Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00706

 

З.М-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00753 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 212/МА2019/00010 дугаар магадлалтай,

З.М-ы нэхэмжлэлтэй

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар сургуульд холбогдох, 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаар тушаалыг хүчингүй болгож, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч З.М-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие улсад 28 жил ажиллаж байгаа бөгөөд Өлгий сумын 3 дугаар сургуульд сургалтын менежерээр ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаар тушаалаар хууль бусаар ажлаас халагдсан. Миний бие цусны даралт тогтворгүй байнга ихсэж, мөн псариоз оноштойгоор энэ оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 25-ны өдөр дуустал эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ба үүнийг гэрээр үргэлжлүүлэх шалтгаанаар холбогдох хууль журмын зохих заалтуудын хүрээнд 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 сарын цалингүй чөлөө авах өргөдлөө өгсөн ч зөвшөөрөөгүй. Ажилтан чөлөө авах эрхтэй ч түүнийг олгохгүй байх хууль журмын заалт байхгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалын 38 дугаар зүйлийн 38.1.2-т хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан зөрчлийг давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан гэх заалтыг баримталсан ба миний зүгээс ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байсан гэх нотолгоо, үндэслэлгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн байна. Хуулиас давсан дүрэм, журам гэж байдаггүй болохоор сургууль дотоод журмын 7.13 дугаар зүйлийн холбогдох заалтууд мөн хүчин төгөлдөр бус байна. Чөлөө олгоогүй гэх атлаа надад 2018 оны 2 дугаар улирлын /4, 5, 6 дугаар сарууд/ урамшууллын зөвхөн 1 сарыг, амралтын хугацааны 30 хоногийн 24 хоногийг тооцоолж, энэ оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс амралтын тушаал гаргасан нь үндэслэлгүй бөгөөд түүгээрээ надад дам утгаараа нэг сарын чөлөө олгосонд тооцох бүрэн үндэслэлтэй. Ажилтныг ажлаас халах тухайгаа хуулийн дагуу 1 сарын өмнө мэдэгдэх ёстой атлаа би тийм албан бичиг хүлээж аваагүй. Ажиллаагүй хугацааны цалин, бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг жичдээ нэхэмжлэх болно. Иймд Өлгий сумын ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаар тушаалыг хүчингүй болгож, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...З.М- нь аттестат, гэрчилгээ бичих, шалгалт авах, засах, Улсын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалтын үе, анги дэвших шалгалт, багш нарын ажлыг үнэлэх, тайлан авах, дүгнэх, багш нарын бичиг баримт, журнал, хувийн хэрэг хөтлөлтийг хянах, гарын үсэг зурах, архивлах, суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн дүнг хянах, бичилтийг хянах, гарын үсэг зурах зэрэг ажилтай байсан тул ажил олгогчийн эрхийн дагуу чөлөө олгоогүй. 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр яагаад ажилд ирэхгүй байгаа учрыг мэдээд ир гээд Х.Советхан, Х.Асхар, К.Ардах нарыг явуулсан. Мөн биеэр ирж уулзаж учир байдлаа тайлбарлахыг анхааруулсан. 2018 оны 5 дугаар сарын 29-ний хурлаар чөлөө олгоогүйг мэдэгдэж өргөдлийн хариуг хүргүүлсэн. Анхнаасаа өргөдлийг өөрөө авч ирээгүй, чөлөө олгоогүй тухай баримтыг хүргэж өгөхөд хаалгаа тайлж өгөхгүй, албан бичгээр шуудангаар хүргүүлэхэд шууданд ирж гарын үсэг зурчихаад аваагүй зэрэг нь бүгдийг санаатай хийсэн гэдгийг харуулж байна. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 312 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар шалгалт хийсэн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар дүгнэлт, Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №04-09-046/51 дүгээр зөвлөмжөөр 16 хоног, 52 цагийн ажил тасалсан гэж гарсан. 5, 6 дугаар сард ажиллаагүй учраас урамшуулал олгоогүй, 30 хоног амрах ёстой. 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл лист авчирсан. 1 сарын чөлөө хүссэн ч чөлөө олгоогүй ажил тасалсанд тооцсон тул ажилласан сард оногдох 24 хоног тооцсоныг З.М- буруугаар мушгиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан тохиолдолд мэдэгдэх хуудас өгөх шаардлагагүй. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг мөн хуулийн 131.1.3, 40.1.4, дотоод журмын 7.4.3, 13.20.2, хөдөлмөрийн гэрээний 2.3.2.4, 2.4.1.1.4 заалтуудыг үндэслэн гаргасан. Ийм зөрчилтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эгүүлэн тогтоолгох үндэслэлгүй гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00753 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.М-ы Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №66 дугаар тушаалыг хүчингүй болгож, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 212/МА2019/00010 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар З.М-ы давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч З.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл ажил олгогч тус сургуулийн сургалтын менежер З.М- намайг 3-иас дээш хоногоор ажил тасалсан гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь эргэлзээтэй, бодитой нотлох баримтанд тулгуурлаагүй. Миний бие 2018 оны 5 дугаар сарын 15-наас 2018 оны 5 дугаар сарын 27-ныг дуустал эмнэлгийн чөлөөтэй байсан нь иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан 0610942 дугаартай эмнэлгийн хуудас, 2018 оны 5 дугаар сард цалин хөлс олгосон жагсаалт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Би өөрийн биеийн эрүүл мэндийн байдлын улмаас цаашид шинжилгээ хийлгэх, гэрээр гадуур эмчилгээ хийхийг хүсч тус сургуулийн захиралд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1 сарын цалингүй чөлөө өгөх тухай хүсэлт гаргасан юм. Тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд “Тухайн ажилтны ажил, албан тушаалын онцлогтой холбоотой сургуулийн хойшлуулашгүй, зайлшгүй шаардлагыг харгалзан чөлөө олгох хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулж, мөн ажилтны хүсэлтийг судлан үзээд ажлаас санаатайгаар зайлсхийсэн бол чөлөө олгохгүй байж болно. Энэ тохиолдолд ажилтанд бичгээр мэдэгдэнэ” гэжээ. Гэтэл миний бие тус байгууллагын захиргаанд хандан биеийн эрүүл мэндийн байдал, цаашид шинжилгээ хийлгэх, гэрээр эмчлүүлэх шаардлагатай байгааг дурьдаж 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1 сарын цалингүй чөлөө хүссэн өргөдөл гаргасан хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн миний 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бичсэн “Чөлөө хүсэх тухай” өргөдлөөр нотлогдож байна. Ажил олгогч нь ажилтаны чөлөө хүссэн өргөдлийг хүлээн авсан мөртлөө тус сургуулийн хойшлуулашгүй, зайлшгүй шаардлага гэдгийг чухам ямар асуудал гэдгийг нотлож чадаагүй, хэрвээ ажил олгогч чөлөө олгох боломжгүй гэж үзвэл өргөдөл гаргагч З.М- надад бичгээр мэдэгдсэн явдал ч эргэлзээтэй байна. Тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.2-д хүндэтгэх шалтгаан гарсан тохиолдолд ажилтанд дараах журмаар чөлөө олгож болно гэж заасан байна. Үүнд захирлын тушаалаар 2-10 хоног цалингүй чөлөө олгохоор зохицуулсан байгаа юм. Хэрвээ ажлын 10 хоногийн чөлөө гэдэг нь нийт 15 хоног байгаа юм. З.М- миний цаашид биеэ эмчлүүлэх хүндэтгэн шалтгаан гарсныг мэдэгдсээр байтал ажил олгогч чөлөө олгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-д заасныг зөрчиж байна. Миний бие 2018 оны 6 дугаар сарын 01-нээс 2018 оны 6 дугаар сард хүндэтгэх үзэх шалтгааны улмаас ажилд очиж чадаагүй нь Улсын Клиникийн төв эмнэлгийн Поликлиникийн үзлэгийн карт, Амбулаториар эмчлүүлэгсдийн карт, 2018 оны 6 дугаар сарын цалин олгосон жагсаалт, ажил олгогчид 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргасан “Чөлөө хүсэх тухай” хүсэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 2018 оны 6 дугаар сарын зарим ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилд ирээгүй байхад ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг зөрчиж байна. Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гарсан ба тэр өдөр З.М- би эмнэлгийн магадлагаар чөлөөтэй байсан юм. Ажил олгогч нь надад 2017-2018 оны хичээлийн жилийн дууссантай холбогдуулан түүнд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс ээлжийн амралт олгосон нь ажил олгогчийн ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралтаар батлагдаж байна. Ажил олгогчийн тушаалаар би 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ээлжийн амралттай байсан байхад түүнийг ээлжийн амралттай байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2-т заасныг зөрчиж байна. Ажил олгогчийн тус байгууллагын ажилтан нарт ээлжийн амралт олгосон гэх тушаалд 100 гаруй ажилтны нэрс бичигдсэн ба үүнээс ганц З.М- намайг ажилд эргэн орох өдрийг бичээгүй байгаа нь намайг ажлаас санаатайгаар гаргах санаа зорилго агуулж байсан гэж үзэж байна. Ажил олгогчоос миний асуудлыг удаа дараагийн хурлаар хэлэлцүүлсэн гэх боловч зарим хурлын тэмдэглэл нь он, сар, өдөр нь зөрүүтэй уг хуралдаанд ажилтныг биечлэн оролцуулаагүй байна. Ажил олгогч нь намайг 3-аас дээш хоног ажил тасалсан гэж  хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч чухам 2018 оны 6 дугаар сарын хэдний өдрөөс хэдий хүртэл ажил тасалсныг нарийвчлан тогтоож чадаагүй, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан буюу ажилтаны ажил тасалсан байдлыг сар, өдөр, минутаар тодорхой тогтоож чадаагүй гэж үзэж байна. Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн зуны амралтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А\043 тоот тушаалаар 6-12 дугаар анги нь 6 дугаар сарын 15-ны өдөр зун амралтанд шилжүүлэхээр зохицуулсан байна. Гэтэл ажил олгогч энэ хугацаанд З.М- намайг шалтгаангүй ажил тасалсан гэж байгаа нь мөн эргэлзээтэй асуудал гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 66 тоот тушаалыг хүчингүй болгож, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох З.М-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ажил олгогчийн 66 тоот тушаалд, З.М-ыг “3-с дээш хоногоор шалтгаангүйгээр ажил тасалсан” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2, дотоод журмын 7 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.20.2, хөдөлмөрийн гэрээний 2.3.2.4, 2.4.1.1.4, Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэсэн, нэхэмжлэлийн хариу тайлбартаа, ажил тасалсан нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэжээ.

Нэхэмжлэгч З.М- нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр сургуулийн захиргаанд хандаж, өөрөө болон эхнэр өвчтэй байгаа хүндэтгэн үзэх шалтгаанаар тус өдрөөс хойш 1 сарын хугацаанд цалингүй чөлөө олгохыг хүссэн өргөдөл гаргасныг зохигч маргаагүй байна.

Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан бөгөөд зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.1-д  ажилтанд чөлөө олгохдоо сургуулийн дотоод журмын 9.12 дугаар зүйлийг үндэслэнэ гэжээ.

Дотоод журмын 9.12.3-т “хүндэтгэх шалтгаан гарсан тохиолдолд ажилтны гаргасан хүсэлтийг үндэслэн цалингүй чөлөөг Захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэн захирлын тушаалаар олгоно..., тухайн ажилтны ажил, албан тушаалын онцлогтой холбоотой сургуулийн хойшлуулашгүй, зайлшгүй ажлын шаардлагыг харгалзан чөлөө олгох хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулах, мөн ажилтны хүсэлтийг судлан үзээд ажлаас санаатайгаар зайлсхийхээр бол чөлөө олгохгүй байж болно. Энэ тухай ажилтанд бичгээр мэдэгдэнэ.” гэж заасан байна.

Дотоод журмын дагуу З.М-ы чөлөө хүссэн өргөдлийг Захирлын дэргэдэх  зөвлөлийн хурлаар 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцэж, хойшлуулашгүй  чухал ажлаа дуусгаж, үр дүнг тооцуулаад чөлөө авахыг 105 тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдэж шуудангаар хүргүүлсэн нь тогтоогдсон байна.

З.М- хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлаас чөлөө авахаар ажил олгогчид хүсэлтээ гаргасан байх боловч чөлөө олгох эсэхийг Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэхийг тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсны дагуу ажил олгогч хэлэлцээд тодорхой үндэслэл зааж уг журмын дагуу ажилтанд чөлөө олгох эсэхийг дахин шийдвэрлүүлэхээр З.М-д мэдэгдсэн боловч тэрээр сургуульд дахин хандан тохиролцон чөлөөг албан ёсоор аваагүй, 2018 оны 5 дугаар 28-ны өдрөөс 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилдаа ирээгүй байна.

Хөдөлмөрийн гэрээний 2.4.1.1.4-т “ажлын байраа ажлын 3 ба түүнээс дээш хоногоор шалтгаангүй орхиж явсныг хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчилд тооцох”-оор заасан байх тул ажил олгогч нэхэмжлэгчийг энэ шалтгаанаар ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийн “шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон...” утга бүхий гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах үндэслэлд тогтоогдоогүй  гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00753 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 212/МА2019/00010 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

           ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ