Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0418

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.П-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч А.М

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар актын хавсралтын Х.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хууль бус актын улмаас учирсан хохирол 6.450.000 төгрөгийг гаргуулах... тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 111/2022/0014/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.П  нь Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар актын хавсралтын Х.П д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хууль бус актын улмаас учирсан хохирол 6.450.000 төгрөгийг гаргуулах”-аар маргасан байна.    

2. Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6, 101 дүгээр зүйлийн 101.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.П-нНийгмийн даатгалын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай актын хавсралтын Х.П д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хууль бус актын улмаас учирсан 6.450.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаар актын хавсралтын Х.П д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид учирсан 6.450.000 төгрөгийн хохирлыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан Х.П д олгож” шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “... Маргаан бүхий акт нь үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай акт , хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох зорилгоор шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж, худал мэдүүлэн шийдвэр гаргуулж, үндэслэлгүй тэтгэвэр тогтоолгосон гэсэн үндэслэлээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нар 32/30 дугаар актаар тэтгэврийн олголтыг зогсоосон, уг актыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хууль зөрчөөгүй, үндэслэлтэй, тэтгэврийг үргэлжлүүлэн авах, аваагүй хугацааны тэтгэврийг нөхөн авах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон.

3.2. Улсын байцаагчийн 05 дугаар актыг гаргахын өмнө охин Д.Зай нь уулзаж, тайлбар авч, нэмэлтээр баримт бичгүүдийг гаргуулж сонсох ажиллагаа хийсэн нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн аймгийн нийгмийн даатгалын хэлтэст гаргасан өргөдлөөр тогтоогдож байхад Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасан ажиллагаануудыг хийгээгүй гэж дүгнэсэн. Эдгээр баримтууд нь сонсох ажиллагаа хийсэн эсэхийг тогтооход хангалтгүй бол шүүх шаардлагатай нотлох баримтыг өөрөө цуглуулах байсан, ядаж шүүх хуралд энэ талаар нэхэмжлэгчээс асуух байсан. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй атлаа сонсох ажиллагаа хийгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч сонсох ажиллагаа хийгээгүй талаар гомдол гаргаж, маргаагүй байхад энэ талаар дүгнэлт хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 “хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” заалтыг зөрчсөн.

3.3. Нэхэмжлэлийн зарим шаардлага буюу аваагүй тэтгэврийг тогтоосон хувь хэмжээгээр үргэлжлүүлэн олгохыг даалгах, авах байсан тэтгэврийг гаргуулах, шаардлагыг тухайн захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус гэсэн үндэслэлээр 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгосон. Гэтэл уг шаардлага хууль бус актын улмаас учирсан хохирлыг гаргуулах гэж хэлбэрийг нь өөрчлөхөд хүлээн авсан. Үндэслэлгүй авсан тэтгэвэр буюу нийгмийн даатгалын санд учирсан 7.117.333 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгчийн шинээр тогтоосон тэтгэврээс нь суутгасан авч байгаа нь Нийгмийн даатглын ерөнхий газрын даргын А/29 дүгээр тушаал, улсын байцаагчийн 32/30 дугаар актыг үндэслэн гаргасан улсын байцаагчийн 05 дугаар актыг хэрэгжүүлсэн хууль ёсны ажиллагаа юм. Шүүх нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын санд учруулсан хохирлыг нэхэмжлэгчид учирсан хохирлоос, тэтгэврийг нөхөн төлүүлэх шийдвэрийг түүнийг хэрэгжүүлсэн ажиллагаанаас тус тус ялгаж зааглан, зөв дүгнээгүй. Тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гараагүй байхад суутгал хийсэн нь үндэслэлгүй гэжээ. Нийгмийн даатгалый ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/29 дугаар тушаал, аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн 05 дугаар акт нь “Үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр мөн.

3.4. Х.П  зөвхөн өөрт ашигтай нотлох баримтуудаа шүүхэд гаргаж, харин хэргийг үнэн зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг нууж ажилласан байдлаа тогтоолгосон тул шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.6-д “хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор, Дээд шүүхийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай монгол улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2002 оны 263 дугаар тогтоолын 31-д “хуурамч нотлох баримт"-д “эд мөрийн баримтыг ... нуусан ... зэргийг хамааруулан ойлгоно” гэж заасныг тус тус хэрэглээгүй. Хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй, хуурамч баримт бичгээр шүүхийн шийдвэр гаргуулж үндэслэлгүй тэтгэвэр тогтоолгосон” гэх үйл баримтыг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх тогтоосон ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4“Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байхад шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлож шийдвэрээ гаргасан. Манаачаар ажилд томилсон тушаал Нийгмийн даатгалын ерөнхий газрын шалгалтын үеэр нэмж гарч ирсэн нь “хуурамч баримт бичиг бүрдүүлсэн” гэх үндэслэлд хамаарахгүй гэжээ. Гэтэл эд мөрийн баримтыг нуусан нь хуурамч нотлох баримтад хамаарахаар Улсын Дээд шүүхийн 2002 оны 263 дугаар тогтоолд тайлбарласан. Нотлох баримтыг нуусан үйлдлийг нотлох баримт нэмж гарч ирсэн гэж буруу дүгнэсэн.

3.5. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн эсэхийг цагдаа, эсхүл эрх бүхий байгууллага тогтоогоогүй байхад тэтгэврийг зогсоожээ гэж дүгнэхдээ хуулийн үндэслэлээ заагаагүй. Цагдаагийн байгууллагаар хуурамч баримт бичиг үйлдснийг тогтоолгосны дараа тэтгэврийг зогсооно, төлүүлнэ гэсэн заалт Нийгмийн даатгалын хууль тогтоомжинд байхгүй. Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнд буруутгаж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагын дүгнэлт шаардлагатай болохоос нийгмийн даатгалын хуулийн хариуцлага хүлээлгэхэд цагдаагийн байгууллагын дүгнэлт шаардлагагүй. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцоогүй нийгмийн даатгалын байгууллагыг буруутгасан нь мөн хуулийн “иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцаа” зохицуулахад оршино”, Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “шударга ёс, тэгш байдал... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” заалтад нийцэхгүй байна.

3.6. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-т заасан болзол, шалгуурыг үнэн бодит байдалд хангасан эсэхэд дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй байхад хойшлуулж, хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн Д.З-д олгосон итгэмжлэл 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 23-нд түүнийг гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан. Д.З-д олгосон итгэмжлэлийн хугацаа 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөх эрхгүй байхдаа байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хүчин төгөлдөр бус эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг үндэслэж хэрэгт өмгөөлөгч оролцуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох, илүү олгосон тэтгэврийг төлүүлж дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” 32/30 дугаар актын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 5 иргэний тэтгэвэр олголтыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэн зогсоохоор шийдвэрлэжээ.

2.2. Энэхүү актын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтэст даалгасны дагуу Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай А/29 дүгээр тушаалын 3.1 дэх заалтаар хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгон авсан 5 иргэнтэй уулзаж, тэмдэглэл хөтлөн, хуурамч баримт бүрдүүлэн, хууль бусаар тэтгэвэр тогтоолгон авч нийгмийн даатгалын сан хохироосныг нөхөн төлүүлэх акт тогтоож, төлбөрийг 2022 оны 1 дүгээр улиралд багтаан бүрэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

2.3. Улмаар Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар маргаан бүхий актын хавсралтаар заасан төгрөгийг тэтгэврийн санд төлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг актын 1-р хавсралтын 4 дэх хэсгээр “Х.П тэй холбоотой хуурамч баримт бичиг бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоосон. Шүүхийн шийдвэр, архивын лавлагаа 2 зөрчсөн” гэсэн зөрчил илэрсэн гэж зааж, 23 сарын тэтгэврийг илүү авсан гэж үзэж, 7.117.333 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2.4. Нэхэмжлэгч Х.П  уг актын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч “... 1980 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал өрмийн мастер, дизельчин, угаалгын ажил зэргийг хийж байснаа иргэний хэргийн шүүхээр тогтоолгосон ... Ажилласан жилээ шүүхээр тогтоолгохдоо ямар нэгэн хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн асуудал байхгүй...” гэсэн үндэслэлээр “Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар актын хавсралтын Х.П д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хууль бус актын улмаас учирсан хохирол 6.450.000 төгрөгийг гаргуулах...” гэх нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2.5. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, 23 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын байгууллага ... нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх ... даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална”, 20 дугаар зүйлийн 2-т “Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлэх”, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “Нийгмийн даатгалын байцаагч дараахь эрх эдэлнэ”, 1-т “шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: Нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол”, 29 дүгээр зүйлийн 29.1.1-д тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч баримт бичиг бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол гэж тус тус заасан байна.

2.6. Хэрэгт авагдсан Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 876 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х.П г 1980 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Геологи Уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Баянхонгор аймаг дахь Геологи-гидрологийн экспедицид дизельчин-өрмийн мастераар буюу хүнд нөхцөлд ажиллаж байсан байдлыг тогтоосон, уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон, нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нь дээрх хугацаанд ажилласан нь тогтоогджээ.

2.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүйгэж заасны дагуу захиргааны хэргийн шүүх шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг няцаах, нэхэмжлэгчийн ажилласан байдалтай холбоотой уг асуудлыг дахин нотлох ажиллагааг хийх хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчийн “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримттай холбогдуулан тухайн шийдвэрийн үндэслэл болсон баримтыг хуурамч хэмээн үзэж, нэхэмжлэгчийн тэтгэвэр олголтыг зогсоож, илүү олгосон”-ыг үндэслэл бүхий гэж үзэх хууль зүйн боломжгүй юм.

2.8. Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгон авахад бүрдүүлэн өгсөн баримтын зарим хэсэгтэй холбогдуулан “шүүхийн шийдвэр архивын лавлагаатай зөрсөн тул хуурамч бичиг баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоогдсон” гэж үзэж, маргаан бүхий актаар түүний өндөр насны тэтгэвэр олголтыг зогсоож, илүү олгосон төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.9. Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т зааснаар “Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлэх”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж тэтгэврийг зогсоох үндэслэлийг хуульчлан заасан.

2.10. Хариуцагч маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн тэтгэвэр олголтыг зогсоож, илүү олгосон гэх үндэслэлээр 7.117.333 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн ажилласан байдал нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримттай холбогдуулан “архивын лавлагаа шүүхийн шийдвэрээс зөрүүтэй” гэсэн үндэслэлээр түүний тэтгэвэр олголтыг зогсоосон нь дээрх хуулийн зохицуулалтуудад тус тус нийцэхгүй байна

2.11. Мөн хариуцагч давж заалдах гомдолдоо ... Нэхэмжлэгчийн Д.З д олгосон итгэмжлэл 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 23-нд түүнийг гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан. Д.З д олгосон итгэмжлэлийн хугацаа 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөх эрхгүй байхдаа байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хүчин төгөлдөр бус эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг үндэслэж хэрэгт өмгөөлөгч оролцуулсан гэжээ.

2.12. Хавтас хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.П  нь П.З д 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр итгэмжлэл олгож, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд буюу 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Х.П  нь П.З д дахин 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа энэ тохиолдолд дээрх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

2.13. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                          Д.ОЮУМАА

 

                        ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ