Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2019/00045

 

Р.Г-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/01250 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1780 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Р.Г-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч ХНХЯ-д холбогдох,

Бололцооны дагуу өөр ажил олгоогүйгээс учирсан хохиролд 4 113 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндоржийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Р.Гулстан нь Хөдөлмөрийн сайдын 2013 оны 02 дугаар сарны 28-ны өдрийн Б/12 тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар томилогдон ажилласан. Тус төвийн захирлаар өмнө нь ажиллаж байсан И.Жанболатыг Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 244 дүгээр шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/196 тушаалаар Р.Г-ыг ажлаас чөлөөлсөн. Улмаар шүүхэд бололцооны дагуу өөр ажилд томилох, ажилгүй байсан хугацаанд нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг иргэний шүүхэд гаргасан.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1450 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Тус шийдвэрт хариуцагч ХНХЯ-гомдол гаргахад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тус магадлал, шийдвэрт хариуцагч ХНХЯ-хяналтын журмаар гомдол гаргахад Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх  хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Г-д бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг хариуцагч ХНХЯ-даалгаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл өнөөг хүртэл бололцооны ажилд томилоогүй байна. Тиймээс ажлаас чөлөөлөгдсөн буюу 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх бололцооны дагуу боломжтой ажил хийж чадаагүй учирсан хохирлыг нэхэмжилж байна. Учирсан хохирлыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31 -ний өдрийг хүртэл 2 сар 4 хоног* 192 000=409 600 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 15 сар 13 хоног*240 000=3 704 000 төгрөг нийт 4 113 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Бид хяналтын журмаар гомдол гаргасны дагуу Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагаас хохирол нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон үйл баримтыг нэгэнт шүүхээс эцэслэн дүгнэсэн юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог.

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу.

Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар н.Жанболатыг эгүүлэн тогтоосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Энэ дагуу нэхэмжлэгчийг анх Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн. Шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд дүгнэлт хийх нь зүйтэй. Учир нь нэхэмжлэгч нь түр орлон гүйцэтгэгч байсан бөгөөд байгууллагын үндсэн ажилтан биш учраас бид тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа нэхэмжлэгчийг сул орон тоонд томилж байж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу ажлын байраар хангах боломж нөхцөл үүсэхээр байсан. Ажлаас чөлөөлөх үед бүтэц, орон тооны хязгаарын хувьд Р.Г-ыг ажлын байраар хангах боломжгүй байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэг, түүнийг тайлбарласан Дээд шүүхийн тайлбар, уг хуулийн заалтыг хэрэглэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд, судлаачдын тайлбараас үзвэл уг хуулийн зохицуулалт нь ажил олгогч, хуулийн этгээдэд бүтэц зохион байгуулалт орон тооны хувьд боломжтой, сул орон тоо байгаа төрийн албаны хувьд ажилтан тухайн сул ажлын байрны шаардлагад тэнцэхүйц байсан тохиолдолд л үйлчлэх урьдчилсан нөхцөл бүхий хуулийн зохицуулалт юм. Мөн нэхэмжлэгчийг тухайн МСҮТ-д ажилд томилох шийдвэрийг сургуулийн захирал шийдэх бөгөөд сургуулийн захирлаас санал болгосон ажлын байранд нэхэмжлэгч ажиллахаас удаа дараа татгалзаж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг хэрэгжүүлэх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/01250 дугаар шийдвэрээр Иргэний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4,13 дугаар зүйлийн 13.1,13.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар хариуцагч ХНХЯ-4 113 600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Г-д олгож, нэхэмжлэгч Р.Г-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 80 770 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХНХЯ-80 770 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Г-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1780 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/01250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “13 дугаар зүйлийн 13.1, 13.2” гэснийг хасч өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, буруу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. ...Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

... Өмнө нь Улсын Дээд шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, ажиллаагүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговортой холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан билээ. ...Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа үйлчилгээний ажлын байр, байрны багш, мөн 2018 оны 09 дүгээр сараас эхлэн ажиллах боломжтой багшийн ажлын байр тус тус санал болгоход ажиллахаас тус тус татгалзаж байсан. ...сүүлд ажлын байр санал болгохдоо тэмдэглэл үйлдэж ирүүлснийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн билээ.

Энэхүү үйл баримтыг анхан шатны шүүх огт тогтоогоогүй, уг асуудлаар нотлох баримтыг үнэлээгүй бол давж заалдах шатны шүүхээс хамгийн сүүлд ажлын байр санал болгосон хэсгийг л нотлох баримтаар үнэлж, өмнөх үйл баримтын талаар дүгнээгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тухайд: ...Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00026 дугаар тогтоолд “хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “бололцооны дагуу өөр ажилд олж өгнө” гэсэн нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзнэ гэж дүгнэсэн юм.

Мөн “ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ажилтанд бололцооны дагуу өөр ажил олж өгөх ажиллагаа явуулаагүй тохиолдолд ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор олгох тухай зохицуулалт хуульд байхгүй байна” гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл боломжтой бол хэрэгжүүлэх буюу альтернатив шинжтэй үүргийн эрх зүйн үр дагаврыг зайлшгүй биелэх үүргийн үр дагавраас үүсэх хохирол, нөхөн олговрын зохицуулалттай адилтгах боломжгүй болохыг нэгэнт шийдсэн билээ.

Яамны хувьд хуулийн дээрх заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан альтернатив шинжтэй үүргийг л нэхэмжлэгчийн өмнө хүлээж байгаа болно. Иймээс уг үүргийн дагуу хохирол, нөхөн төлбөрийг зохицуулах хуулийн заалт байхгүй байна гэж Дээд шүүхээс шийдвэрлээд байхад дахин дахин нэг асуудлаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад ирэхэд нь хүлээн авч  шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтыг зөрчсөн болно. Нэхэмжлэгч энэ нэхэмжлэлийн урьд өөрт учирсан хохирлын хэмжээгээ өмнө авч байсан цалинтай тэнцэх нөхөн олговрын хэмжээгээр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хууль үндэслэн шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад шүүх хохирлын хэмжээгээ яагаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хандахад уг шаардлагыг дахин шийдвэрлэсэн ойлгомжгүй үлдлээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчид уг хохирлыг учруулаагүй, хохирол учруулсан гэж үзвэл уг хохирлын хэмжээг хэрхэн тооцсон, юунд үндэслэсэн, нэхэмжлэгчийн ажлын байрнаас татгалзаж байсан нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй.

Хууль хэрэглээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын тухайд: шүүх хууль баримталж, хуульд үндэслэж хэргийг хянан шийдвэрлэх ёстой билээ. Гэтэл анхан шатны шүүхийн үндэслэсэн хуулийн заалтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, шаардах эрх үүсгэхгүй, хэт ерөнхий заалтуудыг баримталсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд бид холбогдох нотлох баримтаа гаргаж өгөх боломжоор хангуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэтэл бидний гаргаж өгсөн нотлох баримтыг огт үнэлээгүй, бид хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хуралд оролцож, мэтгэлцэж чадаагүй учраас нотлох баримт үнэлэгдсэн.

Энэ хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь бидний хэд хэдэн удаа ажил санал болгосныг нэхэмжлэгч хүлээж аваагүйтэй холбоотой юм. Цаашид нэхэмжлэгч нь бидний саналыг хүлээн авахгүй тохиолдолд энэ жишгээр цалин хөлсөө шийдвэрлүүлсээр байх боломжтой болох буруу жишгийг шүүх тогтоож байна.

Бид хурлын тэмдэглэлийг эх хувиар нь өгсөн. Гэтэл шүүх нэхэмжлэгч Р.Г- оролцож байр сууриа илэрхийлээгүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй байна гэдэг үндэслэлээр үнэлэхээс татгалзсан нь огт хууль зүйн үндэслэлгүй болно. Давж заалдах шатны шүүх бидний гаргасан гомдлыг бүрэн хянаагүй, гомдлын үндэслэл бүрт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх “бололцооны дагуу ажлын байраар хангах” хуулийн зохицуулалтыг аль ч тохиолдолд хариуцагч нэхэмжлэгчийг ажлын байраар заавал хангах ёстой гэж буй тайлбарласнаас болж, нэхэмжлэгч санал болгосон ажлын байрнаас татгалзаж, улмаар хохирол нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч ХНХЯ-ажил олгоогүйгээс учирсан хохиролд 4 113 600 төгрөг гаргуулахаар шаардсан бол хариуцагч ХНХЯ-нь шаардлагыг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид өөр ажил санал болгосон боловч тэрээр өөрөө зөвшөөрөөгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00026 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01450 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2017/01902 дугаар магадлалд өөрчлөлт оруулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Г-д бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг хариуцагч ХНХЯ-даалгаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Улсын дээд шүүхийн тогтоолд зааснаар:

Нэхэмжлэгч Р.Г- нь Хөдөлмөрийн сайдын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/196 дугаар тушаалаар төвийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2016/0445 дугаар магадлалаар уг төвийн захирлын албан тушаалд И.Жанболат эгүүлэн тогтоогдсон үйл баримт нэхэмжлэгч Р.Г-ыг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар ажил олгогч нь ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөх ёстой.

Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан “бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой ба ХНХЯ-зүгээс И.Жанболатыг ажилд эгүүлэн томилсон боловч нэхэмжлэгч Р.Г-д ямар нэг ажлыг санал болгосон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байсан тул нэхэмжлэгч хуульд заасан боломжийг хэрэгжүүлэхийг шаардах нь хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00026 дугаар тогтоолд заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ. Ажлаас буруу халагдсан ажилтан шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсоноос түүний ажилд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан хууль ёсны ажиллагаа тул цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрын зохицуулалт тухайн тохиолдолд хамаарахгүй юм.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар ажилтанд бололцооны дагуу өөр ажил олж өгөх ажиллагаа явуулаагүй тохиолдолд ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор олгох тухай зохицуулалт хуульд байхгүй байна.

Боломжтой бол хэрэгжүүлэх буюу альтернатив шинжтэй үүргийн эрх зүйн үр дагаврыг хуулиар зайлшгүй биелэгдэх императив шинжээр тодорхойлогдсон “ажилд эгүүлэн тогтоох” үүргийн эрх зүйн үр дагавартай адилтган үзэж болохгүй гэж мөн тогтоолд дурдсан байна.

Нэхэмжлэгч Р.Г- нь энэ хэргийн нэхэмжлэлд хариуцагчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, өөрт учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодон шаардсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан “бололцооны дагуу өөр ажил олж өгөх” ажил олгогчийн үүрэг нь ийнхүү олж өгсөн ажлыг ажилтан зөвшөөрч хийх эрхээс тусад нь авч үзэж болохгүй юм. Ажил олгогч өөрийн бололцооны байдлаар ажил  санал болгоход ажилтан уг саналыг зөвшөөрөөгүй тохиолдолд ажил олгогчийг хуульд заасан “бололцооны дагуу өөр ажил олж өгөх” үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй. Гагцхүү ажил олгогч байгаа бололцоог ашиглаагүй, эсхүл зориуд хүлээн авах боломжгүй санал дэвшүүлсэн зэрэг үндэслэл шалтгаан байгаа тохиолдолд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэж болно.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Р.Г-д мэргэжлийн дипломынх нь дагуу цахилгааны багшийн ажлыг тэтгэвэрт гарах хүний оронд санал болгосноос гадна дотуур байрны ахлах багшийн ажлыг санал болгосон тухай 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн, мөн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн уулзалтын тэмдэглэл байна /хх-ийн 44-46 дугаар тал/. Нэхэмжлэгч Р.Г- мэргэжлийн дагуу ажиллах боломжтойгоо дурдан ажил олгогчийн саналын талаар бодож байгаад хариу өгөхөөр тодорхой ярилцсан боловч хоёр тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзаж, ажил олгогчийн саналыг хүлээж аваагүй байна.

Хариуцагчийн шүүхэд гаргасан дээрх баримтыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчин нэхэмжлэгчийг гарын үсэг зураагүй гэж, давж заалдах шатны шүүх зөвхөн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажил санал болгосон гэж тус тус үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн, шаардлагын үндэслэлд хамаарч буй хугацааг нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл гэж тодорхойлсон ба Улсын Дээд шүүхийн тогтоол 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гарсан байгааг хоёр шатны шүүх анхаараагүй, эрх зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/01250 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1780 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.,  Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул ХНХЯ-наас 4 113 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.Г-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.ЦАГААНЦООЖ

             ШҮҮГЧ                                                                      Ц.АМАРСАЙХАН