Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0272

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

                                          захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, өмгөөлөгч Л.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Э” ХХК

Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нар

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б*******, Ш.Э******* нарын 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн НА-26220000002 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах

 Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 103 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б

Хариуцагч Б.Б, Ш.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0592/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Э” ХХК-иас  Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нарт холбогдуулан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нарын 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн НА-26220000002 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 103 дугаар шийдвэрээр: 

“...Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нарт холбогдох Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нарын 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн НА-26220000002 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, өмгөөлөгч Л.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нар нь 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн НА-26220000002 тоот нөхөн ногдуулалтын актаар 19.642.727,27 төгрөгийн нөхөн татвар, 5.892.818,18 төгрөгийн торгууль, 3.928.545,45 төгрөгийн алданги, нийт 29.464.090,9 төгрөгийг "Э" ХХК-иар төлүүлэхээр шийтгэл оногдуулж, үүнийг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 128/Ш2023/0103 дугаартай шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.2."Э" ХХК нь ямар ч буруугүй юм. Нэхэмжлэгч "Э" ХХК нь 2017 онд татвар ногдох орлогоо огт нуугаагүй, ил тодоор бичиж, татварын албанд тайлагнасан. Нэмүү өртгийн албан татвар /НӨАТ/ бүхий худалдан авалтын падаануудыг санхүүгийн баримтдаа хавсарган хадгалсан.

Харин манай компанид барилгын засварын материал нийлүүлсэн "Г*******" ХХК нь 4 ширхэг нэмүү өртгийн албан татварын падааныг манайд бичсэн хэрнээ дундаас нь 19.642.727,27 төгрөгийг татварын албанд тайлагналгүй, татварын төлбөр тооцоонд оруулалгүй завшсан хэргээр өнөөдрийг хүртэл Эрүүгийн Цагдаагийн албан шалгагдаж байна.

Хоёр компанийн хооронд бичсэн нэмүү өртгийн албан татварын падаан нь хэн нэг нь дуурайлган хийгээгүй, хуурамч биш падаанууд байдаг. Эдгээр падаанууд нь тусгай давтагдашгүй дугаар бүхий, зөвхөн татварын албанаас бүртгэж, олгодог, тусгайлан хэвлэгдсэн үнэт цаас байдаг.

Эдгээр падаануудыг татварын албанаас "Г" ХХК-д олгосон байдаг. Татварын алба өөрөө "Г" ХХК-ийг нэмүү өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн байдаг.

Манай компани "тагнуул, цагдаа, татварын байгууллага" биш учраас "Г" ХХК-ийг татвараа цааш тайлагналгүй, дундаас нь завшиж байгаа гэж яаж мэдэх юм бэ? Энд төр өөрөө буруутай.

3.3. Татварын байгууллага нь татварыг дундаас нь завшсан "Г" ХХК-иас татвараа авч чадахгүй, татварын нөхөн төлөлтийн хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа дуусах гээд байсан учир яарч сандран улмаар хууль зөрчиж байгаад ч хамаагүй эзэнтэй болгохоор шийдвэрлэн улмаар "Э" ХХК-ийг хэлмэгдүүлсэн шийдвэр гаргасан.

Татварын нөхөн төлөлтийн хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа нь 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон. Нөхөн төлөлтийн татварын актыг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр үйлдсэн.

Энэ актыг үйлдэхийн өмнө буюу захиргааны акт гаргахын тулд Татварын Ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар "Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлдэг".

Мөн хуулийн 41.5-д зааснаар "Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэх" үүргийг хүлээдэг.

Харин Татварын алба нь "Э" ХХК-д 12 ажлын өдөр татварын хяналт шалгалт хийлгэхээр татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нарыг 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 26621000021 дугаартай томилолтоор томилсон байна. Энд татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасан "Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ" гэсэн заалт ноцтой зөрчигдсөн. Үүнийг анхан шатны шүүх хүлээн зөвшөөрсөн.  

Дээрх хуулийн заалтыг сахин мөрдвөл 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр томилолт хийгдсэн, шалгалт хийх талаар татвар төлөгчид энэ өдрөө мэдэгдсэн гэвэл хяналт шалгалт 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэхээр байна. Улмаар шалгалтын дараа шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхаар байна. "Э" ХХК-д холбогдох ямар ч нөхөн татвар, торгууль, алданги байхгүй байна.

 Хэрэв хувь хүн, хувийн компани татвар тайлагнах, төлөх хуулийн хугацааr хэтрүүлсэн бол Зөрчлийн хэрэг нээнэ, торгууль алданги төлүүлнэ. Маргаан гарвал шүүх хувийн компанийг хууль зөрчсөн байна гэж дүгнэнэ. Энэ бол гарцаагүй үнэн.

Ийнхүү Татварын албаныхан Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасан "Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ" гэсэн заалтыг зөрчиж болох юм уу?

Татварын албаныханд Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-д заасан "хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", Засгийн газрын тухай хуулийн 1-д заасан "Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол хууль дээдлэх явдал мөн", эдгээр зарчмуудыг заасан Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 7.1 дэх заалтууд үйлчлэхгүй юм уу? Тэд хуулийг нулимж байгаа юм уу?

3.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д "Хэдийгээр хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу 10 хоногийн нэхэмжлэгчид мэдэгдээгүй зөрчил байгаа хэдий ч энэ нь тухайн зөрчлийг үгүйсгэх, нэхэмжлэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэсэн нь шүүх дээр дурдсан бүх хуулийн заалтуудыг үгүйсгэж байна.

Өөрөөр хэлбэл, татварын албаныхан хууль зөрчсөн нь хамаагүй, хууль дээдлэхгүй байсан ч болно. Харин компанийн захирал хууль зөрчиж болохгүй гэсэн байна. Double standart !!!

Хамгийн гол нь математик сэтгэлгээ байхгүй буюу логик байхгүй, логик ойлгохгүй гаргасан шийдвэр байна. Тухайлбал, татварын албаныхан хуулийг дээдэлж мордсон бол хяналт шалгалт 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр эхэлнэ. Шалгалтын үр дүнд 2022 оны 1 дүгээр сарын 16-наас хойш нөхөн татвар, торгууль, алданги ногдуулна. Гэвч нөхөн татвар, торгууль, алданги төлөх хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр дууссан байх тул төлбөрөөс "Э*******" ХХК чөлөөлөгдөнө. Үүнийг татварын албаныхан маш сайн мэдэж байсан ба 10-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх тухай хуулийн заалтыг зорчиж байгаад акт тогтоосон. Энэ логикийг шүүх ойлгохгүй байна гэж үү?

Хэрэв шүүх дээрх логикийг ойлгосон хэрнээ татварын албаны талд хүчээр шийдвэр гаргаж байгаа бол хууль зөрчдөг шүүхээр бид юугаа хийх юм бэ?

Төрийн албаныхан хууль зөрчсөөр байхад "шударга ёс"-ыг тогтоох учиртай Монголын улсын шүүх өөрөө Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан "Шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах" заалт, зарчмыг үл тоож байхад иргэдийн шүүхэд итгэх итгэл өдрөөс өдөрт барагдах нь тодорхой. Шүүхийн нэр хүнд улам бүр унасаар байх нь тодорхой.

3.5. Иймд дээр дурдсан гомдол, үндэслэлийг хянан үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д зааснаар "нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж өгнө үү”.

Нэхэмжлэгч "Э" ХХК нь яагаад нэхэмжлэлийн шаардлагаа "бүхэлд нь биш "зарим хэсгийг" хангаж өгнө үү гэвэл эдийн засгийн ухагдахуунаар нэмүү өртгийн албан татварыг эцсийн хэрэглэгч төлдөг ба барилгын засварын материалыг бид авч хэрэглэсэн тул дунд нь татвар төлөөгүй "Г" ХХК-ийн өмнөөс үндсэн НӨАТ болох 19,642,727,27 төгрөгийн нөхөн татварыг нэхэмжлэгч "Э" ХХК өөрийн сайн дураар хариуцаж төлөхөөр шийдвэрлэлээ. Энэ тухайд давж заалдах гомдолгүй.

Харин давж заалдах гомдолд дурдсан гомдол, үндэслэлийг хянан үзэж, захиргааны актад дурдагдсан 5,892,818,18 төгрөгийн торгууль, 3,928,545,45 төгрөгийн алданги, нийт 9,821,363.63 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож, шударга ёсыг тогтоож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

   Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

   1.Татварын хяналт шалгалтын явцад “Э” ХХК нь 2017 онд нийт 196.427.272,73 төгрөгийн дүн бүхий 4 ширхэг падаанаар худалдан авалт хийсэн мэтээр татвар ногдох орлогыг бууруулж тайлагнасан болох нь тогтоогдсон байх тул актаар нийт 29.464.090,18 төгрөгийн төлбөр ногдуулсан нь холбогдох хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт үндэслэлтэй зөв дүгнэжээ.

   Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь үнэт цаасны хувьд хуурамч биш, хариуцагчдаас падааныг хуурамч гэж үзээгүй, түүнчлэн нэхэмжлэгчийг худалдан авалт хийгээгүй гэж ч буруутгаагүй, гагцхүү тухайн падаанд тусгагдсан дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт хийсэн нь хангалттай тогтоогдохгүй байх тул бусдаас нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн дүнгээр бараа худалдан авсан мэтээр хий бичилттэй падаан ашиглан татвар ногдох орлогоо бууруулж тайлагнасан нь Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нийцээгүй байна.

   2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасан.

   Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 4 ширхэг төлбөрийн баримт, мөн тооны кассын орлогын ордероос өөр баримт байхгүй, Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар тогтоолд “…нягтлан бодох бүртгэлийн бусад баримтыг тухайн үед бид санхүүгийн тайлан тооцоондоо бүртгэж, анхан шатны баримтуудыг хавсаргасан байтал ямар нэгэн хяналт шалгалт хийгээгүй акт тавьсан нь хууль бус…” гэсэн нь тусгагдсан боловч дээрхээс өөр баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, харин ч маргаан таслах зөвлөлд тус компанийн нягтлан бодогч Ч.П “…2017 оны баримт болохоор одоо ямар нэгэн гэрээ, анхан шатны баримт байхгүй байна. Тэр үед өөр нягтлан бодогч байсан” гэсэн тайлбар гаргаж байжээ.

   3.Нэхэмжлэгч Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-т зааснаар “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх” үүрэгтэй.

   Гэвч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, кассын орлогын ордероос өөр анхан шатны баримтгүй энэ тохиолдолд Татварын ерөнхий газраас 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 07/904 дүгээр албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хүргүүлсэн хуурамч санхүүгийн бичиг баримт үйлдэж, нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан борлуулсан байж болзошгүй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад дээрх падааныг өгсөн гэх “Г*******” ХХК багтсаныг,

-тус компанид татварын хяналт шалгалт хийсэн талаарх 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн танилцуулгад “…нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа, ажил, үйлчилгээ борлуулаагүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд бараа борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичиж нэр бүхий 25 татвар төлөгчдийн /үүнд нэхэмжлэгч багтсан/ төсөвт төлөх татварыг бууруулах боломж олгосон байж болзошгүй байна…” гэж дүгнэснийг,

-мөн Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас “Г” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан худалдан авч тайланд залруулга хийгээгүй аж ахуйн нэгжүүдийн хавсралтаар хүргүүлсэн зөрчлийн мэдээлэлд тус тус үндэслэн нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

    4.Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх…”-аар, 15.3.2-т “тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс 15.1-д заасан хугацааг тоолох”-оор тус тус заасан.

   Маргаан бүхий акт нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалтад хамааралтай тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор …шилжүүлж, …тайлангаа харъяалах татварын албанд тушаана” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн 2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгах татварын хөөн хэлэлцэх хугацааг тухайн жилийн эцсийн тайлан гаргах буюу 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тооцох бөгөөд нөхөн ногдуулалтын актыг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр үйлдсэн байгаагаас үзэхэд хуульд заасан 4 жилийн хугацаа хэтрээгүй байна.

   5.Харин 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн томилолтоор хяналт шалгалт хийж, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр акт ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасан “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэсэн зохицуулалт хугацааны хувьд зөрчигдсөн, энэ талаар ч шүүхийн шийдвэрт тодорхой дүгнэсэн, гэвч хяналт шалгалт хийх талаарх мэдэгдлийг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй нь илэрсэн зөрчлийг үгүйсгэх, хуульд заасан татвар төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

   Давж заалдах гомдлын шаардлагаас үзэхэд актаар тогтоосон 19.642.727,27 төгрөгийн нөхөн татвар төлөхийг хүлээн зөвшөөрч гомдоогүй, гагцхүү уг төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс хүлээлгэсэн хариуцлага болох нийт 9.821.363,63 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулахыг хүссэн.

   Гэвч дээрх хуулийн 41.5-д заасан хугацаанаас өмнө мэдэгдээгүй нь торгууль, алданги төлөхөөс чөлөөлөх үндэслэлд хамаарах талаар хуулиар зохицуулаагүй, иймд хяналт шалгалт хийх талаар хуульд заасан хугацаанд “мэдэгдээгүй” фактад үндэслэн хуулиар тогтоосон хариуцлага болох торгууль, алдангийг хүчингүй болгох нь шударга ёсонд нийцэхгүй.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, өмгөөлөгч Л.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.    

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                         Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН