Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 182/2017/00849/И |
Дугаар | 1453 |
Огноо | 2017-06-28 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 1453
Б.Доржготовын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01012 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Доржготов
Хариуцагч: Монголын Цахилгаан холбоо ХК-д холбогдох
2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Х/65 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хишигжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Доржготов шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Говь-Алтай аймгийн холбооны газрын даргаар ажиллаж байгаад Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Х/65 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн ба өөр хүн томилсон. Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.9 дэх заалтад гэрээ дуусах хугацааг бичээгүй байгаа нь гэрээг хугацаагүй байгуулсан гэж үзэхээр байна. Байнгын ажлын байр "хугацаагүй" гэрээ байгуулах үүрэгтэй. Талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан дурдсан зүйл байхгүй. Иймд "Монголын Цахилгаан холбоо" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Х/65 тоот тушаал нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хууль зөрчсөн тул зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн холбооны газрын дарга нь орон нутагт "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах холбооны бүх төрлийн үйлчилгээг иргэд, олон нийтэд нээлттэй, шуурхай, чанарттай үйлчилгээг хүргэж, байгууллагыг үр ашигтай ажиллуулж ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн гэрээний хавсралтаар баталсан менежментийн төлөвлөгөө, орлогын төлөвлөгөө, зарлагын төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах үндсэн үүрэгтэй байх бөгөөд энэхүү онцлог нөхцөл байдлыг харгалзан ажил олгогч ажилтан нь хуульд заасны дагуу харилцан тохиролцож жил бүр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг. Доржготов болон Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 05 дугаартай хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож хэн аль нь хүлээн зөвшөөрч 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан. Гэрээний хугацаа дуусахаас ажлын 5 хоногийн өмнө талуудын аль гэрээг цуцлах талаар санал тавиагүй бол гэрээг анх байгуулагдсан хугацаагаар сунгахаар зохицуулсан. "Монголын цахилгаан холбоо" ХК нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн За/38, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1а/62, 2017 оны 02 дугаар сарын 13-ны 1а/98 дугаар бүхий албан бичгээр, албан ёсоор мэдэгдэж хуулийн дагуу гэрээг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-тзааснаар нэхэмжлэгч Б.Доржготовыг "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн Говь-Алтай аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч "Монголын цахилгаан холбоо" ХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 133 330 төгрөгийг гаргуулж, Б.Доржготовт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, Б.Доржготовт олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 119 283 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Байнгын ажлын байранд ажилтан, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож хугацаатай байгуулах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн харилцан тохиролцсон бол бусад аймгийн холбооны газрын дарга нарын хөдөлмөрийн гэрээ адил байх учиргүй, гэтэл бүгд адил байгаа нь харилцан тохиролцсон гэж үзэхгүй гэсэн тайлбарыг илүү үнэлсэн нь хэт нэг талыг барьсан хуульд нийцээгүй үндэслэл гэж үзэж байна. Аймаг дүүргийн холбооны газрын дарга нарын ажлын байрны тодорхойлолтыг судлаагүй, ажил үүргийн онцлогыг тодорхойлоогүй атлаа бусад аймгийн дарга нартай байгуулсан гэрээ нь адилхан учир харилцан тохиролцоогүй гэж дүгнэх нь өрөөсгөл юм.
Түүнчлэн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээнд хугацаа бичигдээгүй байгаа боловч гэрээг хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа дууссан гэж гэрч Ж.Буянхүү шүүх хуралдаанд мэдүүлсэн, гэрчийн мэдүүлгийг хэрхэн дүгнэсэн талаар хууль зүйн үндэслэлийг дурдаагүй орхисон. Гэрээнд харилцан тохиролцож 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарыы 20-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулав гэж заасан байх бөгөөд гэрч Ж.Буянхүү нь хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож хугацаатай байгуулж, ажил олгогч болон ажилтан нь нэг нэг хувийг авсан, ажилтанд хугацаагүй хувь байх боломжгүй гэсэн мэдүүлгийг нэхэмжлэгч үгүйсгээгүй хүлээн зөвшөөрсөн болохыг шүүх үнэлсэнгүй. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нь ажилтан, ажил олгогч хоёр тохиролцож, тодорхой үндэслэл шаардлага, шалтгаан хүсэл зоригоо илэрхийлсэн нөхцөлүүд нь Хөдөлмөрийн гэрээний 1.3, 1.9, 3.6, 4.2, 6.2.1 ,6.2.2, 8.1, 8.2, 9.3 дах заалтууд болон гэрээний 1, 2, 3 дугаар хавсралтуудад бүрэн тусгагдсаныг анхан шатны шүүх үнэлсэнгүй.
Нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээнд заасан цалингийн хэмжээгээр нотолж, ажилгүй байсан хугацааны цалин олговорыг тогтоосон нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-ийн а-д заасныг зөрчсөн учир шийдвэр нь үндэслэл бүхий биш гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хуулиа мэдэхгүй төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгож, хариуцагч байгууллагаар төлүүлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Б.Доржготов нь хариуцагч Монголын Цахилгаан холбоо ХК-д холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Х/65 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон, тушаал үндэслэлтэй гэж маргажээ.
Б.Доржготов нь Монголын Цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Х/223 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн холбооны газрын даргын ажил албан тушаалд томилогдон 05 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Х/65 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 5-9, 35-39, 55-56/
Говь-Алтай аймгийн Холбооны газрын даргын албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-т заасны дагуу байнгын ажлын байр байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу ажилтантай харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэх боловч хуулийн дээрх зохицуулалт нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийлэлийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгахаар заажээ. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тухайлан заагаагүй тул хариуцагчийн энэ талаарх тайлбар татгалзал үндэслэлгүй болно.
Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон үндэслэл, гэрээний хугацааг сунгах боломжгүй болсон үндэслэлээ тодорхой зааж нотлоогүй, хэрэгт хөдөлмөрийн гэрээний хоёр хувь авагдсанаас ажилтанд олгосон хувь нь хугацаагүй, ажил олгогчоос гаргасан хувь дээр гэрээг хугацаатай байгуулснаар заасан. Ажилтны гаргасан хөдөлмөрийн гэрээний эх хувь, талуудын тайлбар, гэрээний нөхцөл зэргээс үзэхэд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан гэж үзэх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Хэрэгт гэрчээр асуугдсан Ж.Буянхүү нь ажил олгогчийн боловсон хүчин гэрээний асуудал хариуцсан мэргэжилтэн тул түүний мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэх боломжгүйгээс гадна хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар бичгээр байгуулах бөгөөд гэрчийн мэдүүлгээс илүүтэй гэрээний гол нөхцлийг шүүх анхаарсан нь зөв болжээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэл чөлөөлөгдсөнөөр хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Монголын Цахилгаан холбоо ХК-ийн давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 283 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ш.ОЮУНХАНД