Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 1440

 

Б.Батаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/01264 дүгээр  шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Батаа, хариуцагч Тачбин ХХК, Ж.Чинзориг нарт холбогдуулан Тачбин ХХК-ийн хөрөнгө болох Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Чинзоригийн уг төмөр замын 72,5 хувь буюу 67,4 км замын өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Эрдэнийн “Бүрхээст хайрхан” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч болохыг тогтоолгож, “Тачбин ХХК” болон “Бүрхээст хайрхан” ХХК-ийн хооронд хийсэн худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

 

Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Батаа, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагч Ж.Чинзориг, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Батаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дорнод аймгийн Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг 440 000 000 төгрөгөөр 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төрийн өмчийн хороотой худалдах-худалдан авах 373 тоот гэрээ байгуулан өөрийн үүсгэн байгуулсан “Бүрхээст хайрхан” ХХК-ийн нэр дээр худалдан авсан. Тухайн үед төмөр замын үнэ болох 440 000 000 төгрөгийг би дангаар төлөх боломжгүй байсан тул Ж.Чинзориг тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр болж, төмөр замыг богино хугацаанд зарж борлуулан худалдан авахад оруулсан хөрөнгөө өсгөн авах аман тохиролцоо хийснээр Ж.Чинзориг 240 000 000 төгрөг, би найз нөхдөөс нэмж 200 000 000 төгрөгийг Төрийн өмчийн хороонд төлсөн.

          Иргэн Ж.Чинзоригтой хамтран хувьчилж авсан төмөр замаа цаашид худалдан борлуулах зорилгоор 2007 оны 9 дүгээр сард “Тачбин” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, төмөр зам худалдан авахад зарцуулсан хөрөнгө, оролцоо бүх зүйлийг тооцож, Б.Батаа, Ж.Чинзориг нар нь тус компанийн 50:50 хувийн хувьцаа эзэмшигч болохыг баталгаажуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч хариуцагч Ж.Чинзоригийг захирлаар, 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Батааг бүртгүүлсэн. Компанийг үүсгэн байгуулсан зорилго нь 93 км төмөр замаа борлуулаад, оруулсан мөнгөө ашгийн хамт авах тохиролцоо байсан.

          “Бүрхээст хайрхан” ХХК-ийг миний бие 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бусдад шилжүүлсэн. 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ж.Чинзоригтой байгуулсан “Төмөр зам худалдах-худалдан авах гэрээ” нь дүр үзүүлсэн, ямар ч үр дагаваргүй, хуурамч гэрээ юм. Энэ гэрээг байгуулах хүсэл зорилго надад байгаагүй, зөвхөн төмөр замыг “Тачбин” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх зорилгоор хийгдсэн гэрээ юм. Энэхүү гэрээний дагуу би Ж.Чинзоригоос ямар ч мөнгө хүлээн аваагүй, нэхэмжлээгүй, энэ гэрээ нь миний нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй, ач холбогдолгүй. Эд хөрөнгийг анх худалдан авахад бид хоёрын хөрөнгө орсон учраас хөрөнгийн хэмжээ, хувьчилж авахад гарсан зардлуудыг тооцоод адил тэнцүү ашгаа хуваана гэж тохирч “Тачбин” ХХК-ийн 50:50 хувийн эзэмшигч гэж компанийн гэрээ, дүрэмд тодорхойлсон. Гэтэл Ж.Чинзориг нь миний эрхийг зөрчиж, надад мэдэгдэлгүйгээр 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 42,5 км төмөр замыг Эм Эр Си ХХК-д худалдан борлуулсан байснаас маргаан гарсан. Ийнхүү бусдад худалдахдаа дээр дурдсан бид хоёрын хооронд хийгдсэн гэх дүр үзүүлсэн тохиролцоо, Төрийн өмчийн хорооноос олгосон “Өмчлөх эрхийн гэрчилгээ”, “Тачбин” ХХК-ийн гэрчилгээг үзүүлэн, бусдад өөрийгээ “өмчлөгч”, ганцаараа захиран зарцуулах эрхтэй мэтээр ойлгуулж, хууран мэхэлсэн байсан.

Иймд “Тачбин” ХХК-ийн өмч болох төмөр замын 50 хувийн өмчлөгч болохоо тогтоолгож, 46,5 км төмөр замыг Б.Батаагийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү. Харин гэрээний дагуу орж ирэх орлогын 50 хувийг гаргуулах, “Тачбин” ХХК-ийг гишүүнээс хасуулж зохих бүртгэл хийлгэхийг хариуцагчд даалгах, Бүрхээст хайрхан ХХК-ийн нэр дээр олгосон 00460 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах шаардлагуудаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Ж.Чинзориг болон "Тачбин" ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Төрийн өмчийн хорооноос 93 км урттай төмөр замыг худалдаж авахад Ж.Чинзориг миний бие 319 890 000 төгрөгийн хөрөнгийг оруулсан. Үүнийхээ 240 000 000 төгрөгийг нь би өөрөө банкинд очиж, 70 сая төгрөгийг нь нэхэмжлэгч Б.Батаагаар дамжуулж тушаасан. Энэ үед Б.Батаа надад хүсэлт гаргасан учраас би зөвшөөрч, түүнд 70 сая төгрөг өгсөн. Тиймээс энэ хэмжээгээр миний бие тухайн төмөр замыг өмчлөх, захиран зарцуулах, алдагдал болон хариуцлагыг хүлээх эрхтэй хүн гэж үзэж байгаа. Ингээд төмөр замын өмчлөх эрхийн гэрчилгээг 2006 оны 9 дүгээр сард Бүрхээст хайрхан ХХК-ийн нэр дээр авсан.

Гэтэл 2007 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Бүрхээст хайрхан ХХК-ийн захирал Б.Батаа итгэлийг эвдэж Газар шилтгээн гэх компанийг Бүрхээст хайрхан ХХК-ийн 50 хувийн эзэмшигчээр татан оруулсан. Өөрөөр хэлбэл, хувьцааныхаа 50 хувийг өөр этгээдэд худалдсан гэсэн үг. Ингэснээр миний эрх ашгийг маш ноцтой зөрчсөн бөгөөд миний эд хөрөнгөд аюул учирсан тул би эд хөрөнгөө хамгаалахын тулд Б.Батаатай ярилцаад компани байгуулж, төмөр замын өмчлөх эрхийг тус компани руу шилжүүлэхээр тохирч 2007 оны 9 дүгээр сард Тачбин ХХК-ийг байгуулсан бөгөөд 12 дугаар сард төмөр замыг шилжүүлсэн. Б.Батаагийн хувьд Тачбин ХХК-ийн үйл ажиллагаанд оролцоогүй, төмөр  замыг хэрхэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Би 70 хувийн хөрөнгө оруулсан учир анхаарал тавьж, зардлын 70 хувийг хариуцаж ирсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Чинзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2006 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Төрийн өмчийн хорооноос “Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын “Чингисийн далан” өртөөнөөс Мардай хүртэлх төмөр замыг худалдан борлуулах тухай 356 дугаар тогтоол гарч, Хөрөнгийн үнэлгээний төвөөс худалдах үнийг 440 000 000 төгрөгөөр тогтоож байсан. Энэхүү төмөр замыг худалдан авах саналыг анх Ц.Эрдэнэ надад санал болгож, надтай хамтран худалдаж авахаар тохирсон бөгөөд Төрийн өмчийн хорооноос авангуут 2 сарын дотор багтааж Улаанбаатар төмөр замд шууд худалдахаар тохирчихсон байгаа гэж ойлгуулсан. Миний бие тус төмөр замыг хөрөнгө гаргаад авч болох юм гэж тооцоод Ц.Эрдэнэ, Б.Батаа, Г.Баянмөнх нартай оруулсан хөрөнгөнийхөө хэмжээгээр хувь эзэмших, хариуцлага хүлээхээр тохиролцон төмөр замыг худалдаж авахаар шийдвэрлэсэн.

            Төмөр замын эхний дэнчин 10 хувь болох 44 000 000 төгрөгийг би төлж үүнээс хойш нийт 8 удаагийн үйлдлээр 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2006 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд 318 890 000 төгрөгийг Бүрхээст хайрхан ХХК-ийн нэр дээр иргэн Ж.Чинзоригоос гэж хийсэн бөгөөд Б.Батаагаар дамжуулан Төрийн өмчийн хорооны зохих дансанд төмөр замын урьдчилгаа болгон бэлэн мөнгө өгсөн. Төрийн өмчийн хорооноос худалдах-худалдан авах гэрээний дагуу мөнгөө төлж дуусгах, үгүй бол оруулсан мөнгийг чинь улсын орлого болгоно гэж удаа дараалан шаардаж байсан. Миний хувьд нэгэнт оруулсан хөрөнгөө хамгаалах зорилгоор нэмж төлсөөр нийт хөрөнгийн 72,5 хувь буюу 318 890 000 төгрөгийг төмөр зам авахад зориулсан бөгөөд үлдэгдэл мөнгийг та нөхөд гарга, үгүй бол би оруулсан бүх мөнгөө татлаа гэж асуудал босгож ирснээр Б.Батаа арга буюу хүнээс мөнгө зээлж үлдэгдэл төлбөрийг гүйцээн, Төрийн өмчийн хорооноос уг төмөр замыг “Бүрхээст хайрхан” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах эрх нээгдсэн болно. “Тачбин” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн тус төмөр замын бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор 20 км тутамд 5 айл буулган эргүүл харуулын гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл цалин хөлсийг 72:28% харьцаатай төлж харж хамгаалуулж байгаа бөгөөд орлого ашиг олдоггүй, үргэлж алдагдалтай ажиллаж байгаа юм.

Иймд иргэн Ж.Чинзориг миний бие Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг ТӨХ-оос худалдан авахад 318 890 000 төгрөгийг оруулсан болохыг, оруулсан хөрөнгийн хэмжээгээр тухайн төмөр замын 72,5 хувь буюу 67,4 км төмөр замын албан ёсны өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Батаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Төмөр замыг худалдан авахдаа Ц.Эрдэнэ, Г.Баянмөнх нар нь Ж.Чинзоригоос тодорхой хэмжээний мөнгө зээлэхээр тухайн үед тохиролцож байсан нь үнэн. Харин түүний хамтран ажиллах тухай түүний гаргасан саналыг хүлээн авснаар миний зүгээс 196 сая төгрөг, Ж.Чинзориг нь үлдэх 244 сая төгрөгийг гаргаснаар төмөр замын үнэ болох 440 сая төгрөгийг бид төлсөн. Сөрөг нэхэмжлэлд бичсэн 318 890 000 төгрөгийг төмөр замын үнэд тушаасан гэдэг нь огт худлаа ба өөрийнх нь төмөр замын үнэд төлснөөс бусад зардал төмөр замын үнэтэй ямар ч хамааралгүй болохыг тэр өөрөө сайн мэдэж байгаа атлаа өнөөдөр илүү ашиг олох гэж илүү их хөрөнгө оруулсан мэтээр тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Төмөр замыг худалдах авахад биднээс 196 сая, 244 сая төгрөгийг тус тус оруулсан, хэдийгээр хувь хэмжээ зөрүүтэй боловч хамтран ажиллахаар зүтгэсэн бүх үйл ажиллагаа, оролцоо зэргийг нэг бүрчлэн тооцоолж хөрөнгө оруулалтынхаа хувь хэмжээг тогтоож, төмөр замыг Тачбин ХХК-ийн хөрөнгөд бүртгэн эзэмших хувийг 50:50 хувь байхаар тохиролцсон. Энэ бүх хугацааны харуул хамгаалалтын цалингийн асуудлыг тэр ганцаараа шийдээгүй. Г.Баянмөнхтэй гурвуулаа хамтран ярилцаад гаргасан шийдвэрийн дагуу харуул хамгаалалтын зардлыг сар сараар хуваарь гарган адилхан төлж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Б.Батаа, Ж.Чинзориг нар нь миний худалдан авсан төмөр замын байгууламж буюу Дорнод аймаг дахь “Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км урт төмөр замыг залилан мэхлэх аргаар өөрсдийн өмчлөл эзэмшилд авсаныг зөвшөөрөхгүй. Анх 2006 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр миний бие нь “Бүрхээст хайрхан” ХХК-ийг байгуулсны үндсэн дээр тэр үеийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр дээрх төмөр замыг 440 000 000 төгрөгөөр худалдан авч, улмаар өмчлөх эрхийн гэрчилгээг авсан.

Уг 93 км төмөр замыг худалдан авахад надад 440 000 000 төгрөг шаардлагатай байсан тул 240 000 000 төгрөгийг нь энэ хэргийн хариуцагч гэх Ж.Чинзориг гэдэг хүнээс тухайн үед би зээлж авч байсан. Харин үлдэгдэл мөнгийг буюу 240 000 000 төгрөгийг нь би хувиасаа гаргаж байсан. Нэгэнт Ж.Чинзоригоос 240 000 000 төгрөгийг зээлсэн, тэрээр мөнгөө надаас байнга нэхэж байсан тул энэ мөнгийг нь буцааж өгөхийн тулд би өөрийн хувьчилж авсан дээрх 93 км төмөр замаа бусдад худалдан борлуулах шаардлагатай болсон. Тиймээс 2007 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр уулзалтын тэмдэглэл гэсэн баримт бичгийг Б.Батаа, Ж.Чинзориг, Г.Баянмөнх, Ц.Эрдэнэ нар өөрсдийн гараар үйлдэж баталгаажуулж байсан. Энэ баримтад тухайн төмөр замыг буюу 93 км төмөр замыг зөвхөн Ц.Эрдэнэ миний бие худалдан борлуулах эрхтэй гэсэн заалтыг зориуд оруулж өгсөн бөгөөд энэ нь уг төмөр зам нь бүхэлдээ миний хувийн өмч байсан гэдгийг бусад гурван этгээд хүлээн зөвшөөрч, тодорхойлсон албан ёсны баримт бичиг болсон. Өөрөөр хэлбэл Мардайн чиглэлийн дээрх 93 км төмөр замыг хувьчилж авах асуудлыг би ганцаараа бүтэн 4 жил хөөцөлдөж байж, эцэст нь хувьдаа буюу өөрийн үүсгэн байгуулсан “Бүрхээст хайрхан “ХХК-ийн нэр дээр хувьчлан авч чадсан. 2006 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш буюу дээрх төмөр замыг хувьчилж авсны дараа 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төрийн өмчийн хороо нь хувьчилж буй 93 км төмөр замаа “Бүрхээст хайрхан” ХХК-ийн захирал Б.Батаа, менежер Г.Баянмөнх нарьн хүмүүст хүлээлгэн өгч, “Төмөр зам хүлээлцсэн тухай акт” гэсэн баримт бичгийг үйлдсэн. Ийнхүү төмөр замыг хувьчлан авсны дараа надад мөнгө зээлдүүлсэн Ж.Чинзориг гэгч нь Б.Батаатай үгсэн хуйвалдаж, уг төмөр замыг өөрсдийн өмчлөлд хууль бус аргаар шилжүүлэн авах луйврыг зохиосон юм. Ж.Чинзориг нь “Тачбин” гэдэг нэртэй хуурамч компанийг байгуулж, улмаар уг хуурамч компани руугаа иргэн Ц.Эрдэнэ миний үүсгэн байгуулсан “Бүрхээст хайрхан” ХХК-ийн бүх өмч хөрөнгийг хэнд ч мэдэгдэлгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлсэн билээ.

Нэхэмжлэгч Б.Батаа 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шүүхэд гаргасан тодруулгадаа “дээрх 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ж.Чинзоригтой байгуулсан төмөр зам худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлсэн, ямар ч үр дагаваргүй, хуурамч гэрээ юм. Энэ гэрээг байгуулах хүсэл зориг надад байгаагүй, зөвхөн төмөр замыг Тачбин ХХК-ийн нэр дээр шилжүүлэх зорилготой хийсэн гэрээ, гэрээг Ж.Чинзоригийн хүсэлтээр хийсэн бөгөөд энэ нь цаашдаа төмөр замыг ганцаараа захиран зарцуулахын тулд бүхнийг өөрийн болгож авах гэсэн зальт арга байсан нь Ж.Чинзоригийг дур мэдэн төмөр замыг зарж борлуулах гэсэн үйлдлээс тодорхой болж байна.

Иймд “Бүрхээст хайрхан” ХХК нь иргэн Ц.Эрдэнэ миний 100 хувийн өмчлөлийн компани мөн болохыг тогтоолгох, “Тачбин” ХХК болон “Бүрхээст хайрхан” ХХК-ийн хооронд байгуулсан бүх өмч хөрөнгийг 100 хувь шилжүүлсэн гэх худалдах-худалдан авах хуурамч гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.8, Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батааг Тачбин компанийн хөрөнгө болох Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км урттай төмөр замын 50 хувь буюу 46,2 км урттай төмөр замын өмчлөгчөөр тогтоон, “Тачбин” ХХК-ийн захирал Ж.Чинзоригт хувь нийлүүлэгч Б.Батаагийн өмчлөлд Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх төмөр замын 46,2 хувийг шилжүүлэхийг даалгаж, хариуцагч Ж.Чинзоригт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасны дагуу хариуцагч Ж.Чинзоригийг “Тачбин” ХХК-ийн хөрөнгө болох төмөр замыг худалдан авахад 243 702 000 төгрөг оруулсан болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75 188 000 төгрөгт холбогдох хэсгийг болон “Тачбин” ХХК-ийн хөрөнгө болох төмөр замын 72,5 хувийн өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 57 дугаар зүйлийн 57.2, Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Ц.Эрдэнийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Батаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг, хариуцагч Ж.Чинзоригийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Чинзоригоос 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батаад, мөн дутуу төлсөн 1 682 200 төгрөг гаргуулан Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулж, нэхэмжлэгч Б.Батаагаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд ногдох 1 376 460 төгрөг гаргуулан хариуцагч Ж.Чинзоригт буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу гуравдагч этгээд Ц.Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 428 150 төгрөгөөс 165 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 262 960 төгрөг гаргуулан Ц.Эрдэнэд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсаны дагуу гуравдагч этгээд Ц.Эрдэнэ бие даасан шаардлагадаа тохируулан улсын тэмдэгтийн хураамжид нэмж 2 428 150 төгрөгийг төлсөн. Гэтэл үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл гаргагч талууд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байхад уг үндсэн нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авч шийдвэрлэсэн нь талууд хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчим алдагдсан гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр дээд шатны шүүхийн магадлалд дурдсан зөрчлийг арилгаагүй, тухайн зөрчлийг давтан гаргасан. Гуравдагч этгээдийн хувьд бие даасан шаардлагын үнийн дүн 440 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 2 428 150 төгрөгийг төлсөөр байхад анхан шатны шүүх шийдвэртээ илүү 2 262 960 төгрөг төлсөн гэж илтэд буруу дүгнэлт хийж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Үүнээс гадна Үндсэн нэхэмжлэлийн үнийн дүн нь 93 км төмөр замын 50 хувь болох 6,2 км замын үнэ буюу 440 000 000 төгрөгийн 50 хувь 220 000 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн дүн нь 93 км төмөр замын 72,5 хувийн үнэ буюу 440 000 000 төгрөгийн 72,5 хувь болох 10 000 000 төгрөг байхад Нийслэлийн шүүхийн магадлалд дурьдсан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг буруу тодорхойлсон гэх алдааг дахин гаргаж хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Гуравдагч этгээд Ц.Эрдэнэ ИХШХШтХ-ийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу шинээр 9 хуудас нотлох баримт гаргаж өгөөд, үүнийг судлах боломжийг бусад оролцогч нарт олгох хүсэлт гаргасаар байхад анхан шатны шүүх хүлээж аваагүйд гомдолтой байна. Мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг шүүх биелүүлээгүй нь шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасныг илэрхийлэх бас нэг үндэслэл гэж үзэж байна.

Гуравдагч этгээд Ц.Эрдэнэ Мардайн 93 км төмөр замыг худалдан авах анхны санаа 2002 онд төрснөөс хойш холбогдох яам, тамгын газар, төмөр зам зэрэг байгууллагаар дээрх шийдвэрүүдийг гаргуулах ажлыг гардан "Хадан Ус" ХХК, Ц.Эрдэнэ гэсэн нэрээр бүтэн 4 жил хөөцөлдсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас тодорхой харагдана. Төмөр замыг худалдан авах гол үндэслэл буюу Засгийн газрын 1999 оны 11-р сарын 17-ны өдрийн 190 дүгээр тогтоолыг гаргуулсны дараа, өөрийн нэрээр Төрийн Өмчийн Хороонд 2002.05.16-ны өдрийн 18 тоот албан бичиг илгээж хувьчилж авах хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Мардайн төмөр замыг газар дээр нь үзүүлж, итгэл үнэмшил төрүүлсэний үр дүнд энэ хоёроос нийт 440 000 000 төгрөг аман болон бичгээр хэлцэл хийж зээл авсан. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Харин зээлийн барьцаа, баталгаа болгож Төмөр замыг түр шилжүүлсэн үйлдэл нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци/ зохицуулагдахаар тохирсон байсан. Энэ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасантай нийцэж байгаа.

Ц.Эрдэнэ, Б.Батаа, Ж.Чинзориг, Г.Баянмөнх бид 2007.09.21-ний өдөр дээрх өмч хөрөнгийн талаар ярилцаад "Мардайн 93 км төмөр замын цорын ганц өмчлөгч нь Ц.Эрдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан ба өөр хэн ч энэ төмөр замыг худалдах эрхгүй гэдгийг зааж дөрвүүлээ гарын үсэг зурсан хэлцэл бичгээр байгуулсан атлаа өөр хоорондоо төмөр замыг худалдах, шилжүүлсэн мэт тоот бичих зэргээр буцаан төлөхөөс зайлсхийж байгаа нь хууль бус юм. Б.Батаа, Ж.Чинзориг нарт бүгд авсан зээлээ банкаар дамжуулан буцаан төлж өр төлбөрөө барагдуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Үүний хууль зүйн зохицуулалт нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт ...Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно гэснээр, 236.1.1-д "үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн" тул төлбөрөө төлснөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Энэ нөхцөлд итгэмжлэн өгсөн хөрөнгийг анхны шаардлагаар эргүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй явдал Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн төлбөрөө төлсөн нөхцөлд эд хөрөнгийг буцаан өгөх заалт зөрчигдөж байгаа юм.

Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу хөрөнгийн үнийг зээлээр төлүүлээд, зээл төлөх хүртэл хугацаанд өмчөө итгэмжлэн түр шилжүүлээд, зээл төлөгдсөн нөхцөлд өмчийг буцаан өгөх үүрэгтэй байсан учраас миний өмчлөх эрх надад шилжсэн гэж үзэж байна. Нэгэнт зээл буцаан төлөгдсөн учраас Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу Б.Батаа, Ж.Чинзориг нарын түр өмчлөх эрх дуусгавар болсон. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2 дах хэсэгт өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэсэн ёсоор зээл төлөгдөх хүртэл итгэмжлэн өгсөн хөрөнгөө эгүүлэн авах, нотлох баримт бүрдсэн, хуулийн зохицуулалт шударга өмчлөгч болохыг тогтоох үндэслэлтэй учраас Мардайн 93 км төмөр замын цорын ганц өмчлөгч нь Ц.Эрдэнэ болохыг давж заалдах шатны шүүхээс тогтоож, ИХШХШ тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 167.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/01264 тоот шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний үйлчлүүлэгч Ж.Чинзориг нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших 93 км төмөр замыг худалдан авахад нийт 319 890 000 төгрөг оруулсан тухай бичгийн нотлох баримтыг шүүхэд гарган өгч сөрөг нэхэмжлэл гарган дээрх үнийн дүнгийн дүнгээ баталгаажуулахыг хүссэн. Шүүх дээрх үнийн дүнгээс 75 188 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзнэ. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой хэмжээгээр хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйл 9.4.1, 9.4.8-д заасныг баримтлан шийдвэр гаргасныг буруу гэж үзнэ. Учир нь талууд анхнаасаа дундаа хөрөнгө гаргаж тус төмөр замыг худалдан авч, зарж борлуулан ашиг олохоор хамтран ажиллаж, хамтран өмчлөгч болохоор харилцан тохиролцож ажиллаж эхэлснээ үгүйсгэдэггүй. Маргаан бүхий төмөр замыг худалдан авахад талуудын оруулсан хөрөнгийн хэмжээг эхлэн зөв тодорхойлсны дараа "Тачбин" ХХК-ний үүсгэн байгуулагчдын дундын хувь хувьцааны асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзнэ. Хэрэгт авагдсан "Ирмүүн" ХХК-иас Б.Батаад шилжүүлсэн төлбөрийн баримтуудыг Ж.Чинзоригийн оруулсан хөрөнгийн нотлох баримт гэж үнэлэх боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхийн шийдвэрт ямар үндэслэлээр төмөр замын төлбөрт тооцоогүй талаар дурдаагүй нь ИХШХШТ хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Ж.Чинзориг нь тухайн төлбөрүүдийн мөнгийг өөрийн эзэмшлийн "Ирмүүн" ХХК-аас хүсэл зорилгоо илэрхийлж гүйлгээний утга хэсэгт "объект худалдан авахад зориулан урьдчилгаа" гэж тусгасан байдаг. Учир нь тухайн үед нэхэмжлэгч Б.Батаа нь Төрийн өмчийн хороонд Төмөр замын үнэд тушаах мөнгөгүй байсан ба "Ирмүүн" ХХК-аас хөрөнгө оруулалт хэлбэрээр авсан мөнгөө дамжуулан тушаасан юм. Хэрвээ дээрх мөнгийг нэхэмжлэгч Б.Батаагийн зүгээс "Ирмүүн" ХХК-д буцаан төлсөн, эсхүл нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн гүтгээд байгаачлан өөр объект, эд хөрөнгө авсан баримт хавтаст хэргийн материалд авагдсан бол шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл үүсч болох юм. Гэтэл шүүх дээрх 75 188 000 төгрөгийг төмөр замын үнэд ороогүй гэж нотлох баримтгүйгээр хийсвэр дүгнэлт хийсэн. Үүнээс гадна хэрэгт авагдсан маргаан бүхий төмөр замын харуул, манаач нарт Ж.Чинзориг нь хөрөнгө оруулагчийн хувьд хөрөнгөө манахад зарцуулан өөрийнхөө болон эхнэр Н.Ичинноров нарын Хаан банкны дансаар дамжуулан цалин олгож байсан 31 000 000 төгрөгний бичгийн нотлох баримтын талаар шүүхээс ямар ч дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай.

Төмөр замыг хувьчилан авсанаас хойш Ж.Чинзориг нь тухайн хөрөнгийн дийлэнхи буюу 72,5 хувийг эзэмшигчийнхээ хувьд нэр бүхий иргэдэд цалин болон ажлын хувцасыг хувиасаа гаргаж, хүлээлгэн өгч эд хөрөнгөндөө өнөөдрийг хүртэл анхаарал тавин ажиллаж байснаа удаа дараагийн шүүх хурал дээр тайлбарлан холбогдох нотлох баримтаа хэрэгт хавсаргасан. Анхан шатны шүүх төмөр замыг худалдан авсан болон харуул хамгаалалтад зориулж гаргасан хөрөнгийн хувь хэмжээг зөв тогтоохын оронд "Тачбин" ХХК-д оруулсан 1 000 000 төгрөгний дүрмийн сантай хольж нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн. Нэхэмжлэгч Б.Батаагийн хувьд төмөр замын харуул хамгаалалтад зориулж 15 орчим сая төгрөг гаргасан байдаг нь түүний төмөр зам худалдан авахад оруулсан хөрөнгийн хэмжээ буюу 27,5 хувьтай дөхөж байгаа гэдэгт ч шүүх дүгнэлт өгөөгүй.

 Ж.Чинзоригоос төмөр зам худалдаж авахад болон харуул хамгаалалтад зориулж илүү гаргасан мөнгөн дүнгийн талаар үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэлтийн талаар тусгаагүй байдаг нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий хуулийн дагуу гарсан гэж үзэхгүй байх бүрэн үндэслэл болоод байна. Мөн шүүх 1-р хавтаст хэргийн 17-р талд авагдсан ТӨХ-оос гаргасан тодорхойлолтод Иргэн Ж.Чинзориг 5 удаагийн үйлдлээр 329 002 043.29 төгрөг тушаасан баримтад анхаарал хандуулж оруулсан хөрөнгө оруулалтыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхэд зөв дүгэлт хийгээгүй гэж үзэж байна. Дээрхи тодорхойлолтонд иргэн Ж.Чинзоригоос төлсөн нийт мөнгөн дүн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан мөнгөн дүнтэй ойролцоо байгаад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүйгээс гадна тооцоо нийлсэн ТӨХ-ын тодорхойлолтонд хэн, яагаад Ж.Чинзоригийн нэрийг дарж Х.Оюунчимэг гэгчийн нэрийг бичсэн, Х.Оюунчимэг гэгч нь хэн болох талаар дүгнээгүй нь учир дутагдалтай болсон.

Шүүхийн шийдвэрт ТӨХ-ны тодорхойлолтын 6-д "Бүрхээст хайрхан" ХХК-аас төлсөн гэх 188 мянган төгрөгийн талаар буруу дүгнэлт хийсэн. Учир нь 188 мянган төгрөгийг Ж.Чинзоригийн эзэмшлийн "Ирмүүн" ХХК-аас 2006 оны 8 сарын 17-ны өдөр "Төрийн өмчийн хороонд төмөр замын үлдэгдэл төлбөрт" гэж тодорхой бичиж мөнгөн зарлага үйлдсэн баримт хэрэгт авагдсан. Шүүх илтэд нэг талыг барьж, шударга өмчлөгч иргэнийг хохироосон шийдвэр гаргасан гомдолтой байна.

Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ Ж.Чинзоригийн сөрөг нэхэмжлэлийн 1 нэг шаардлага болох төмөр замыг худалдан авахад оруулсан хөрөнгийн хэмжээг тогтоосноор нэхэмжлэгч хариуцагч нарын төмөр замыг өмчлөх хувь хэмжээнд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй гэж дурьдаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон. Ингэснээр хавтаст хэргийн материалд авагдсан "Тачбин" ХХК-ний үүсгэн байгуулах шийдвэр, Компанийн дүрмийн наймдугаар зүйлд заасан хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцааны талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзнэ. Учир нь "Тачбин" ХХК нь 1 000 000 төгрөгийн хөрөнгөтэй 100 ширхэг, нэг бүрийг нь 10 000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгөтэй компани юм. Тэгэхээр хувьцаа эзэмшигч нар 50 хувь буюу 500 000 төгрөгийг хууль ёсоор эзэмшиж, захиран зарцуулах эрхтэй. Харин Ж.Чинзориг Б.Батаа  нарын  "Тачбин" ХХК-ийг байгуулахаасаа өмнө хүсэл зорилгоо илэрхийлж Төрийн өмчийн хорооноос худалдаж авсан, талууд тус бүр өөр хэмжээний хөрөнгө гаргаж шударга эзэмшигч болсон юм. Хөдлөх хөрөнгө буюу төмөр замтай хольж хутгах ёсгүй юм.

Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч талууд
төмөр зам гэгч хөрөнгөө дүр үзүүлэх хэлцлээр "Тачбин" ХХК-д шилжүүлсэн гэдгээ
 хүлээн зөвшөөрч буй нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Шүүх энэ хэлцлийн талаар дүгнэлт гаргаж Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтаас харахад шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэдий ч гуравдагч этгээд Ц.Эрдэнэ нь энэ гэрээний оролцогч биш, мөн энэ зүйлд заасан сонирхогч этгээдэд хамаарахгүй гэж дүгнэсэн мөртлөө яагаад Ж.Чинзоригийн өөрийн хөрөнгөөрөө шударгаар худалдан авч дүр үзүүлсэн хэлцэлээр "Тачбин" ХХК-д шилжүүлсэн төмөр замыг өмчлөгч нарын худалдан авсан, оруулсан мөнгөн дүнгээр хуваарилахгүй компанид талуудын оруулсан 1 сая төгрөгний дүрмийн сантай хольж хутгаад байгааг ойлгохгүй байна. Хамтран ажиллаж ашиг олохын тулд ажиллаж байсан хүмүүсийн хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг оруулсан хувь хураамжийн дагуу буюу Иргэний хуулийн 476, 477-р зүйлд тусгасан зүйл заалтын дагуу шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Шүүхийн   шийдвэрийн   тогтоох   хэсэгт  нэхэмжлэгч Б.Батаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг хариуцагч Ж.Чинзоригийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж... гэж илтэд худал дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч Б.Батаа нь зөвхөн 70 200 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Мөн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/01264 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн хууль зөрчсөн, ойлгомжгүй хэсэг нь Б.Батааг 93 км урттай төмөр замын өмчлөгчөөр тогтоон, "Тачбин" ХХК-ний захирал Ж.Чинзоригт хувь нийлүүлэгч Б.Батаагийн өмчлөлд темөр замын 46.2 хувийг шилжүүлэхийг даалгаж... гэсэн хэсэг болоод байгааг анхааралдаа авахыг хүсье. Маргаан бүхий төмөр замын 3,8 хувийг яаж шийдвэрлэсэн, хэнд оногдох эсэх нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Чинзориг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Батаа Төрийн өмчийн хороонд тушаасан мөнгөө баталж чадаагүй байгаа нь шүүхийн шийдвэрт дүгнэгдэж тусгагдаагүй. Б.Батаа төлбөрийн чадваргүй гэдгээ нотлож чадаагүй. Шүүх нөлөөнд автсан, нэг талд үйлчилж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Батаа нь хариуцагч “Тачбин” ХХК, Ж.Чинзориг нарт холбогдуулан Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч уг төмөр замын 72,5 хувь буюу 67,4 км замын өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаж, гуравдагч этгээд Ц.Эрдэнэ нь “Бүрхээст хайрхан” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч болохыг тогтоолгож, “Тачбин ХХК” болон “Бүрхээст хайрхан” ХХК-ийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гарган маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хольж бичсэн байх бөгөөд үүнийг талуудын тайлбарт үндэслэн нэхэмжлэгч Б.Батааг 93 км төмөр замын 50 хувь буюу 46.5 км замын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан гэж, хариуцагч Ж.Чинзоригийг уг төмөр замын 72,5 хувь буюу 67,4 км замын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан гэж, гуравдагч этгээд Ц.Эрдэнийг “Бүрхээст хайрхан” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч болохыг тогтоолгож, “Тачбин ХХК” болон “Бүрхээст хайрхан” ХХК-ийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргасан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар маргаан бүхий  93 км төмөр замыг Төрийн өмчийн хорооноос хувьчлалаар худалдан авч, цаашид зарж борлуулан ашиг олох зорилгоор хамтран хөрөнгө оруулахаар тохиролцож уг төмөр замыг нэхэмжлэгч Б.Батаагийн эзэмшдэг  “Бүрхээст хайрхан” ХХК-ийн нэр дээр 2006 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр  худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг уг компанийн нэр дээр шилжүүлсэн үйл баримтын талаар маргахгүй, энэ нөхцөл байдал хэрэгт авагдсан Төмөр замын өмчлөх эрхийн гэрчилгээ, “Бүрхээст хайрхан” ХХК, Төрийн өмчийн хорооны хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 7, 11-13/

 

Зохигчид Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын өмчлөлийн асуудлаар маргажээ. Зохигчдын хэн аль нь тэдгээрийг гэрээний дагуу өмчлөх эрх үүссэн гэж шаардлагаа үндэслэжээ. 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь 93 км төмөр замыг дундаасаа хөрөнгө гаргаж худалдан авсан, цаашид худалдан борлуулж ашгаа хуваан авах зорилготой байсан гэх тайлбарыг гаргасан тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Талууд хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар хийсэн байх бөгөөд гэрээнд оруулах хувь хэмжээг хэрхэн тохиролцсон талаар  нэхэмжлэгч нь “тус бүр 50 хувь” гэж, хариуцагч нь “72,5 хувийг өөрөө оруулсан, үлдэх хувь нэхэмжлэгчийнх” гэсэн агуулгаар тайлбарлажээ. Зохигчдын тайлбараас хамтран ажиллах гэрээний зүйл болсон 93 км төмөр замаас анх нэхэмжлэгчийн 100 хувийн эзэмшлийн “Бүрхээст хайрхан” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, сүүлд талууд хамтран “Тачбин” ХХК-ийг тус бүр 50, 50 хувийн хувьцаа эзэмших эрхтэйгээр байгуулж, уг компанийн нэр дээр маргаан бүхий төмөр замыг шилжүүлж байсан үйл баримттай харьцуулан үзэхэд талууд худалдах худалдан авах гэрээнд тодорхой хувь хэмжээ тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний оролцогч талууд хураамж төлөх бөгөөд хураамжийн хэмжээг гэрээгээр тухайлан тодорхойлоогүй бол тэнцүү байхаар заажээ.

 

Нэхэмжлэгч Б.Батаа, хариуцагч Ж.Чинзориг нар ямар нэгэн хуулийн этгээд байгуулахгүйгээр иргэнийхээ хувьд анх төмөр замыг худалдан авч Б.Батаа 196 298 000   төгрөг, Ж.Чинзориг 243 702 000 төгрөг төлсөн нь 2 дугаар хавтаст хэргийн 12, 13, 17, 18   хуудасны бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар нотлогдсон боловч энэ нь  хэргийн бусад баримтуудтай харьцуулан үнэлэхэд хамтран ажиллах гэрээнд оруулах хураамжийн хувь хэмжээг тогтоосон нөхцөл гэж эргэлзээгүй нотлохгүй.

 

Талууд хамтран худалдан авсан төмөр замыг нэхэмжлэгч Б.Батаагийн эзэмшлийн “Бүрхээст хайрхан” ХХК-ийн өмчлөлд бүртгүүлсэн, улмаар талуудын тэнцүү хэмжээгээр хувьцаа эзэмшдэг “Тачбин” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн байдал нь талууд уг төмөр замыг зарж борлуулан, ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэсэн хэлцэл хийх тухай талуудын хүсэл зоригийн илэрхийлэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болохыг үгүйсгэх учиргүй.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын маргааны агуулга нь хувьчлалаар худалдан авсан төмөр замаас өмчлөгч тус бүрт ногдох хэсгийг тогтоолгох, хамтран ажиллах гэрээнээс гарах агуулгатай байгааг анхан шатны шүүх анхааралгүй, Иргэний хуулийн нийтлэг үндэслэлд хамаарах ерөнхий зохицуулалтыг буруу хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч Б.Батаа, хариуцагч “Тачбин” ХХК нарын хооронд хамтран ажиллах гэрээнд оролцох хувь хэмжээ, хураамжийн талаар тухайлан тохиролцсон гэх нөхцөл байдлыг эргэлзээгүй нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Талуудын гэрээнд оруулах хураамж, хувь хэмжээг гэрээгээр тухайлан тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар тэнцүү хэмжээгээр буюу нэхэмжлэгч Б.Батаа, Ж.Чинзориг нар тус бүр уг гэрээний 50 тавин хувиийн оролцогч гэж үзнэ. Зохигчид хамтран ажиллах гэрээ байгуулснаар гэрээний дагуу талуудын тохирч төлсөн хураамж Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дах хэсэгт зааснаар дундын хөрөнгө болдог.

 

Хариуцагч Ж.Чинзориг хамтран ажиллах гэрээний дагуу талуудын дундын хөрөнгө болох маргаан бүхий 93 км төмөр замаас 42,5 км замыг харилцан зөвшөөрөл авахгүйгээр худалдсанаас талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ цуцлагдаж, цаашид үргэлжлэх боломжгүй болсон гэх нөхцөл байдал зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон. Иймд талуудын хоорондын хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1-д зааснаар дуусгавар болсон гэж тооцох тул мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь  хэсэгт заасан талуудад хөрөнгийг хуваарилан авах эрх үүсчээ. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нар Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хамтран буюу дундаа хэсгээр өмчлөх эрхтэй.

 

Уг гэрээний хувьд өөр хөрөнгө байгаа гэж талууд маргаагүй, түүнчлэн төмөр замыг арчлан тордож, хамгаалахад гарсан зардлын асуудлаар хэн аль нь тусгайлан нэхэмжлэл гаргаагүй тул энэ талаар шийдвэрлэх үндэслэлгүй болно.

 

Гуравдагч этгээдийн хувьд “Бүрхээст хайрхан” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, төмөр замын үнийг бүрэн төлсөн учраас уг хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгохоор маргаж байна.

 

Хэрэгт гуравдагч этгээд Ц.Эрдэнийн нэрээр мөнгө төлсөн баримт авагдаагүйгээс гадна аливаа компанийн өмчлөлд бүртгэгдсэн хөрөнгийн үнийг төлсөн байх нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар компанийн хөрөнгө нь хувьцаанд хуваагдах бөгөөд Иргэний хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, өмчлөгч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нь хэн болохыг улсын бүртгэлд тусгайлан бүртгэж тэмдэглэл үйлддэг.

 

Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасан үүсгэн байгуулагчийн хувьд  хувьцаа эзэмших эрхтэй, эсхүл мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасны дагуу хувьцаа худалдан авах эрхийн бичиг болон бусад хувьцаанд хөрвөх үнэт цаасаар, эсхүл компанийн хувьцааг  нэмж гаргасан зэрэг хуулиар тогтоосон журмын дагуу  хувьцааг эзэмшихээр шаардах эрхтэй болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Эрдэнийн хувьд  440 000 000 төгрөгийг төмөр замын үнэд төлсөн гэх, мөн нэхэмжлэгч хариуцагч нараас 440 000 000 төгрөгийг зээлж авч, улмаар буцааж бүрэн төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, гуравдагч этгээдийн шаардлагын зүйл болж буй “Бүрхээст хайрхан” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд уг компанийн гишүүнийг Б.Батаа гэж бүртгэснийг баталгаажуулсан байна. Иймд гуравдагч этгээдийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Хэргийн баримтаас үзэхэд 93 км төмөр замын үнийг иргэн Б.Батаа, Ж.Чинзориг нар тодорхой хувь хэмжээгээр хувааж төлсөн байх бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд уг гэрээнд оролцсон гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2 дах хэсэгт зааснаар Ц.Эрдэнэ нь хамтран ажиллах гэрээний хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлсөн гэх байдал нотлогдоогүй.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Эрдэнэ нь Бүрхээст Хайрхан ХХК-ийн 100 хувийн өмчлөгч, үүсгэн байгуулагч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

 

Хэргийн 112 дугаар талд авагдсан Уулзалтын тэмдэглэл гэх бичгийн баримтад төмөр замыг худалдах ажиллагаанд Ц.Эрдэнийг оролцуулах талаар заасан байгааг хамтран ажиллах гэрээний хураамж, хувь хэмжээний талаар хийсэн тохиролцоо гэж үзэх боломжгүй байна. Учир нь бичгийн баримтын агуулгад Ц.Эрдэнийг хамтран ажиллах гэрээнд хувь оруулсан талаар тусгасан зүйлгүй байна.

 

“Бүрхээст хайрхан” ХХК, “Тачбин” ХХК-иудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний улмаас бие даасан шаардлага гаргасан С.Эрдэнийн ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн гэх байдал нотлогдоогүй тул дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах эрхтэй этгээд биш гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт нийцжээ. 

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу үнэлэх боломжгүй нэхэмжлэл гэж үзэх үндэслэлгүй тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасан хэмжээгээр зохигчдоос нөхөн гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хуваарилах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Хариуцагч нь хамтран ажиллах гэрээний дагуу төмөр зам худалдан авахад нэхэмжлэгчээс илүү үнэ төлсөн, түүнчлэн уг төмөр замыг арчлахад илүү зардал гаргасантай холбогдох асуудлыг энэ хэргийн хүрээнд шийдвэрлээгүй, гагцхүү талуудын хоорондын хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон үр дагаварт хөрөнгө хуваарилахтай холбоотой гуравдагч этгээдийн Бүрхээст хайрхан ХХК-ийн хувьцаа эзэмших эрхтэй эсэх, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/01264 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1, 2 дах заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Батааг Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км урттай төмөр замын 50 хувь буюу 46,5 км урттай төмөр замын өмчлөгчөөр, үлдэх 50 хувь болох 46,5 км урттай төмөр замын өмчлөгчөөр хариуцагч Ж.Чинзоригийг тус тус тогтоон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 20,9 км төмөр замын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг болон нэхэмжлэгчийн шаардлагаас Тачбин ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болсугай” гэж өөрчлөн найруулж,

“3” дах заалтын дугаарыг “2” гэж дугаарлан “Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4” гэж,

“4” дэх заалтын дугаарыг “3” гэж дугаарлан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Батаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, хариуцагч Ж.Чинзоригоос сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Батаагаас 1 117 550 төгрөг, хариуцагч Ж.Чинзоригоос 1 682 750 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж улсын төсөвт оруулсугай” гэж,

“5” дах заалтын дугаарыг “4” гэж, “6” дах заалтын дугаарыг “5” гэж, “7” дах заалтын дугаарыг “6” гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 533 890 төгрөг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2 357 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

         

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                       ШҮҮГЧИД                                                    А.МӨНХЗУЛ

                                                                                            Ш.ОЮУНХАНД