Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0606/З |
Дугаар | 308 |
Огноо | 2016-10-17 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 308
“Мэргэван” ХХК, “Сод монгол групп” ХХК-ийн
ХХХнэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуяг, Н.Ганболд, хариуцагч Б.Итгэлбат нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 223 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0468 дугаар магадлалтай, “Мэргэван” ХХК, “Сод монгол групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Итгэлбат, Д.Нарангэрэл, О.Сайханзаяа нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “Мэргэван” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 223 дугаар шийдвэрээр, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.5, 9.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/20 дугаар дүгнэлт, мөн өдрийн 5/71, 5/72 дугаар албан шаардлагууд, улсын ахлах байцаагч Д.Нарангэрэлийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0000003, 0000004 дүгээр шийтгэврүүдийг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0468 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаажээ.
Нэхэмжлэгч “Мэргэван” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... “Мэргэван” ХХК-иас 2015 оны 1 дүгээр улиралд Зэвсэгт хүчний 303 дугаар анги, “Томас эйр” ХХК, “Аэромонголиа” ХХК-тай онгоцны шатахуун нийлүүлэх гэрээ байгуулсан ба гэрээний үнийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хилийн үнэ, татвар, хураамж, валютын ханш, компанийн үйл ажиллагааны зардал зэргээс шалтгаалан 2,376,000, 2,872,800 төгрөгөөр тогтоосон боловч гэрээнүүд бүгд ижил нөхцөлтэйгөөр хийгдсэн. Мөн “Аэромонголиа” ХХК 2015.01.05-ны өдөр байгуулсан гэрээний дагуу худалдан авалт хийсэн, Зэвсэгт хүчний 303 дугаар анги, “Томас Эйр” ХХК-иуд 2015 оны 01 дүгээр сард худалдан авалт хийгээгүй, 2 дугаар сард эдгээр аж ахуйн нэгжүүдэд ижил үнээр худалдсан байхад ялгавартай үнэ тогтоосон гэж бодит нөхцөл байдлыг тодруулалгүй дүгнэлт гаргасан, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “зах зээлд ижил төрлийн бараа, бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах” гэснийг зөрчсөн гэж буруутгаж байгаа нь баримтаар нотлогдоогүй байна. Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.3-т “хийсэн хяналт шалгалтын үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-т “улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд хийх, ...хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй”, 10.9.11-т “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж заасны дагуу хяналт шалгалтын явцад тогтоосон байх шаардлагатай зүйлсийг анхан шатны шүүхээр тогтоолгохоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүх дээрх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
...Өөрөөр хэлбэл, хариуцагчийн дүгнэлт, албан шаардлага гаргахдаа үндэслэсэн баримт, нотолгоон дээр тулгуурлан тухай захиргааны акт үндэслэлтэй эсэхийг шүүх хянан шийдвэрлэх болохоос үүний үндэслэлийг өөрсдөө бүрдүүлэх ажиллагааг хийх боломжгүй юм. Шүүх удаа дараа хариуцагчаас өөрийн дүгнэлт, албан шаардлагын үндэслэл болсон баримтыг гаргаж өгөхийг шаардаж байсан ба хариуцагч ч өөрийнхөө байгаа баримтыг бүрэн гаргаж өгсөн байхад актаар тогтоосон үйл баримтыг дахин шүүх тогтоох ажиллагаа явуулахыг давж заалдах шатны шүүх шаардсан нь үндэслэлгүй. ...Анхан шатны шүүх захиргааны акт гаргах үндэслэл болсон баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийг бодит байдалд нийцүүлэн, нотлох баримтад тулгуурлан хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/8 дугаар удирдамжийн дагуу тус газрын улсын байцаагч Б.Итгэлбат, Д.Нарангэрэл, О.Сайханзаяа нар ТС-1 маркын шатахууны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдийн дотоодын зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Онгоцны шатахууны зах зээлд хийсэн хяналт шалгалтын дүн” 5/20 дугаар дүгнэлтээр:
- “Содмонгол групп” ХХК, “Мэргэван” ХХК-иуд онгоцны шатахуун хадгалах гэрээний үнийг ам.доллараар хийж байгаа нь Төлбөр тооцоо үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4-т заасныг зөрчсөн;
- “Сод монгол групп” ХХК, “Мэргэван” ХХК-иуд онгоцны шатахууны зах зээлд давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчид бөгөөд 2013-2015 онуудад давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчдийг зах зээлд гарч ирэх нөхцлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулсан;
- “Сод монгол групп” ХХК өөрийн охин компани болох “Мэргэван” ХХК болон “МИАТ” ХХК-д онгоцны шатахуун нийлүүлэх, дамжуулан хадгалахдаа ялгавартай үнээр гэрээ хийдэг, бусад нислэгийн компаниудтай эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр харилцаа тогтоохоос татгалзсан;
- “Мэргэван” ХХК агаарын хөлөгт шатахуун нийлүүлэх, сумлах үйлчилгээ үзүүлэхдээ ноёлох үйл ажиллагаа явуулах буюу харилцан адилгүй, ялгавартай үнээр борлуулсан, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзсан зөрчил гаргасан гэж дүгнэн, зөрчлийг арилгах 5/71, 5/72 дугаар албан шаардлагыг тус компаниудад хүргүүлсэн байна.
“Содмонгол групп” ХХК болон “Мэргэван” ХХК-иас дээрх дүгнэлт, албан шаардлага болон шийтгэврийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Тодруулбал, “Мэргэван” ХХК 2015 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын хугацаанд Зэвсэгт хүчний 303 дугаар анги болон “Томас эйр” ХХК-д ТС-1 шатахууныг 1 тонн тутмыг 2,376,000 төгрөгөөр, харин “Аэро монголиа” ХХК-д 2,872,000 төгрөгөөр борлуулахаар гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч үүнийг “...шатахууны ууршилт бохирдлоос шалтгаалах битүүмж бүхий хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт зэрэг технологийн дагуу өртөг зардал шаарддагаас гадна хэзээ, хаана, ямар нөхцөлд хүлээлцэх, мөн хилийн үнэ, бусад хүчин зүйлээс шалтгаалан ялгамжтай үнээр тогтоох шаардлагатай болдог” гэж тайлбарлаж байсан боловч түүнийгээ баримтаар нотлоогүй, харин анхан шатны шүүх тухайн тайлбар үндэслэлтэй эсэхийг баримтаар нотлоогүй атлаа хариуцагчийг “зөвхөн гэрээгээр ялгамжтай үнэ тогтоосон” гэж буруутгасан нь үндэслэлгүй болжээ.
“Мэргэван” ХХК-иас ижил цаг хугацаанд ялгамжтай үнээр бүтээгдэхүүн нийлүүлэх болсон шалтгаан нөхцлөө нотлох, шаардлагатай бол шүүхээс үүнтэй холбоотой нотлох баримт цуглуулж, маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Түүнчлэн “Сод монгол групп” ХХК, “Мэргэван” ХХК-ийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5/13 дугаар “ТС-1 шатахуун худалдах худалдан авах гэрээ”, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан холбогдох гэрээнүүд хэрэгт авагдсан боловч бүтээгдэхүүний үнэ тусгагдаагүйгээс “...өөрийн хамаарал бүхий “Мэргэван” ХХК-д худалдсан үнээс ялгавартай үнээр “МИАТ” ХХК-д шатахуун нийлүүлэх дамжуулан хадгалах гэрээ хийсэн” гэх зөрчлийг тогтоох боломжгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерт оролцсон үнээр ТС-1 төрлийн шатахууныг “МИАТ” ХК-д худалдсан, харин “Мэргэван” ХХК-ийн тухайд тус компани импортлох зөвшөөрөлгүй, дотоодод жижиглэн худалдааны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хараат компани тул түүнд худалдах үнэд ашиг нэмэх шаардлагагүй, энэ хоёр харилцааг адилтгах боломжгүй” гэж бүтээгдэхүүнийг ялгамжтай үнээр нийлүүлсэн байж болохыг үгүйсгээгүй боловч шүүх ялгамжтай үнээр борлуулсан шалтгаан нөхцлийг тогтоосны дараа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх учиртай.
“...Бусад нислэгийн компаниудад эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр харилцаа тогтоохоос татгалзсан” гэх зөрчилтэй холбоотой нотлох баримт хангалттай цуглаагүй байна.
Хэрэгт “Аэро монголиа” ХХК-иас “Сод монгол групп” ХХК-д хүргүүлсэн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/322 дугаар албан бичиг авагдсан байх боловч энэхүү “ТС-1 шатахууныг нийлүүлэх үнийн санал ирүүлэх” хүсэлтийн хариуг өгсөн эсэх, энэ нь “бусад нислэгийн компаниудтай эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр харилцаа тогтоохоос татгалзсан” гэх зөрчилтэй хамааралтай эсэх нь тодорхойгүй байх тул хариуцагч, нэхэмжлэгчээс тодруулж, тухайн зөрчилтэй холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулах шаардлагатай байна.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Мэргэван” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Монгол Улсын хэмжээнд онгоцны шатахууныг импортлох, бөөнөөр борлуулах зах зээлд “Сод монгол групп”-ийг, онгоцны шатахууныг эцсийн худалдан авагчид борлуулах болон Улаанбаатар хотод онгоцны шатахуун цэнэглэх үйлчилгээнд “Мэргэван” ХХК-ийг тус тус давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон баримт хэрэгт авагдсан байхад нэхэмжлэгч компаниудыг давамгай байдалтай аж ахуйн нэгж мөн эсэхтэй холбоотой нотлох баримт цуглуулахыг давж заалдах шатны шүүхээс шаардсан нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0468 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Мэргэван” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН