Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1355

 

Н.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2017/00888 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Мөнх-Эрдэнэ,

Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус тус холбогдох

 

Тэтгэмжид 11 886 038 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Мөнх-Эрдэнэ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Гансүх

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Анударь

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Мөнх-Эрдэнэ нь 1979 онд хүүхдийн больницод анх ажилд орж, 1982 онд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжин,улмаар группт орсон шалтгаанаар ажлаасаа халагдсан. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2, Засгийн газрын баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаа буцалтгүй тусламж үзүүлэх журмын 10-т заасан үндэслэлээр өндөр насны тэтгэвэрт гарсан ажилтны тэтгэмжийг авах талаар 2014 онд өргөдлөө өгсөн. Сонгионхайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг төсөвтөө тусгасан боловч Нийслэлийн Эрүүл мэндийн газраас асуу гэсэн тайлбарыг удаа дараа өгч байсан. Нийслэлийн эрүүл мэндийн газарт очиж уулзахад таны мөнгө төсөвт суух нь суусан, гэвч энэ мөнгийг олгох хууль зүйн үндэслэлгүй гэсэн тайлбар өгсөн.  Улсад 26 жил ажилласан. Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай журмын 10-т албан ёсоор тэтгэвэр тогтоолгоод дараа нь хүсэлтээ өгнө гэсэн байгаа. Тэрээр  2015 онд тэтгэвэртээ гараад албан ёсоор хүсэлтээ өгсөн. Группт орсон тохиолдолд тэтгэмж олгохгүй гэсэн үг журамд байхгүй. Насаараа ажиллаж, тухайн үед хүйтэн шалан дээр унтдаг байснаас болж үе мөчний өвчтэй болсон. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасныг хангахгүй байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газар үзсэний үндсэн дээр тухайн тэтгэмж буюу 11 886 038 төгрөгийг өгөхөөс татгалзсан.  Төрийн албаны тухай хуулийн 24.1.2-г үндэслэн тэтгэвэр тогтоолгосон байх шаардлагатай. Хугацаан дээр асуудал байхгүй,  Эрүүл мэндийн тухай хуулинд тэтгэмж авах гэж байгаа хүн нь харъяа Эрүүл мэндийн байгууллагаас тэтгэвэрт гарах ёстой байдаг. Гэтэл С.Мөнх-Эрдэнэ нь харъяа байгууллагаас тэтгэвэрт гараагүй, группээс тэтгэвэрт гарсан.  Иймд тэтгэмж олгох  үндэсгүй гэжээ.

 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг шүүхэд ирүүлсэн тайлбар болон иттэмжлэгдсэн төлөөлөгч Э.Анударь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:     Манай байгууллагаас тэтгэвэрт гарах шаардлагыг хангаагүй. Манай байгууллагаас С.Мөнх-Эрдэнэтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Нийслэлийн эрүүл мэндийн газраас жил бүрийн 7 сард төсвийн төсөл авдаг бөгөөд уг төсөлд тэтгэвэрт гарч, мөнгөн тэтгэмж авах ажилчдын судалгааг байгууллагаас гаргаж өгдөг. 2015 оны төсөвт нэмэлтээр Н.Мөнх-Эрдэнэд тэтгэмж олгохоор тодотгол оруулж тэтгэмжийн мөнгийг эмнэлгийн төсөвт суулгасан бөгөөд дээрх мөнгөн тэтгэмж нь тэтгэвэрт гарч буй ажилчдад мөнгөн хэлбэрээр Нийслэлийн эрүүл мэндийн газраас шууд олгогддог. Иймд эрх бүхий дээд байгууллага нь Нийслэлийн эрүүл мэндийн газар болно гэжээ.

 

Шүүх: Төрийн албан тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Мөнх-Эрдэнийн нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар болон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газрын төсөвт тусгагдсан нэг удаагийн тэтгэмжид 11 886 038 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Мөнх-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие эмнэлгийн байгууллагад 25 жил сувилагчаар ажилласан, Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан эмнэлгийн мэргэжилтэн. Нэхэмжлэгч нь өөрийгөө төрийн жинхэнэ албан хаагч гэх үндэслэлээр шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдаагүй зүйлийг үнэлж дүгнэсэнд гомдолтой. Н.Мөнх-Эрдэнэ нь 2005 онд өвчний учир групп тогтоолгон ажлаасаа гарч, 2014 он хүртэл хүндэтгэн үзэх шалтгаантай байж байгаад тэтгэвэр тогтоолгосон. Тэтгэвэрт гарах үедээ төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбар байгууллагад ажиллаж байгаагүй нь нэг удаагийн тэтгэмж авах эрхээ алдах үндэслэл болохгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус тус холбогдуулан нэг удаагийн тэтгэмжид 11 886 038 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар эс зөвшөөрч “..,нэхэмжлэгч нь харьяа эрүүл мэндийн байгууллагаас тэтгэвэрт гараагүй тул тэтгэмж авах эрх үүсэхгүй” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Мөнх-Эрдэнэ нь 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Анагаах ухааны дунд сургуулийн сувилагчийн салбарт шилжин суралцаж, 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Хүүхдийн клиникийн төв эмнэлэгт сувилагчаар, 1982 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн /хуучнаар Октябрын районы/ хүүхдийн нэгдсэн эмнэлэгт сувилагчаар нийт 25 жил ажиллаж байгаад Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн 2005 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 34 дугаар тушаалаар өвчний учир группт орсон шалтгаанаар ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 12-18, 53-58/

 

Н.Мөнх-Эрдэнэ нь төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын  байгууллагад  25 жил ажилласан эмнэлгийн  мэргэжилтэн болох тухайд талууд маргаагүй. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэгт зааснаар төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгохоор байгаа боловч Н.Мөнх-Эрдэнэ нь төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас шууд тэтгэвэрт гараагүй, эрүүл мэндийн шалтгаанаар 2005 онд группт гараад, улмаар тэтгэврийн насанд хүрэхэд 2014 онд тэтгэврээ  тогтоолгосон тул уг тэтгэмж олгогдохгүй гэж хариуцагч татгалзжээ.

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалт нь тэтгэмж авах этгээд нь хуульд заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан, түүнчлэн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байхыг шаардсан байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох үед заавал тухайн албан тушаалыг эрхлэх буюу тухайн байгууллагад ажиллаж байхыг шаардахгүй юм.

 

Салбарын нарийвчилсан хууль болох Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэгт заасан болзол нөхцлийг хангасан төрийн албан хаагчид олгох баталгаа тусламжийг олгохгүй байхаар анхан шатны шүүх шийдвэрлэхдээ тэтгэвэр тогтоолгох үедээ нэхэмжлэгч эрүүл мэндийн шалтгаанаар групптэй байсан, төрийн албанаас шууд тэтгэвэртээ гараагүй гэх хуулийн зорилго, агуулгад нийцэхгүй тайлбар хийжээ.

 

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсгийг тухайн заалтуудын агуулга, зорилготой нийцүүлэн тайлбарлах шаардлагатай юм.

 

Нэхэмжлэгч Н.Мөнх-Эрдэнэ нь эрүүл мэндийн байгууллагад 25 жил ажилласан болох нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, 2014 онд тэтгэврээ тогтоолгосноос хойш  ажиллаж байсан болон салбарын байгууллагад удаа дараа хандаж, хөдөлмөрийн маргаан таслах байгууллага зэрэгт хандаж байсан нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй гэж үзнэ. 

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт зааснаар нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоход шаардагдах зардлыг тухайн байгууллага төсөвтөө  тусгасан байх ёстой. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь төсөвтөө тусгаагүй, уг мөнгө тухайн байгууллагын төсөвт суугаагүй, төсөвт суулгах асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хандсан байх тул Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тэмтэмжийг гаргуулахаар шийдвэрлэж, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2017/00888 дугаар шийдвэрийн удирдлага болгосон хэсгийн “115.2.3” гэснийг “115.2.1” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 11 886 038 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Мөнх-Эрдэнэд олгож, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                      С.ЭНХТӨР

                                                                       Ш.ОЮУНХАНД