Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 71

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд 

Нарийн бичгийн дарга Б.Урангоо

Улсын яллагч Б.Долгион нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт  явуулж, Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн тусгай  ангийн 198-р зүйлийн 198.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олохнууд овогт Доржийн Мөнхбаатарт холбогдох эрүүгийн 201618000069 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Алтай суманд 1965 оны 05 сарын 14-нд төрсөн, хүйс эрэгтэй, 51 настай, дээд боловсролтой, цэргийн инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Ганзамын 7-р баг 4-р хэсэг 03 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Олхонууд овогтой Доржийн Мөнхбаатар /РДУК-65051413/, 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Мөнхбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 13-ны өглөө Оросын холбооны улсаас Сэлэнгэ аймаг Алтанбулаг хилийн боомтоор өөрийн эзэмшлийн SSANGYONGMUSSO маркийн 75-36 УНУ улсын дугаартай бага оврын ачааны тээврийн хэрэгсэл жолоодож зорчиж орж ирэхдээ Ванкомицин гэх 983.000 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйл хууль бусаар импортлосон гэмт хэрэгт холбогджээ. 

Тодорхойлох  нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд  

Шүүгдэгч Д.Мөнхбаатар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ ...2016 оны 03 дугаар сарын 13-нд суудлаар 4 хүн ирсэн. Нэг нь миний таньдаг хүн байсан.  Ингээд 4 хүнийг Улаан-Үүд рүү нэг хүнийг 60,000 төгрөгөөр авч явсан. Тэгээд Улаан-Үүдэд дэлгүүр хоршоогоор орж явах үедээ Баттулга гээд зүс таньдаг хүнтэйгээ тааралдсан. Тэгээд намайг хилээр нэг юм гаргаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд маргааш нь годон гутал зардаг павилон дээр очоорой гэж хэлсэн. Тэгээд очтол нэг Монголоор ойр зуур ярьдаг буриад эмэгтэй эм авчирч өгсөн. Тэгээд хүчтэй нөлөөтэй эм биш, бага багаар нь авч гараарай, зорчигч нартаа тарааж өгөхгүй бол татвар төлүүлнэ гэж хэлсэн. Тэгээд би хүнд тус болох гээд оруулж ирсэн. Зорчигч нараас эм гарч ирэхэд би гаалийн байцаагчид би өөрөө миний эм, үлдсэн эм нь машинд байгаа гэж зааж өгсөн. Машины дотор элдэв эд зүйл дотор нуугаагүй. Хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү.....гэх мэдүүлэг 

Хохирогч Б.Болдбаатарын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтод ажил үүрэг гүйцэтгэж байсан чинь 2016 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн үед ээлжийн гаалийн ахлах байцаагч Алтанцэцэг Алтанбулаг хилийн боомтын гаалийн хяналт шалгалтаар эм, эмийн зүйл оруулж ирсэн зөрчил илэрсэн байна гэснээр би өөрийн биеэр очиход манай гаалийн улсын байцаагч Түвшинжаргал нь материалжуулан 5 хүнээс Винкомицин 148 хайрцаг эм, эмийн зүйлийг, иргэдийн бичиг баримтыг хураасан байхад би хүлээж албан бичгээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Хувь хүн болон өөрийн хэрэгцээнд эмчилгээнд зориулсан эмнэлэгийн болон эмийн жорын бичигтэйгээр хэд хэдэн төрлийн эмийг аялалын хугацаанд 7 хоногийн хэрэгцээнд авч явахыг гаалийн тухай хуулийн дагуу зөвшөөрөгддөг юм.Дээрх хүний хувьд эмнэлэгийн бичиггүй өөрийн хэрэгцээнээс хэтэрсэн,олон тооны 7 хоногийн аялалын хугацаанд авч явах эм ,эмийн зүйлийг авч яваагүй зөвхөн ашиг олох үүднээс нэг төрлийн 148 ширхэг эмийг оруулж ирж байгаад гаалийн хяналт шалгалтаар илэрсэн байгаа  Энэ талаар илрүүлсэн гаалийн улсын байцаагч Түвшинжаргалаас тодруулах нь зүйтэй гэж үзэж байна....” гэх мэдүүлэг \хх-ийн 40 дүгээр тал\ 

Гэрч Б.Тиэнхө 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2016 оны 03 дугаар сарын 12-ний өглөө Улан-Удэ хотоор явж ахиад дэлгүүрээр явж байгаад үдээс хойш 18 цагийн үед гарсан байх цагийг сайн мэдэхгүй байна ямар ч байсан тавуулаа буцаад Оросын холбооны улсын Хиагт гэдэг газар луу яваад Титан, Апсолют гэдэг нэртэй хүнсний дэлгүүрээр ороод Оросын холбооны улсын хилээр хил гарах гээд ойчирт зогссон. Ингээд зогсож байтал жолооч нь нэг тортой зүйл гаргаж ирээд бид дөрөвт адилхан жижиг цагаан хайрцагтай резинээр боочихсон гаргаж ирээд үүнийг та нар цүнхэндээ хийчих гээд өгсөн. Миний хувьд би юу өгч байгааг нь сайн мэдэхгүй. Ямар ч байсан цуг явж байсан манай хоёр найз аваад цүнхэндээ болон халаасандаа хийгээд би тухайн хүмүүс аваад хийгээд байхаар нь авч гардаг юм байлгүйдээ гэж бодоод жолоочийн өгсөн зүйлийг халаасандаа хийсэн. Ингээд өглөө Оросын холбооны улсын хилээр 2016 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 06 цагийн үед гараад Монгол Улсын Алтанбулаг хилийн боомтын гадаа ирээд зогссон. Тэгээд гаалийн байцаагч нар бид нарыг буулгаад авч яваа цүнх савыг үзээд бид дөрөвт өгсөн эмийн зүйлийг цүнхнээс буюу халааснаас гаргаж ирээд ямар учиртай эм яваа юм бэ гээд саатуулсан. Тухайн үед би гаалийн байцаагчид миний эд зүйл биш жолоочийн юм байгаа юм гэж хэлээд нөгөө жолоочоос өгсөн зүйлийг гаргаж тавьсан ийм л асуудал болсон. Тухайн үед би энэ талаар юу болоод байгааг одоог хүртэл ойлгохгүй байна....” гэх  мэдүүлэг \хх-ийн 42-44 дүгээр тал\    

Гэрч Х.Лхагвасүрэнгийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Ингээд бид нар орой 18 цагийн үед Улан-Удэ хотоос хөдлөөд Алтанбулаг хилийн боомтоор гарахаар Хиагтад өглөө 21 цагийн үед ирээд Титан, Апслют хүнсний дэлгүүрээр ороод орой очерт зогсож байтал жолооч маань та нар жаахан юм аваад гарчих олон ширхэгтэй болохоор гааль татвар нэхээд байдаг юм. Надад татварын мөнгө байхгүй гэж бид нарт ойлгуулаад эхнэрт маань 10 хайрцаг, найз Тиэнхө \Tianhe\ 10 хайрцаг, нэг машинд цуг явж байсан зүс танихгүй залууд 10 хайрцаг, надад 10 хайрцаг эм, эмийн зүйл өгсөн. Ингээд надад цүнх байхгүй учир тав таваар нь өөрийн куртикний хоёр халаасанд хийсэн. Эхнэр болон найз Тиэнхө \Tianhe\ нар цүнхэндээ хийж харагдсан. Нөгөө залуу болохоор өөрийн барьж явсан гар цүнхэндээ 10 ширхэг эмийг хийж харагдсан. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн үед Алтанбулаг хилийн боомтоор машинтайгаа орж ирээд авч яваа барааны талаараа гаальд шалгуулчихаад байж байхад та нар эмтэй явж байна гээд саатуулаад эм эмийн зүйлийг хурааж авсан. Харин бид нарын худалдан авсан 7 ширхэг годон гуталнаас татвар авсан. Тэгээд одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байна....” гэх мэдүүлэг \хх-ийн 45-46 дугаар тал\  

Гэрч Н.Шийтэрийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн Ингээд Хиагтад орой 21 цагийн үед ирээд Титан, Абсолют гэдэг хүнсний дэлгүүрээр орчихоод машинтайгаа очерт зогсож байтал жолооч \Д.Мөнхбаатар\ та нар хайрцагтай эм аваад гарчих Монголын гааль татвар авчих гээд байдаг юм, надад мөнгө алгаа гэх зэрэг үг яриа хэлээд бид нарт арав араваар нь хувааж нэг торноос цагаан өнгийн хайрцагтай эм, эмийн зүйл өгсөн. Тухайн үед би энэ чинь болох юм уу? Ямар учиртай юм бэ гэсэн чинь зүгээрээ нэг дор олон байхаар надаас татвар нэхээд байдаг юм янз бүрийн асуудал гарвал буцаагаад надад өгчих гэхээр нь өөрийн гар цүнхэндээ хийсэн. Зорчин явж байсан хүмүүс мөн адил гар цүнхэндээ хийгээд Алтанбулаг хилийн боомтоор 2016 оны 03 дугаар сарын 13-ны 08 цагийн үед орж ирээд гаалийн байгууллагын ажилтан нарт шалгуулсан чинь гаалийн байцаагч нар ямар учиртай эм, эмийн зүйл юм бэ? гэхээр нь бид нарын сууж яваа машины эзний эм байгаа юм бид нар энэ асуудалд ямар ч хамаарал байхгүй, жолоочоос нь асуу гэсэн чинь бид нараас жолоочийн өгсөн эмнүүдийг хурааж авсан. Ингээд цагдаагийн байгууллагад ирж шалгуулж байна..... гэх мэдүүлэг \хх-ийн 47-48 дугаар тал\    

          Гэрч Ж.Баярсайханы 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....2016 оны 03 дугаар сарын 12-ны өглөө Улан-Удэ хотын зах ороод дэлгүүрээр явж байгаад орой 18 цагийн үед бүгд машиндаа суугаад буцаж Алтанбулаг хилийн боомтоор гарахаар яваад Хиагтад орой 21 цагийн үед ирээд Титан, Абсолют хүнсний дэлгүүрээр ороод орой очерт зогсож байтал жолооч маань та нар жоохон юм аваад гарчих олон ширхэгтэй болохоор гааль татвар нэхээд байдаг юм. Гээд надад нэр усыг нь мэдэхгүй байна жижиг 10 хайрцагтай эмийн зүйл өгсөн. Үүнийг нь би ямар нэгэн юм бодолгүй аваад шууд цүнхэндээ хийсэн.Тэгээд байж байгаад 2016 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн үед Алтанбулаг хилийн боомтоор ороод галийн байгууллагад шалгагдаж байхад миний цүнхэнд байсан эмийг гаргаад ирсэн би тухайн үед миний эм бол биш хажууд явж байгаа жолоочийн юм байгаа юм гэж үнэн зөвөр нь хэлсэн. Тэгээд саатуулаад цагдаагийн байгууллагад ирж шалгуулж байна......гэх мэдүүлэг \хх-ийн 49-50 дугаар тал\

           Гэрч Ш.Түвшинжаргалын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....Миний хувьд энэ талаар тодорхой ярьмаар байна. 2016 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 07 цагийн үед Оросын холбооны улсаас Д.Мөнхбаатар нь 4 зорчигчтой 75-36 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гаалийн хяналтын талбай дээр ирж зогссон.

....Ингээд бичиг баримтаа шалгуулах үедээ цүнхнээс нь эм гарч ирэхээр нь би юун эм юм бэ? эмнүүдээ гаргаж ир гэсэн чинь Д.Мөнхбаатарын машинд зорчин явсан хүмүүс цүнхнээсээ, халааснаасаа арав арван ширхэг буюу 4 хүнээс 40 ширхэг Ванкомицин гэх эм, эмийн зүйлийг гаргаж ирсэн. ингээд би энэ хэний эм, эмийн зүйл юм бэ гэхэд бид нарын эм биш энэ жолоочийн эмнүүд байгаа юм гэж хэлсэн.....гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар тал/

Гэрч Р.Цамбын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....Д.Мөнхбаатар нь мөнгөлөг саарал өнгийн SSANGYOUNGMUSSO маркийн 75-36 УНУ улсын дугаартай бага оврын ачааны тээврийн хэрэгсэл жолоодсон 4 зорчигчтой явж байсан. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд Д.Мөнхбаатар нь өөрийн тээврийн хэрэгслийн эд ангид ямар нэгэн эд зүйл нуугаагүй харин машины арын сандал дээр  цагаан өнгийн тортой Ванкомицин гэх эм, эмийн зүйлийг тавьсан байсныг хурааж аваад Түвшинжаргалд хүлээлгэж өгсөн.......гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр тал/

2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Шинжээчийн .....

1. Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу эмийн төрлийн барааг импортлох эрхийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид олгоно гэж заасан учир иргэн импортлох боломжгүй.

2. Хуулийн дагуу хувь хүн эмийн зүйлийг импортлох боломжгүй юм. Гаалийн тухай хууль, зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх журмын дагуу эмийн зүйлсийг зөвхөн аялалын хугацаанд эмчийн заавар бүхий хэрэглэх хэмжээгээр хил нэвтрүүлэхийг зөвшөөрнө гэж заасан.

3. Гаалийн тухай хуульд заасны дагуу Монгол улсын иргэн улсын хилээр нэвтрэхдээ авч яваа бараа, тээврийн хэрэгслийг бичгээр эсхүл амаар мэдүүлэх боломжтой. Хэрвээ мэдүүлээгүй бол Гаалийн тухай хуулийг зөрчсөн байна.

4. Эм эмийн зүйл нь тарифын бус хязгаарлалттай буюу зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж улсын хилээр оруулсан тохиолдолд гаалийн татвар ногдуулна.

5. Хэрэв аж ахуйн нэгж эдгээр барааг импортолсон бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу барааны үнийн дүнгээс 5% гаалийн татвар, 10% НӨАТ болон онцгой албан татвар төлнө.

6. Ванкомицин 148 ширхэг 983.300 төгрөг.......... гэх дүгнэлт /хх-ийн 57 дугаар тал/

Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 4 дүгээр тал/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-8 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гадаад паспортын хуулбарууд /хх-ийн 10-18 дугаар тал/

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 25 дугаар тал/

Тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 26-30 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 32 дугаар тал/

Монгол эм импекс концерн ХХК-ний Сэлэнгэ салбарын тодорхойлолт /хх-ийн 37 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар тал/ зэрэг болно.

 

            Шүүгдэгч Д.Мөнхбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 13-ны өглөө  Оросын холбооны улсаас Сэлэнгэ аймаг Алтанбулаг хилийн боомтоор өөрийн эзэмшлийн SSANGYONGMUSSO маркийн 75-36 УНУ улсын дугаартай бага оврын ачааны тээврийн хэрэгсэл жолоодож зорчиж орж ирэхдээ Винкомицин гэх 983.300 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйл хууль бусаар импортлосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд; Хохирогч Б.Болдбаатарын /хх40-41/ гэрч Б.Тиэнхөгийн  /хх42-44/, гэрч Х.Лхагвасүрэнгийн /хх45-46/, Н.Шийтэрийн /хх47-48/, Ж.Баярсайханы /хх49-50/, Ш.Түвшинжаргалын /хх52-53/, Р.Цамбын /хх54/ мэдүүлгүүд, Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 4 дүгээр тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-8 дугаар тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гадаад паспортын хуулбарууд /хх-ийн 10-18 дугаар тал/, Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 25 дугаар тал/, Тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосон баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-30 дугаар тал/, Эд зүйлд үзлэг хийж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 32 дугаар тал/, Монгол эм импекс концерн ХХК-ний Сэлэнгэ салбарын тодорхойлолт /хх-ийн 37 дугаар тал/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73 дугаар тал/, болон Ванкомицин гэх эм 983.000 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлт /хх57/ зэрэг болно.   

           Тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагч нараас хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үзэв.             

           Шүүгдэгч Д.Мөнхбаатарт холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2-д зааснаар ...хууль бусаар эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлох... гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байна. 

           Иймээс шүүгдэгч Д.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2-д заасан ...хууль бусаар эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлох гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

           Шүүгдэгч Д.Мөнхбаатарт Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөр байхгүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан хөнгөрүүлж үзлээ.  

Шүүгдэгч Д.Мөнхбаатар бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.  

           Шүүгдэгч Д.Мөнхбаатарын хууль бусаар импортлосон Винкомицин гэх бичиглэлтэй 148 ширхэг нийт 983.000 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. 

Учир нь дээрх эм, эмийн зүйл нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй гэх боловч уг эмийг оруулж ирэх эрх бүхий байгууллага оруулж ирээгүй, түүнчлэн уг эмийн зүйлийн найрлага бүтэцэд шинжилгээ хийж эмчилгээ үйлчилгээний шаардлага хангах талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байх тул улсын орлогод оруулах боломжгүй байна. 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаатарын өмчлөл эзэмшлийн SSANGYONGMUSSO маркийн 75-36 УНУ улсын дугаартай KPAKE4AD14P347728 арлын дугаар бүхий мөнгөлөг саарал өнгөтэй, 2265 сс хөдөлгүүрийн багтаамжтай, дизель, автомат хурдны хайрцагтай, 2004 онд үйлдвэрлэсэн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий бага оврын ачааны тээврийн хэрэгсэлийг хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй. 

            Учир нь шүүгдэгч нь эм, эмийн зүйлийг хууль бусаар импортлож оруулж ирэх үйл явцдаа тээврийн хэрэгсэл дотроо эм, эмийн зүйлээ үлдээсэн байсан, уг тээврийн хэрэгслээр зорчигч нар тээвэрлэж оруулж ирэхдээ уг зорчигч нарыг хууль бусаар эд зүйл оруулж арга хэрэгсэл болгон ашигласан, түүнчлэн тээврийн хэрэгсэл байгаагүй нөхцөлд зорчигч тээвэрлэх, хууль бусаар эм эмийн хэрэгсэл импотлох боломжгүй гэж шүүх дүгнэв. 

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283,  284,  286. 290-р зүйлийн 290.3, 294,  297,  298-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 д зааснаар Олхонуд овогт Доржийн Мөнхбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2 д  заасан ...хууль бусаар эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлох... гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2 д зааснаар шүүгдэгч Олхонуд овогт Доржийн Мөнхбаатарт 03 жил 01 сарын хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 т зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаатарт оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаатарын өмчлөл эзэмшлийн SSANGYONGMUSSO маркийн 75-36 УНУ улсын дугаартай KPAKE4AD14P347728 арлын дугаар бүхий мөнгөлөг саарал өнгөтэй, 2265 сс хөдөлгүүрийн багтаамжтай, дизель, автомат хурдны хайрцагтай, 2004 онд үйлдвэрлэсэн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий бага оврын ачааны тээврийн хэрэгсэлийг хурааж улсын орлогод оруулсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.3-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан Винкомицин гэх 148  ширхэг 983.300 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

6.Энэ хэргийн улмаас шүүгдэгч Д.Мөнхбаатар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдсугай.

7.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Олхонуд овогт Доржийн Мөнхбаатарт оногдуулсан 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай .

8.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаатарын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

9.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүгч Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

10.Шүүгдэгч Д.Мөнхбаатарт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 т зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан  бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.ЭРДЭНЭХИШИГ