Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 888

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2017/00888

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 13 дугаар байр, 2 тоотод оршин суух Монгол ур овогт Насанбуянгийн Мөнх-Эрдэнэ/РД-ЧГ59080364/-ийн,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, өөрийн байранд оршин байх Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж, нийслэлийн засаг захиргааны 2 дугаар байр, Хангарьд ордонд оршин байх Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар/РД-9077456/-т холбогдох

            Нийслэлийн эрүүл мэндийн газрын төсөвт тусгагдсан нэг удаагийн тэтгэмжид 11.886.038 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинноров, хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Анударь, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алдармаа нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинноров шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Мөнх-Эрдэнэ нь 1979 онд хүүхдийн больницод анх ажилд орсон. 1982 онд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжин орж улмаар группт орсон шалтгаанаар ажлаасаа халагдсан байдаг. Эрүүл мэндийн хувьд үүрэгт ажилдаа тэнцэхгүй болсон гэдэг шалтгаанаар ажлаасаа халагдсан. Ингээд Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2, Засгийн газрын баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаа буцалтгүй тусламж үзүүлэх нь журмын 10-т заасан үндэслэлээр өндөр насны тэтгэвэрт гаргасны дараа өгөх ёстой байсан болохоор өргөдлөө өгөөгүй явсаар 2014 онд өргөдлөө өгсөн. Өргөдлөө өгөхөд Сонгионхайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг төсөвтөө тусгасан боловч Нийслэлийн Эрүүл мэндийн газраас асуу гэсэн тайлбарыг  удаа дараа өгч байсан. Үүний дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газарт очиж уулзахад таны мөнгө төсөвт суух нь суусан, гэвч энэ мөнгийг олгох хууль зүйн үндэслэлгүй гэсэн тайлбарыг өгсөн. Энэ мөнгийг өгөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх мөнгийг өгөхгүй байх хууль зүйн үндэслэлгүй юм. Журмын 27-д заасан бүх болзолыг хангасан учир Эрүүл мэндийн хуулийн 29.2-т зааснаар нэг удаагийн мөнгөн тэтгэмж 11.886.038 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгө Нийслэлийн Эрүүл мэндийн газрын төсөвт суусан байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 30.2 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй гэдэгт тайлбар хэлэхэд 29.2-т 25 жил ажилласан байх гэж байна. Энэ нь 1979-2004 он хүртэл 25 жил байгаа. С.Мөнх-Эрдэнэ гуай 2005 онд группт орсон. Улсад 26 жил ажилласан гэсэн үг. Яагаад группт ороод тэтгэмж тогтоолгоогүй вэ гэхээр Засгийн газрын Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай журмын 10-т албан ёсоор тэтгэвэр тогтоолгоод дараа нь хүсэлтээ өгнө гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл 2005 онд албан ёсоор хүсэлтээ өгөх боломжгүй байсан. Тэгээд 2015 онд тэтгэвэртээ гараад албан ёсоор хүсэлтээ өгсөн байдаг. Группт орсон тохиолдолд тэтгэмж олгохгүй гэсэн үг үсэг журамд байхгүй. Тэр байтугай энэ журамд хүүхэд асрах чөлөөтэй гэх мэт тохиолдолд олгоно гэж заасан, харин хориглосон заалтыг бичээгүй байгаа. Иймээс энэ нэг удаа тэтгэмжийг Н.Мөнх-Эрдэнэ гуай авах ёстой гэж үзэж байна. Энэ хүн яагаад 2005 онд группт орсон бэ гэхээр ажил мэргэжилтэйгээ холбоотой шалтгаанаар группт орсон байгаа. Нэхэмжлэгч өөрөө шүүхэд мэдүүлэг өгнө гэхээр сэтгэлээ барьж чадахгүй уйлах гээд байдаг юм. Хөдөлмөрийн чадвар 60 хувь алдсан байхад тухайн байгууллагууд уг тэтгэмжийг өгч чадахгүй байна. Насаараа ажиллаж, тухайн үед  хүйтэн шалан дээр унтдаг байснаас болж үед мөчний өвчтэй болсон байдаг. Иймд тэтгэмж өгөх тал дээр шүүх анхаарч үзээсэй гэж дамжуулж хэлж байна гэв.

Хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг шүүхэд гарган өгсөн байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасныг хангахгүй байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газар үзсэний үндсэн дээр тухайн тэтгэмж буюу 11.886.038 төгрөгийг өгөхөөс татгалзсан байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2, 30.2 дахь заалт нь тухайн тэтгэмжийг олгох шалгуурыг заасан байдаг. Энэ шалгуур нь Төрийн албаны тухай хуулийн 24.1.2-г үндэслэн тэтгэвэр тогтоолгосон байх шаардлагатай байгаа. Энэ шалгуурыг хангахгүй байна гэж үзсэн тул татгалзсан хариу өгсөн юм. Хугацаан дээр асуудал байхгүй, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын татгазлаад буй үндэслэл нь Эрүүл мэндийн тухай хуулинд тэтгэмж авах гэж байгаа хүн нь харъяа Эрүүл мэндийн байгууллагаас тэтгэвэрт гарах ёстой байдаг. Гэтэл С.Мөнх-Эрдэнэ нь харъяа байгууллагаас тэтгэвэрт гараагүй, групээс тэтгэвэрт гаргасан гэдэг нь хэрэгжих боломжгүй болгоод байна. Ажилласан жилийн хувьд болзол хангаагүй биш, группээс тэтгэвэрт гарсанд асуудал нь байгаа. Тухайн хүнийг тэтгэвэрт гарахад нь харъяа эрүүл мэндийн байгууллага нь төсөвтөө суулгах ёстой. Гэтэл энэ заалт нь хэрэгжихгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 30.2 нь 24.1.2-р чөлөөлөгдсөн байх ёстой байдаг. Эрүүл мэндийн байгууллагад  ажиллаж байх үедээ тэтгэвэрт гарч болзол хангаагүй учраас боломжгүй гэж үзэж байна. Энэ тохиолдолд Эрүүл мэндийн тухай хууль, төрийн албаны тухай хууль зааснаар группээс тэтгэвэрт гарсан тохиолдолд урьд ажиллаж байсан байгууллагаас тэтгэмж авах тухай заалт байхгүй. Иймд тэтгэмж олгох эрх зүйн үндэсгүй гэв.  

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Анударь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай санал нэг байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 30.2 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй гэж үзэж байна. Н.Мөнх-Эрдэний нэхэмжлэлийн шаадлагыг дэмжихгүй байна. Учир нь манай байгууллагаас тэтгэвэрт гарах шаардлагыг хангаагүй. Манай байгууллагаас С.Мөнх-Эрдэнэтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х  Н Ь:

Нэхэмжлэгч Н.Мөнх-Эрдэнэ нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар болон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд холбогдуулан Н.Мөнх-Эрдэнэ намайг нэг удаагийн тэтгэмж авах ёстой болохыг тогтоон, Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгийн төсөвт тусган олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газарт холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газрын төсөвт тусгагдсан нэг удаагийн тэтгэмжид 11.886.038 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Нэхэмжлэгч Н.Мөнх-Эрдэнэ нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар болон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл гэх хоёр байгууллагыг хариуцагчаар тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, зөвхөн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Н.Мөнх-Эрдэнэ нь эрүүл мэндийн салбарт тасралтгүй 1979-2005 оныг хүртэлх хугацаанд улсад 25 жил ажилласан, 2005-2014 онд хөдөлмөрийн чадвар алдан, тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон тэтгэвэр авч байгаад 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, улсад тэр тусмаа эрүүл мэндийн салбарт сувилагчаар 25 жил ажилласан тул Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 30.2 дахь хэсэг, Засгийн газрын Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай журмын 10-т заасан шаардлага хангасан тул ажиллаж байсан байгууллага Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл нэг удаагийн тэтгэмж олгох эрхгүй гэх тул Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газраас Нийслэлийн эрүүл мэндийн газрын төсөвт тусгагдсан нэг удаагийн тэтгэмжид 11.886.038 төгрөг гаргуулах шаардлага гаргах эрхтэй гэж маргадаг.

Харин хариуцагч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа нэхэмжлэгч Н.Мөнх-Эрдэнэ нь Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд ажиллаж байгаад 2005 онд өвчний учир хөдөлмөрийн чадвараа алдаж группт орсон, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасны дагуу 1 удаагийн тэтгэмж тогтооход Н.Мөнх-Эрдэнэ нь харъяа Эрүүл мэндийн байгууллагаас тэтгэвэрт гараагүй, группээс тэтгэвэрт гарсан байх тул нэг удаагийн тэтгэмж авах эрх үүсээгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргадаг.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа манай байгууллагаас Н.Мөнх-Эрдэнэд холбогдох нэг удаагийн тэтгэмж гаргуулах хүсэлтийг хүлээн авч, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газарт уламжилсан олгох эсэхийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар мэднэ, бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч Н.Мөнх-Эрдэнэ нь 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оныг хүртэл Анагаах ухааны дунд сургуульд суралцан төгсөөд, 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Улсын хүүхдийн клиникийн төв эмнэлэгт сувилагчаар, 1982 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2005 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Октябрын районы хүүхдийн нэгдсэн эмнэлэг болон Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар тасралтгүй 25 жил 11 сар ажилласан болох нь түүний 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийн олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон Тахир дутуугийн тэтгэврийн 0059804 дугаартай дэвтрийн хуулбар, мөн 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн олгосон 0096552 дугаартай өндөр насны тэтгэврийн дэвтрийн хуулбар, 1995 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 324345 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Эрүүлийг хамгаалах газрын харъяа Октябрийн районы хүүхдийн нэгдсэн эмнэлгийн даргын 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23 дугаартай тушаалын хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн 2005 оны 07 дугаар сарын 07-н өдрийн 34 дүгаартай тушаалын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.Мөнх-Эрдэнэ нь улсад 25 жил ажилласан тул нэг удаагийн тэтгэмжийг тооцон гаргуулахаар шүүхэд хандсан байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т төрийн захиргааны болон төрийн тусгай албанд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ гэж тодорхойлсон байх ба нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил нь албан тушаалын ангиллын хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчид хамаарахгүй юм.

Харин нэхэмжлэгч Н.Мөнх-Эрдэнэ нь улсад 25 жил ажилласан, үүнээс эрүүл мэндийн буюу эмнэлгийн байгууллагад 25 жил сувилагчаар ажиллаж, Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “эмнэлгийн мэргэжилтэн” мөн болох нь тогтоогддог.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож, төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор заасан байна.

Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтаар тогтоож, “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3 дах заалтад Төрийн албаны тухай хуулийн 24.1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор журамласан байна.

Нэхэмжлэгч Н.Мөнх-эрдэнэ нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2014 оны 11 дүгээр сард өндөр насны тэтгэврээ тогтоолгосон болох нь тогтоогддог.

Нэхэмжлэгч Н.Мөнх-эрдэнэ нь Эрүүл мэндийн тухай хууль болон Төрийн албаны тухай хууль, “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д зааснаар нэг удаагийн тэтгэмж авах эрхгүй байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Н.Мөнх-Эрдэнэ нь Төрийн албаны тухай хуулийн 24.1.1-д тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч Монгол улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралт буюу “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3 дах заалтад заасан “төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон” гэх нөхцлийг хангаагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар тогтоогддог.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Мөнх-Эрдэнэ нь 2005 онд төрийн албанаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож байна. Түүнчлэн нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байгаад 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь тогтоогдож байна.

 Иймд Н.Мөнх-Эрдэнэ нь 2014 онд төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэврээ тогтоолгоогүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг баримтлан Нийслэлийн эрүүл мэндийн газрын төсөвт тусгагдсан нэг удаагийн тэтгэмжид 11.886.038 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Мөнх-Эрдэнэ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

               1.Төрийн албан тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Мөнх-Эрдэнийн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар болон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газрын төсөвт тусгагдсан нэг удаагийн тэтгэмжид 11.886.038 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

               2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б. БАЯРМАА