Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00685

 

Д.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/03283 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2505 дугаар магадлалтай, 

Д.А-гийн нэхэмжлэлтэй

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Д.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 6954 дүгээр захирамжаар Д.А- 500.000.000 төгрөгийг С.О-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Шийдвэр гүйцэтгэх алба нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 8395 дугаар шүүгчийн захирамж, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 835 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг илтэд зөрчсөн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ч.Батмөнх нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 161/001 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолоор Ү-2204053296 улсын бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Д.А-гийн өмчлөлийн 960.мкв үйлчилгээний зориулалттай обьект, 12 м.кв манаачийн байрыг битүүмжилж, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 161/003 дугаартай тогтоолоор дээрх эд хөрөнгийг хураасан. Гэтэл Шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж, иргэн Д.А-гийн өмчлөлийн, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилж оролцуулаагүй, мөн миний өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит ханшаас 4 дахин багаар Д.А-гаас эд хөрөнгийг үнэлэх талаар санал, хүсэлтийг авахгүй, түүнд мэдэгдэхгүйгээр үнэлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4/10229 тоот албан бичгээр 960 м.кв талбайтай үйлдвэрийн барилга, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4/10224 тоот албан бичгээр 12 м.кв талбайтай харуулын байранд үнэлгээ тогтоолгосныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг надад мэдэгдсэн болно. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 195 дугаар албан бичгээр гаргасан үнэлгээнээс иргэн Д.А-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 960 м.кв талбайтай үйлчилгээний байр 528.000.000 төгрөг, 12 м.кв талбайтай харуулын байр 4.800.000 төгрөг, нийт 532.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгмэжлэгдсэн төлөөлөгч Б.Уранбаярын шүүхэд гаргасан тайлбарт: ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06954 дүгээр захирамжаар Д.А-гаас 501.473.692 төгрөгийг гаргуулж С.О-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч Д.А-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор /13090/ 82 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 12 м.кв талбайтай манаачийн байрыг битүүмжилж хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Д.А- нь 3.000.000.000 төгрөг, төлбөр авагч С.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шинжээч томилох хүсэлт гаргасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоохоор "Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үнэлгээтэй холбоотой асуудлыг хариуцахгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06954 дүгээр захирамжаар Д.А-гаас 500.000.000 төгрөг гаргуулж С.О-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгүүлэх хүсэлт гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл төлбөр төлөгч нь ямар ч төлбөр төлөөгүй, шүүхийн шийдвэрийг огт биелүүлэхгүй байгаагаас шалтгаалан төлбөр авагчийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийлгэсэн хөрөнгийн үнэлгээнд мэргэжлийн хөндлөнгийн байгууллага хөрөнгийг үнэлсэн тул зах зээлийн бодит ханшийн түвшинд гарсан гэж үздэг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/03283 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204053926 дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо. Хонхор 82 хаягт байрлах 960.мкв талбайтай үйлчилгээний байрыг 528.000.000 төгрөгөөр, 12 м.кв талбайтай манаачийн байрыг 4.800.000 төгрөгөөр тус тус шинжээч үнэлсэн талаар мэдэгдсэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4/10229 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2505 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/03283 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 195 тоот үнэлгээний Баянзүрх дүүргийн 11 хороо, Хонхорын /13090/ 82 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2204053926 дугаартай, 960 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 532 800 000 төгрөгөөр, манаачийн байрыг 4 800 000 төгрөгөөр тус тус үнэлсэн хэсгийг хүчингүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд гуравдагч этгээд С.О-ын төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх “...хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 85 дугаар шинжээч томилох тухай тогтоолд дээр дурьдсан нэхэмжлэгчийн өмчлөлийн зээлийн барьцаанд барьцаалагдсан хөрөнгүүдийг нэрлэн заагаагүй байхаас гадна барьцаалагдсан гэх Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо, Дэнжийн 6-5а тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмшлийн газрын үнэлгээ хийгдээгүй байна...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн өмчлөлийн тусдаа улсын бүртгэлд бүртгэгдсэн, тусдаа эрхийн гэрчилгээтэй эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо, Дэнжийн 6-5а тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмшлийн газарт үнэлгээ хийгээгүй байгаа асуудал нь бусад эд хөрөнгөнд хийгдсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Д.А- нь зээлийн барьцаанд 3 нэр төрлийн 2 тусдаа гэрчилгээ, бичиг баримттай эд хөрөнгүүдийг барьцаалдаг. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 195 дугаартай үнэлгээгээр иргэн Д.А-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 960 м талбайтай үйлчилгээний байр, 12 м2 талбайтай харуулын байрыг үнэлсэн болно. Гэтэл тусдаа өөр газар байрлах газрыг үнэлээгүй байгаа нь үйлчилгээний болон харуулын байрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох боломжгүй. Мөн магадлалд “...хариуцагч нь хуулиар тогтоосон журмын дагуу уг ажиллагааг дахин гүйцэтгээгүй нь Иргэний хуулийн 177 дугаар зуйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг зөв дүгнэсэн атлаа ...харин хариуцагч байгууллага хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй болох нь тогтоогдсон байх тул...” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 195 дугаартай үнэлгээ нь төлбөр төлөгч Ёлын цом ХХК, иргэн Я.Батбаяр, төлбөр авагч С.О- нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хийгдсэн хөрөнгийн үнэлгээ байдаг бөгөөд хуульд зааснаар тухайн газар дээр байгаа бүх хөрөнгийг үнэлсэн. Улмаар Д.А-гийн өмчлөлийн хөрөнгүүд үнэлэгдсэн байх тул төлбөр төлөгч Д.А-, төлбөр авагч С.О- нарт холбогдон явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэсэн тухай асуудалд ажиллагааны оролцогчдоос хэн аль нь гомдол гаргаагүй ба дээрх хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй байтал хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2. 55.2.2 дахь хэсэгт заасныг огт зөрчөөгүй байгаа ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.А- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан эд хөрөнгийн анхны дуудлага худалдаанд санал болгохоор тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа үнэлгээг бус үнэлгээний талаарх мэдэгдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсанаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

1. Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 6954 дугаар захирамжийн дагуу Д.А- нь С.О-д 500.000.000 төгрөг төлөх үүргийг хүлээжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.А-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор гудамж 82/1 тоотод байрлах 960 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байр, 12 м.кв харуулын байр, мөн хорооны Товчоо, Дэнжийн 6-5 а хаягт байрлалтай 700 м.кв талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг битүүмжлэн хурааж, улмаар анхны дуудлага худалдаа явуулах үнэлгээ тогтоох ажиллагаа явуулсан байна. Төлбөр төлөгч үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөө 3 тэрбум төгрөг, газрыг 200.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрөөгүйгээс шийдвэр гүйцэтгэх газар шинжээчээр Хөрөнгө Эстимейт ХХК-ийг томилж дүгнэлт гаргуулжээ. Шинжээч үйлдвэрлэлийн зориулалттай барилга, харуулын байрыг 751.880.200 төгрөгөөр, газрыг 7.100.000 төгрөгөөр үнэлсэн байх боловч энэ үнэлгээг эс зөвшөөрсөн Д.А-гийн нэхэмжлэлийг хангаж, үнэлгээг хүчингүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал хэрэгт авагдсан байна.

2. Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзвэл, нэхэмжлэгч Д.А-гаас гадна түүний нөхөр Я.Батбаяр шүүхийн шийдвэрийн дагуу С.О-д төлбөр төлөх үүргийг хүлээсэн, төлбөрийн үүргийг хангуулахаар Я.Батбаярын Ёлын цом ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор гудамж 82/1 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 876 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, 20.008 м.кв талбайтай эзэмших эрхийн газрыг битүүмжлэн хураажээ.

Я.Батбаяраас төлбөр гаргуулах шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-г шинжээчээр томилж түүний төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон байна.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь шийдвэр гүйцэтгэгчийн томилсон тогтоолын дагуу Я.Батбаярын Ёлын цом ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай 876 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, 20.008 м.кв талбайтай эзэмших эрхийн газрыг үнэлэхдээ уг газарт байгаа Д.А-гийн 960 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 528.000.000 төгрөгөөр, харуулын байрыг 4.800.000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Д.А-гийн гомдлыг хангаж үнэлгээг хүчингүй болгосон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/00165 дугаар шийдвэрийн дагуу үнэлгээ тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэлгүй, өөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны буюу Я.Батбаярын төлбөртэй холбоотой хийгдсэн үнэлгээг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Д.А-д эд хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг дахин өгч дуудлага худалдаанд оруулах болсон нь хуульд нийцээгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны хууль зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Харин анхан шатны шүүх үнэлгээг бус үнийн талаарх мэдэгдлийг хүчингүй болгосон нь нэхэмжлэлийн агуулгатай нийцээгүйг давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв болжээ. Иймд магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2505 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Гуравдагч этгээд С.О- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

   ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ