Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2019/00044

 

Т.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 131/ШШ2018/00341 дүгээр шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 213/МА2018/00024 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Т.Т-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.С-т холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 3 774 420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ зах дээр хүнсний худалдаа эрхэлдэг. Э.С- нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эко цэцэрлэгтээ зориулж, надаас гурил, будаа, сахар, хүнсний ногоо, гоймон, гурвалжин будаа, өндөг, бусад хүнсний бүтээгдэхүүн, 2 516 280 төгрөгийн бараа зээлээр худалдан авсан. Түүнээс хойш тохирсон хугацаанд мөнгөө төлөөгүй явсаар байсан учир хугацаа тохиролцон 2015 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна гэсэн хэлцэл хийсэн боловч одоог хүртэл төлбөрөө төлөхгүй байна.

Бараа авсан тухай бичгээр хэлцэл хийсэн ба үндсэн дүнгээс хоногийн 0,5 хувиар бүтэн жилээр тооцоход 4 592 211 төгрөг болж байгаа боловч бид хуулинд нийцүүлэн алдангийн хэмжээг үндсэн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцон 1 258 140 төгрөг байхаар нэхэмжилж байна. Э.С- надаас 2013-2014 онуудад хүнсний бүтээгдэхүүн худалдаж аваад мөнгийг нь төлөөгүй байсан учир 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нөхөж хэлцэл хийсэн юм. Э.С- нь хувийн цэцэрлэгтэй бөгөөд бид нар гэр бүлийн найзууд байсан тул итгээд өгдөг байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Мөн Э.С- нь гурван баримт дээр гарын үсэг зурсан.

Иймд Э.С-аас үндсэн зээл 2 516 280 төгрөг, алданги 1 258 140 төгрөг, нийт 3 774 420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Т.Т-ийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Т.Т- 2014 онд 200 000 000 төгрөгийн төсөл бичүүлсэн ба хөлсөнд нь 2 000 000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсоны дагуу төслийг хугацаанд нь бичиж өгсөн билээ. Иймд би ажлын хөлс болох 2 000 000 төгрөгтөө Т.Т-аас хүнсний зүйл авсан бид хоёрын дунд одоо төлбөр тооцоо байхгүй болно.

Т.Т-тай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ хэлцэл хийгээгүй болно. Харин 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлбөр барагдуулах тухай хэлцэл гэсэн толгой байхгүй гэрээний загвар авчирч гэрийн хаяг болон гарын үсэг зуруулж банкинд өгнө гэж хэлсэн. Би тэр үед эхнэр Б.Баярмаагийн хамт явж байсан. Т.Т-ийн нэхэмжилсэн 3 774 420 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Т.Т- нь намайг гүтгэж байна, би алтанд явдаггүй байсан. Т.Т-т алтанд явж ирээд мөнгийг чинь өгнө гэж ерөөсөө хэлээгүй. Би хувийн цэцэрлэгээ ажиллуулаад сардаа 500 000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тухайн үед нь би мөнгөө өгдөг байсан. Т.Т- нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний надтай хэлцэл хийсэн гэж гүтгэлгийн чанартай зүйл ярьж байна. Гэтэл тухайн өдөр ажлын бус цаг буюу бүх нийтийн амралтын өдөр байсан учраас тухайн хэлцлийг Т.Т-тай хийгээгүй, хуурамч хэлцэл гэж үзэж байгаа учраас энэ асуудлыг би цагдаагийн байгууллагад өгсөн. Хэлцэл дээрх гарын үсэг минийх мөн боловч хоосон цаасан дээр зуруулсан юм. Дараа нь нөхөн бичсэн байна. Мөн би Т.Т-т 200 000 000 төгрөгийн төсөл бичиж өгсөн. Тэгээд дараа хүнээс сонсоход миний бичиж өгсөн төсөл хэрэгжсэн гэж сонссон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 131/ШШ2018/00341 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан худалдах-худалдан авах гэрээний үүрэг 3 774 420 төгрөгийг хариуцагч Э.С-аас гаргуулж нэхэмжлэгч Т.Т-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Т-ийн төлсөн 75 340 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.С-аас улсын тэмдэгтийн хураамж 75 340 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Т-т олгож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 213/МА2018/00024 дүгээр магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 131/ШШ2018/00341 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.С-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Э.С-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75 340 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Учир нь анхан шатны шүүх хурал дээр миний бие нь хүсэлт гаргасан боловч шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн, мөн давж заалдах гомдолд “Софтвишн” ХХК-ийн 2014 оны аж ахуйн нэгжийн тайланд надаас нэхэмжилж байгаа 3 774 420 төгрөг авлагад тусгагдсан эсэхийг татварын албанаас гаргуулах гэсэн хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр нэгэнт Э.С-ын гарын үсэг мөн болох нь тогтоогдсон учраас хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн нь анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хэргийн талаар дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Мөн хавтаст хэргийн 50 дугаар талд авагдсан Т.Т-ийн өр авлагын дэвтэрт 100 000 төгрөг бэлнээр өгөв гэж бичигдсэнийг гомдолд бичээд байхад давж заалдах шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ...ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаараа огт дурдаагүй байгаа нь хууль зөрчиж байгаа бөгөөд миний өгсөн гэх 100 000 төгрөгөнд аль ч шатны шүүх дүгнэлт хийхгүй байгаад гомдолтой байна.

Тиймээс Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 131/ШШ2018/00341 дүгээр шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 213/МА2018/00024 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Т- нь хариуцагч Э.С-аас худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, худалдан авсан барааны үлдэгдэл төлбөрт 3 3774 420 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч Э.С- шаардлагыг эс зөвшөөрч, худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчээс бараа худалдаж аваагүй, төлбөр барагдуулах тухай хэлцэл гэж хоосон баримтад гарын үсэг зурсан, нэхэмжлэгчид төсөл боловсруулж, ажлын хөлс авсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч Э.С- нь нэхэмжлэлийн үндэслэл болсон “Төлбөр барагдуулах тухай хэлцэл” нэртэй 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн баримтыг буюу “гурил, будаа, сахар, хүнсний ногоо, гоймон, гурвалжин будаа, өндөг бусад хүнсний бүтээгдэхүүнийг сар болгон бага багаар нь” цувуулж авсны өр төлбөрийн 2 516 280 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусгахаар үүрэг хүлээснээ баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид төсөл бичиж өгсөн гэх үйл баримт нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хамааралтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 131/ШШ2018/00341 дүгээр шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 213/МА2018/00024 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гаргахдаа төлсөн 75 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН