Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 06

 

Т.Жавзанпагмын нэхэмжлэлтэй, Р.Ганхуягт

 холбогдох иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Я.Алтаннавч, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир

Нэхэмжлэгч, Т.Жавзанпагма, түүний өмгөөлөгч Д.Зулаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат 

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Хүдэр нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор тус аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн иргэн Т.Жавзанпагмын “11500000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй Р.Ганхуягт холбогдох, Р.Ганхуягийн “11000000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй Т.Жавзанпагмад холбогдох иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Т.Жавзанпагма  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр орон сууц захиалах гэрээг Р.Ганхуягтай байгуулж, Залуус хорооллын 2 дугаар байрны 18 тоотын 3 өрөө байрыг авахаар тохиролцсон юм. Гэрээнд зааснаар графикийн дагуу эхний ээлжинд 10.200.000 төгрөгийг, 2 дугаар ээлжинд 8 сая төгрөгийг, 3 дугаар ээлжинд 20.000.000 төгрөгийг, 4 дүгээр ээлжинд 40.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсны дагуу эхний ээлжинд 10.200.000 төгрөгөнд бодож мал өгсөн. Анх бол 10 унагатай гүү өгнө гэж тохиролцсон боловч 1 сая төгрөгт 1 унагатай гүү, хонгор зүстэй үрээг 1 сая төгрөгт, 6 тугалтай үнээг нэгийг нь 1 сая төгрөгт, хурдны удамтай хонгор халзан үрээг 2 сая төгрөгт бодож өгсөн юм. Гэтэл 2 сая төгрөгт өгсөн хонгор халзан үрээгээ бол бэлгэнд өгсөн гээд байгаа. Байрныхаа мөнгөнд оруулж өгсөн. Эхний ээлжийн 10000000 төгрөгнөөс илүү дутуу гэж маргаан гараагүй. 2 дахь ээлжийн 8 сая төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа Р.Ганхуягийн дансанд шилжүүлсэн. 3 дахь ээлжийн 20000000 төгрөгийг төлөх хугацаа болоогүй байхад намайг Ганхуяг 60 сая төгрөг бэлнээр өг гэхээр нь би хуваарийн дагуу төлнө гэхэд тэгвэл чи байрнаас гар гээд хөөж туугаад байхаар нь би арга буюу байрыг нь чөлөөлж өгсөн. Надаас авсан малаа буцааж өгсөн боловч 1 бяруу, хурдан удмын хонгор халзан үрээ хоёрыг өгөөгүй. Хонгор халзан үрээг бол би Ганхуягт бэлэглээгүй. Би эхний ээлжинд төлөх мөнгөндөө тохируулж малаа өгсөн юм. Би байр худалдан аваад тагтанд нь вакум хаалт 1100000 төгрөгөөр хийлгэсэн. Иймд хонгор халзан үрээний үнэ 2 сая төгрөг, бэлнээр өгсөн 8 сая төгрөг, цонхны вакум хаалтны үнэ 1100000 төгрөг, бярууны 400000 төгрөг бүгд 11500000 төгрөг нэхэмжилсэн . Сөрөг нэхэмжлэлээс байранд 9 сар суусан тул сард 300000 төгрөгөөр тооцож суусны хөлс гэж 2700000 төгрөгийг  зөвшөөрнө, бусдыг нь зөвшөөрөхгүй гэв. 

 

Хариуцагч Р.Ганхуяг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 08 дугаар сарын 19-нд Залуус хотхоны 3 өрөө орон сууцыг 78200000 төгрөгөөр авахаар гэрээ байгуулсан. Садан төрлийн холбоотой байсан учраас энэ байдлыг харгалзан үзээд байрны үнэд мал авахаар болж, 10 унагатай гүү авна гэж тохиролцож очиход 10 гүү байгаагүй, тэгээд 6 тугалтай үнээ авч, түүнийгээ хүнд өгч маллуулж сар бүр 200000 төгрөг өгч байсан. Хонгор халзан үрээг Хуягаад бэлэглэсэн гэдэг бэлэглээгүй юм. 8 сая төгрөг нь дансанд орсон. 5 дугаар сард 20000000 төгрөг төлөх байсан боловч, төлөх боломжгүй гэсэн. 40000000 төгрөгийг төлж чадахгүй хүн гэсэн мэдээлэл хүмүүс өгсөн байсан. Графикт заасан хугацаандаа төлөхгүй байсан. Мөн 1100000 төгрөгөөр хийлгэсэн тагтны хаалтаа ав гэсэн боловч өөрөө аваагүй. Бярууг 400000 төгрөгөөр үнэлж авсан боловч 6 тугалтай үнээгээ хүнд сард 200000 төгрөг өгч харуулж байсан, авсан 6 үхрээс 4 нь тугалж, 2 нь сувайрсан. Бяруу нь зуданд үхсэн тул өгөх боломжгүй. Т.Жавзанпагмын нэхэмжлэлээс бол бэлнээр авсан 8000000 төгрөгийг төлнө. Бусдыг бол төлөхгүй. Тагтны үнийг айл нь өгөхгүй гэсэн, хонгор үрээг бол өөрөө бэлэглэсэн гэдэг юм. 

Манай аймагт байрны түрээс гэж  тогтсон үнэлгээ байдаггүй. 2 тал хоорондоо тохиролцож түрээсийн үнийг тогтдог юм. Хуучин 1 өрөө байр болохоор 250000 төгрөгийн үнэтэй байгаа. Шинэ 3 өрөө байр бол 600000 төгрөгийн үнэтэй. 9 сар шинэ байранд амьдарсан болохоор 5400000 төгрөг болж байна. Малчны цалин 12 сарын цалинд сард 200000 төгрөгөөр бодож 2400000 төгрөг, уг байрыг жилийн дараа зарсан болохоор байрны үнэ буурч 75000000 төгрөг болсон юм. Иймд зөрүү нь 3200000 төгрөг болсон нийт 11000000 төгрөг нэхэмжилсэн гэв. 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 214 дүгээр шийдвэрт: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Р.Ганхуягаас 8800000 гаргуулж нэхэмжлэгч Т.Жавзанпагмад олгож, Т.Жавзанпагмын нэхэмжлэлээс 2700000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.Жавзанпагмаас харуцагч Р.Ганхуягийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2700000 төгрөгийг гаргуулж, Р.Ганхуягт олгож,  Р.Ганхуягийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8300000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Жавзанпагмын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 198950, хариуцагч Р.Ганхуягийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 195950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Ганхуягаас 8800000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 155750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Жавзанпагмад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүхээс гэрээгээ зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан нь учир дутагдалтай байна. Тагтны хаалтыг буцааж өгөх талаар хэлэхэд нэг ч удаа очоогүй. Иймд тагтны 1100000 төгрөгийг Р.Ганхуягаас гаргуулах боломжгүй. Шинэ 3 өрөө байранд 9 сар амьдарсан хөлсийг 300000 төгрөгөөр тооцож шийдвэр гаргасан ба Сүхбаатар аймагт шинэ 3 өрөө байрны дундаж 1 сарын хөлс 500000-600000 төгрөгийн хооронд байдаг тул Жавзанпагмаас 9 сар байранд суусны хөлсны төлбөрт 5400000 төгрөг, уг байраа Б.Эрдэнэчимэгт 75000000 төгрөгөөр зарж 3200000 төгрөгийн алдагдалд орсон. Мал хариулсан малчны хөлс 2400000 төгрөг нийт 11000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Жавзанпагма нь Р.Ганхуягийн барьсан 20 айлын орон сууцнаас 2 дугаар давхарын 18 тоотын 68 м2 3 өрөө байрыг   78,2 сая  төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 2015 оны 08 сарын 19-ний өдөр 10,2 төгрөгийг малаар, 2016 оны 01 сард 8 сая төгрөг, 05 сард 20 сая төгрөг, 12 сард 40 сая төгрөгийг тус тус бэлэн өгөхөөр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор Р.Ганхуягтай тохиролцож, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Орон сууц захиалан авах гэрээ байгуулан орон сууцандаа оржээ./хх-4/

Т.Жавзанпагма нь Р.Ганхуягт гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2015 оны 8 сард унагатай гүү 1, үрээ 1, тугалтай үнээ 6, тус бүрийг 1,0 сая төгрөгөөр, хурдан удмын хонгор халзан үрээ 2,0 сая төгрөг, бүгд 10,0 сая төгрөгийн мал, мөн 2016 оны 1 дүгээр сард 8,0 сая төгрөг дансаар өгсөн ба тэдгээр нь энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг 05 дугаар сард төлөх 20 сая төгрөгийг хугацаандаа төлөөгүй, малтай эсэхийг судалж үзэхэд малгүй байсан гэсэн үндэслэлээр гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар гэрээнээс татгалзах шаардлага тавьснаар нэхэмжлэгч байрыг 2016 оны 5 дугаар сарын 26-нд суллаж, түлхүүрийг нь борлуулагч Чинбатад өгчээ.

Хариуцагч гэрээнээс татгалзсанаар нэхэмжлэгч хариуцагчид өгсөн зарим зүйлээ буцаан авсан ба үүнээс үлдсэн 2,0 сая  төгрөгийн үнэтэй хонгор халзан үрээ, 400,0 төгрөгийн үнэтэй бяруу 1, дансаар өгсөн 8,0 сая төгрөг, байранд ороод байрны тагтанд хийлгэсэн хаалтын үнэ 1.1 сая төгрөг, бүгд 11500000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэдэггүй боловч, Н.Жавзанпагмаас 2015 оны 08 дугаар сарын 10-наас 2016 оны 05 сарын 10-ныг хүртэл 9 сар байранд суусан төлбөрийг сарын 600000 төгрөгөөр тооцож 5,4 сая төгрөг, нэхэмжлэгчээс авсан малаа сарын 200 мянган төгрөгөөр малчин авч 1 жил хариулгасны хөлс 2,4 сая төгрөг, 78,2 сая төгрөгийн байраа 75,0 төгрөгөөр зарсны  зөрүү 3,2 сая  төгрөг, бүгд 11000000  төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага  гаргасан байна./хх-19/

Т.Жавзанпагма нь сөрөг нэхэмжлэлийн  шаардлагаас байрын сарын хөлсийг 300,0 төгрөгөөр тооцож 2,7 сая төгрөгийг төлнө, бусдыг нь зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч  Р.Ганхуяг нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа шинэ 3 өрөө байрын сарын хөлс 600000 төгрөг байдаг тухайгаа нотлох баримтаар нотлоогүй хэдий ч нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээгээр шүүх түүнээс гаргуулж  шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. 

Нэхэмжлэгч “би 2016 оны 5 дугаар сард төлөх 20,0 сая төгрөгөө бэлэн болгосон байсан, гэрээний үүргээ зөрчөөгүй “ гэх боловч үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй байх тул тухайн сард төлбөр хийх гэрээний үүргээ зөрчсөн гэж үзнэ. Нэхэмжлэгчийн энэ үйлдлээс болж, хариуцагч нь 3 өрөө байрын үнийг 3,2 сая төгрөг болгон буулгаж зарсан, малчин хөлсөөр авч ажиллуулсны 2,4 сая төгрөг зэрэг бодит хохирол учирсан байна. Үүнийг гэрч Б.Батчимэг, Б.Өсөхбаяр /хх-43, 47/ нараар нотлуулсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагчийн шаардах эрх үүсчээ. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох ёстой байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар 3 өрөө байрны дахин зарсны алдагдал зөрүү 3,2 сая, малчныхөлс 2,4 сая нийт 5600000 төгрөгийг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж Т.Жавзанпагмын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан атлаа  нэхэмжлэлийн шаардлагаас 2700000 төгрөгийг хасч, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүйн зэрэгцээ нэхэмжлэгч Т.Жавзанпагма нь шинээр баригдаж бэлэн болсон орон сууцанд орж, үнийг хэсэгчлэн төлөхөөр Р.Ганхуягтай тохиролцож гэрээ байгуулсан нь  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн  байхад  шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг  буруу тодорхойлж, ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэж шийдвэрлэснийг зөвтгөх нь зүйтэй юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  198950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Р.Ганхуягаас улсын тэмдэгтийн хураамжид 198950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Жавзанпагмад олгох, нэхэмжлэгч Т.Жавзанпагмаас улсын тэмдэгтийн хураамжид 146963 төгрөг гаргуулж хариуцагч Р.Ганхуягт олгох үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190950 төгрөгийг төрийн сангаас буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг 1-5 дахь заалтуудыг хүчингүй болгож, доорх өөрчлөлтийг оруулсугай.

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Раднаабазарын Ганхуягаас 11500000 /арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж Тониогийн Жавзанпагмад олгосугай.

2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан Т.Жавзанпагмаас 8300000 /найман сая гурван зуу/ төгрөг гаргуулж Р.Ганхуягт олгосугай.

3. Р.Ганхуягийн нэхэмжлэлийн шаардлагаас 2700000 /хоёр сая долоон зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн      57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Жавзанпагмын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 198950 төгрөг, Р.Ганхуягийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 195950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Ганхуягаас улсын тэмдэгтийн хураамжинд 198950 төгрөг гаргуулж Т.Жавзанпагмад, нэхэмжлэгч Т.Жавзанпагмаас улсын тэмдэгтийн хураамжинд 146963 төгрөг гаргуулж Р.Ганхуягт олгосугай.

Хоёр. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусдыг хэвээр үлдээсүгэй. 

Гурав. Хариуцагч Р.Ганхуягийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

       Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              О.БААТАРСҮХ                                      

      ШҮҮГЧИД                               Я.АЛТАННАВЧ

                                                                                          Д.БАЙГАЛМАА