Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0416

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ц. и. м.” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Нэхэмжлэгч: “Ц. и. м.” ХХК

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг дарга

Маргааны төрөл: “Ц.и. м. ХХК-ийн XV-******* тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт Ц.и. м. ХХК-ийн XV-******* тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах,

Мөн Засаг дарга нарын “Ц. и. м.” ХХК-ийн XV-******* тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, “Ц. и. м.” ХХК-ийн XV-******* тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаар шийдвэр 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч З.Т,

Хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ч,

Хариуцагч Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг даргын өмгөөлөгч Т.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

Хэргийн индекс: 121/2022/0011/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ц. и. м.” ХХК нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарт холбогдуулан ““Ц.и. м. ХХК-ийн XV-******* тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт Ц.и. м. ХХК-ийн XV-******* тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах,

Мөн Засаг дарга нарын “Ц. и. м.” ХХК-ийн XV-******* тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, “Ц. и. м.” ХХК-ийн XV-******* тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр:

“1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1. дэх хэсгийн 54.1.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.и. м " ХХК -ий нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт холбогдох Ц.и. м. ХХК-ийн XV-******* тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт Ц.и. м. ХХК-ийн XV-******* тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

 2. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. дэх хэсгийн 22.1.3., 40 дүгээр зүйлийн 40.1., 53 дугаар зүйлийн 53.1. дэх хэсгийн 53.1.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Цайна инвестмент монголиа ХХК-ийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарт холбогдох Ц.и. м. ХХК-ийн XV-******* тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарт Ц.и. м. ХХК-ийн XV-******* тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Бидний зүгээс 2020 оноос эхлэн Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.1-т заасан төлөвлөгөөг жил бүр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт батлуулахаар хүргүүлж байсан боловч огт баталж өгдөггүй байсан. Улмаар манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу 2021 оны 11 дүгээр 22-ны өдөр Газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтэст тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж, тус газраас өргөдлийн бүртгэлийн ЕХ-009104 дугаар нээж бидний өгсөн хүсэлтийг бүртгэж авсан.

 

3.2. Гэтэл хариуцагчийн Байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйгээс болоод бид тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтэд хавсаргах баримтаа бүрэн гаргаж өгч чадахгүй байсан бөгөөд Ашигт малтмал, Газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсээс холбогдох баримтыг бүрэн ирүүлэх талаар шаардлага тавьсан. Улмаар хариуцагчаас Байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг баталж өгөхгүй байсан тул манай компанийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарт холбогдуулан “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нар Ц.и. м. ХХК-ийн XV-******* тоот, Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус төлөвлөгөөг батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэмэгдүүлсэн болно.

 

3.3. Манай компани хуульд заасны дагуу хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ гаргасан, Ашигт малтмал, Газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсээс хавсаргах баримтыг шаардсан, манай компанийн хүсэлтийг шийдвэрлээгүй хүлээлгийн байдалд байгаа бөгөөд манай компанийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон, хүчингүй болгосон ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй. Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр гэсэн төлөвтэй байгаа талаар холбогдох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа болно. Түүнчлэн Ашигт малтмал, Газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/1454 тоот Хариу тайлбар, баримт хүргүүлэх тухай албан бичигт “... Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар шүүлт хийхэд “Цайна инвэстмент монголиа” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-*******дугаартай тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр бүртгэлтэй бөгөөд ...” гэж тодорхой тусгасан байна.

 

3.4. Манай компани нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №01/29 тоот 2021, 2022 оны “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулж, 2 хувь бэлтгэн хүргүүлж байгааг хүлээн авч, хянан баталгаажуулж өгнө үү” гэх албан бичгээр Баян-Өндөр сумын Засаг даргад хандсан бөгөөд үүний хариу болох Баян-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/136 тоот албан бичигт “Танай компанийн тусгай зөвшөөрөл нь цаашид 2022 онд сунгагдах эсэх нь тодорхойгүй тул Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг 2021, 2022 онуудаар хамтад нь батлах боломжгүй байна” гэх хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагддаг. Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт огт өгөлгүй, болсон нөхцөл байдал бодит байдлыг үгүйсгэсэн шийдвэр гаргаж байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд доройтуулж байна гэж үзэж байна.

 

3.5. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.3-т “... Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сумын Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөөг, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж заасан нь сумын Засаг даргад уг төлөвлөгөөг хянан батлах эсэхийг шийдвэрлэх эрх олгосон зохицуулалт гэж үзнэ” гэж хуулийг буруу тайлбарласан. Учир нь дээр дурдсан “хянан батлах” гэдэг нь Засаг дарга тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ирүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан үзээд ямар шалтгаанаар батлах боломжгүй байгаа, төлөвлөгөөнд нэмэлтээр ямар асуудлыг тусгах, засаж сайжруулах зэргээр хариу мэдэгдэж, үүний дагуу ирүүлсэн тохиолдолд хуульд заасны дагуу батлах үүргээ хэрэгжүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид 10 хоногийн дотор хүргүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа болон эрхээ хэрэгжүүлэх боломжоор нь хангах ёстой хуулийн зохицуулалт юм.

 

3.6. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болоод үндэслэлийг нотолж байгаа нотлох баримтыг үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг баримталсан, бусдыг хохироосон хариуцагчийн үйлдлийг зөвтгөх байдлаар шийдвэр гаргаж байгаад үнэхээр гомдолтой байна.

 

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 109/ШШ2023/0007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагч нараас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “Ц. и. м.” ХХК-иас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарт холбогдуулан ““Ц. и. м.” ХХК-ийн XV-******* тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт “Ц. и. м.” ХХК-ийн XV-******* тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах,

Мөн Засаг дарга нарын “Ц. и. м.” ХХК-ийн XV-******* тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, “Ц. и. м.” ХХК-ийн XV-******* тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

2.2. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 225 тоот шийдвэрээр “ТОР” ХХК-иас Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Баян-Өндөр сумдыг хамарсан Жаран нэртэй газарт XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Ц. и. м.” ХХК-д шилжүүлэн бүртгэхээр шийдвэрлэсэн байна.

 

2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана”, 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэсэн хуулийн зохицуулалттай.

 

2.4. Харин маргаан бүхий энэ тохиолдолд “Ц. и. м.” ХХК-иас 2020 онд хэрэгжүүлэх “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга болон Есөнзүйл сумын Засаг дарга нарт хүргүүлсэн байх бөгөөд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргаас 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/64 дугаар албан бичгээр “...өмнөх онуудад менежментийн төлөвлөгөө батлуулсан боловч “Ц. и. м.” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш хайгуулын ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй тул төлөвлөгөөг батлах боломжгүй” гэж хариу өгсөнд нэхэмжлэгчээс мөн өдрийн 01/12 дугаар албан бичгээр 2020 оны төлөвлөгөө батлуулахаар дахин хүсэлт гаргасан тул хариуцагч захиргааны байгууллагаас 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/75 дугаар албан бичгээр “төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан хийгдэхэд цаг хугацааны хувьд боломжгүй, мөн ондоо багтаж геологийн судалгаа хийгдэх боломжгүй болсон тул 2020 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталгаажуулах боломжгүй” талаар хариуг тус тус өгчээ.

 

2.5. Энэ талаар анхан шатны шүүхээс “...Нэхэмжлэгч “Ц. и. м.” ХХК нь 2020 он, 2021 онд байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүй, татгалзалд тухайн цаг хугацаанд нэхэмжлэл гаргаж шийдвэрлэж байгаагүй болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон, түүнчлэн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 2020, 2021 оны төлөвлөгөөг батлуулах гэж тодруулан маргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.8 дахь заалтыг зөрчиж байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

2.6. Тодруулбал, хариуцагчаас “Ц. и. м.” ХХК нь байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтийг 2016-2019 онуудад огт гаргаж байгаагүй гэж тайлбарлаж байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчээс 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07/06 дугаар албан бичгээр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг даргад 2021 оны төлөвлөгөө батлуулахаар хүргүүлж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01/68 дугаар албан бичгээр “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй” гэж,

мөн нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 02/09 дүгээр албан бичгээр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад “2021 оны төлөвлөгөө батлуулахаар хүргүүлж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/103 дугаар албан бичгээр “2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй... 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг багийн иргэдийн Нийтийн Хурлаас ирсэн санал, зөвшөөрөлгүй хайгуул хийсэн үйлдэл зэргээс шалтгаалан баталж өгөхгүй” гэж,

түүнчлэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргаас 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/136 дугаар албан бичгээр “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг 2021, 2022 онуудаар хамтад нь батлах боломжгүй” талаар хариуг тус тус хүргүүлсэн байхад нэхэмжлэгчээс тухайн шийдвэрийг эс зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг дээрх хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтэрүүлсэн гэж тус тус үзэхээр байна.   

 

2.7. Нөгөөтэйгүүр, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Ашигт малтмалын асуудлаар сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.2.5-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ”, 40.3-т “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

 

2.8. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “Ц. и. м.” ХХК нь анх 2016 онд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг шилжүүлэн авсан атлаа түүнээс хойш 4 жилийн дараа буюу 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулах хүсэлт гаргасныг дээрх хуульд заасан хугацаанд холбогдох баримтын хамт төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, батлуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

2.9. Энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын ажил хийх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах зорилгоор шаардлагатай баримт болох байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар гаргасан хүсэлтийг татгалзсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй бөгөөд энэхүү утгаар нэхэмжлэгчийн төлөвлөгөө батлуулахыг даалгах шаардлагыг хангах боломжгүй гэж анхан шатны шүүх үзсэн нь зөв байна.

 

2.10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс дээрх хуульд заасны дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, хугацаанд нь тухайн сумын Засаг даргаар батлуулах үүргээ жил бүр биелүүлээгүй буюу 2020, 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй атлаа 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар захиргааны байгууллагад хандсан нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахын тулд хийсэн үйлдэл гэж үзээд тус төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуцагчийн тайлбарыг харгалзан үзэх нь зүйтэй.

 

2.11. Хэдийгээр нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, менежментийн төлөвлөгөөг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх хуулийн заалтыг хариуцагч зөрчсөн хэмээн маргаж байх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ”, 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах” гэж зааснаас үзвэл тухайн төлөвлөгөөг “Ц. и. м.” ХХК-ийн зүгээс болон Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумын Засаг дарга нартай харилцан зөвшилцсөний үндсэн дээр тус төлөвлөгөөг батлах тохиолдолд 10 хоногийн дотор хүргүүлэх хуулийн заалт гэж ойлгохоор байна.

 

2.12. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “н/нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах” гэж зааснаас үзвэл маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх шийдвэр гаргасан гэж үзлээ.

 

2.13. Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаар захиргааны байгууллагын эс үйлдэхүйд ямарваа хариу үйлдэл гаргаагүй нөхцлийг ойлгох бөгөөд энэ тохиолдолд хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумын Засаг дарга нараас албан бичгээр боломжгүй талаар мэдэгдсэн нь тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг дээрх үндэслэлээр батлахаас татгалзсан хариуцагч нарын хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй учир анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий байна. 

 

2.14. Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компани байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд холбогдох захиргааны байгууллагад хүргүүлээгүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа үйлдлийг хууль бус гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумын Засаг дарга нарын шийдвэр нь хууль зөрчсөн, хууль бусаар татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА