Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 3283

 

 

 

 

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2018/03283

      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.А-ын  нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

  

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 6954 дүгээр захирамжаар Д.А-гаас 500.000.000 төгрөгийг С.О-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх алба нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 8395 дугаар шүүгчийн захирамж, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 835 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг илтэд зөрчсөн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ч.Б нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 161/001 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолоор Ү-2204053296 улсын бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах иргэн Д.А-гийн өмчлөлийн 960.мкв үйлчилгээний зориулалттай обьект, 12 м.кв манаачийн байрыг битүүмжилж, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 161/003 дугаартай тогтоолоор дээрх эд хөрөнгийг хураасан. Гэтэл Шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж, иргэн Д.А-гийн өмчлөлийн, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилж оролцуулаагүй, мөн миний өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит ханшаас илт багаар үнэлсэн. Тухайлбал, Шийдвэр гүйцэтгэх алба хурааж, битүүмжилсэн иргэн Д.Агийн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ гаргуулахаар хуульд заасны дагуу шинжээч томилоогүй мөртлөө Д.Агийн хөрөнгөд үнэлгээ тогтоосон болох нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5.1-д шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай төрийн эрх бүхий байгууллагын хүсэлт байна, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5.1-т Хөрөнгийн үнэлгээг хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр хийнэ гэж заасныг зөрчсөн үйлдэл болсноос гадна Д.Агаас эд хөрөнгийг үнэлэх талаар санал, хүсэлтийг авахгүй, түүнд мэдэгдэхгүйгээр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7.2-т шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах үүрэгтэй гэж заасныг зөрчсөн, мөн хуулийн 33-т заасан төлбөр төлөгчийн эрхийг бүрэн хэрэгжүүлээгүй болох нь тодорхой байна. Маргаж буй хөрөнгийн үнэлгээний тайланд иргэн Д.А-гийн өмчлөлийн үйлдвэрийн сэндвичэн барилга нийт 960 м.кв, харуулын байр 12 м.кв зэргийг нийт 532.800.000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит ханшаас даруй 4 дахин бага үнэлэгдсэн байх тул илт хууль бус үнэлгээ гэж үзэж байна. Улмаар хөрөнгийг өөрийн дураар үнэлж 532.800.000 төгрөг болохыг тодорхойлсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т заасны дагуу шинжээч хөрөнгийн үнэлгээг хуульд заасны дагуу явуулаагүй гэх үндэслэл болжээ. “ХҮТ” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 195 дугаар албан бичгээр гаргасан үнэлгээнээс иргэн Д.А-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 960 м.кв талбайтай үйлчилгээний байр /528 сая төгрөг/, 12 м.кв талбайтай харуулын байр /4 сая 800 мянган төгрөг/ нийт 532.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4/10229 тоот албан бичгээр 960 м.кв талбайтай үйлдвэрийн барилга, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4/10224 тоот албан бичгээр 12 м.кв талбайтай харуулын байранд үнэлгээ тогтоолгосныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг надад мэдэгдсэн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу хууль зөрчсөн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар зохих журмын дагуу нэхэмжлэл гаргаж байна” гэв.

 

Хариуцагч НШШГГ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06954 дүгээр захирамжаар Д.А-гаас 501.473.692 төгрөгийг гаргуулж С.О-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч Д.А-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204053926 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор /13090/ 82 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 12 м.кв талбайтай манаачийн байрыг битүүмжилж хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Д.А нь 3.000.000.000 төгрөг, төлбөр авагч С.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шинжээч томилох хүсэлт гаргасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоохоор “Х-Э” ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үнэлгээтэй холбоотой асуудлыг хариуцахгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06954 дүгээр захирамжаар Д.А-гаас 500.000.000 төгрөг гаргуулж С.О-д олгохоор шийдвэрлэсэн. НШШГГт албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгүүлэх хүсэлт гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл төлбөр төлөгч нь ямар ч төлбөр төлөөгүй, шүүхийн шийдвэрийг огт биелүүлэхгүй байгаагаас шалтгаалан төлбөр авагчийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийлгэсэн хөрөнгийн үнэлгээнд төлбөр авагчийн зүгээс маргадаггүй бөгөөд нэгэнт мэргэжлийн хөндлөнгийн байгууллага хөрөнгийг үнэлсэн тул үнэн зөв гэж үзэж байна. Гаргасан үнэлгээ нь ч тэр зах зээлийн бодит ханшийн түвшинд гарсан гэж үздэг. Нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулах, сунжруулах, биелүүлэхгүй байх санаа зорилготой байна гэж үзэхээс өөр аргагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байршилтай үйлчилгээний болон харуулын байрыг шинжээч томилж оролцуулахгүй дур мэдэн зах зээлийн бодит ханшаас илт багаар нийт 532.800.000 төгрөгөөр үнэлсэн гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.   

 

          Хариуцагч НШШГГ нь шинжээч “Х-Э” ХХК-аар үнэлгээ тогтоолгосон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.

 

          Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон төлбөр авагч С.О нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлаж байна.

 

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

          Нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ бүрдүүлбэрийг хангаж, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дахин гаргаснаас үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг зөрчөөгүй байна.

 

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06954 дүгээр захирамжаар Д.А-гаас 500.000.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор С.О-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг батлаж хэргийг хэрэгсэхгүй болгожээ /хх-73-74/.

 

          Дээрх шүүгчийн захирамжийг албадан биелүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2017/08395 дугаар захирамж гарч, 835 дугаар гүйцэтгэх хуудас бичигджээ /хх-72, 75/.

 

          Хариуцагч нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн ба нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204053926 дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах 960.мкв талбайтай үйлчилгээний байр, 12 м.кв талбайтай манаачийн байр, мөн нэгж талбарын 18655308940802 дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо, Дэнжийн 6-5а тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмшлийн газрыг тус тус 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 161/001, 161/002 дугаар тогтоолуудаар битүүмжилж, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 161/003, 161/004 дүгээр тогтоолуудаар хураажээ /хх-77, 78, 79, 83, 84/.

 

          Нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна /хх-81/. 

 

          Төлбөр төлөгч, өмчлөгч Д.А нь үйлчилгээний болон манаачийн байрыг нийт 3.000.000.000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч С.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нь төлбөр төлөгчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр шинжээч томилох хүсэлт гаргажээ /хх-86, 88/.

 

          Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчнээр тогтоолгох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр тус тус заасан тул шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 197 дугаар тогтоолоор “Х-Э” ХХК-ийг шинжээчээр томилжээ /хх-89/.

 

          “Х-Э” ХХК-ийн үнэлгээний тайланд үйлчилгээний зориулалтай объектыг 685.679.900 төгрөгөөр, манаачийн байрыг 6.200.300 төгрөгөөр тус тус үнэлсэн /хх-92-101/ боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/00165 дугаар шийдвэрээр уг үнэлгээг хүчингүй болгосон, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 608 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ /хх-102-111/. Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 001/ШЗ2018/00296 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлоосоо татгалзсан үндэслэлээр түүнийг хяналтын гомдол гаргаагүйд тооцжээ /хх-116/.

 

          Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4/10229 дүгээр мэдэгдлээр төлбөр төлөгч Д.Ад нэхэмжлэлд дурдсан үйлдвэрийн барилгыг шинжээчийн тогтоосон үнэ 528.000.000 төгрөгөөр, харуулын байрыг шинжээчийн тогтоосон үнэ 4.800.000 төгрөгөөр тус тус анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгджээ /хх-114, 115/.

 

Дээр дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудыг хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбар /хх-118/-тай харьцуулан үзвэл хариуцагч нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон “Х-Э” ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн татгалзлаа тайлбарласан нь хууль бус байна.

 

Мөн гуравдагч этгээдийг хяналтын гомдол гаргаагүйд тооцсон Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамж гарч, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш төлбөр төлөгч Д.А-д мэдэгдэл хүргүүлэх хүртэл 2 хоногийн хугацаанд тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа явуулаагүй болох нь хариуцагчийн өөрийн тайлбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэлд хавсаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 85 дугаар шинжээч томилох тухай тогтоол, мөн “ХҮТ” ХХК-ийн 195 дугаар үнэлгээний тайлангийн хувьд, нотлох үүргийн хуваарилалтын дагуу хариуцагч тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралтай, ач холбогдолтой баримт гэж мэтгэлцээгүй. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Е” ХХК-тай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар тайлбартаа дурдаж байх боловч өөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус хэрэгт хамааруулан үнэлэх, дүгнэх хууль зүйн үндэслэлгүй. 

 

Түүнчлэн хэрэгт авагдсан 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн гүйцэтгэх тухай тогтоолд Д.Ад холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн гүйцэтгэхээр дурдсан байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасанчлан Д.А-д холбогдох хөрөнгийн шинжтэй хэд хэдэн шаардлагыг гүйцэтгэх зорилгоор хэд хэдэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн  байдал баримтаар тогтоогдоогүй болно /хх-112/.

 

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэх тайлбараа хариуцагч шүүхэд нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэнгүй.

 

Иймээс шүүхийн шийдвэрээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон байхад хариуцагч нь хуулиар тогтоосон журмын дагуу уг ажиллагааг дахин гүйцэтгээгүй байх тул түүнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан өөрийн хөрөнгийг 532.800.000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулахыг хүссэн ба түүнд хариуцагчаас ямар шинжээч томилж ийнхүү үнэлүүлснээ тайлбарлаагүй нөхцөлд тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралтай эсэх нь тодорхойгүй “ХҮТ” ХХК-ийн үнэлгээний тайланг нэхэмжлэлдээ тусгасан явдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхээс хүссэн байх тул түүнд үйлчилгээний байрыг 528.000.000 төгрөгөөр, харуулын байрыг 4.800.000 төгрөгөөр тус тус шинжээч үнэлсэн талаар мэдэгдсэн хариуцагчийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4/10229 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

                                   

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204053926 дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хонхор 82 хаягт байрлах 960.мкв талбайтай үйлчилгээний байрыг 528.000.000 төгрөгөөр, 12 м.кв талбайтай манаачийн байрыг 4.800.000 төгрөгөөр тус тус шинжээч үнэлсэн талаар мэдэгдсэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4/10229 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НШШГГ-с 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА