Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 1432

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00807 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК, хариуцагч Д.Ууганцэцэг, П.Ганбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 14 615 588.62 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Н.Нинагийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 2-2 дугаар гудамж, 208 a тоот хаягт байрлах газар, орон сууц нь Төрийн банк болон иргэн П.Ганбаатар, Д.Ууганцэцэг нарын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний барьцааны зүйл биш болохыг тогтоож, эдгээр газар болон эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн тухай холбогдох бичиг баримтыг Хан-Уул дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг Төрийн банкинд даалгах бие даасан шаардлагатай иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, Б.Жавхлантөгс нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч П.Ганбаатар, Д.Ууганцэцэг нар нь 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төрийн банкны Хархорин тооцооны төвтэй №566 тоот зээлийн гэрээ байгуулан 26 500 000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 36 сарын хутацаатайгаар 07-87 УБС тоот улсын бүртгэлийн дугаартай №KMCDB18YPVC105815 арлын дугаартай, HUINDAI маркийн өөрөө буулгагч авто машин худалдан авах зорилгоор хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээлийн барьцаанд уг автомашин болон Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхант 2-2 гудамж 208А тоотод байрлах 54 м.кв талбайтай Ү-2206032685 улсын бүртгэлийн дугаартай №000326587 гэрчилгээний дугаартай хувийн сууц, мөн Г-2206008047 улсын бүртгэлийн дугаартай №000265870 гэрчилгээний дугаартай өмчлөх эрхтэй газар зэргийг барьцаалсан. Зээлдэгчийн зүгээс авсан зээлийг төлөх талаар ямар нэг санаачлага огт гаргаагүй, банкны зүгээс тавьсан шаардлагыг биелүүлдэггүй байдалтай, хамтран үүрэг гүйцэтгэгч нь мөн адил байр суурьтай байдаг. Иймд зээлдэгч П.Ганбаатар, Д.Ууганцэцэг нартай байгуулсан зээлийн гэрээг цуцлаж, үндсэн зээл 12 956 589.19 төгрөг, үндсэн хүү 1 584 593.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64 416.65 төгрөг нийт 14 615 588.62 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Ганбаатар, Д.Ууганцэцэг нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид зээл авсан нь үнэн боловч банктай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ хийж өмнөх зээлийн гэрээгээ өөрчилсөн. Зээлдэгч гэрээгээ хугацаанаасаа өмнө цуцлахаар шүүхэд хандсанд гомдолтой байна. Зээлийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр нэхэмжлэхгүй бүхэлд нь нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дуусна. Тэр хооронд хүүгээ төлөөд явж байхад банкинд алдагдал байхгүй. Би анх 2 жилийн хугацаагаар л мөнгө зээлсэн. Дараа нь 2 жилээр сунгасан. Бид боломжийн хэмжээгээр төлж явсан. Улирлын байдлаас болж ажил олдохгүй, орлого орж ирэхгүй байгаагаас банкны гаргаж өгсөн график тодорхой хэмжээгээр зөрчигдөж байгаа ч гэрээний үндсэн хугацаа дуусаагүй байгаа. Би өнөөдрийн байдлаар үндсэн зээлд гэсэн нэрээр 13 543 402 төгрөг төлчихсөн байгаа. Үүнийг зээлийн гэрээний хугацааны хүүд тооцоход би гэрээгээр хүлээсэн үүргээ давуулан биелүүлсэн байгаа. Гэрээний хугацаа дуусахад авсан 26 500 000 төгрөгөө тухайн хугацааны хүүтэйгээ төлсөн байвал биднийг үүргээ биелүүлсэн гэж үзэх ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Нинагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Нина нь 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ГД00265870, Г2206008047 УБ-т 695 м.кв газар, хувийн орон сууцыг банкны барьцаанд тавих, барьцаалж гарын үсэг зурах итгэмжлэлийг П.Ганбаатарт олгосон байдаг. Төрийн банк нь энэ итгэмжлэлийн дагуу Н.Нинагийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр П.Ганбаатарт олгосон зээлийн барьцаа хөрөнгө болгож 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр буюу 566 дугаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаанд авсан атлаа зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлдэгчтэй зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ гэх хэлцэл хийж итгэмжлэлийн хугацаа дууссан буюу 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх үүргийн гүйцэтгэлд Н.Нинагийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд авсан байна. Ийнхүү үндсэн гэрээний хугацаагаа дуусаагүй байхад үүргийн гүйцэтгэлийг сольж шинэ үүрэг гүйцэтгүүлэхдээ, итгэмжлэлд олгосон хугацаагаар биш итгэмжлэлээс давсан хугацаагаар итгэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгосонд гомдолтой байна. Иймд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 2-2 дугаар гудамж, 208 a тоот хаягт байрлах газар, орон сууц нь Төрийн банк болон иргэн П.Ганбаатар, Д.Ууганцэцэг нарын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний барьцааны зүйл биш болохыг тогтоож, эдгээр газар болон эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн тухай холбогдох бичиг баримтыг Хан-Уул дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг Төрийн банкинд даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гуравдагч этгээдийн бие даасан  шаардлагад гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн  шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсгийг баримтлан Төрийн банк П.Ганбаатар, Д.Ууганцэцэг нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, П.Ганбаатар, Д.Ууганцэцэг нараас үндсэн зээл 12 956 589.19 төгрөг, үндсэн хүү 1 584 593.78 төгрөг, нэмэгүүлсэн хүү 64 416,65 төгрөг нийт 14 615 588.62 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Төрийн банк" ХХК-д олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Нинагийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 2-2 дугаар гудамж, 208 a тоот хаягт байрлах газар, орон сууц нь Төрийн банк болон иргэн П.Ганбаатар, Д.Ууганцэцэг нарын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний барьцааны зүйл биш болохыг тогтоож, эдгээр газар болон, эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн тухай холбогдох бичиг баримтыг Хан-Уул дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг Төрийн банкинд даалгахыг хүссэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч П.Ганбаатар, Д.Ууганцэцэг нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхант 2-2 гудамж, 208А тоот хаягт байрших 54 м.кв хувийн сууц, мөн хаягт байрших 695 м.кв газар, 0787 УБС улсын дугаартай Хьюндэй маркийн өөрөө буулгагч автомашиныг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 972.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 248 972.89 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан Н.Нинагийн итгэмжлэгсэн төлөөлөгч Э.Нарантуул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь заалтыг үндэслэл болгосон төдийгүй "...итгэмжлэлийн хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй..." гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Н.Нина нь өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавих эрхийг П.Ганбаатарт 2 жилийн хугацаар олгосон. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т "64.2.5-т итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах" гэж, 64.3-т "Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна" гэж тус тус заасан нь итгэмжлэлийн "хугацаа" эрх зүйн ямар их ач холбогдолтой болохыг тодорхойлсон нэг чухал заалт юм. Түүнчлэн дээрх хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т "Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх..." гэж төлөөлөгчийн төлөөлөх эрхийн заагийг тодорхойлж өгсөн нь итгэмжлэлийн хугацаанд мөн адил хамаарах ёстой. Тиймээс итгэмжлэлд олгосон хугацаагаар биш итгэмжлэлээс давсан хугацаагаар итгэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгосныг хууль бус гэж үзээд байгаа юм. Анхан шатны шүүх хуулийн ийм тодорхой, чухал ач холбогдол бүхий заалтыг үл хайхарсанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Д.Ганбаатар, Д.Ууганцэцэг нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 14 615 588.62 төгрөг гаргуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, гуравдагч этгээдийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, гуравдагч этгээд Н.Нина нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 2-2 дугаар гудамж, 208 a тоот хаягт байрлах газар, орон сууц нь Төрийн банк болон иргэн П.Ганбаатар, Д.Ууганцэцэг нарын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний барьцааны зүйл биш болохыг тогтоож, эдгээр газар болон эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн тухай холбогдох бичиг баримтыг Хан-Уул дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг Төрийн банкинд даалгуулахаар бие даасан шаардлага гаргажээ.

 

Зохигчид 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 566 дугаар зээлийн гэрээ байгуулж, П.Ганбаатар, Д.Ууганбаяр нар нь 26 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэйгээр зээлж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон, зээлийг нэхэмжлэгч нь хариуцагч нарын өмчлөлд шилжүүлжээ. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Н.Нинагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 2-2 дугаар гудамж, 208a тоот хаягт байрлах газар, хувийн сууц зэргийг барьцаалжээ. Барьцааны гэрээг бичгээр байгуулж өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээл, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр болжээ. /х.х-ийн 6-14/

 

Талууд гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ буюу 14 615 588.62 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага дээр маргаагүй, харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын талаар маргаантай байна.

 

Гуравдагч этгээд Н.Нина нь өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих эрхийг 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр П.Ганбаатарт олгосон бөгөөд итгэмжлэлийн хүчинтэй байх хугацаа нь 2 жилээр заасан байна. /хх-ийн 40/ Гуравдагч этгээд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих эрхийг хариуцагчид олгосон дээрх 2 жилийн хугацааны дотор барьцааны гэрээ байгуулагдсан байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Барьцаагаар хангагдах зээлийн гэрээг 2018 он хүртэл хугацаатай байгуулсан нь итгэмжлэлийн хугацаа дууссантай хамааралгүй, тус тусдаа бие даасан гэрээнүүд юм. Иймд гуравдагч этгээд Н.Нинагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.  

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00807 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар гуравдагч этгээд Н.Нина нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

                                                                        Ш.ОЮУНХАНД