Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 222

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Чинзориг, Ц.Удвал нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, тэмдэгтийн хураамж, нийт 71.138.948 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бүжинлхам, хариуцагч Д.Чинзориг, Ц.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Д.Чинзориг, Ц.Удвал нар нь  2014 оны 06 сарын 25-ны өдөр 14/154 тоот гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийн бизнесийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан зээлсэн юм. Гэтэл зээлдэгч  Д.Чинзориг, Ц.Удвал нар нь өнөөг хүртэл  итгэл эвдэн банктай харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байгаа тул хариуцагч Д.Чинзориг, Ц.Удвал нараас үндсэн зээл 67.971.689 төгрөг, хүү 2.632.016 төгрөг, торгууль буюу нэмэгдүүлсэн хүү 24154, шүүхийн тэмдэгтийн хураамж 511.089 төгрөг нийт 71.138.948 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж манай банкийг хохиролгүй болгож өгнө үү гэх

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Сэлэнгэ аймаг, Ерөө сум 1 дүгээр баг  Ганга гудамж 7-75 тоотод оршин суух, ам бүл-4, аав, ээж, ахын хамт, Төрийн банкны Ерөө тооцооны төвийн захирал ажилтай,  бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Гал овогт Нямсүрэнгийн Бүжинлхам /РД:МЕ89062209/ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Зээлдэгч нар нь 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банкны Ерөө тооцооны төвөөс 100 сая төгрөгийг бизнесийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан зээл авсан. Гэтэл зээлдэгч нар нь өнөөг хүртэл банктай тохиролцсон гэрээгээ зөрчиж байгаа тул зээлдэгч нарын үндсэн зээл 67.971.689 төгрөг, хүү 2.632.016 төгрөг торгууль буюу нэмэгдүүлсэн хүү 24.154 төгрөг, шүүхийн тэмдэгтийн хураамж 511.089 төгрөг, нийт 71.138.948 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж манай банкийг хохиролгүй болгож өгнө үү гэх.

 

Хариуцагч; Сэлэнгэ аймаг, Ерөө сум 2 дугаар баг, 1-43 тоотод оршин суух, нөхөр 2 хүүхдийн хамт хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх Жамц овогт Цонхиогийн Удвал /РД: МЕ75122404/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай зээлийн хугацаа нь дуусах болоогүй байгаа учраас зээлийн гэрээгээ цуцлуулах хүсэлгүй байна. 2014 оны 06 дугаар сарын 25-нд 100 саяын хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээлээ хугацаандаа төлж байгаад 2015 оны сүүлээс доголдол үүссэн. Зээлээ төлөхийн тулд орлогоороо зээлээ буцаад дардаг байсан. Сүүлийн хэдэн сард манай дэлгүүрийн бараа худалдан авалтын мөнгө эргэлтэнд орохгүй орлого орж ирээгүй. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ үл хөдлөх хөрөнгөө хураалгамааргүй байна. Манайх эргээд зээлийн төлөлтийн графикдаа орох хүсэлтэй байна. Бидний бизнес эргээд эргэлтэнд ороод манай нөхөр бид хоёр сар сардаа зээлээ төлөөд байх учраас үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулахгүйгээр үндсэн мөнгөө төлнө гэж бодож байна гэх.

 

Хариуцагч; Сэлэнгэ аймаг, Ерөө сум 2 дугаар баг, 1-43 тоотод оршин суух, эхнэр 2 хүүхдийн хамт, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бие эрүүл, ухнаа мэдрэл бүрэн гэх Эмээл овогт Донийн Чинзориг  /РД:ТБ73032072/ -нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Манай дэлгүүрийн орлого муу байгаад бид сар сардаа зээлийн төлөлтөө хийх боломжгүй болсон учраас төлж чадаагүй. Манай зүгээс бол зээлийн эргэн төлөлтөндөө буцаж орох хүсэлтэй байна. Бид  сар болгон шаардаж байхад нь хугацаандаа зээлээ төлж байсан. Зээлийн хүүг мөн төлж байсан гэх.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч түүний

итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж үзээд ҮНДЭСЛЭХ нь:

“Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй ... хариуцагч Ц.Удвал, Д.Чинзориг нараас үндсэн зээлийн үлдэгдэл 67 971 689 төгрөг, зээлийн хүү 2 632 016 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 24 154 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 511 089 төгрөг, нийт  71.138.948 төгрөг гаргуулах, мөн зээлдэгч нарын зээлийн барьцаа хөрөнгөөр  зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь:   Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 511.089 төгрөгийг нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэгд оруулан тооцсон нь буруу бөгөөд уг хураамжийг шүүхээр үйлчлүүлсэний төлөө  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1, 7.1.1 дэх хэсэгт зааснаар ... иргэн хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгө тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар дээрх нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах, нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэх тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 511.089 төгрөгийн шаардлагыг дээрх нэхэмжлэлийн үндсэн дүнгээс хасаж тооцох нь зүйтэй.

Харин нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох зээлдэгч Д.Чинзориг, Ц.Удвал нар нь  2014 оны 06 сарын 25-ны өдөр Төрийн банкны Сэлэнгэ салбартай 14/154 тоот гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийн бизнесийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр авсан боловч, уг үндсэн зээл, зээлийн хүү,  нэмэгдүүлсэн хүүгийн төлөгдөөгүй үлдэгдэл болох 70.627.859 төгрөгийг зээлдэгч нар нь тус банкнаас удаа дараа шаардаж, мэдэгдсээр байхад гэрээний 6.2.2, 6.2.3 –ыг зөрчин гэрээний үүргээ биелүүлээгүй тул дээрх зээлийн үлдэгдэл төлбөр болон уг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан ... нэхэмжлэлийн шаардлага / зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү / дээр маргаангүй тул төлбөрийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай өгсөн тайлбар, хэргийн  1, 5 - 11 дүгээр талд авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, 12-24 дүгээр талд  авагдсан зээлдэгч нарын бичгээр гаргасан өргөдөл, зөвшөөрөл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, гэрээ зэрэг бусад баримтуудаар нотлогдож байна гэж үзэв.

Харин зээлийн болон барьцааны гэрээг цуцлахгүйгээр  цааш үргэлжүүлэх талаар хариуцагч нар тайлбарлаж байгаа боловч  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... энэхүү шаардлагыг зөвшөөрөхгүй, ... зээлдэгч нар нь эээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2, 6.2.3 дахь заалтыг удаа дараа зөрчиж, итгэл эвдэж байсан тул  энэхүү үндэслэлээр  зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй гэж үзэв. Учир нь: Зээлдүүлэгч Төрийн банкинаас ...  зээлдэгч нар зээлийг зориулалтын бусаар ашигласан, зээлийг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,  хэргийн 25-31, 46-48 дугаар талд авагдсан ... зээлдэгч нараас зээлийн эргэн төлөлтийг удаа  дараа шаардсан мэдэгдэл зэрэг баримтуудаар нотлогдож байна. Харин зээлдэгч нар нь зээлийн гэрээний дээрх заалтуудыг зөрчөөгүй гэх боловч  үүнийгээ шүүхэд няцаан нотлоогүй байна. 

Хууль зүйн үүднээс дүгнэхэд:   Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан ... зээлийн гэрээний харилцаа үүссэн  бөгөөд мөн хуулийн  452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн  453.1 дэх хэсэгт зааснаар ... зээлдүүлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох, мөн хуулийн 453.2 дахь хэсэгт зааснаар ... зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар  зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдүүлэгч  захиран зарцуулах эрхтэй байна.

 Талууд зээлийн гэрээг талууд 60 сарын хугацаатайгаар байгуулсан бөгөөд  зээлдэгч тал нь  зээлийн гэрээний  6 дугаар зүйлийн 6.2, 6.2.2, 6.2.3 дахь заалтуудыг удаа дараа зөрчсөн тул зээлдэгч  гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1,  196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар  ...талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан нь мөн хуулийн  206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар ... талууд үүргээ шударгаар гүйцэтгэх зарчимтай байна. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар ... үүргийг хууль, гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх болон мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт зааснаар ...үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол  үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй боловч  мөн хуулийн 208.6 дахь хэсэгт зааснаар ... 208.4 дэх хэсэгт заасан хугацаанаас өмнө  үүргээ нэн даруй гүйцэтгэхийг  шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 219 дугаар зүйлийн 219.2 дахь хэсэгт зааснаар ...үүрэг гүйцэтгэгч  үүрэг гүйцэтгэх хугацаа  хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч  түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа заасан боловч үүргээ биелүүлээгүй бол хохирлоо шаардах эрхтэй байна.  Иргэний хуулийн  221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн 221.2  дахь хэсэгт заасан талуудын буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс  гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг  шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн ба мөн хуулийн 221.3 дахь хэсэгт зааснаар ... зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн /гэрээний 6.2, 6.2.2, 6.2.3/ үүргээ зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.2 дахь хэсэгт зааснаар ...үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нар нь гэрээний үүргээ сануулсаар байхад гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1  дэх хэсэгт тус тус зааснаар ...Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 511.089 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 221.668 төгрөгийг хувь тэнцүүлэн  гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт тус тус  зааснаар Ц.Удвал, Д.Чинзориг нараас 70.627.859 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарт олгож нэхэмжлэлээс 511.089 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт хэсэгт тус тус зааснаар 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны 14/154 тоот гэрээ мөн оны  14/154 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр  “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын 2014 оны  06 дугаар сарын 25-ны өдрийн  14/154  тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57  дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 511.089 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас  511.089 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

4. Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.ЭНХТАЙВАН