 11.500.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ байранд 9 сар суусан тул сард 300.000 төгрөгөөр тооцож суусны хөлс гэж 2700.000 төгрөг хасахыг зөвшөөрч байна гэжээ. 

 

Нэмж гаргасан тайлбартаа: Хэрэв хонгор үрээг 10.000.000 төгрөгөнд оруулж тооцоогүй юм бол 1 дүгээр ээлжийн төлөлтөөс 2 сая төгрөг дутна шүү дээ. Дутуу мөнгө өгсөн гэж хэлдэггүй.10 гүү өгнө гэж тохиролцож 2 гүүний оронд хонгор халзан үрээг өгсөн. Графикийн дагуу төлөөд явсан. Намайг малгүй байрныхаа үнийг төлж чадахгүй болсон л гэсэн. Би 1000 гаруй толгой мал тоолуулсан. Бод мал олонтой, зөвхөн тэмээ л гэхэд 75 толгой байна. Би энэ байрыг буцааж өгөөд Канад хаус хороололд 90 гаруй сая төгрөгөөр байр худалдаж аваад байна гэв.

 

Хариуцагч Р.Ганхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хүдэр  шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагчтай эвлэрэхгүй гээд 2016.08.29-нд Залуус хотхоны 3 өрөө орон сууцыг 78.200.000 төгрөгөөр авахаар гэрээ байгуулсан. Садан төрлийн холбоотой байсан учраас энэ байдлыг харгалзан үзээд байрны үнэнд мал авахаар болж 10 унагатай гүү авна гэж тохиролцож очиход нь 10 гүү байгаагүй, тэгээд 6-н тугалтай үнээ авч түүнийгээ хүнд өгч маллуулж сар бүр 200.000 төгрөг өгч байсан. Хонгор халзан үрээг Хуягаад бэлэглэсэн гэдэг. Хуягаа болохоор би бэлгэнд адуу авахгүй өгөх малынхаа тоонд оруулж өг гэсэн байдаг. 8 сая төгрөг нь дансанд орсон. 5 дугаар сард 20.000.000 төгрөг төлөх байсан боловч төлөх боломжгүй гэсэн. 40.000.000 төгрөгийг төлж чадахгүй хүн гэсэн мэдээлэл хүмүүс өгсөн байсан. Графикт заасан хугацаандаа төлөхгүй байсан. Мөн 1.100.000 төгрөгөөр хийлгэсэн тагтны хаалтаа ав гэсэн боловч өөрөө аваагүй. Бярууг 400.000 төгрөгөөр үнэлж авсан боловч 6 тугалтай үнээгээ хүнд сард 200.000 төгрөг өгч харуулж байсан, авсан 6 үхрээс 4 нь тугалж, 2 нь сувайрсан. Бяруу нь зуданд үхсэн тул өгөх боломжгүй. Манай аймагт бол байрны түрээс гэж бол тогтсон үнэлгээ байдаггүй. 2 тал хоорондоо тохиролцож түрээсийн үнийг тогтдог юм. Хуучин 1 өрөө байр болохоор 250.000 төгрөгийн үнэтэй байгаа. Шинэ 3 өрөө байр бол 600.000 төгрөгийн үнэтэй. 9 сар шинэ байранд амьдарсан болохоор 5400.000 төгрөг болж байна. Малчны цалин 12 сарын цалинд сард 200.000 төгрөгөөр бодож 2400.000 төгрөг, уг байрыг жилийн дараа зарсан болохоор байрны үнэ буурч 75.000.000 төгрөг болсон юм. Иймд зөрүү нь 3.200.000 төгрөг болсон нийт 11.000.000 төгрөг нэхэмжилсэн. Харин Т.Жавзанпагмын нэхэмжлэлээс бол бэлнээр авсан 8.000.000 төгрөгийг төлнө. Бусдыг бол төлөхгүй. Учир нь бяруу нь зуданд үхсэн, Тагтны үнийг айл нь өгөхгүй гэсэн, хонгор үрээг бол өөрөө бэлэглэсэн гэдэг юм гэв. 

 

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Жавзанпагма нь хариуцагч Р.Ганхуягаас орон сууцны үнэнд бэлнээр өгсөн 8 сая төгрөг, бярууны үнэ 400.000, тагтны хаалтны үнэ 1.100.000 төгрөг, хонгор халзан үрээний үнэ 2.000.000 төгрөг бүгд 11.500.000 төгрөг гаргуулахаар, хариуцагч Р.Ганхуяг нэхэмжлэгч П.Жавзанпагмаас 9 сар байранд суусны төлбөр сар бүр 600.000 төгрөгөөр бодож 5.400.000 төгрөг, малчны цалин 12 сараар буюу сарын 200.000 төгрөгөөр тооцож 2.400.000 төгрөг, байрыг 2015 оны 8 дугаар сард 78.200.000 төгрөгөөр худалдаж байсан ба 1 жилийн дараа 75.000.000 төгрөгөөр худалдаж 3.200.000 төгрөгийн алдагдал зэргийг тооцож нийт 11.000.000 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Зохигчид 2015.08.19-ний өдөр орон сууц захиалан авах гэрээ байгуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт барьж буй 20 айлын орон сууцны барилгын 2 давхрын 18 тоот 68 кв м нийт 78.200.000 төгрөгийн үнэ бүхий байрыг 2015.08.18-ны өдрөөс эхлэн 2016 оны 3 дугаар улиралд орон сууцыг захиалгаар бариулахаар гэрээ байгуулж, төлбөрийг 2015.08.19-нд 10.200.000 төгрөг буюу 10-н гүү, 2016 оны 1 дүгээр сард 8000.000 төгрөг бэлнээр, 2016 оны 5 дугаар сард 20.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 40.000.000 төгрөг төлөх ба хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 1,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

Гэтэл хариуцагч Р.Ганхуяг нь Т.Жавзанпагмыг байрныхаа үнийг хугацаанд нь өгөөгүй гэсэн үндэслэлээр 2016 оны 5 дугаар сард байрнаас нь гаргасан байгаа тул гэрээгээ зөрчсөн байна гэж шүүх үзлээ. Хариуцагч Т.Жавзанпагмыг 5 сард байрнаас гаргасан, нэхэмжлэгч болохоор 2016.06.06-нд байрнаас гаргасан гэж талууд байрнаас гарсан хугацааны талаар 2 өөрөөр тайлбарлаж байгаа боловч гэрч М.Амарзаяагийн мэдүүлэгт ”. . . Жавзанпагма над руу 5 дугаар сард яриад би байрыг нь буцаагаад өгсөн тул тагтны хаалтны үнийг өгч чадахгүй боллоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлгээр 5 сард байрыг буцаасан нь нотлогдсон гэж үзлээ. 

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д хөлс төлөх нөхцөл, хугацааг тохиролцсон байх ба хөлсийг гэрээнд заасан хугацаандаа төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Эхний ээлжинд 2015.08.19-нд төлөх 10.200.000 төгрөг буюу 10 гүү авах байснаа 1 сая төгрөгт 1 унагатай гүү, 1 сая төгрөгт үрээ, 2 сая төгрөгт хонгор халзан үрээ, 6 сая төгрөгт 6-н тугалтай үнээ өгч төлбөр хийгджээ. 2 дугаар ээлжийн төлбөрт 8.000.000 төгрөгийг бэлнээр төлж гүйцэтгэгч тал хүлээн авч төлбөр хийгджээ. Харин 3 дугаар ээлжинд төлөх 20.000.000 төгрөгийг төлөх хугацаа болоогүй байхад гэрээгээ цуцалсан нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Хариуцагч Т.Жавзанпагма байрны үнэнээс нь 2 сая төгрөгт буюу 2 гүүний оронд өгсөн гэх хонгор халзан үрээ, тагтны хаалтны үнэ, бэлнээр өгсөн 8 сая төгрөг, 1 бяруу нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрөхгүй байгаа боловч эдгээрийг буцааж өгөөгүй гэдэгт маргаагүй болно. Харин зохигчид хонгор халзан үрээг бэлгэнд өгсөн, байрны үнэнд оруулж өгсөн гэж маргаж байгааг байрны үнэнд оруулж өгсөн байна гэж үзлээ. Учир нь зохигчид эхний ээлжинд төлөх 10.200.000 төгрөгт 10 гүү өгч авахаар тохиролцсон ба авсан малын үнэ 10.000.000 төгрөг болж байгаа ба мөнгийг дутуу өгсөн талаар маргаагүйгээс гадна гэрч Эрдэнэсүрэнгийн мэдүүлэгт “. . . 2 гүүний оронд хонгор халзан үрээг өгсөн” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд байрны үнэнд оруулж өгсөн байна гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч Т.Жавзанпагма уг байранд амьдарч байхдаа байрны тагтанд хаалт 1.100.000 төгрөгөөр хийлгэсэн нь гэрч  М.Амарзаяагийн “ . . . Залуус хотхоны 2 дугаар байрны 5 давхарт байх байранд 2 цонхны хаалт хийж өгсөн, баруун болон хойд талын цонхонд хаалт хийсэн. Нэг нь 550.000 төгрөг, 2 цонхонд 1.100.000 төгрөгөөр хаалт хийсэн. 6 дугаар сард мал борлуулаад мөнгийг чинь өгнө гэж байсан. Гэтэл 2016 оны 5 дугаар сард Жавзанпагма надруу яриад би байшингаа буцаагаад өгчихлөө цонхны хаалтаа яах вэ буцаагаад авчих гэхээр нь би мөнгөө авч чадахгүй бол хаалтаа ч гэсэн авъя гээд тэр байранд очиход өөр айл орсон байсан. Бид мэдэхгүй, Жавзанпагматайгаа учраа ол гэсэн. Жавзанпагма нь Ганхуягаас мөнгөө аваагүй гээд миний мөнгийг одоо хүртэл өгөөгүй” гэх мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэчимэг “ . . . Манайх тагтны хаалттай байр худалдан авсан” гэж мэдүүлж байгаа зэргээс үзэхэд П.Жавзанпагмын хийлгэсэн цонхны хаалттай хамт байрыг заржээ.

Мөн  байрны төлбөрт өгсөн үхэрнүүдээс 1 бяруу өгөөгүй талаар маргадаггүй юм. Иймд Р. Ганхуягаас 2 гүүний оронд авсан гэх хонгор халзан үрээний үнэ 2 сая төгрөг, байрны тагтны хаалтны үнэ 1100.000 төгрөг, бэлнээр авсан 8000.000 төгрөг, бярууны үнэ 400.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байгаа боловч нэхэмжлэгч П.Жавзанпагма, хариуцагч Р.Ганхуягийн сөрөг нэхэмжлэлээс байранд 9 сар амьдарсны төлбөрт сард 300.000 төгрөгөөр бодож 2700.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас нь хасч тооцох үндэслэлтэй байна. 

 

Харин хариуцагч Р.Ганхуяг нэхэмжлэгч Т.Жавзанпагмаас 9 сар байранд суусны төлбөрт сар бүр 600.000 төгрөгөөр бодож 5400.000 төгрөг, малчны цалин 12 сараар буюу сарын 200.000 төгрөгөөр тооцож 2400.000 төгрөг, байрыг 2015 оны 8 дугаар сард 78.200.000 төгрөгөөр худалдаж байсан ба 1 жилийн дараа 75000.000 төгрөгөөр худалдаж 3.200.000 төгрөгийн алдагдал зэргийг тооцож нийт 11.000.000 төгрөг нэхэмжлэснээс 9 сар байранд суусны төлбөрт 2700.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул Т.Жавзанпагмаас 2700.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 8300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 8.300.000 төгрөгийг гаргуулах боломжгүй байгаа үндэслэл нь: 

 

 Р.Ганхуяг, П.Жавзанпагма нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй болохоор түрээсийн төлбөр гаргах боломжгүй юм.

 

Малчны цалинд малчны цалин 12 сараар буюу сарын 200.000 төгрөгөөр тооцож 2.400.000 төгрөг, зуданд үхсэн 1 бяруу зэргийг нэхэмжилжээ. Т.Жавзанпагма нь байрныхаа үнэнд мал өгч түүнийг хүлээн авснаар өмчлөгч нь Р.Ганхуяг болсон байх тул малчинд өгсөн хөлс, үхсэн бярууны үнийг нэхэмжлэгч Т.Жавзанпагма хариуцах үндэслэлгүй байна.

 

  Маргаж буй байрыг 2015 оны 8 дугаар сард 78.200.000 төгрөгөөр худалдаж байсан ба 1 жилийн дараа 75000.000 төгрөгөөр худалдаж 3.200.000 төгрөгийн алдагдал хүлээсэн гэж байгаа боловч гэрээний үүргээ Р.Ганхуяг өөрөө зөрчсөн байх тул уг алдагдлыг П.Жавзанпагма хариуцах хууль зүйн үндэслэл гарахгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Жавзанпагмын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 198.950, хариуцагч Р.Ганхуягийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 195.950  төгрөгийг  тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Ганхуягаас 8800.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 155.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Жавзанпагмад олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Р.Ганхуягаас 8.800.000 гаргуулж нэхэмжлэгч Т.Жавзанпагмад олгосугай.

 

2. Т.Жавзанпагмын нэхэмжлэлээс 2.700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Нэхэмжлэгч Т.Жавзанпагмаас харуцагч Р.Ганхуягийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2.700.000 төгрөгийг  гаргуулж, Р.Ганхуягт олгосугай.

 

4. Р.Ганхуягийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8.300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Жавзанпагмын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 198.950, хариуцагч Р.Ганхуягийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 195.950  төгрөгийг  тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Ганхуягаас 8.800.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 155.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Жавзанпагмад олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ