Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2018/01250

 

2018 оны 06 сарын 12 өдөр

   Дугаар 182/ШШ2018/01250

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                            

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн  хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: - Р- Г/-/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -Х Яанд холбогдох

      Бололцооны дагуу өөр ажил олгоогүйгээс учирсан хохиролд 4.113.600 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Г миний бие Хөдөлмөрийн сайдын 2013.02.28-ны өдрийн Б/12 тушаалаар БӨ аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар томилогдсон. Улмаар Хөдөлмөрийн сайдаар С.Ч томилогдсоныхоо дараа 2015.03.27-ны өдрийн Б/69 тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлж, миний оронд И.Ж-ыг томилсон. Миний бие уг шийдвэрийг эс зөвшөөрч ажилд эргүүлэн тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд нэмэхжлэл гаргах үед Хөдөлмөрийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байсан Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын сайд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч намайг ажилд эргүүлэн томилсон. Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүгчийн 2015.09.03-ны өдрийн 5791 дүгээр тушаалаар “Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай” захирамж гарч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Гэтэл И.Ж нь хууль бусаар ажлаас чөлөөлсөн хэмээн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэлийн дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 244 дугаар шийдвэрээр И.Ж-ыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон. Тус шийдвэрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Харин хариуцагч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016.10.27-ны өдрийн Б/196 тушаалаар И.Ж-ыг ажилд нь эргүүлэн томилж, Р.Г намайг ажлаас чөлөөлсөн. И.Ж нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу томилогдож байгаа тул бололцооны дагуу өөр ажилд томилох, ажилгүй байсан хугацаанд нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг иргэний шүүхэд гаргасан. Улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.29-ны өдрийн 182/ШШ2017/01450 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Тус шийдвэрт хариуцагч хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гомдол гаргахад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тус магадлал, шийдвэрт хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хяналтын журмаар гомдол гаргахад Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.12.27-ны өдрийн 001/ХТ2018/00026 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Г надад бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг хариуцагч ХЯ-даалгаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Р.Г намайг шүүхийн шийдвэрт зааснаар хийх бололцоо бүхийн ажилд томилох ёстой. Гэтэл өнөөг хүртэл бололцооны ажилд томилоогүй байна. Тиймээс миний бие ажлаас чөлөөлөгдсөн буюу 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш нэхэмлэл гаргах өдөр хүртэл буюу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх бололцооны дагуу хийх боломжтой ажил хийж чадаагүй учирсан хохирлыг нэхэмжилж байна. Учирсан хохирлыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоолбол,

  1. 2016.10.27-ноос 2016.12.31-өдрийг хүртэл 2 сар 4 хоног* 192.000=409.600 төгрөг
  2. 2017.01.01-нээс 2018.04.13- өдрийг хүртэл 15 сар 13 хоног*240.000=3.704.000 төгрөг

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Р.Гд учируулсан хохиролд 4.113.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Бид хяналтын журмаар гомдол гаргасаны дагуу Улсын дээх шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагаас хохирол нэхэмжилсэн хэсгийн хэрэгсэхгүй болгон үйл баримтыг нэгэнт шүүхээс эцэслэн дүгнэсэн юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болом арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу.

БӨ аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар н.Жыг эгүүлэн тогтоосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Энэ дагуу нэхэмжлэгчийг анх БӨ аймаг дахь МСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн. Шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд дүгнэлт хийх зүйтэй. Учир нь нэхэмжлэгч нь “түр орлон гүйцэтгэгч" байсан бөгөөд байгууллагын үндсэн ажилтан биш учраас бид тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа нэхэмжлэгчийг сул орон тоонд томилж байж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-ийн дагуу ажлын байраар хангах боломж нөхцөл үүсэхээр байсан. Ажлаас чөлөөлөх үед бүтэц, орон тооны хязгаарын хувьд Р Г-ыг ажлын байраар хангах боломжгүй байсан. Нэхэмжлэгч өмнөх шүүх хурлуудад өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “хариуцагч нь нэхэмжлэгчийн БӨ аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд өөр ажилд томилох эрх зүйн зохицуулалтгүй тул бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгуулья” гэжээ. Нэхэмжлэгчийн талын тавьж буй энэ үндэслэлээр бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын томилдог албан тушаалуудад бололцооны дагуу ажлын байраар хангуулах гэж ойлгогдохоор байна. Эдгээр албан тушаалууд нь аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төвийн захирал, харьяа Улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга буюу төсвийн шууд захирагч нарыг л сайд томилдог билээ. Гэтэл Төрийн албаны хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлзг боловсрол, туршлага ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж заасан Энэхүү хуулийн шаардлагын хүрээнд төрийн албаны сонгон шалгаруулалтыг явуулж, тэдгээрт тэнцсэн иргэдийг томилох эрх бүхий этгээд албан тушаалд томилох шийдвэрийг гаргадаг. Мөн сайд, яамны ТНБД нь удирдах албан хаагчдыг томилдог бөгөөд уг ажиллагааг сонгон шалгаруулалтын үндсэн дээр хэрэгжүүлдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэг түүнийг тайлбарласан дээд шүүхийн тайлбар, уг хуулийн заалтыг хэрэглэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд, судлаачдын тайлбараас үзвэл уг хуулийн зохицуулалт нь ажил олгогч, хуулийн этгээдэд бүгэц. зохион байгуулалт орон тооны хувьд боломжтой, сул орон тоо байгаа төрийн албаны хувьд ажилтан тухайн сул ажлын байрны шаардлагад тэнцэхүйц байсан тохиолдолд л үйлчлэх урьдчилсан нөхцөл бүхий хуулийн зохицуулалт юм. Мөн харин нэхэмжлэгчийг тухайн МСҮТ-д ажилд томилох шийдвэрийг сургуулийн захирап шийдэх бөгөөд сургуулийн захирлаас санал болгосон ажлын байранд нэхэмжлэгч ажиллахаас удаа дараа татгалзаж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж  өгнө үү гэжээ.

 

      Шүүх   хуралдаанаар  хэрэгт авагдсан   бичгийн  нотлох  баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Р.Г-ы бололцооны дагуу өөр ажил олгоогүйгээс учирсан хохиролд 4.113.600 төгрөг гаргуулах тухай хариуцагч ХЯ-анд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.Г БӨ аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байсан байх ба, тус төвийн захирлаар түүний өмнө ажиллаж байсан И.Жыг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр захирлаар эгүүлэн томилсон,

Нэхэмжлэгч Р.Г-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  2016.10.27-ны өдрийн Б/196 дугаар тушаалаар БӨ аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын ажлаас нь чөлөөлсөн,

 Нэхэмжлэгч Р.Г-ыг бололцооны дагуу өөр ажлын байраар хангахыг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд даалгасан зэрэг нь зохигчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017.06.29-ний өдрийн 01450 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017.08.25-ны өдрийн 01902 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.12.27-ны өдрийн 00026 дугаар тогтоол зэргээр тогтоогдлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

Нэхэмжлэгч Р.Г-ыг бололцооны дагуу өөр ажлын байраар хангахыг хариуцагч талд шүүхийн дээрх шийдвэрүүдээр даалгасан байх ба, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.1, 11.2-т  “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан байх тул нэхэмжлэгчийг ажлын байраар хангах үүрэг хариуцагч  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд үүссэн гэж үзнэ.

Гэтэл  хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх ба, нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нэхэмжилснийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагч талаас нэхэмжлэгч Р.Г-д ажлын байр санал болгосон гэж 2018.02.28-ны өдрийн болон, 2018.05.03-ны өдрийн хурлын тэмдэглэл, уулзалтын тэмдэглэл гэх баримтуудыг ирүүлсэн боловч, уг баримтыг нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй бөгөөд уг баримтанд нэхэмжлэгч Р.Г-ы гарын үсэг зурагдаагүй байх тул үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчид учирсан хохирлыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоолж 2016.10.27-ноос 2016.12.31-ний өдрийг хүртэл 2 сар 4 хоног* 192.000=409.600 төгрөг, 2017.01.01-нээс 2018.04.13-ний өдрийг хүртэл 15 сар 13 хоног*240.000=3.704.000 төгрөг, нийт 4.113.600 төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулахаар шийдвэрлэв.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ренчиндорж шүүх хуралдааны мэдэгдэх хуудастай 2018.06.04-ний өдөр танилцаж гарын үсэг зурсан байх ба, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 4.113.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Гд олгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Г-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 80.770 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 80.770 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Гд олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн  иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                           Ц.АЛТАНЦЭЦЭГ