Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 715

 

Г.Мд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Г.Эрдэмбаатар,

            Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,

            Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 381 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Мгийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Мд холбогдох эрүүгийн 1805002380334 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Харгана овогт Ганбаатарын Г.М, 1986 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрчим хүчний менежмент мэргэжилтэй, ТЭЦ-2 Дулааны хянах хэмжүүр автоматикийн инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 35 дугаар байрны 15 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул Ван 29-77 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:СЙ86012018/;

Г.М нь 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Очир титэм” төвийн дотор болон гадна талд С.Стэй маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Харгана овогт Ганбаатарын Г.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Мгийн торгох ялыг биелүүлэх хугацааг 24 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Мгийн өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт улсын яллагчийн зүгээс “...шүүгдэгч нь хохирогчийг 6 удаа цохиж, хөл тавьж хавсарч унагаж байгаа... зэрэг нь санаатай үйлдэл гэх тайлбарыг гаргаж байгааг хүлээж авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл “шүүгдэгч нь хохирогчийн эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдлүүд нь шүүгдэгч өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлаж, сэтгэж хийснээс харахад шүүгдэгч нь санаатай үйлдлээрээ хохирогчид хүнд хохирол учруулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина, 34.5 дугаар зүйлд “...хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна”, 16.2 дугаар зүйлийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлох ...” талаар тус тус зохицуулжээ. Шүүгдэгч хохирогчийг 6 удаа цохисон гэх үйлдэл нь “Очир титэм” төв дотор болсон үйл явдал бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан баруун нүдний ухархайн дотор болон гадна ханын далд хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 812 тоот шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлгээр нотлогдож байна. Гэтэл шүүх шүүгдэгчийн дотор болон гадна болсон үйлдлийг ялгаж, салгаж тус тусын сэдэлт, санаа, зорилгыг тогтоохгүй, нийтэд нь идэвхтэй үйлдлүүд нь санаатай үйлдэл гэсэн улсын яллагчийн хууль зүйн үндэслэлгүй тайлбарыг хүлээн авсанд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15-д зааснаар шүүх хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль тайлбараар хэргийг шийдвэрлэсэн мэт дүгнэлт хийсэн нь хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна. Хохирогчийг хөл тавьж хавсарч унагасан гэх үйлдэл нь дотор болсон үйлдлээс тусдаа санаа, зорилготой үйлдэл байхад үргэлжилсэн үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тус төвийн дотор болсон үйлдэл төгсөөд нилээд хугацаа өнгөрсний дараа хохирогч нь гэрч П.Мягмарсүрэнг чиглэсэн үйлдэл хийсний улмаас шүүгдэгч түүнийг таслан зогсоож, салгах үед хохирогч хальтирч хойш унахад түүнийг газраас босгох гэж өргөж байгаа үл танигдах хүн алдаж дахин газар унагасан болон нь камерын бичлэгт харагдаж байхад уг үйлдлийг шалгаж, хэний, аль үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учруулсан болохыг бүрэн дүүрэн тогтоогоогүй. Учир нь шүүгдэгч Г.Мгийн тухайн үеийн санаа зорилго нь бусдыг гэмт халдлагаас хамгаалж, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж салгах зорилготой байсан болох нь түүний анхнаасаа тогтвортой өгсөн мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Мөн хохирогчийг босгох гээд дахин газар унагаж буй үл таних хүний үйлдэл нь болгоомжгүй боловч хохирогчид учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэмтэл, согог судлалын үндэсний төвийн КТГ болон 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 812 тоот шинжээчийн дүгнэлтэд “толгойн томографиудад дагз ясны баруун тал шугаман хугаралтай, ...зүүн талын чамархай дагз нэлэнхүйдээ хамарсан 0,9 см хүртэлх зузаантай субдураль цус хуралттай...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна. Тодруулбал шинжээчийн мэдүүлэгт /хх 53-54/ хатуу гадаргуу дээр 1 удаа унахад, цохигдох үед үүсэх боломжтой эсэхийг асуусан мөрдөгчийн асуултанд боломжтой гэжээ. Өөрөөр хэлбэл шинжээчийн 812 тоот дүгнэлтэд дурдсан “дагз ясны баруун талын шугаман хугарал, зүүн талын чамархай дагз нэлэнхүйдээ хамарсан 0,9 см хүртэлх зузаантай хатуу бүрхүүлийн доорх зайнууд цус харвалттай” гэсэн гэмтэл нь 1 удаагийн уналтаар учрах боломжгүй байхад хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн тогтоохгүйгээр гэм буруутай эсэхийг шийдвэрлэж, бусдад ял халдаахад эргэлзээ төрүүлж байхад шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн шинжээчийн дүгнэлтийг шинжээч эмч Т.Сэлэнгэ гаргасан байхад ШШҮХ-ийн дэд дарга А.Амгаланболдоос шинжээчийн дүгнэлтийн талаар мэдүүлэг авсан нь үндэслэлгүй юм. Дээрх баруун талын шугаман хугарал, зүүн талын цус хуралт нь тус тусдаа гэмтлийн ямар зэрэгт хамаарах, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, чамархай, дагз хэсэг гэж толгойн аль хэсгийг анагаах ухааны хэллэгээр тайлбарладаг талаар дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай байна. Хавтас хэрэгт хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн тэмдэглэл /хх-12/ байх бөгөөд уг бичлэгт харагдах үл таних хүний унагааж буй үйлдлийн талаар дурдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэлэх боломжгүй байна. Уг үзлэг хийсэн тэмдэглэлийг улсын яллагч яллах талын гол нотлох баримтаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлуулж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ. Өөрөөр хэлбэл Г.М хохирогчийн хууль бус үйлдлийг таслан зогсоож салгах үйлдэл нь хууль бус гэдгийг мэдсэн байхыг шаардаж байна. Гэтэл тухайн салгах үйлдлийг хууль бус гэж хэн ч бодох боломжгүй, хууль ёсны иргэний үүргээ биелүүлж салгаж байна гэж ухамсарлаж хийсэн болохыг гэрч нар нотолсон байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэж, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед С.С гүйж гарч ирээд Мягмарцэрэнг цохиход нь би араас нь салгах гээд бариад авсан. Тэгтэл С.С хальтираад уначихсан. Болгоомжгүй үйлдэл байсан. Надад санаатайгаар хүнийг хохироох санаа бодол байгаагүй. ...” гэв.

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан хохирогч С.Сгийн мэдүүлгээр “Ганбаатар овогтой Г.М манай ашиглалтын ажлын инженер залуу. Намайг кароаке дотор байхад Г.М юунаас болж маргалдсан гэдгийг мэдэхгүй. Үгэнд орсонгүй гээд дайраад уурлаад байсан. Тэгээд намайг нүүр лүү цохиод би унасан. Тэр үед би уурлаад яаж байгаа юм бэ гээд маргалдахад намайг барьж аваад хэд хэдэн удаа хүчтэй толгой руу цохисон. Цаашид юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байдалтай 6 цагийн үед сэрсэн ба хамаг бие хөндүүрлэж, толгой, хүзүү, гар, тохой, чихнээс цус гарсан, үүдэн шүд хөндүүрлэсэн байсан. Нэг хүн хөл рүү хавирч газар унагах шиг болсон” гэх  мэдүүлэг, мөн гэрч П.Оргил, П.Нямсүрэн, П.Ариунзаяа, гэрч Т.Аззаяа, Б.Шинэхүү нарын мэдүүлгээр тухайн цаг хугацаанд Г.М болон С.С нарын хооронд маргаан үүсч, дотор болон гадна талд маргалдсан” гэдэг байдлаар мэдүүлдэг. Мөн тухайн үйл явдал болсон газрын хяналтын камерын бичлэгийг хураан авч үзлэг хийсэн. Үзлэгээр “хохирогч С.Сг татаж унагаж байгаа үйлдэл нь ямар нэгэн санамсар болгоомжгүй үйлдлээс биш, харин тухайн үйлдлийн улмаас С.Сгийн биед учрах биет хохирлыг мэдэх боломжтой байхад үйлдсэн” гэж дүгнэлт гарсан. Мөн өмгөөлөгчийн хальтирч унасан гэж тайлбарлаж байгаад хэлэхэд ямар нэгэн хальтирч унасан үйлдэл байхгүй. Тухайн камерын бичлэгт тодорхой тусгагдсан байсан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн гэмтлийн зэрэгтэй маргахгүй гэсэн атлаа одоо гэмтлийн зэргийг тайлбарлуулъя гэж байгаа нь ойлгомжгүй байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт өмгөөлөгчийн тайлбарлуулах гэж буй гэмтлийн талаар маш тодорхой дурдсан ба эдгээр нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Г.Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.

Г.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Г.М нь 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Очир титэм” төвийн дотор болон гадна талд С.Стэй маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч С.С /хх 23-27/, гэрч Д.Алтаннавч /хх 8-9, 30-31/, гэрч У.Болорчимэг /хх 28-29/, гэрч Д.Бямбажав /хх 34/, гэрч Б.Оргил /хх 35-36/, гэрч П.Мягмарсүрэн /хх 37-38/, гэрч Б.Ариунзаяа /хх 39-40/, гэрч Б.Мөнхсайхан /хх 41/, гэрч Д.Аззаяа /хх 42-43/, гэрч Б.Энхзаяа /хх 44-45/, гэрч Б.Шинэхүү /хх 46/, гэрч Х.Одноо /хх 47/, гэрч Ч.Энхтайвн /хх 99/, гэрч Ч.Энхжаргал /хх 100/, шинжээч эмч Т.Сэлэнгэ /хх 53-54/, шинжээч эмч А.Амгаланболд /хх 101-102/ нарын мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 812 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 49-50/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдолдоо “... Г.Мгийн үйлдэл нь болгоомжгүй байсан. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэрч Б.Оргилын “...С.С гарч ирээд Мягмарсүрэнг цохих шиг болсон. Г.М араас нь тэвэрч автал С.С газар уначихсан байсан. Очоод босгох гэтэл хөдлөхгүй хэвтээд байсан. ...” /хх 35-36/,

Гэрч П.Мягмарсүрэнгийн “...Тэгтэл Г.М С.Сгийн араас татаад газар унагаасан. С.С дагзаараа газар савж унаад хөдлөхгүй хэвтээд байсан...” /хх 37-38/,

Гэрч Ч.Энхтайвны “...Г.М С.Сгийн араас тэврээд өргөх шиг болтол С.С хойшоо саваад газар унасан. С.С ямар ч хөдөлгөөнгүй хэвтээд босохгүй байсан. ...” /хх 99/ гэх мэдүүлгүүд,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... Г.М нь хохирогч С.Сгийн хойд талаас баруун гараараа хүзүү хэсгээр нь тэврэн биедээ нааж баруун хөлийнх нь хойд хэсэгт баруун хөлөөрөө өшиглөн хавирч газар унагаж байгаа...” гэх тэмдэглэл /хх 12-17/ зэрэг нотлох баримтууд болон камерын бичлэгээс үзэхэд шүүгдэгч Г.М нь хохирогч С.Сг “Очир титэм” төвийн дотор зодсон байдал тогтоогдож байх боловч С.Сгийн биед учирсан хүнд гэмтэл тухайн үйлдлээс учраагүй, харин тус төвийн гадаа С.Сгийн араас тэвэрч өргөн газраас хөндийрүүлснийхээ дараа шидэж унагаах үйлдэл хийхэд хохирогч толгойн ар хэсгээрээ газар савж унасанаар учирсан байна.

Шүүгдэгч Г.Мгийн дээрх хүний араас тэвэрч өргөн газраас хөндийрүүлснийхээ дараа шидэж унагаасан үйлдлийг болгоомжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль хэрэглээний хувьд үндэслэлтэй болжээ.

  Яллах дүгнэлтэд Г.М нь хохирогч С.Сг “Очир титэм” төвийн дотор болон гадна зодож, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэсэн байдлыг Г.М нь 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Очир титэм” төвийн дотор С.Сг зодож, улмаар гадаа гарч С.Сгийн араас тэвэрч өргөн газраас хөндийрүүлснийхээ дараа шидэж, толгойн ар хэсгээр нь газар савж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж өөрчлөв.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгоогүй бөгөөд хэргийн үйл баримтыг дээрх байдлаар өөрчилсөн нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээ, хязгаараас гараагүй болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хохирогч С.Сгийн санал хүсэлт болон шүүгдэгч Г.Мгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохируулан түүнд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 381 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Мгийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.