Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 23

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                      Даргалагч

                                Ерөнхий шүүгч               Б.Батзориг

                             Шүүгчид                              Л.Амарсанаа      

                                                                           Г.Давааренчин

                    Оролцогчид:

                             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   Э.Бүжинлхам

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш. Энхцэцэг нар оролцож,

 Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 222 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаярын давж заалдах гомдлоор Д.Чинзориг, Ц.Удвал нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, тэмдэгтийн хураамж, нийт 71.138.948 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

  Нэхэмжлэгч “Төрийн банк”-ны Сэлэнгэ аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 “...Зээлдэгч Д.Чинзориг, Ц.Удвал нар нь 2014 оны 06 сарын 25-ны өдөр 14/154 тоот гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийн бизнесийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан зээлсэн юм. Гэтэл зээлдэгч Д.Чинзориг, Ц.Удвал нар нь өнөөг хүртэл итгэл эвдэн банктай харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байгаа тул хариуцагч Д.Чинзориг, Ц.Удвал нараас үндсэн зээл 67.971.689 төгрөг, хүү 2.632.016 төгрөг, торгууль буюу нэмэгдүүлсэн хүү 24.154, шүүхийн тэмдэгтийн хураамж 511.089 төгрөг нийт 71.138.948 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж манай банкийг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

    

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “…Зээлдэгч нар нь 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банкны Ерөө тооцооны төвөөс 100 сая төгрөгийг бизнесийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан зээл авсан. Гэтэл зээлдэгч нар нь өнөөг хүртэл банктай тохиролцсон гэрээгээ зөрчиж байгаа тул зээлдэгч нарын үндсэн зээл 67.971.689 төгрөг, хүү 2.632.016 төгрөг торгууль буюу нэмэгдүүлсэн хүү 24.154 төгрөг, шүүхийн тэмдэгтийн хураамж 511.089 төгрөг, нийт 71.138.948 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж манай банкийг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.  

 

Хариуцагч Ц.Удвал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Манай зээлийн хугацаа нь дуусах болоогүй байгаа учраас зээлийн гэрээгээ цуцлуулах хүсэлгүй байна. 2014 оны 06 дугаар сарын 25-нд 100 саяын хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээлээ хугацаандаа төлж байгаад 2015 оны сүүлээс доголдол үүссэн. Зээлээ төлөхийн тулд орлогоороо зээлээ буцаад дардаг байсан. Сүүлийн хэдэн сард манай дэлгүүрийн бараа худалдан авалтын мөнгө эргэлтэнд орохгүй орлого орж ирээгүй. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ үл хөдлөх хөрөнгөө хураалгамааргүй байна. Манайх эргээд зээлийн төлөлтийн графикдаа орох хүсэлтэй байна. Бидний бизнес эргээд эргэлтэнд ороод манай нөхөр бид хоёр сар сардаа зээлээ төлөөд байх учраас үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулахгүйгээр үндсэн мөнгөө төлнө гэж бодож байна...” гэжээ.

 

Хариуцагч Д.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Манай дэлгүүрийн орлого муу байгаад бид сар сардаа зээлийн төлөлтөө хийх боломжгүй болсон учраас төлж чадаагүй. Манай зүгээс бол зээлийн эргэн төлөлтөндөө буцаж орох хүсэлтэй байна. Бид сар болгон шаардаж байхад нь хугацаандаа зээлээ төлж байсан. Зээлийн хүүг мөн төлж байсан...” гэжээ.

 

 Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 222 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Удвал, Д.Чинзориг нараас 70.627.859 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Төрийн банк-ны Сэлэнгэ салбарт олгож нэхэмжлэлээс 511.089 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт хэсэгт тус тус зааснаар 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны 14/154 тоот гэрээ мөн оны 14/154 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр Төрийн банк-ны Сэлэнгэ салбарын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14/154 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 511.089 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 511.089 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

-Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлж, … шийдвэрлэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Төрийн банкны нэхэмжлэлтэй Д.Чинзориг, Ц.Удвал нарт холбогдох 71.138.948 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 222 дугаартай шийдвэрийг хариуцагч талаас эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

Хариуцагч талаас хуваарийн дагуу эргэн төлөлтийг хийж байсан бөгөөд 2-3 удаа хугацаа хэтрүүлсэн нь зээлийн гэрээ хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болохгүй бөгөөд энэ нь түр зуурын зөрчилд орох юм.

 Иймд хуваарийн дагуу зээлээ төлж байсан учир Шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн 71.138.948 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүү 24.154 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дээрхи нэмэгдүүлсэн хүү 24.154 төгрөгийг хасч тооцож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

…Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн  байх тул  шийдвэрийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр сум дундын  шүүхэд буцаахаар шийдвэрлэх   нь  зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Д.Чинзориг, Ц.Удвал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 71.138.948 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь  хариуцагч Д.Чинзориг, Ц.Удвал нарт холбогдох иргэний хэрэгт  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  байгууллагыг төлөөлөх эрхийг Сэлэнгэ салбарын Ерөө тооцооны төвийн захирал Н.Бүжинлхамд 2016 оны 12 сарын       27-ны өдөр олгожээ.

 

Дээрх итгэмжлэлээр олгосон эрхийнхээ дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч  Н.Бүжинлхам шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэгчийг “Төрийн банк” гэж тодорхойлсоор байхад  анхан шатны шүүх 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 304 дугаартай шүүгчийн захирамжаар  нэхэмжлэгчийг “Төрийн банкны Сэлэнгэ салбар” гэж тодорхойлон иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь  буруу болжээ.

 

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 29.6-д  хуулийн этгээдийн  салбар нь хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд салбар нь үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн  үндсэн дээр явуулж болохоор заасан.

 

Төрийн банк нь нэхэмжлэлээ  шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргасан ба  Сэлэнгэ салбарт шүүхэд төлөөлөх эрх олгоогүй тул  Сэлэнгэ салбар нь тухайн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий этгээд биш байна.

 

Иймд шүүх зохигчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр буруу тодорхойлж,  зохигчдын хуулиар олгосон эрхийг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр сум дундын  шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг  дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан тул хэргийн шийдвэрлэлт болон  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд  давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 222 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.           

 

 

                                              ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                              ШҮҮГЧИД                            Л.АМАРСАНАА

                                                                                        Г.ДАВААРЕНЧИН